Заримдаа залуучууд наманчлал бол аймшигт зүйл гэдэгт шууд итгэдэг гэж би боддог. Хайрлаж халамжилдаг хүмүүсийнхээ эсвэл Тэнгэрлэг Эцэгийнхээ хайр халамжийг алдана гэдгээс айж байвал хийсэн зүйлээ хэлэхэд аймшигтай байх нь гарцаагүй. Наманчлалын тухай ийм бодолтой байвал дараагийн түвшин рүү ахиж дэвшин орохын тулд шалгалтад тэнцэхүйц “яг таарсан” хэмжээнд гэм нүглээ хүлээх уруу таталтад орж магадгүй. Гэвч туршлагаас харахад, энэ нь жинхэнэ наманчлал биш гэдгийг би мэдсэн. Наманчлахад үргэлж таатай байдаггүй ч Их Эзэн бидэнд ямар их хайртай, туслахыг ямар их хүсдэгийг ойлгох юм бол мөн Түүний биднийг цэвэр ариун болгох чадварт итгэх итгэлээ хөгжүүлэх юм бол айдас арилан алга болдог. Би наманчлалаар дамжуулан Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр өмнөх алдаанууд маань бидний одоо эсвэл ирээдүйг тодорхойлох шаардлагагүй гэдгийг ойлгож мэдсэн (44-р хуудсанд байгаа нийтлэлээс илүү дэлгэрэнгүй уншаарай).
Зөвхөн цахим хувилбараар гарах нийтлэлүүдэд, жинхэнэ наманчлал бидэнд Аврагчид мөн Түүний Цагаатгалд талархах талархлыг авчирдаг бөгөөд ирээдүйд уруу таталтыг эсэргүүцэх хүч чадлыг өгдөг болохыг Эвита онцолсон. Бид ням гарагт болдог ариун ёслолыг хүлээх шаардлагагүй бөгөөд өдөр бүр наманчлалаар дамжуулан Их Эзэнд хандах нь биднийг Түүнээс холдуулдаг өчүүхэн дадал зуршлаа хүртэл эвдэх хүчийг бидэнд өгдөг хэмээн Лиа нэмж хэлэв. Хэрэв бид ноцтой алдаа гаргавал, наманчлал нь бидний хүн нэг бүрийг гэх Аврагчийн хайрын талаар бидэнд заах болно гэдгийг Жори хуваалцсан.
Наманчлал бол амьдралдаа байгаа зүйлд талархдаг бэлэг юм. Бурхан биднийг хүн гэдгийг мөн заримдаа тэнэг сонголт хийдгийг мэддэг. Хэдийгээр бид төгс биш ч гэлээ, бидэнд найдвар бий. Хэрэв бид Аврагчид итгэж найдвал Тэрээр Тэнгэрлэг Эцэг рүүгээ эргэн очих зам дээр хэчнээн их хугацаа шаардагдсан ч бидэнтэй хамт алхах болно.
Сайн сайхныг хүсье,
Ричард Монсон