“Бүх зүйл бүхнийг мэдэгч Түүний мэргэн ухаанаар”
Би бүрэн цагийн номлогч болж номлогчийг бэлтгэх төвд орохдоо, сурах зүйл их байгааг олж мэдсэн юм. Би суралцаж, гэрчлэлээ хүчирхэгжүүлэн, одоогийн суурин дээрээ суурилан өсөж хөгжихийн тулд чадах бүхнээ хийсэн. Би залбирч, Тэнгэрлэг Эцэгээс асууж, улмаар хариултыг нь эрэлхийлдэг байв. Энэ дадал хэвшил миний амьдралыг өөрчилсөн юм.
Нэгэн өдөр намайг Перуд номлогчоор үйлчилж байхад хамт үйлчилж байсан нэг ахлагч маань сайн найзынх нь аав зуурдаар нас барсан тухай захиа хүлээн авав. Тэр нулимс дуслуулан, “Тэнгэрлэг Эцэг яагаад ийм зүйл болохыг зөвшөөрч байгаа юм бэ?” гээд уйллаа.
Тэр асуулт миний сэтгэлд их хүнд тусаж билээ. Тэр орой би өвдөг сөгдөн, Тэнгэр дэх Эцэгтээ яг тэр асуултыг тавьсан юм. Тэгээд Мормоны Номоос хариултаа хайж байхад харц минь 2 Нифай 2:24 дээр туссан ба энд “Гэвч болгоогтун, бүх зүйл, бүхнийг мэдэгч түүний мэргэн ухаанд хийгдсэн билээ” гэсэн байв.
Тэр судрын хэсэг зүрхэнд шингэж, сэтгэлээс минь гарсангүй. Би тэр ахлагчид захиа бичиж, гэрчлэлийнхээ хэсэг болгон уг судрыг хуваалцлаа. Тэнгэрлэг Эцэг аливаа зүйлийг мэргэн ухаанаар хийдэг тул бүх зүйл зүгээр болно гэж би түүнд батлан хэлсэн юм. Тэр бидэнд хайртай мөн бүх зүйлийг мэддэг учраас бид Түүнд найдаж болно.
Жил хагас орчмын дараа Перугийн уулаар үйлчилж байхад номлолын ерөнхийлөгч маань над руу гэнэт утасдав. Тэр надад аавыг маань цус харвасныг мөн бие нь хүнд байгааг дуулгав. Удалгүй аав маань нас барсан. Би сэтгэлээр унаж, “Би үүнийг хэрхэн давж гарах билээ?” гэх мэт асуулт санаанаас гарахгүй байв.
Би Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, хариулт авахыг хүссэн. Хамгийн гол нь баяртай ч гэж хэлэх боломж олголгүйгээр яагаад аавыг маань энэ дэлхийгээс авсныг мэдэхийг би хүсэж байв. Би Мормоны Номоо авч нээгээд, хэдэн сарын өмнө нөгөө ахлагчтай хуваалцсан яг тэр үгсийг уншлаа. “Гэвч болгоогтун, бүх зүйл, бүхнийг мэдэгч түүний мэргэн ухаанд хийгдсэн билээ.” Тэр үгсийг уншихад намайг хөнжлөөр хучих мэт амар амгалан нөмрөн авч, төөрөлдсөн үед минь ач ивээлээ мэдрүүлсэн юм.
Дэлхий дээр аав маань байхгүй болсон ч Тэнгэрлэг Эцэг минь үргэлж миний дэргэд байх болно. Тэнгэрлэг Эцэг бүх зүйлийг мэргэн ухаанд хийдэг бөгөөд бид эрэлхийлж, өөрсдийгөө бэлтгэхийн тулд чадах бүхнээ хийвэл үнэ цэнтэй хариултаа олох болно.