Мормоны Номын хүчийг нээх нь
Зохиогч нь АНУ-ын Аризонад амьдардаг.
Филиппинд номлолд үйлчилж байхдаа хамтрагч бид хоёр Мормоны Номыг өдөр бүр судлахын ач холбогдлын талаар нэгэн онцгой бөгөөд хүчирхэг хичээлийг заасан юм. Хичээлийн төгсгөлд хамтрагч маань судар судлахтай холбоотой миний сонсож байсан хамгийн хүчтэй гэрчлэлүүдийн нэгийг хуваалцаж билээ. Мормоны Ном уншсан нь түүний амьдралд үгээр илэрхийлэхийн аргагүй шинэ хүч өгснийг тэр гэрчлэв.
Мормоны Номтой холбоотой туршлага нь түүний амьдралыг өөрчилсөн нь илт байсан ба би бас ийм туршлагатай болохыг хүссэн юм.
Тэр орой би Мормоны Номыг эхнээс нь дахин уншихаар шийдэв.
Би Бурханд Ариун Сүнснээс ирэх хөрвөлт, хүчийг мэдрэхийг хүсэж байгаагаа тайлбарлан, олон цагийг өвдөг сөгдөн өнгөрүүлсэн.
Миний хүлээн авсан хариулт бол унших байв. Зөвхөн унш.
Тиймээс ч би үүнийг нь дагав. Би шинэ эрч хүчээр уншиж эхэллээ. Би шүлэг, бүлэг, хуудас бүрийг онцгой анхаарав. Уншиж байхдаа би асуултуудад маань хариулж, сэтгэлийн зовнилыг минь арилгаж, зааж буй хүмүүсийнхээ ачааг хөнгөлөхөд туслах шүлгүүдийг олж байлаа.
Сарын дараа миний дотор ямар нэгэн зүйл өөрчлөгдөж байгааг би анзаарч эхлэв. Миний бусдыг хайрлах чадвар өсөн нэмэгдэж, ирээдүйдээ илүү итгэлтэй, өдөр бүр илүү олон цагаар шаргуу ажиллаж чаддаг, ажилдаа илүү их анхаарлаа хандуулдаг, илүү их баяр хөөр мэдэрдэг болсон байлаа.
Би нэг өдөр судар судалж байгаад, ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) “Энэ номонд хүч агуулагддаг бөгөөд нухацтай судалж эхлэх тэр мөчөөс тань эхлэн уг хүч таны амьдралд урсан орж ирэх болно. … Та нар эдгээр үгийн араас өлсөж цангаж эхлэх үедээ өөрсдийн амьдралыг илүү элбэг хангалуун болохыг мэдрэх болно”1 гэсэн үгийг олж уншсан юм.
Би үргэлжлүүлэн судалж байхдаа түүний яг юу гэж хэлснийг илүү сайн ойлгож эхэлсэн. Миний амьдрал илүү элбэг хангалуун байгааг би олж харах болсон.
Эргээд бодоход, би тэр орой яг тэр хамтрагчийнхаа гэрчлэлийг сонсохын тулд түүний хамтрагч болсон гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Үүний ачаар хайр, найдвар, итгэл, шаргуу хөдөлмөр, шийдэмгий байдал, баяр баясгалан гэх мэт амьдралын бүхий л сайхан зүйлс өсөн нэмэгдсэн гэж би боддог.
Миний амьдралд шинэ гэрэл гарч ирсэн ба бодитой гэдгийг нь би мэддэг болсон.