Залуучуудад зориулав
Байсан газар маань биш, очих газар маань чухал
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Би шулуун бөгөөд нарийн замаас гажиж, өөр замаар олон удаа явсан бөгөөд эцэст нь Аврагч болон Түүний Цагаатгалын хүч бодит болохыг мэдсэн юм.
Амьдрал минь бодож байснаар минь болсонгүй.
18 насандаа би бүрэн цагийн номлолд үйлчилнэ, дараа нь удалгүй гэрлэж, 25-тайдаа хүүхэдтэй болно гэж боддог байв. Одоо би 32 настай. Би номлолд үйлчлээгүй бөгөөд насанд хүрснээсээ хойших ихэнх цаг хугацаанд Сүмд идэвхгүй байсан. Би гэрлээд, салаад, дахин гэрлэсэн.
Би шулуун бөгөөд нарийн замаас гажиж, өөр замаар олон удаа явсан учраас өөрийгөө сүмд тохирохгүй гэж боддог байв. Гэвч тэнд намайг багтаах орон зай байгааг би ойлгосон. Аврагч болон Түүний Цагаатгалын хүч бодит бөгөөд байсан газар маань биш, харин очих газар маань илүү чухал гэдгийг миний туршлага надад ухааруулсан юм.
Миний гэрчлэл номлолд явахуйц хүчирхэг гэдэгт би итгэлгүй байсан тул эхэндээ итгэдэг зүйлсийнхээ талаар эргэлздэг байлаа. Ахлах сургуулиа төгсөх үедээ би “Гэрчлэл маань яг минийх биш байвал яана? Би бусад хүний гэрчлэлд хэтэрхий тулгуурлаж байгаа бол яах вэ?” гэх мэт боддог байснаа санаж байна.
Тэр асуудал намайг зовоодог байлаа. Би номлолд явахыг хүсэж байсан хэрнээ тухайн үед надад тохиолдсон сүнслэг туршлагууд намайг миний бодож байсан шиг амжилттай буюу сүнслэг байдлын хувьд хангалттай хүчтэй, бусдад зааж чадахуйц хэмжээнд сайн мэдээг мэддэг номлогч болгож чадах болов уу гэж боддог байв.
Эргээд харахад, би Сургаал ба Гэрээ 124:97 дээрх “Тэрээр миний өмнө даруу байг, мөн заль мэхгүй байг, мөн тэрээр миний Сүнсийг, бүр мөн бүх зүйлийн үнэнийг түүнд үзүүлэх мөн юу хэлэхийг нь яг цагт нь түүнд өгөх Тайтгаруулагчийг тэрээр хүлээн авах болно” гэсэн зөвлөгөөг ойлгоход туслахыг Бурханаас гуйх хэрэгтэй байсан юм.
Гэвч би Бурханаас асуухын оронд өөрийн сүнслэг байдлыг бусдынхтай харьцуулсаар, хангалтгүй байдал маань хүмүүст сайн мэдээг хүлээн авахад саад болох вий хэмээн эмээх болсон.
Би залуу хүний хувьд тусдаа гарч, юунд итгэдгээ олж мэдэх эрлээ зогсоогоогүй. Хувь хүний хувьд хэн болохыг минь тодорхойлохгүй гэж бодож гаргасан шийдвэрүүдийн хор хөнөөлийг би харахгүй байсан. Миний хийж буй сонголтуудад сэтгэл нь гонсойно гэж бодсон учраас би хайртай хүмүүсээсээ хөндийрч эхэллээ. Оронд нь би миний хийж буй зүйл ямар байх нь огтхон ч хамаагүй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн юм. Нэг өдөр би сониуч зандаа хөтлөгдөн согтууруулах ундаа хэрэглэж үзэв. Архи уух нь миний амьдралын нэг хэсэг болж, яваандаа цагийг зугаатай өнгөрүүлэхдээ хэрэглэдэг биш, харин хүнд хэцүү явдлаа дарахын тулд ашигладаг зүйл болж хувирав. Тухайн үед амьдралд минь гарсан сөрөг өөрчлөлтүүд ганц сонголтоос болоогүй. Тэдгээр нь аажим аажмаар явагдсан юм. Олон жилийн туршид хийсэн жижиг сонголтууд маань намайг байхыг хүсээгүй газарт маань аваачсаныг ойлгоход би хоёр жилийг зарцуулсан.
Энэ нь сайн мэдээ үнэн гэдгийг мэдэхийн тулд сөрөг зүйлсийг өөрийн биеэр амсах ёстой гэж хэлж байгаа юм биш. Миний үйлдэл надад төдийгүй хайртай хүмүүст маань өөр үед бол учрахгүй байсан зовлонг учруулсан. Би (1) өөрийгөө аз жаргалгүй байгааг, (2) Бурханы зарлигуудын дагуу амьдарч байхдаа хамгийн аз жаргалтай байснаа ухааран ойлгох хэмжээний даруу байсандаа талархдаг. Энэ нь миний сайн мэддэг, бусадтай хуваалцсан ч болох зүйл байв.
Би алдаагаа засахаар бишоптойгоо уулзсан бөгөөд тэр намайг номлолын үйлчлэлд бэлтгэхээр тогтмол уулздаг боллоо. Номлолын өргөдлөө бөглөж бараг дуусах гэж байхдаа би бишопоосоо миний хийсэн зарим сонголтыг ойлгож байгаа эсэхийг нь лавлан асуусан юм. Тэр ярилцлага амар байгаагүй. Гэвч би номлолд явахаас илүү Бурханы өмнө зөв байхыг хүссэн. Би Түүний өмнө цэвэр байхын тулд хийсэн бүх буруу үйлдлээ тоочиж, хариуцлага үүрэхэд бэлэн байлаа.
Удалгүй би сахилгын хурлаар оров. Олон жил удирдагч, зөвлөгч маань байсан хүмүүсийн өмнө, хийсэн буруу зүйлсээ хэлэх нь зарим талаараа аймаар байсан ч өрөөг тойруулан хараад, би амар амгаланг мэдэрсэн юм. Тэд намайг ойлгож, надад туслахын тулд тэнд байгаа нь надад харагдаж байлаа. Би хурлаас гарахдаа ямар ч шийдвэр гарсан бай, хийх ёстой зүйлээ хийсэн мөн бүх зүйл болж бүтнэ гэж Сүнс тайтгаруулахыг мэдрэв. Намайг хайрладаг Бурхан болон удирдагчид надтай ажиллаж, байх ёстой газарт маань хүргэнэ гэдгийг би мэдсэн. Харин би замдаа Аврагчийн хайрыг мэдэрч, Түүний ивээл доор гэтэлгэгдэнэ гэдгээ мэдэрч билээ.
Төгс бус хүмүүст зориулсан газар
Амар амгаланг мэдэрсэн ч яагаад номлолд яваагүй талаар хүмүүсийн шалгаах асуулт надад үнэхээр хүнд байв. Бишопынхоо тусламжтайгаар наманчлах үйл явцаа үргэлжлүүлэх хооронд ирээдүйд номлолд үйлчлэх магадлал маань улам бүр багассаар, би цаашдаа хэрхэн амьдрахаа шийдэх хэрэгтэй болов. 21 насандаа миний хувьд номлолд гарахын өмнөх үедээ байгаа залуучууд болон эргэж ирсэн номлогчид эсвэл гэрлэсэн залуучуудын алиных нь ч тоонд орохгүй байсан тул багтах газар байхгүй мэт санагдах болсон юм.
Болзоход ч бас хүнд байв. Заримдаа номлолд үйлчлээгүйгээ эсвэл хэсэг хугацаанд идэвхгүй байснаа хэлэхэд охид надтай өөрөөр харьцдаг байлаа. Ямар нэгэн шалтгаанаар ихэнх харилцаа анхны болзооноос цааш хэтэрдэггүй байв.
Би эцэст нь ариун сүмд гэрлэсэндээ баяртай байсан ч заримдаа таарч тохирохгүй байгаагаа мэдэрдэг байлаа. Надад гэрчлэл байсан ч би яаж хуваалцахаа мэддэггүй байсан бөгөөд сүмийн анги танхимд байгаа үеийнхэн маань шалгалтдаа унахыг минь харах гэж байгаа мэт санагддаг байв. Тэдний ихэнх нь миний хүссэн амьдралаар амьдардаг бөгөөд над шиг олон бүдрээгүй тул би тэгж боддог байлаа.
Нэгэн өдөр бишоп намайг дуудаад, ахлагчдын чуулгад заах дуудлага өгөв. Өнгөрсөн жил ахлагчдын чуулгад хоёрхон удаа суусан тул би гайхаж, сандарсан ч гэсэн дуудлагыг нь хүлээн авлаа. Хичээл заасан эхний ням гарагт би өөрийгөө тэдний урьд өмнө сонсож байгаагүй хамгийн хачирхалтай байдлаар танилцуулсан байх.
“Сайн байна уу, ах нар аа. Намайг Ричард Монсон гэдэг. Би номлолд үйлчлээгүй бөгөөд насанд хүрснээсээ хойш ихэнхдээ л идэвхгүй байсан. Надад таарч, тохирохгүй мэт санагддаг байсан тул би ахлагчдын чуулгад сууж байгаагүй гэж хэлбэл буруудахгүй байх. Би та нарын бүх асуултад хариулж чадахгүй ч та нарыг хичээлд оролцож, хамтдаа суралцана байх гэж найдаж байна. Та бүхэн миний хэлэх гэсэн санааг ойлгосон бол хичээлээ эхэлье” гэсэн юм.
Би тэр өдөр өөрийгөө “сум шиг шулуун” (номлолд үйлчилсэн, бүх насаараа идэвхтэй байсан, ноцтой алдаа гаргаж байгаагүй хүн) гэж тооцоогүй ч тэдэнтэй нэг зүг рүү явж байгаагаа мөн энэ нь юу юунаас илүү чухал гэдгийг өөртөө болон бусдад хэлж чадах юм байна гэдгээ ойлгосон. Гайхалтай нь төгс амьдралтай гэж боддог байсан тэр эрсийн ихэнх нь алдаа гаргаж байжээ. Энэ нь төгс байдал бол ангид юм уу Сүмд үнэ цэнтэй хувь нэмэр оруулахад тавигддаг шаардлага биш юм гэдгийг бид бүгдэд бататгаж өгсөн билээ.
Хүнд хэцүү цаг үе ба гаргасан шийдвэр
Харамсалтай нь, би Сүмд удаан идэвхтэй байсангүй. Гэрлэлт маань асуудалтай байсан тул би зовлон шаналлаасаа ангижрахын тулд муу дадал зуршилдаа эргэж оров. Сүмд явахын оронд дуртай зүйлсдээ цагаа зарцуулдаг боллоо.
Гурван жил өнгөрч, би тартагтаа тулж, сонголт хийх хэрэгтэй болов. Амьдралд юу ч тохиолдсон бай би өөрийнхөө төлөө сайн мэдээний дагуу амьдарч чадах болов уу? Эсвэл би зүгээр л харанхуйд буугаад өгчих үү? Нарийн бөгөөд шулуун зам дээр явахыг хүсвэл амьдралд буй сөрөг нөлөөнүүдээсээ ангижрах хэрэгтэй гэдгийг би мэдэж байв. Мөн сүмдээ буцаж очих хүсэл маань эхнэр бид хоёрыг өөр өөр замаар явж байгааг ойлгуулсан юм. Тухайн үед гэрлэлтийн байдлаасаа болоод бид аль хэдийн салах тийшээ хандаж байгаа нь харагдаж байв.
Би айж байлаа. Хичээл зүтгэл гаргасан ч хүссэн сайн сайхан зүйлээ энэ амьдралаас авна гэсэн ямар ч баталгаа байхгүй байв. Гэвч миний гаргасан шийдвэр олон жилийн өмнө мэдсэн тэр л зүйлийг буюу сайн мэдээний дагуу амьдарч байхдаа л аз жаргалтай байсан гэдгийг дахин сануулсан юм. Юу ч болж байсан би Бурханы мутарт өөрийгөө бүрэн дүүрэн даатгахаар шийдлээ. Түүнээс хойш бүх зүйл зөвхөн бид хоёрын дунд байх болов.
Би дахиад сүмдээ явах болж, амьдралаа голдиролд нь эргүүлэн оруулж эхэллээ. Амьдралын минь хамгийн аз жаргалтай өдрүүдийн нэг бол ариун сүмийн эрхийн бичгээ дахин хүлээн авсан өдөр байв. Гэр бүлийн асуудал маань даамжирсаар, эцэст нь салах үед би ариун сүмд очин, тайтгарч байж билээ.
Өөрийн үнэ цэнийн эх сурвалжийг олсон нь
Тийм шийдвэр гаргахад сүрдмээр байсан ч тэр үйл явдлын ачаар би өөрийн амьдралд байх Бурханы мутарт талархаж сурсан. Би бүдэрч унасан ч уралдаанд ялагдаагүй. Би өөр хэн нэгэнтэй өрсөлдөөгүй. Би өөрийн үнэ цэнийг олохоор Аврагчид итгэж найддаг болсноор өөрийнхөө тухай бусдын бодлыг өөрчлөх гэж хичээхээ больсон.
Бид Сүм дээр ганцаараа эсвэл амьдралынхаа өөр өөр үе шатанд байгаа гишүүдийн дунд суухаасаа санаа зовохоо болив. Би бусдаас нуугдахаа больж, тойргийнхоо хүмүүстэй ярилцахыг хичээдэг болов. Би мөн хурал цуглаанууддаа зорилгынх нь дагуу суух дуртай болсон юм.
Амар амгаланг олсон явдал маань болзож эхлэхэд тусалсан. Би хоёр дахь болзоондоо олон яваагүй ч өмнө нь алдаж онож байсан ч жишгээ бууруулах хэрэггүй гэдгийг одоо мэддэг болсон. Би чадлынхаа хэрээр сайн мэдээний дагуу амьдарч байсан бөгөөд сайн мэдээний дагуу амьдрахыг чадлаараа хичээж байгаа хүмүүстэй болзож болохоор сайн байгаа гэдгээ мэдэх болсон юм.
Эцэст нь би Бурханы зохистой охиныг олж, түүнтэй ариун сүмд гэрлэв. Түүний зам минийхээс өөр байсан ч Аврагчийг хайрлах хайрын тухай болон Түүний Цагаатгалын талаар бид ижил ойлголттой байлаа.
Он жил өнгөрсөөр би өөрийн одоогийн үнэ цэнийг өнгөрсөн амьдралаараа эсвэл бусад хүнээр хүлээн зөвшөөрүүлэх шаардлагагүй гэдгийг мэдэж авсан. Ингэж амьдарсан хүнийг л амжилттай хүн гэж хэлж болно гэж боддог байснаа би одоо больсон. Одоо байгаа газартаа хэрхэн ирснийг минь хүн бүр ойлгодоггүй ч энэ нь асуудал биш юм. Би тэднийг ятгаж үнэмшүүлэх албагүй. Цаашид наманчилж, Аврагчид илүү ойртох явдал миний зорилго байна. Наманчилсныхаа дараа Залуу Алмагийн хэлсэнчлэн, би Түүний ачаар “нүглүүдийнхээ санамжинд цаашид тарчлагдахгүй” байж чадна (Алма 36:19). Би хаашаа явж байгаагаа буюу Аврагч руу очиж яваагаа мэдэж байгаа тул сэтгэл амар явж байгаа.