Мартины дуртай тоглоомууд
“Тийн бид яг Есүс шиг бусдад өгөх хэрэгтэй” (Хүүхдийн дууны ном, 116).
Гэр бүлээрээ Колумбийн өөр хот руу нүүх гэж байгаа тухай ээж, аавыгаа хэлэхэд Мартинд гунигтай байв. Тэр найз нөхөд, гэр орон, өсөж торнисон газраа орхихыг хүссэнгүй. Одоо Мартин уулын сэрүүн агаарын оронд халуун, чийглэг агаартай далайд ойр газарт бүтэн жил амьдрах болно. Тэр халуун шөлөө хүйтэн ундаагаар, хүрмээ богино өмдөөр солих хэрэгтэй болно. Үүнээс гадна шинэ сургууль, шинэ тойрог, Хүүхдийн хэсгийн анги нэмэгдэнэ. Энэ бүхэн түүнд аймшигтай санагдаж байв.
Нэг өдөр аав, ээж хоёр нь Мартинаас нүүх гэж байгаад ямар бодолтой байгааг нь асуужээ.
Мартин “Надад таалагдахгүй байна. Би бүх юм өөрчлөгдөхийг хүсэхгүй байна” гэж хэлэв.
Аав нь “Нүүх нь хэцүү гэдгийг би мэдэж байна. Олон зүйл өөрчлөгдөх ч бүгд өөрчлөгдөхгүй. Чамтай хамт бид байна шүү дээ!” гэв.
“Тийм шүү” гэж Мартин хэллээ.
Ээж нь “Чиний юмнууд ч бас байна” гэж хэлэв.
Мартин энэ талаар хэсэг зуур бодолхийллээ. Түүний хувцас, гутал болон хуучин гэртээ хэрэглэж заншсан, ялангуяа тоглоом гээд бусад зүйл нь байна. Мартин дуртай тоглоомуудаа авч явж байгаадаа баяртай байв. Тэр нүүхдээ тоглоомуудаа маш нямбай боож савлалаа.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа Мартин шинэ гэр орон, шинэ хотод дасаж эхлэв. Нүүх нь бодож байсан шиг нь тийм хэцүү бөгөөд аймшигтай байгаагүйд тэр баяртай байлаа.
Тэгээд нэгэн ням гарагт гэр бүлээрээ сүмд очихдоо, урьд өмнө харж байгаагүй олон хүн байгааг Мартин анзаарав. Хүүхдийн хэсэг шинэ хүүхдүүдээр дүүрсэн байлаа. Тэд хаанаас гараад ирэв гэж тэр бодов. Таньдаг хүмүүс нь хоол унд, хувцас хунар, гутал зэргийг хандивлана гэж ярьж байхыг сонсов. Сүмийн дараа Мартин ээжээсээ шинэ хүмүүсийн талаар асуулаа.
Ээж нь “Тэд улс орноо орхиж явах хэрэгтэй болсон. Тэдний ихэнх нь бүх зүйлээ орхиод ирсэн болохоор одоо тэдэнд юу ч байхгүй” гэж хэллээ.
“Аан, тийм болохоор л хүн бүр тэдэнд туслах хүсэлтэй байгаа юм уу?” гэж Мартин асуув.
“Тийм ээ. Есүс бидэнд тусламж хэрэгтэй хүмүүст тусалж бай хэмээн заасан. Бид Түүний үлгэр жишээг дагаж, байгаагаа тэдэнтэй хуваалцах хэрэгтэй” гэлээ.
Мартин сайхан санаа байна гэж бодов.
Тэгээд ээж нь “Хүүхдийн хэсгийн олон хүүхдийн хогшил нь ганцхан үүрдэг цүнхэнд нь л багтаж байгаа. Тэд тоглоомуудаа орхиод ирсэн. Чамд өгөх тоглоом байгаа юу?” гэж асуулаа.
“Үгүй ээ! Тэд чинь миний тоглоом!” гэж Мартин хэлээд, эргэж, өрөө рүүгээ гүйж оров.
Мартин нулимс цийлгэнэсэн нүдээр өрөөгөө тойруулан харлаа. Тэр тоглоомуудаа өгөхийг хүсэхгүй байв. Тэр тоглоомуудаа бүр холоос, хуучин байшингаасаа авчирсан шүү дээ.
Тэр тоглоомынхоо хайрцаг руу очоод, доторхыг нь харав. Тэр ачааны машин, ёо ёо, эргүүлдэг тоглоом, хамгийн сайн бөөрөнхий чулуутай уут, өөр бусад олон дуртай тоглоомоо харлаа. Бүгдэд нь тэр дуртай байв. Тэр алиныг нь ч өгөхийг хүсэхгүй байлаа!
Дараа нь Мартин “Би гэр орноо, дуртай тоглоомоо ардаа орхисон бол ямар байх байсан бол?” гэж бодов.
Хэсэг хугацааны дараа тэр ээж дээрээ тэвэр дүүрэн тоглоомтой, хуучин ч биш, харин үргэлж тоглодог тоглоомтойгоо ирлээ.
Ээж нь гайхсан байдалтай харагдав. “Чи дуртай тоглоомуудаа өгөх шаардлагагүй” гэлээ.
Мартин тоглоомуудыг шалан дээр тавиад, “Бусад хүүхдэд ч гэсэн дуртай тоглоомууд байсан байх. Би өөрийнхөө дуртай тоглоомыг тэдэнд өгөх юм бол тэд бага ч гэсэн баярлах байх” гэв.
Ээж нь Мартиныг чанга тэврээд, “Би чамаар маш их бахархаж байна!” гэлээ.
Мартинд халуун дулаан мэдрэмж төрөв. Есүс бусдад өгөх байсан гэдгийг тэр мэдэж байсан тул энэ нь түүнийг баярлуулж байлаа.