2020
Тэр ойлгох болов уу?
2020 оны 1-р сар


Тэр ойлгох болов уу?

mother and son walking away from the temple

Зургийг Аллэн Гарнс

2005 онд би Милэна, Матэо, Нэлсон хэмээх гурван ихэр хүүхдээ дутуу төрүүлсэн юм. Милэна эрүүл байсан бол хоёр хүү маань янз бүрийн асуудалтай байв. Матэо төрснөөсөө хойш гурван сарын дараа тэрхүү хүндрэлээсээ болж нас барсан.

Матэог нас барснаас хойш нэг сарын дараа Нэлсон дүлий, бас тархи нугасны саажилттай гэж оношлогдов. Бид ч сэтгэлээр унаж билээ. Эмч нар түүнийг хэзээ ч хөлд орохгүй гэж хэлсэн юм. Тэр мөчид Есүс Христийн сайн мэдээний талаарх мэдлэгтээ бид талархаж билээ. Яагаад бид энэ амьдралдаа саад бэрхшээлтэй тулгардгийг ойлгоход энэ нь тусалсан.

Итгэл, шаргуу хөдөлмөрийн үр дүнд Нэлсон хөлд орж, дохионы хэлээр ярьдаг болсон юм. Тэр эмч нарын тооцоолж байснаас хамаагүй сайн болсон. Тэр манай гэр бүл дотор болон сайн мэдээнд аз жаргалтай нэгэн болж өссөн.

Хэдийгээр Нэлсоны хөдөлгөөн хязгаарлагдмал байсан ч бид баптисм хүртэхээс нь өмнө түүнд баптисмын утга учрыг ойлгуулах, 12 нас хүрэхэд нь Аароны санваарт томилох, ариун сүмд нас барагсдын төлөө баптисм хүртээлгэх гэсэн хэд хэдэн зорилгыг түүний өмнө тавьсан юм.

2017 онд Нэлсон 12 нас хүрэв. Бид түүнд нас барагсдын төлөө баптисм хүртэхэд бэлтгэхэд нь туслав. Баптисм хүртэлгүй нас барсан хүмүүст бидний тусламж хэрэгтэй гэдгийг түүнд ойлгуулахад хэцүү байсан. Нэлсоны төрсөн өдрийн дараахан, тэр Милэнатай болон өөрийн ах Франко, эгч Брэнда мөн тойргийн бусад өсвөр үеийнхэнтэй хамт Аргентины Кордоба дахь ариун сүм рүү явав. Ариун сүмийн ерөнхийлөгч тэднийг хүлээн авч, төлөөлөн хийх баптисмын ач холбогдлын талаар ярьж өгсөн юм. Би Нэлсоны хажууд суугаад, түүнд дохионы хэлээр орчуулж өгч байв. Удалгүй, түүний баптисм хүртэх ээлж боллоо. Түүнийг баптисмын усан санд ороход, тэр үнэхээр ойлгосон болов уу? гэж бид бодож байв.

Усанд орох үед Нэлсоны сэтгэл их хөдөлсөн. Яг тэр мөчид тэрээр өөрийн нас барсан өвөг дээдсийн төлөө тэдний хийж чадахгүй зүйлийг хийж байгаагаа үнэхээр ойлгож байгааг нь бид Ариун Сүнсээр дамжуулан мэдэрсэн юм. Хөшигний нөгөө талд байгаа гэр бүлийн гишүүд маань өөрсдөд нь тусалж байгаад түүнд баярлаж байгааг ойлгож байсныг нь бид мэдсэн. Сүнс бас бидэнд Матэог ах, эгч хоёртойгоо хамт тэнд байсныг мэдрүүлсэн билээ. Нэлсон уснаас гарч ирэхдээ маш их аз жаргалтай болсон байв.

Түүнээс хойш Нэлсон гэр бүлийнхээ олон гишүүний өмнөөс, түүний дотор 2016 онд насан өөд болсон аавын маань өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан юм. Бид ариун сүмд хайртай. Тэнд үйлчлэх нь манай гэр бүлийн уламжлалуудын нэг болсон. Бид явах бүрдээ тэр онцгой өдрийг эргэж санадаг.