Гайхамшигт, шинэ хуудас
Би 2010 оны 10-р сард бэлэвсрэхдээ амьдралынхаа нэгэн хуудсыг хааж билээ. Тэр үед би өмнөд Францад сургагч багшаар ажиллаж байв. Ажил дээр гарсан ослоос болж миний хөдлөх чадвар хязгаарлагдаж, эрүүл мэнд, тамир тэнхээгээ хурдан сэлбэж чадахгүй байгаадаа би гутарч байлаа. Би 11 жилийн турш ажил мэргэжилдээ сэтгэл хангалуун байсан. Би ажилдаа дуртай байсан. Мөн олон ч найзтай байлаа. Гэвч би ажлынхаа шаардлагыг хангаж чадахааргүй болсон юм.
33 гаруй жилийн турш би мэргэн ухааны үгийг сахичхаад, яагаад “гүйж мөн ядрахгүй” байж чадахгүй байгаа юм бол гэсэн бодол надад төрж байсныг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй байх (Сургаал ба Гэрээ 89:20-ийг үзнэ үү). Эцэст нь би тооцоолж байснаасаа өмнө тэтгэвэртээ гарах болж, амьдралынхаа бас нэгэн хуудсыг хааж билээ.
Би тэр үед охинтойгоо амьдарч байсан бөгөөд охин минь ажлын шаардлагаар Парис хавьд шилжих боллоо гэсэн мэдэгдлийг хүлээж авав. Би охинтойгоо хамт нүүж, шинэ газарт амьдралынхаа шинэ хуудсыг нээхээр шийдсэн.
Тэнд очсоны дараахан бид хоёрыг хоёуланг Францын Парис ариун сүмд ажиллуулахаар дуудав. Ариун сүмд үйлчлэхээр дуудагдсан явдал Их Эзэн намайг энд авчирсан учраас зөв цагт зөв газар байгааг надад баталж өгсөн билээ. Би Их Эзэний өргөөнд тогтмол үйлчилснээр асар их баяр хөөрийг олж авсан бөгөөд ариун сүмд охинтойгоо гайхалтай сайхан цаг мөчийг хуваалцахад үнэхээр сайхан байдаг. Энэ нь зүрх сэтгэлийг маань баяр хөөрөөр дүүргэдэг!
Өнөөдөр би зовлон зүдгүүрийн маань ард нуугдсан байсан агуу адислалуудыг эхэлж олж хардаг. Хөдөлгөөн хязгаарлагдаж, мэргэжлээрээ ажиллаж чадахаа больж, тэтгэвэрт эрт гарахад надад хэцүү байсан. Гэхдээ Их Эзэн Есүс Христ намайг нуруун дээрээ үүрээд явж байсныг би мэднэ. Тэр намайг удаашруулж мөн амьдралынхаа томоохон хэсэг болсон амралт, найдвар, амар амгаланг олоход минь тусалсан.
Би ариун сүмийн хаалгаар орох бүрдээ Ариун Сүнсийг мэдэрдэг. Дэлхийн дарамтан доор байгаа энэ хүнд хэцүү үед Их Эзэн бидэнд бүх юм нь эмх цэгцтэй, бас үзэсгэлэнтэй ариун газруудыг өгсөн гэдгийг мэдэх гайхамшигтай. Ариун сүмд үйлчлэх амьдралынхаа энэ шинэ хуудсыг нээсэндээ би маш их талархдаг. Үнэхээр гайхамшигтай!