Өсвөр үеийн болон бага насны хүүхдүүдэд заах
Өөрчлөлтийг туулах нь
Хичээл эхлэх. Хүүхдийн хэсгээс гарах. Ариун сүмд орох. Шинэ ажилд орох. Ахлах сургуулиа төгсөх. Номлолд үйлчлэх.
Эдгээр нь танай хүүхдүүдийн амьдралын хамгийн чухал зарим үе бөгөөд эдгээрт бүгдэд нь онцгой сайн бэлдэх хэрэгтэй. Өөрчлөлт сүрдмээр байж болох ч тэр үеийг амжилттай сайн даван гарахад бидэнд хэд хэдэн арга хэрэгсэл тусалж болох юм. Хүүхдийнхээ амьдралд гарах өөрчлөлтийг хөтлөн удирдахад тань туслах зарим санааг өгье.
-
Өөрчлөлтийн талаарх тэдний бодлыг сонс. Юунд баярлаж, юунд санаа зовж байгааг нь тэднээс асуу. Урам зориг өгөхийн зэрэгцээ санааг нь зовоож байгаа зүйлийг ойлго. Өөрчлөлт ирэх үед зөвхөн зовлонг нь ойлгон сонсох чих л заримдаа тэдэнд хэрэгтэй байдаг.
-
Шинэ зүйлтэй тулгарахад юу болж болох талаар аль болох дэлгэрэнгүй мэдээллийг тэдэнд өг. Жишээлбэл, хүүхэд тань ариун сүмийн баптисмд анх удаагаа оролцох гэж байвал ариун сүмд орсны дараа юу болохыг нэг бүрчлэн товч тайлбарла. Хэрэв та өөр хот руу нүүх гэж байгаа бол тэдний шинэ сургууль, тойрог, хөрш зэргэлдээ газрын талаар мэдээлэл ав. Мэдэхгүй зүйлийг нь багасгаснаар та санаа зовох зүйлийг нь үгүй болгоно. Шинэ мэдлэг авснаар учрах шинэ сорилтуудын талаар мэдэж авахад тэдэнд тусална.
-
Шинэ нөхцөл байдалд дасан зохицох төлөвлөгөө гарга. Гарч болох асуудлуудыг урьдчилан тааварлаж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга замыг бодож ол. “Тэгвэл яах вэ?” гэсэн асуултынхаа шийдлийг олоход хүүхдүүдэд тусал. Тухайлбал: “Би буруу автобусанд суучихвал яах вэ?” “Зугаалган дээр ганцаардвал би яах вэ?” “Шинэ багш маань надад таалагдахгүй бол яах вэ?” Илүү тайван байхын тулд гэнэтийн нөхцөл байдалд дагах төлөвлөгөө гарга. “Хэрэв чамд үнэхээр дарамттай байвал над руу яриарай.” “Хичээл чинь хэт хүнд байвал бид багштай чинь тэр талаар ярьж болно шүү.”
-
Амьдралд нь өмнө тохиосон чухал цаг үеийг мөн одоо тэдэнд амжилт гаргахад нь туслах арга хэрэгслийг сануулах замаар тэднийг урамшуулан зоригжуул. Эерэг, урам зориг өгөх үгсийг хэл. “Чи өмнө нь ийм зүйлийн ард гарч байсан. Одоо чи үүний ард гарч чадна!” “Чи хүнд хэцүү зүйлийг хийж чадна.” “Хэрэг болох зүйлс чинь чамд байгаа. Одоо чи бэлэн.” “Би чамд итгэж байна.”
-
Бүх зүйл сайн сайхан болно хэмээн тэдэнд батлан харуул. Олон хүн үүнтэй адил асуудлыг давж гарсан байдаг тул тэд ч гэсэн давж гарах нь гарцаагүй! Тэд Тэнгэрлэг Эцэгт хандан ямар ч үед хаана ч байсан юуны ч талаар тусламж гуйн залбирч болно гэдгийг сануул.
-
Зовж зүдрэхдээ ганцаардахгүй байж болохын тулд дэмжлэг үзүүлэх системийг хүүхдүүддээ зориулан бий болго. Хэрэв танд адил зүйл тохиолдож байсан бол үүнийхээ талаар тэдэнд хэл. Танд ямар мэдрэмж төрж байсан бэ? Та хэрхэн дасан зохицсон бэ? Хүүхдэдээ “өөрчлөлтийн үеийн найз” болох хүн олж өгөхийг хичээ. Тэд Хүүхдийн хэсгийн шинэ ангид хамт байх найзтай болж чадах уу? Ажилд нь эсвэл ангид нь тэдэнд зааж сургаж чадах, таны таньдаг хүн байгаа юу? Коллежид хэн тэдэнтэй нэг өрөөнд байх вэ?
-
Тэдний хурдад тааруул. Та хүүхдэдээ хурдал гэсэн дохио өгөх юм уу хурдаа бууруулахыг сануулж болох ч хэвийн хурдыг нь хэт их өөрчлөх гэж зүтгэх хэрэггүй. Тэдний аясыг дага. Эхлээд бүх хүчээ дайчлахыг хүсэж байвал хэрэгтэй бүхэн нь тэдэнд байгаа эсэхэд анхаар. Хэрэв тэд цааш хөдлөхөд бэлэн биш байвал тэднийг хэт их шахах хэрэггүй. Тэднийг ая тухтай орчноосоо гарахад бага багаар эвтэйхэн урамшуул. Яарах хэрэггүй. Хүүхдийнхээ хэрэгцээнд тааруулж, тэдэнд хамгийн сайнаар хэрхэн тусалж болохыг мэдэхийн тулд Сүнсний удирдамжийг эрэлхийл.