2019
Есүс Христ бол үүрд үргэлжлэх баяр баясгалангийн эх ундарга
2019 оны 12-р сар


Есүс Христ бол үүрд үргэлжлэх баяр баясгалангийн эх ундарга

2018 оны 12-р сарын 4-нд Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн “That They Might Have Joy” үгээс авав.

Ариун нандин гэрээнүүдээ санаж, хүндлэн, зарлигуудыг сахихыг хичээдэг Их Эзэний сэргээгдсэн Сүмийн гишүүн бүр үүрд үргэлжлэх баяр баясгаланг хүлээн авч чадна.

Зураг
Nativity scene

Христийн төрөлт, Майкл Малм

Би саяхан маш сүнслэг гэрчлэлийн цуглаанд оролцож, нэгэн итгэлтэй эгчийн “Эцэгийн авралын төлөвлөгөөний ачаар би асар их баяр баясгалантай байна” хэмээн тунхаглахыг анхааралтай сонсож суулаа.

Миний хувьд тэр эмэгтэй зүгээр нэг танил үгс хэлээгүй нь илт байв. Нүднээс нь цацрах гэрэл, дуу хоолойн дахь сүнслэг авиа, аз жаргалтай, амар амгалан дүр төрх гээд түүний бүх зүйл хэлсэн үг нь үнэн болохыг нотолж байлаа. Тэр баяр баясгалангаар дүүрэн байж, баяр хөөрийг цацруулж байв. Үнэндээ тэр Аврагчтай улам илүү адилхан болж, баяр баясгалангийн нэгэн хэсэг болох Түүний дүр төрхийг царайндаа шингээн хүлээн авсан байлаа (Алма 5:14-ийг үзнэ үү).

Итгэлийнх нь илэрхийлэл надад бүх хүний мэдэх хэдэн дууллын үгийг сануулсан юм.

Итгэлээр бид төмөр бариулаас атгаж,

Баяр баясгалангаа олдог.1

Учрах бүхнээс эс халшран ирцгээгээч,

Урамтай аялцгаая. …

Хэрэггүй зүйлд сэтгэл үл автан бид,

Бүгдээрээ хамт шаргуу тэмцье.

Ийн баяр хөөрт зүрх тань автана.

Бүгд нам гүм тайван байна!”2

Өө, энэ намайг их баярлуулна.

“Би Гэтэлгэгч амьдыг мэднэ!”3

Мөн бид Христийн мэндэлсний энэ баярын өдрүүдэд

“Асар их баяр баясгалангийн баярт мэдээг

Танд болон хүн төрөлхтөнд би авчирлаа”4 гэж дуулдаг.

Мөн

Дэлхий баярлагтун, Эзэн ирлээ;

Дэлхий хаанаа хүлээн аваг! …

Баярт дууг давтан хэл,

Баярт дууг давтан хэл,

Баярт, баярт дууг давтан хэл.5

Ерөнхийлөгч Нэлсон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч болсныхоо дараа дэлхий дээрх хүмүүст баяр баясгалан амласан нэгэн урилгыг өгсөн. “Бид бүхний дэлхийнхэнд өгч буй захиас энгийн бөгөөд чин сэтгэлийнх билээ. Бидний захиас бол хөшигний хоёр талд байгаа Бурханы бүх хүүхдийг Аврагчдаа ирж, ариун сүмийн адислалыг хүлээн авч, үүрдийн аз жаргалыг мэдэрч, мөнх амьдралыг хүлээн авах эрхтэй болоход урих явдал юм.”6

Зураг
Christ reaching out

Тэр бүгдийг эдгээсэн, Майкл Малм

Бидний дуулж, заадаг мөн бүх хүн төрөлхтөнд өгөх үүрэгтэй тэр баяр баясгалан чухам юу юм бэ? Үүнийг хэрхэн олж авдаг вэ? Одоо бүгдээрээ энэ хоёр чухал асуултын хариултыг бодож үзэцгээе.

Баяр баясгалан гэж юу вэ?

Баяр баясгалан гэдэг нь “асар их баяр хөөр, аз жаргал мэдрэхийг7 хэлнэ гэж толь бичигт заасан байдаг. Үүнтэй харьцуулахад, Судруудын удирдамж дээр баяр баясгаланг “зөв шударга амьдрал[ын үр дүнд] ирэх асар их баяр баясгалангийн байдал8 хэмээн тайлбарлажээ. Сонирхолтой нь, сайн мэдээний өнцгөөс харах чадвар маань бидэнд баяр баясгалан бол замхран алга болдог мэдрэмж, сэтгэл хөдлөл биш, харин сүнсний бэлэг бөгөөд байх, болох боломжтой оршихуй гэдгийг ойлгоход тусалдаг. Тиймээс ч би гэрчлэлээ хуваалцсан эгчийг баяр баясгалангаар дүүрэн, гэрэлтсэн нэгэн гэж дүрсэлсэн билээ.

Лихай ухаалаг, хүүхдүүддээ хайртай эцэг хүний хувьд хөвгүүддээ хүмүүний мөнх бус амьдралын зорилго бол баяр баясгаланг олох явдал гэдгийг заасан. Тэр:

“Гэвч болгоогтун, бүх зүйл, бүхнийг мэдэгч түүний мэргэн ухаанд хийгдсэн билээ.

Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө” (2 Нифай 2:24–25) гэсэн.

Адам, Ева хоёр Мөнхийн Эцэгээс мөн өөрсдийн туршлагаас ухаарсан нэн чухал сургамжаа хураангуйлан хэлсэн. Адам “Бурханы нэр адислагдаг, учир нь миний зөрчлийн улмаас нүд минь нээгдсэн буюу, мөн энэ амьдралд би баяр хөөртэй байх болно, мөн махан бодид бибээр Бурханыг дахин харах болно” (Moсе 5:10; тодотгол нэмэгдсэн) хэмээн тунхаглажээ.

Ева “Хэрэв бидний зөрчил байгаагүйсэн бол бид хэзээ ч үр удамгүй байх байсан, мөн сайн ба мууг, мөн бидний гэтэлгэлийн баяр баясгаланг, мөн дуулгавартай бүгдэд Бурханы өгсөн мөнх амьдралыг бид хэзээ ч мэдэхгүй байх байсан” (Moсе 5:11; тодотгол нэмэгдсэн) гэж хэлсэн.

Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө нь Түүний хүүхдүүдэд бие махбодтой болж, мөнх бус амьдралд туршлага хуримтлуулан, хилэнц, уруу таталтын дунд зөв шударга байдлыг сонгож, нэр төртэй гэрлэж, эцэг эх болох замаар Түүний агуу төлөвлөгөөний дагуу Тэнгэрлэг Эцэгт туслах боломж олгодог.9 Эцэст нь, амилалтаар “бүрэн баяслыг хүлээн авч болохын тулд … сүнс хийгээд бие нь дахин хэзээ ч салахгүйгээр нэгдэ[нэ]” (Сургаал ба Гэрээ 138:17; тодотгол нэмэгдсэн).

Баяр баясгаланг хэрхэн олж авдаг вэ?

Зөв шударга баяр баясгалан, дэлхийнхний зугаа цэнгэл хоёрын хоорондын ялгаа нь бидэнд жинхэнэ баяр баясгалангийн мөн чанарыг илүү сайн ойлгоход тусалдаг гэдэгт би итгэдэг. Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, ариун нандин ёслолуудыг үйлдэж, гэрээнүүдийг зохистой байгуулан, үнэнчээр сахиж, Аврагчид болон Түүний зорилгод гүнээ хөрвөгдөхийг хичээх үед баяр баясгалан ирдэг. Зугаа цэнгэл бол “хөгжилтэй байх,” “тоглоом шоглоом хийж, чанга, сэтгэлийн хөдлөлтэй ярих, хөдлөх, тааламжтай амралтын үр дүн юм.10 Диснейлэндын тоглоомууд зугаатай сайхан. Ариун ёслолд зохистой бэлдэж, оролцох нь баясгалантай.

Баяр баясгалан нь ихэвчлэн сүнслэг зүйл байдаг бол зугаа цэнгэл нь ихэвчлэн материаллаг зүйл байдаг. Баяр баясгалан ихэвчлэн үүрд үргэлжилдэг бол зугаа цэнгэл ихэвчлэн зуурдынх байдаг. Баяр баясгалан ихэвчлэн гүн гүнзгий, баялаг байдаг бол зугаа цэнгэл ихэвчлэн өнгөцхөн байдаг. Баяр баясгалан ихэвчлэн гүйцэд, бүрэн дүүрэн байдаг бол зугаа цэнгэл ихэвчлэн хагас дутуу байдаг. Баяр баясгалан ихэвчлэн мөнх бус оршихуй, мөнх амьдрал хоёулантай нь холбоотой байдаг бол зугаа цэнгэл зөвхөн мөнх бус оршихуйтай холбоотой байдаг.

Бидний хувьд шавь байхын үүрдийн, гүн гүнзгий баяр баясгалангаа материаллаг, өнгөцхөн зугаа цэнгэлтэй хэзээ ч андуурч, солихгүй байх нь чухал.

Гэтэлгэгч бол үүрд үргэлжлэх, мөнхийн баяр баясгалангийн эцсийн бөгөөд цорын ганц эх ундарга. Бошиглогч Иаков: “Гэвч, болгоогтун, зөв шударгыг үйлдэгсэд, Израилын Ариун Нэгэний гэгээнтнүүд, Израилын Ариун Нэгэнд итгэсэн тэд, дэлхийн загалмайнуудыг тэвчиж мөн ичгүүрийг умартсан тэд дэлхийн сууринаас тэдэнд бэлтгэгдсэн тэрхүү Бурханы хаант улсыг өвлөх ажгуу, мөн тэдний баяр үүрд бялхаж байх болно” хэмээн гэрчилсэн (2 Нифай 9:18; тодотгол нэмэгдсэн).

Баяр баясгалангийн жинхэнэ эх ундарга

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө, Аврагчийн Цагаатгалын ачаар чин сэтгэлийн наманчлал нь биднийг баяр баясгалангийн жинхэнэ эх ундарга болох Есүс Христэд хандаж, найдахад урьдаг. Хаан Бенжамины хүмүүс Аврагчийн Цагаатгалын тухай түүний заасан зүйлд хэрхэн хандсаныг анхааралтай бодож үзнэ үү.

“Мөн эдүгээ, улиран тохиох дор хаан Бенжамин Их Эзэний тэнгэр элчээр түүнд хүргэгдсэн үгсийг ярихаа төгсгөл болгоод, эргэн тойрондоо байх хүмүүсийн зүг харц бэлчээж, мөн тэдний дээр ирсэн Их Эзэнээс эмээх айдсын учир тэд газарт унасан байхыг болгоов.

Мөн тэд өөрсдийгөө зуурдын байдалд буйгаа бүр газрын тоосноос ч өчүүхнээ төсөөлсөн ажгуу. Мөн тэд бүгд нэгэн дуугаар чанга хашгирч, хэлсэн нь: Ай нигүүлсэж хайрла, мөн бид нүглүүддээ өршөөлийг хүлээж авч болохын тулд мөн зүрх сэтгэл маань ариуссан байж болохын тулд Христийн цагаатгагч цусыг нөлөөлүүлээч; учир нь бид Есүс Христэд тэнгэр ба газар, мөн бүх зүйлийг бүтээсэн Бурханы Хүүд, хүмүүний үрсийн дунд доош ирэх түүнд итгэдэг.

Мөнхүү улиран тохиох дор тэд эдгээр үгсийг ярьсны дараа Их Эзэний Сүнс тэдний дээр ирж, мөн тэд нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, улмаар тэд ухамсрын амар амгаланг хүлээн авсан учир, мөн тэд баяр хөөрөөр дүүргэгдсэн байв, … ирэх ёстой Есүс Христэд итгэх үлэмж итгэл тэдэнд байсны учир бөлгөө” (Мозая 4:1–3; тодотгол нэмэгдсэн).

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө, Аврагчийн Цагаатгалын ачаар дуулгавартай байдал нь биднийг баяр баясгалангийн жинхэнэ эх ундарга болох Есүс Христийг дагахад урьдаг. Есүс шавь нартаа хандан ийн тунхаглажээ.

“Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно.

Миний баяр баясгалан та нар дотор байж, та нарын баяр баясгалан нь дүүрэн болохын тулд энэ бүхнийг Би та нарт хэлэв” (Иохан 15:10; тодотгол нэмэгдсэн).

“Мөн түүний зарлигуудыг сахихаас бусдаар хүмүүн бүрэн байдлыг хүлээн авах нь үгүй.

Түүний зарлигуудыг сахидаг тэрээр, үнэнд алдаршиж мөн бүх зүйлийг мэдэх хүртлээ үнэн ба гэрлийг хүлээж авдаг болой” (Сургаал ба Гэрээ 93:27–28).

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө болон Аврагчийн Цагаатгалын ачаар үйлчлэл биднийг баяр баясгалангийн жинхэнэ эх ундарга болох Есүс Христийн зан чанарыг дагахад урьдаг. Би саяхан Бригам Янгийн Их Сургуулийн ерөнхийлөгч Кэвин Ж.Вортэны гүн гүнзгий баяр баясгалангийн тухай мэдэгдлийг уншсан. Тэр “Мөнхийн өсөлт хөгжлийн нэг хэмжүүр бол бидний үйлчлэлээс ямар их баяр баясгаланг олж авдаг байдлаар хэмжигддэг гэдэгт би итгэдэг”11 хэмээн хэлсэн.

Залуу Алма өөрийн хүү Хиламанд: “Тийм ээ, мөн тэр цагаас бүр одоог хүртэл, би бодгалиудыг наманчлалд авчирч болохын тул; өөрийн амталсан тэр үлэмжийн баяслаас амтлахад тэднийг авчирч болохын тул; тэд түүнчлэн Бурханаар төрж, мөн Ариун Сүнсээр дүүргэгдэж болохын тул зогсолтгүйгээр хөдөлмөрлөсөөр ирсэн билээ” хэмээн хэлсэн байдаг (Алма 36:24; тодотгол нэмэгдсэн).

Аммон леменчүүд дунд хийсэн номлолын ажлынхаа талаар ярихдаа ямар их баярлаж байсныг санана уу.

“Болгоогтун, миний баясал дүүрч, тийм ээ, зүрх сэтгэл минь баяслаар халгинам, мөн би Бурхандаа баярлах болно. …

Болгоогтун, тэрээр хэчнээн мянган ах дүүсийг минь тамын шаналлаас сулласан билээ; мөн тэд гэтэлгэлийн хайрыг дуулахад хүргэгддэг, мөн энэ нь бидэнд байдаг түүний үгийн хүчний учир юм, тиймийн тул баясах агуу шалтгаан бидэнд байхгүй гэж үү? …

… Эдүгээ энэ нь миний баясал, мөн миний агуу талархал; тийм ээ, мөн Бурхандаа би үүрд талархах болно” (Алма 26:11, 13, 37; тодотгол нэмэгдсэн).

Зураг
Portrait of Christ

Тайтгаруулагч маань ойр байхад ямар ч муу зүйл тохиохгүй, Майкл Малм

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө болон Аврагчийн Цагаатгалын ачаар саад бэрхшээл, зовлон зүдгүүр биднийг баяр баясгалангийн жинхэнэ эх ундарга болох Есүс Христ өөд харахад урьдаг (Исаиа 40:26; Дуулал 123:1–2-ыг үзнэ үү). Сэргээгдсэн сайн мэдээнээс үүдэлтэй үзэл бодлын өнцөг нь мөнх амьдралд бэлддэг сургамжийг мөнх бус амьдралд тулгардаг саад бэрхшээлээс суралцаж, мэдэх боломжийг бидэнд олгодог. Бидний зовлон зүдгүүр, гай гамшиг “Христийн баясалд автагдаж” (Алма 31:38) мөн бидний өсөлт хөгжлийн тул ариулан адислагдаж (2 Нифай 2:2-ыг үзнэ үү), “[бидний] үйл бодгальд [маань] золтой байж” (2 Нифай 32:9) болно. Ийн Эцэгийн төлөвлөгөөний тухай болон Аврагчийн Цагаатгалын талаарх бидний мэдлэгийн ачаар баяр баясгалан он цагийн туршид мөн сайн, муу гээд бүх үйл явдлын туршид үргэлжилдэг.

Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, дуулгавартай байдал, үйлчлэлийг болон мөнх бус амьдралд тулгардаг саад бэрхшээлийг сайн мэдээний өнцгөөс харах чадвар нь бүгдээрээ үүрд үргэлжлэх баяр баясгалангийн эх булаг Есүс Христэд ирэхэд биднийг урьдаг. Би та нарыг бидэнд энэ чухал сүнсний бэлэг болох баяр баясгаланг олж авах боломжийг олгодог нэмэлт зарчмуудыг тодорхойлж, судлан, залбиран байж тунгаан бодоход урьж байна.

Баясгалант амлалт

Үүрд үргэлжлэх баяр баясгалан нь зөвхөн сонгогдсон хэдхэн хүнд зориулагдаагүй. Харин ариун нандин гэрээнүүдээ санаж, хүндлэн, зарлигуудыг сахихыг хичээдэг Их Эзэний сэргээгдсэн Сүмийн гишүүн бүр энэхүү бэлгийг Бурханы хүсэл, цагийн дагуу хүлээн авч чадна. Энэхүү Христийн мэндэлсний баярын өдрүүдэд бидний хүн нэг бүр баяр баясгалангийн гайхамшигт бэлгийн үнэ цэнийг бүрэн дүүрэн ойлгох болтугай. Үүнийг бүрэн ойлгосноор бид “гэгээнтнүүд, тэнгэр элч нар дуулж,” “баярт дууг давтан хэлж,” “Бурханыг мөнхөд бишрэн шүтэж”12 байгааг шинэ нүдээр харж, шинэ чихээр сонсдог болох болтугай.

Би Их Эзэн Есүс Христийн бодит байдал, бурханлаг чанарын талаарх өөрийн баттай гэрчийг баяртайгаар тунхаглаж байна.

Эшлэлүүд

  1. “As Zion’s Youth in Latter Days,” Hymns, no. 256.

  2. “Ирцгээ, ирцгээ гэгээнтнүүд ээ,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 2.

  3. “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ,” ” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу х. 38.

  4. “While Shepherds Watched Their Flocks,” Hymns, no. 211.

  5. “Joy to the World,” Hymns, no.201

  6. Рассэлл М.Нэлсон, “Үргэлжлүүлцгээе хамтдаа,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 147; тодотгол нэмэгдсэн.

  7. English Oxford Living Dictionaries, “joy,” en.oxforddictionaries.com; emphasis added.

  8. Судруудын удирдамж, “баяр баясгалан,” scriptures.ChurchofJesusChrist.org; тодотгол нэмэгдсэн.

  9. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,”Liahona, May 2017, 145-ыг үзнэ үү.

  10. Merriam Webster’s Collegiate Dictionary, 11th ed. (2003), “fun,” merriam-webster.com.

  11. Kevin J Worthen, “Enter to Learn; Go Forth to Serve” (Brigham Young University commencement address, Aug. 16, 2018), 3, speeches.byu.edu.

  12. “Joy to the World.”

Хэвлэх