Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн: Хүчирхэг эхлэл
Сүмийн удирдагчид хүүхэд, өсвөр үеийнхнийг Аврагчтай илүү адилхан болоход нь эцэг эхчүүд болон тойргууд хэрхэн тусалж болох талаар хуваалцав.
“Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн” хэмээх Сүмийн шинэ хөтөлбөрт та баярлаж эсвэл бага зэрэг сэтгэл түгшиж байж болох ч энэ талаар танд “Энэ хөтөлбөр манай хүүхдэд хэрхэн туслах вэ?” “Бид үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?” “Үүнд би ямар үүрэг гүйцэтгэх вэ?” гэх мэт асуулт төрж болох юм.
Сүмийн удирдагчид зарим асуултад хариулт өглөө.
Яагаад Сүм энэ өөрчлөлтийг хийж байгаа вэ?
Бонни Х.Кордон эгч: Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд бүгдээрээ илчлэлт хүлээн авах чадвараа хөгжүүлэх хэрэгтэй1 хэмээн заасан. “Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн” хөтөлбөр нь гэрээний замаар явснаар хэрхэн баяр баясгаланг олж, өсөж хөгжих талаар Сүнслэг удирдамж эрэлхийлэхэд хувь хүн, гэр бүлүүдийг урихад зориулагдсан. Энэ нь бидний хүн нэг бүрийн төлөө бошиглогчийн төсөөлөн харж байгаа зүйлтэй гайхалтай зохицож байгаа юм.
Стивэн В.Өүэн ах: Түүнчлэн ерөнхийлөгч Нэлсон ямар гэр оронтой байсан ч манай Сүм гэр оронд төвлөрсөн гэдгийг бидэнд зааж байна.2 Бид бол хөтөлбөрт төвлөрсөн Сүм биш. Сүмийн удирдагч, багш нар манай хүүхдүүдэд сургаалаас суралцаж, үүний дагуу амьдрахад тусалж чадна. Харин энэ нь гэр орноос эхэлдэг бөгөөд өдөр тутам үүрэх ёстой үүрэг хариуцлага юм.
Бошиглогчийн зааснаар, бид илчлэлт эрэлхийлж, Сүнсийг дагах хэрэгтэй бөгөөд “Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн” хөтөлбөр зарим талаараа илүү хялбаршуулсан хувилбар тул үүнийг үйлдэхэд бидэнд туслах болно. Урьд нь өсвөр насны хүүхдүүдийнхээ өсөж хөгжих явцад нь хянаж шалгах, ойлгож мэдэх гэсэн эцэг эхчүүдийн хэдэн зуун шаардлага Хувийн хөгжил дэвшил, Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь, Бурханд итгэх итгэл болон Сүмийн бусад хөтөлбөрт байсан. Энэхүү шинэ арга зам нь өөрсдийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн зорилго тавихдаа сүнслэг өдөөлтийг эрэлхийлэхэд хүүхдэд, өсвөр үеийнхнийг урих болно.
Жой Д.Жонс эгч: Энэ бол өсөж буй үеийнхэн болох хүүхэд, өсвөр үеийнхний Есүс Христэд итгэх итгэлийг гүнзгийрүүлэхэд зориулсан сэтгэл хөдлөм боломж юм. Тэд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлж, дагахад суралцахдаа мөнхийн мөн чанар, зорилгоо мөн хэрхэн өсөж хөгжиж, Тэнгэрлэг Эцэгийн өөрсдийг нь гэх хайрыг мэдрэхээ илүү сайн ойлгох болно. “Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн” хөтөлбөрт төвлөрөх нь өсвөр үеийнхнийг болон тэдний гэр бүлүүдийг гэр орондоо төдийгүй сүм дээр мөн Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцаа холбоо тогтоож, хөгжүүлэхэд нь адисалж, хүчирхэгжүүлж чадна.
“Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхийн тулд гэр бүлүүдийн хийвэл зохих эхний алхмууд юу вэ?
Жонс эгч: Сүнсний удирдамж авахын төлөө хамтдаа залбир. Эцэг эхчүүд “Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн” хөтөлбөрийг гурван хүрээнд хэрэгжүүлэх талаар гэр бүлтэйгээ ярилцсанаар эхэлж болно. Үүнд: сайн мэдээнээс суралцах, үйлчлэл ба үйл ажиллагаанууд, хувийн хөгжил дэвшил орно. Тэд одоо юу хийж байгаа вэ? Тэд эдгээр гурван хүрээнд хувь хүний болон гэр бүлийн хувьд хэрхэн өсөж хөгжиж болох вэ? Лук 2:52-т анхаарлаа төвлөрүүлэх нь Аврагчийг санаж, дагахад чиглэгдсэн төлөвлөгөө, зорилгыг тавихад хэрхэн удирдан залж туслах вэ? Энэ нь өсвөр үеийнхнийг төдийгүй гэр орон, гэр бүлийг маш энгийн бөгөөд тогтмол, утга учир бүхий арга замаар хүчирхэгжүүлэх гайхалтай сайн боломж юм.
Кордон эгч: Бид бага багаар эхэлнэ. Гэрээт замаар алхах гэдэг нь үнэндээ ганц ганц алхмаар урагшлах гэсэн үг юм. Нэг зорилго тавь. Энгийнээр эхэл. Өсвөр үеийнхэнд болон хүүхдүүдэд зориулсан удирдамж нь гайхалтай дагах загварыг бидэнд өгөх болно.
Өүэн ах: Бид үүнийг хэт төвөгтэй болгох хэрэггүй. Энэ бол маш энгийн зүйл юм. Лук 2:52-ыг уншаарай. Тэндээс эхэл. Эцэг эхчүүд хүүхэд, өсвөр үеийнхэнтэйгээ гэртээ суугаад, энэ тухай ярилцаж болно. Тухайлбал: “Бид чамайг мэргэн ухаан, бие хаагаараа өсөж хөгжин, Бурханы хийгээд хүмүүсийн таалалд нийцэхэд хэрхэн туслах вэ?” “Бид хамтдаа юунд суралцаж эсвэл юу хийж болох вэ?” “Чи ямар ямар зорилго тавьж болох вэ?” Зүгээр л энгийн хялбар болго.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхэд нэг л зүйлийг хүүхэд, өсвөр үеийнхэнд зааж сургах хэрэгтэй бол тэр нь юу байх вэ?
Кордон эгч: Энэ бол Аврагчийн адил өсөж хөгжих гайхалтай боломж юм! Хэрэв бид “Би юунд анхаарлаа төвлөрүүлэх вэ?” гэж бодож байвал Түүнтэй адилхан болохын тулд олон зүйлийг аль эртнээс хийж байгаагаа санаарай. Олон гэр оронд, бас сүм дээр хүмүүс сайн мэдээнээс суралцаж байгаа. Бид мөн үйлчилж, үйл ажиллагаануудад оролцож байгаа. Энэхүү шинэ хөтөлбөр нь суралцаж байгаа зүйлийнхээ дагуу үйлдэх, үүндээ хариуцлагатай хандах мөн сүнслэг байдал, нийгэм, бие махбод, оюун санааны гэх Аврагчийн өсөж хөгжсөн дөрвөн тал дээр төвлөрөхөд бидэнд туслах энгийн арга зам юм. (Лук 2:52-ыг үзнэ үү). Энэ нь Аврагчийг дагах үед бид бүгдэд баяр баясгалан, амар амгалан, мөнхийн аз жаргалыг авчрах болно!
Жонс эгч: Хөгжил дэвшил нь Аврагч руу чиглэсэн, гэр бүлд төвлөрсөн, Сүмээр дэмжигдсэн байдаг. Энэ нь хуучин хөтөлбөрүүдийг хэрэглэхээ больж хялбарчлан, хувь хүн рүү чиглэсэн болгож байгаа юм. Хувь хүн бүр өсөж хөгжинө. Хүүхэд, өсвөр үеийнхэн болон удирдагчид мөн тэдний гэр бүлүүд энэ хөтөлбөрийг дэлхий даяарх Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд гэрээний зам дээр хамтдаа хөгжиж, мөнхийн баяр хөөрийг мэдрэхэд зориулагдсан боломжийн, уян хатан арга зам гэдгийг ойлгоно гэдэгт би итгэж байна. Энэ нь том өөрчлөлт биш, суралцах арга барилыг хүндрүүлж байгаа хэрэг ч биш юм. Харин энэ нь Сүнсээр удирдуулж байхдаа аль хэдийн хийж байгаагаасаа илүү ихийг хийснээр Аврагчийг илүү их хайрлаж, үр дүнтэй дагах чадвараа өсгөн нэмэгдүүлэхийн тулд чин сэтгэлээсээ хүчин чармайлт гаргахыг хэлж байгаа юм.
Аврагчийн адил хөгжиж дэвших нь өсвөр үеийнхний болон хүүхдүүдийн хувьд яагаад чухал вэ?
Жонс эгч: Хамгийн эхний бөгөөд илүү чухал зүйл бол тэд Түүнийг байнга дагах гэрээг байгуулсан. Тэд “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч” (Мозая 18:9) байх гэрээг байгуулсан. Тиймээс тэд сүнслэг байдал, нийгэм, бие махбод, оюун санааны хувьд Аврагчтай адил өсөж хөгжих хэрэгтэй. Тэдний байгуулсан гэрээнүүд зөвхөн дээрх зүйлүүдийг хийж гүйцэтгэх учир шалтгаан биш бөгөөд зорилгодоо хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх чадварыг тэдэнд суулгах зорилготой.
Өүэн ах: Бидний амьдралын цорын ганц зорилго бол Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг дагаж, тэдэнтэй адилхан болох явдал юм. Бид Тэдэнтэй адилхан байхыг хүсдэг. Бид бага наснаасаа үүнийг хийж эхэлснээр үлдсэн амьдралынхаа турш дагах загвартай болдог. Бид Аврагчийн хийсэн зүйлсийг хийснээр Түүнийг үнэхээр дагаж байгаа хэрэг юм.
Кордон эгч: Аврагч бүх зүйл дээр бидэнд үлгэр жишээ болдог. Бид Түүний амьдрал, үйл хэрэг, сургаалыг судалдаг. Учир нь Тэр бол бидний тэмүүлдэг бүх зүйл билээ. Гэвч бидний хүн нэг бүр өвөрмөц, онцгой тул бидэнд Түүнтэй адилхан болохын тулд хөгжүүлэх ёстой зан чанар, ур чадварууд бий. Энэхүү шинэ арга зам нь хүүхэд, өсвөр үеийнхэнд өөртөө тохирсон арга замаар өсөж хөгжин, өөр өөрсдийн бэлгийг хөгжүүлж, Түүнтэй адилхан болохын тулд хийвэл зохих сүнсээр өдөөгдсөн зүйлсээ тодорхойлох боломжийг олгодог. Энэ нь үүнийг хувь хүн рүү чиглэсэн болгож байгаа юм. Үүнд заавал дагах заавар гэж байхгүй. Хүн бүрийн гэрээний замаар урагш явахаар тавьсан зорилго өөр өөр байж болох ч бид хамтдаа Аврагчид илүү ойртож, суралцаж, өсөж хөгжих болно.
Хүүхэд, өсвөр үеийнхэн үүнд оролцсоноор юу мэдэрнэ гэж та найдаж байна вэ?
Кордон эгч: Тэд мөнхийн мөн чанарынхаа талаар илүү гүнзгий ойлгодог болж, салшгүй нэгэн хэсэг гэдгээ мэдрэх байх гэж би найдаж байна. Бид хэн гэдгээ, Хэнийх гэдгээ мэдэх юм бол үйлдэл маань өөрчлөгддөг. Тэд цахим сүлжээн дэх зарим зүйл худал гэдгийг ухааран ойлгодог. Учир нь тэд Сүнс тэдэнтэй хэрхэн ярьдгийг өөрийн туршлагаар мэдрэх болно. Тэд Бурханы охид, хөвгүүдийн хувьд өөрсдөдөө болон бурханлаг чадавхдаа итгэх итгэлийг олж авна.
Жонс эгч: Бид тэднийг Есүс Христэд итгэх итгэл, найдвар, зарлигуудыг дагаснаар хүлээн авдаг амар амгаланг мэдэрч, эрүүл харилцаа гэж юу болохыг мэдэж авч, тэсвэр тэвчээртэй байхад суралцаж мөн бусдад үйлчлэхийн баяр баясгаланг мэдэрч, авралын ажилд оролцсоноор ирэх аз жаргал, сэтгэл хангалуун байдлыг мэдрээсэй хэмээн хүсэж байна.
Өүэн ах: Хүүхдүүд сайн мэдээг оюун ухаанаасаа зүрх сэтгэл рүүгээ хүргэх замаар ойлгоно байх гэж би найдаж байна. Энэ нь хийсэн зүйлээ чагтлаад орхих зүйл биш юм. Харин энэ нь суралцах, Аврагчтай илүү адилхан болох үйл явц юм. Манай хүүхдүүд болон бидний тохинуулдаг хүмүүс сайн мэдээний талаарх өөрсдийн ойлголтод хангалттай итгэлтэй болж, бусдад энэ талаар заана байх гэдэгт би найдаж байна. Жишээлбэл, биднийг хүүхдүүдээсээ сайн мэдээний талаар асуух үед тэд энэ талаар суралцсан мөн энэ нь тэдний салшгүй нэгэн хэсэг болсон учраас гүн гүнзгий хариулт өгдөг болохыг нь сонсдог болно хэмээн найдаж байна.
Эцэг эхчүүд “Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн” хөтөлбөр гэр оронд нь амжилттай хэрэгжиж байгааг хэрхэн мэдэж болох вэ?
Өүэн ах: Би гэр орон илүү амар тайван байх гэх мэт Галат 5-д цэдэглэгдсэн Сүнсний үр жимсийг олж харахыг хичээнэ. Би тэдний хүүхдүүдийг илүү эелдэг, хайраар дүүрэн байх болно гэж бодож байна. Тэд гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг хүсэж, хариултаа авахын тулд илүү их залбирч, эрэлхийлдэг болсон байна. Тэд зөвхөн сүнслэг байдлын хувьд биш, харин нийгмийн болоод бие махбод, оюун санааны тал дээр өсөж хөгжсөн байхыг харах болно.
Жонс эгч: Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг хоорондын харилцаа нь хүчирхэгжиж, гэр бүлийн гишүүд саад бэрхшээл тулгарсан ч бодит өөрчлөлтийг мэдэрч, бууж өгөхгүйг хичээн мөн нэг нэгнээ дэмжиж, хайр халамжаа үзүүлэн, Ариун Сүнсний нөлөөг идэвхтэй эрэлхийлж, түүнчлэн Ариун Сүнс гэр оронд нь оршиж байгаагаар мэдэх болно. Гэр бүлийн гишүүд өөрсдийн өдөр бүр хийдэг зүйлсийг Христийн амьдралтай холбоотой болохыг харж болох юм. Магадгүй сонгох эрх, наманчлал зэрэгт илүү их талархах болж, аливаад хандах хандлага нь сайжирч, өөртөө итгэх итгэл нь нэмэгдэн, алдаа дутагдлаа гаднаас биш, дотроосоо олж харахыг хичээж; Аврагч, Түүний амьдрал, сургаал, үлгэр жишээ, Цагаатгалд болон Амилалтад илүү их талархдаг болж болох юм.
Сүмийн хуучин хөтөлбөрийг мөрдөхөө больж байгаад сэтгэл нь бага зэрэг зовниж байж болох эцэг эхчүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?
Кордон эгч: Мэдээж, бидний хүн нэг бүр хуучин хөтөлбөрийн ачаар хөгжиж мөн бусдын хөгжиж байгааг харж байсан тул уг хөтөлбөрүүдэд хайртай байх нь ойлгомжтой. Тэдгээр нь тухайн цаг үедээ тохирсон, сүнсээр өдөөгдсөн хөтөлбөр байсан. Гэхдээ бид илчлэлт үргэлжлүүлэн хүлээн авч байгаадаа талархахгүй гэж үү? Их Эзэн биднийг цааш өсөж хөгжин, өөрчлөгдөөсэй гэж хүсдэг бөгөөд хөтөлбөрөө дэлхий даяарх гишүүдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд хөгжүүлж, өөрчлөх хэрэгтэй гэж үздэг. Бид үргэлж Тэнгэрлэг Эцэгийнхээ мэддэг мөн Түүний хүсдэг хүмүүс, Сүм нь болж өсөж хөгжин, өөрчлөгдөхийг хичээдэг.
Жонс эгч: Хуучин хөтөлбөрүүд биднийг асар их адисалсан бөгөөд бид сурч мэдэж, үзэж харсан бүх зүйлдээ талархдаг. Энэ бол гайхалтай шинэ үеийн эхлэл бөгөөд шинэлэг, сүнсээр өдөөгдсөн арга замаар сурч, өсөж хөгжихийн тулд Их Эзэний удирдамжийг эрэлхийлэх гайхалтай боломж юм.
Удирдагчид хүүхэд, өсвөр үеийнхэнд хувиараа өсөж хөгжихөд нь хэрхэн тусалж чадах вэ?
Өүэн ах: Юуны түрүүнд, насанд хүрсэн удирдагч тухайн хүүхэд, залуу эрэгтэй эсвэл залуу эмэгтэйг Бурханы мэлмийгээр харах буюу одоо байгаагаар нь биш, харин ирээдүйд хэн болж чадахаар нь харах хэрэгтэй гэж би боддог. Эцэст нь хэн болохыг бодож эхлэлээ тавих хэрэгтэй. Алсын хараатай бай. Үүнийг хийхэд цаг хугацаа шаардлагатай. Хүүхэд, өсвөр үеийнхнийг хэн болж чадахаар нь хар. Таныг өсвөр үеийнхэнд хандан ярих үед тэд үгийг тань сонсох хэмжээнд хүндэлдэг байхаар сайн харилцаатай бай.
Мөн тэдний эцэг эхтэй танилц. Хүүхдүүдэд нь хэрхэн тусалж болохыг тэднээс мэдэж ав. Эцэг эхийнх нь үүргийг хүндэл.
Жонс эгч: Хүүхдийн хэсэгт залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдтэй адилхан чуулгын болон ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зохион байгуулалт байдаггүй. Хүүхдийн хэсгийн удирдагч, багш нар болон тохинуулагч ах, эгч нар гэр оронд нь сайн мэдээний дэмжлэг туслалцаа байдаггүй хүүхдүүдэд тусалдаг. Гэхдээ гэр орных нь нөхцөл байдал ямар ч бай, бид хүүхэд, өсвөр үеийнхний болон тэдний эцэг эхийн хоорондын харилцааг үргэлж хүндлэх хэрэгтэй. “Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн” хөтөлбөр нь гэр бүлийн бүх гишүүнийг ирж, харж мөн туслахад урих арга замыг өгнө. Энэ нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн мөн эсэхээс үл хамааран гэр бүлийнхнийг бүгдийг нь хүчирхэгжүүлэх арга зам байж болох юм.
Кордон эгч: Ням гарагт сүмд хамт ирдэггүй ч өөрсдийг нь хайрладаг аав, ээжтэй олон хүүхэд, өсвөр үеийнхэн бий. Эцэг эхчүүдтэй нь танилцаж, хүүхдүүдийнхээ төлөө юу мөрөөдөж, хүсэж эрмэлздэгийг нь мэдэж аваарай хэмээн би удирдагчдад уриалж байна. Бид тэдэнд тусалж чадна. Бид эцэг эхчүүдтэй хамтран ажилласнаар, хувь хүн болон гэр орныг хүчирхэгжүүлэхийн зэрэгцээ хүүхэд, өсвөр үеийнхнийг нэг нэгнийхээ гэр орныг хүчирхэгжүүлэхэд урамшуулан дэмжих болно.
Та “Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн” хөтөлбөрт оролцоход нь хүүхдүүддээ тусалж чадахгүй байх хэмээн эмээж, сэтгэл нь зовж буй эцэг эхчүүдэд хандан юу гэж хэлэх вэ?
Кордон эгч: Хамгийн гайхамшигтай зүйл бол бид аль хэдийн ихэнх зүйлийг хийгээд явж байгаа. Гэр бүлүүд аль хэдийн сайн мэдээнээс хамтдаа суралцаж байгаа. Бид бас эртнээс эхлэн үйлчлэл хийж, үйл ажиллагаанууд явуулж байгаа. Бид үргэлж хувийн хөгжил дэвжилд анхааран ажилласаар ирсэн. Гагцхүү одоо бид Христийн өсөж хөгжсөн арга зам дээр л анхаарлаа хандуулж байгаа юм.
Хүүхдүүдтэйгээ хамт суух нь бидэнд маш их сэтгэлийн таашаал өгнө гэж би боддог. Та хүүхдүүдийнхээ чин хүсэл зорилгыг эгэл жирийн арга замаар сонсоно. Бидний Тэнгэрлэг Эцэг таны хүүхдийг өсөж хөгжин, баяр баясгалантай болж, Өөртэй нь хамт амьдрахаар эргэн ирээсэй гэж хүсдэг. Та нар хамтдаа сайн мэдээг болон бидний Аврагч Есүс Христийг амьдралынхаа бүхий л тал дээр салшгүй нэгэн хэсэг болгохыг хичээснээр Ариун Сүнс удирдан чиглүүлж байгааг мэдрэх болно.
Жонс эгч: Гэр бүлийн тань хувьд болж бүтэж байгаа арга замаас эхэл. Тэнгэрийн тусламж авна гэдэгтээ итгэ. Сүнсний удирдамжийг эрэлхийл. “Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн” хөтөлбөр нь эцэг эхийн үнэ цэнтэй зэмсэг байх болно. Өнөө үед гэр бүлээ удирдан чиглүүлж, хайрлан халамжлахад эцэг эхчүүдэд олон шаардлага тавигдаж байна. Заримдаа хэт их ачаа үүрч байна гэж бодогдох үе бий. “Хүүхдүүд ба өсвөр үеийнхэн” хөтөлбөр нь хүүхдүүддээ наад захын хэрэгцээ, чухал зүйл хоёрыг хэрхэн ялгаж салгах талаар зааж сургахад нь эцэг эхчүүдэд тусална. Ариун Сүнсний өдөөлтөөр дамжуулан Аврагчийг хэрхэн дагах талаар суралцахад нь гэр бүлүүддээ туслах нь бидний хувьд амин чухал бөгөөд энэ нь Их Эзэний хайр, адислалыг авчрах болно.
Өүэн ах: Та нар хүүхэд, өсвөр үеийнхэндээ үнэхээр туслах боломжтой байх болно гэж би бодож байна. Та агуу зүйл хийх шаардлагагүй. Хамгийн гол зүйл бол итгэлтэй байж, залбирч, гэр бүлдээ ариун нандин, зөв шударга дадал хэвшлийг суулгах явдал юм. Энгийн, хялбар, зөв шударга дадал хэвшлээс эхэл. Тэгэх юм бол хүүхдүүдийн тань амьдралд гайхамшиг тохиохыг та харах болно.