Итгэлийн хөрөг
Рэйчил Лайтхоол
АНУ, Калифорни муж
Та Рэйчилийн амьдарч байсан газрын үнс, нурангийн ойр орчмоор явбал юу ч үлдээгүй болохыг анзаарна. Калифорнийн Парадайзыг гал түймэр сүйтгэсний дараа ч Бурханы мутар амьдралд нь оролцож байгааг хэрхэн харсан тухайгаа Рэйчилийг ярихад түүний итгэл анзаарагдаж байлаа.
Ричард М.Ромни, зурагчин
Энд гал түймэр байнга гардаг тул өглөө тэнгэр бүүдийн, утаатай байхыг хараад би нэг их санаа зовоогүй. Би тэнд амьдраад удаагүй ч Парадайзад, ялангуяа хавцлын хажууд амьдардаг хүмүүсийг өмнө нь нүүлгэн шилжүүлж байсан байв.
Гэхдээ энэ удаа хүчтэй салхи дэгдэж, түймэр асар хурдацтай тархсан учраас албаны хүмүүс бидний хүрэх цагийг буруу тооцоолсон байлаа. Хотын хаа сайгүй шатаж эхлэх хүртэл бидний ихэнх нь юу болоод байгааг ч мэдээгүй. Бидний нөхцөл байдал ганцхан цагийн дотор, “бага зэрэг түгшсэн” байдлаас “Аюул учирлаа! Гар!” гэтэл хувирч өөрчлөгдсөн.
Нүүлгэн шилжүүлэх ажил эмх замбараагүй, хурдан болж өнгөрсөн. Ихэнх хүн хотоос гарахын тулд түймэр дундуур машинаараа туучин явж байсан. Намайг хүүхдүүдтэйгээ машинаараа явах үед нэлдээ утаа бүрхсэн байлаа. Түгшүүрийн дохио хот даяар дуугарч, түймэр энд тэндгүй тархаж байв. Олон хүн өөрийнхөө эсвэл хөршийнхөө гэрийг галд автаж байхад зугтан гарч байлаа. Гэр маань түймэрт өртөх эсэхийг би мэдэхгүй л байв.
Машинаар явж байхдаа би Бурхантай ярилцсан. Бид аюулаас бүрэн бүтэн гарч, гэр орон маань галд автахгүй байгаасай гэж би залбирсан юм. Бид тэр байшиндаа хоёрхон жил амьдарсан байв. Бид гэр бүлээрээ хамтдаа байшингаа засаж янзалдаг байсан. Нөхөр, хүүхдүүд маань надад гал тогооны ширээний тавцан болон шалыг засаж янзлахад тусалсан юм. Бид гэрээ “модон дундах модон байшин” гэж нэрлэдэг байв. Би гэртээ хайртай байсан ч өөрийн хүслийг Бурханы хүсэлтэй нийцүүлэхийн тулд хүчтэй байх гэж хичээлээ.
Хэд хоногийн дараа бид гэрээс маань юу ч үлдээгүй болсныг мэдэв. Бид гэрээ сайхан тохижуулсан ч одоо шатаж, нуранги болсон байлаа. Эргээд харахад, бидний гэртээ өнгөрүүлсэн тэрхүү цаг хугацаа гайхалтай сайхан цаг мөчүүд байв. Тэр байшинд амьдрах боломжийг манай гэр бүлд олгосонд би Бурханд маш их талархдаг.
Энэ түймрийн дараа миний харж, сонсож байсан хамгийн сайхан зүйлсийн нэг бол миний нэрлэдгээр “том итгэлтэй” хүмүүсийн гэрчлэлүүд байв. Тэр хүмүүс Бурхан хэрхэн амьдралынх нь нарийн ширийн асуудалд оролцдогийг олж харсан байсан. Ганц өдрийн дотор ийм “том итгэлтэй” болох боломжгүй. Ийм болтлоо урт удаан хугацаа шаардагддаг.
Энэ нь надад арван онгон охины сургаалт зүйрлэлийг санагдуулдаг. Хэрэв та дэнлүүгээ тосоор дүүргээгүй бол хямралаас өмнө Бурханд хандах цаг тань болдог. Энэ түймэр шиг гамшиг болох үе нь дэнлүүгээ тосоор дүүргэж эхлэх цаг биш юм. Энэ нь машинд суухдаа хүүхдүүдээсээ суудлын бүсээ зүүхийг хүсэхтэй яг адил. Тэднийг “Надад суудлын бүс хэрэггүй. Таныг орилоход л би бүсээ зүүнэ” гэж хэлж байгаагаар төсөөлөөд үз. Гамшиг болоход тэдэнд бүсээ зүүх цаг хэзээ ч гарахгүй.
Түймрийн дараа эндхийн “дэнлүүндээ тостой” хүмүүс бусдыг бодвол тийм их хохирол амсаагүй байсныг би анзаарсан юм. Тэд гашуудаж, асуудалтай байсан ч Бурхан санаа тавьдаг, амьдралынх нарийн ширийн асуудалд оролцдог гэдэгт итгэсэн хэвээр байв. Мөн тэд Бурхан гэр орныг нь түймрээс аврах хангалттай хүчтэй гэдгийг мэддэг ч мөн шударга бус зүйл болсон байсан ч уурлаагүй. Тэд Түүний хүслийг хүлээн зөвшөөрдөг. Үүнийг л би “том итгэл” гэнэ.
Бурханд итгэдэг хүн бүр Түүний мутрыг түймрийн үеэр харсан. Ганцхан том гайхамшгаар та Бурхан байдгийг өөр хүнд нотолж чадахгүй байж болох ч Бурхан сая сая жижигхэн гайхамшгийг Парадайзад авчирсан юм. Хэрэв та Бурханд итгэдэг л бол Түүний мутрыг хаа сайгүй харж болохоор байлаа. Хэдийгээр энэ нь хэцүү ч гэлээ бас гайхамшигтай зүйл байв. Бурхан бидэнд яг сурах хэрэгтэй зүйлээ ойлгож мэдэхэд тусалсан.
“Том итгэлтэй” байх нь хохирол амссан ч гашуудахгүй гэсэн үг биш юм. Энэ үйл явдлын үеэр хайртай хүмүүсийнхээ гашуудахыг харах нь хамгийн хэцүү зүйлсийн нэг байв. Би алдсан зүйлийнхээ хойноос гашуудахын оронд тэдэнтэй хамт алдсан зүйлсийн хойноос илүү их гашуудсан байх. Тийм ээ, энэ нь манай гэр бүлд хэцүү байсан нь үнэн, бид ч гэсэн олон зүйлээ алдсан. Гэхдээ бид бас олон зүйлийг олж авсан.
Чико Калифорни гадасны гишүүд түймэрт автсан хүмүүст үйлчлэхээр маш их зүйлийг хийсэн. Нүүлгэн шилжүүлэх өдөр гадасны төвд ирсэн хүн бүрийг хэдхэн цагийн дотор гадасны бусад гишүүний гэрт байрлуулж байсан юм. Тэд биднийг гэртээ оруулж, хэрэгтэй зүйлсээ олж авахад тусалж байв. Бас дэлхийн өнцөг булан бүрээс илгээсэн гэгээнтнүүдийн төрөл бүрийн тусламж намайг гайхшируулж байлаа. Бид адислагдаж, тусламж дэмжлэг хүлээн аваад зогсохгүй тэдний хайрыг мэдэрсэн. Хожмын үеийн гэгээнтэн байх ямар сайхан гээч! Би үүнийг хамаг чадлаараа хашхиран хэлж чадна!
Түймэр гарахад би гашуудах чадвартай байхын зэрэгцээ хүүхдүүддээ хэрхэн гашуудахыг заах хэрэгтэй байсан тул маш их залбирсан. Бурханд надад сургах сайхан зүйлс байв. Би “цэвэрхэн гашуудах” нь ямар чухал болохыг мэдэж авсан. Энэ нь миний хувьд гашуудлаа ч гэсэн харанхуй эсвэл айдас төрүүлэх газар руу очихгүй байх гэсэн утгатай юм. Та уурыг тань хүргэх, ичгүүртэй зүйл бодох хэрэггүй. Та Бурханы адил гашуудах хэрэгтэй. Ингэснээр гашуудах нь сайхан зүйл бөгөөд эдгээлт болдог. Энэ нь яг хайр шиг мэдрэгддэг.
Ийм нөхцөлд тодорхой бус байдал хамгийн том асуудал болдог. Ийм тохиолдолд хүн бүрд хариултын оронд олон асуулт гарч ирдэг. Парадайз хэр хурдан дахин баригдахыг эсвэл сүйрлийн хэмжээ асар их тул сэргээн босгох боломжтой эсэхийг бид мэдэхгүй.
Бурхан намайг энэ үйл явдалд бэлдэхийн тулд надтай олон жил ажилласан билээ. Миний амьдралд өөр “гамшгууд” тохиолдож байсан бөгөөд тэдгээр нь Бурхан миний амьдралыг гоё сайхан чиглүүлдгийг мэдэж авахад надад тусалсан юм.
Надад тохиолдсон бүх хүнд хэцүү зүйлийн дунд төгс, сайн сайхан зорилгогүй зүйл ганц ч байгаагүй. Бурханд зааж сургах боломж олгосон үед саад бэрхшээлээсээ үргэлж суралцаж байгаагаа би анзаарсан. Бурхан бидэнд Өөрт нь найдаж, Өөрийг нь хайрлахыг заахын тулд ийм зовлон бэрхшээлийг амсуулдаг. Асуудал хүндрэхэд Тэрээр үргэлж бидэнтэй хамт байдгийг би мэднэ.