Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав
Мормоны Ном надад тэнгэрийн үүдийг хэрхэн нээсэн тухай
Бид энэ жил Мормоны Номыг судалж байгаа тул энэ номын та нарын амьдралд үзүүлэх хүч, нөлөөний талаар гэрчлэлээ хуваалцахыг би хүсэж байна.
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Би багадаа Мормоны Номыг анх уншсан цагаасаа эхлэн энэ номын талаар гэрчлэлтэй болсон. Гэвч үнэнийг хэлэхэд, 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулганы өмнөх хэдэн сард би судрыг ердөө л гүйлгэн уншдаг болсон байв. Ерөнхийлөгч Нэлсон Сүмийн эмэгтэйчүүдийг оны сүүл гэхэд Мормоны Номыг уншиж дуусгахад уриалсан нь яг л надад хэрэгтэй урилга шиг санагдсан.
Түүний урилга хүчирхэг амлалтуудын хамт өгөгдсөн билээ. “Залбирч байгаад судлах юм бол таны дээр тэнгэр нээгдэх болно гэдгийг би амлая” (“Израилыг цуглуулах ажил дахь эгч нарын оролцоо,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 141).
Би үүнийг сонсоод, нандигнан хайрлаж өссөн номоо дахин уншихдаа сэтгэл догдолж, тэнгэрийн үүд нээгдэхийг тэсэн ядан хүлээж байв.
Тэгээд эдгээр нь маш олон арга замаар нээгдсэн. Мормоны Номын уриалгыг хэрэгжүүлснийхээ дараа би өөрт тохиолдсон болон тохиолдож буй туршлагынхаа талаар тунгаан бодсон. Би сурч мэдэж, мэдэрсэн зүйлсээ болон сүнсээр өдөөгдсөн хуудаснуудыг судалснаар хэн болж байгаагаа гайхан бахдав.
Миний сурсан зүйлс
Мормоны Номыг өмнө нь уншдаг байснаасаа илүү хурдан унших үед өгүүлэл нь үнэхээр бодитой болж байв. Би энэ номд байгаа хүмүүсийн гэрчлэл, туршлагуудтай холбоотойгоо мэдэрсэн.
Нифайн ах Самаас би чимээгүй шударга байх нь эрхэм гэдгийг мэдэж авсан. Алмагаас би итгэлээ хэзээ ч алдахгүй байхыг сурсан. Түүний хүүгээс би Христтэй ойр байх, Түүний хязгааргүй Цагаатгалын ариусгагч хүчийг мэдрэхэд хэзээ ч оройтдоггүй (Мозая 27; Алма 36-г үзнэ үү) гэдгийг мэдсэн. Хаан Лемонайн аав намайг Бурханд илүү их золиос гаргахад урамшуулсан (Алма 22:15, 18-ыг үзнэ үү). Хүмүүс намайг буруугаар ойлгосон үед тайван байж, Христтэй адил байхыг Пахоран надад заасан (Алма 61-ийг үзнэ үү). Жаредын ахаас би бидний зүгээс хийх ёстой үйлдэл зайлшгүй шаардлагатай ч энэ нь хангалтгүй гэдгийг мэдэж авсан. Бидэнд Христийн тусламж, боломж олгогч хүч хэрэгтэй (Ефер 2–3). Моронайгаас би ганцаардсан мэт санагдаж байсан ч хэзээ ч ганцаараа биш гэдгээ мэдэж авсан (Мормон 8:3, 5-ыг үзнэ үү).
Би Их Эзэнээс олон удаа шалгааж асуун, итгэлээр, асар хүчтэй залбирахыг сурсан. Би тэмдэглэл бичиж, гэрчлэлээ хуваалцахын ач холбогдлыг болон наманчлах зөв арга замуудыг мэдэж авсан. Бурхан бүгдийг мэддэг мөн Христ нигүүлсэнгүй бөгөөд Тэд нэг зорилготой гэдгийг би мэдэж авсан.
“Христийн үгэн дээр [найрлах] нь” (2 Нифай 32:3) миний амьдралыг хэрэгтэй удирдамжаар хангадаг болохыг би мэдэж авсан.
Би Иосеф Смит энэ номыг бичээгүй бөгөөд бичиж ч чадахгүй гэдгийг мэдсэн.
Миний мэдэрсэн зүйлс
Хангалтгүй, сул дорой байгаагаа мэдэрч, сэтгэлээр унасан тэр өдөр би Нифайн дууллыг (2 Нифай 4) санаандгүй олж уншсан гэж үү? Мэдээж үгүй. Би зовлон бэрхшээлээ ганцаараа туулж буй мэт санагдсан үедээ “Ай Их Эзэний ажлууд хичнээн гайхамшигтай билээ, мөн өөрийн хүмүүсийг тэрээр хичнээн удаан тэсвэрлэдэг билээ” (Мозая 8:20) хэмээх хаан Лимхайн мэдэгдэлтэй таарсан нь зүгээр нэг тохиолдол байсан уу? Үгүй ээ! Бурханы хувьд ямар ч тохиолдлын зүйл байдаггүй, зөвхөн төгс нигүүлсэл л гэж бий. Би Мормоны Номыг уншиж байхдаа үүнийг олон удаа хүлээн авсан. Би Мормоны Номыг шимтэн судалснаар Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрыг болон юутай ч зүйрлэшгүй амар амгаланг үнэхээр мэдэрсэн.
Мормоны Номыг уншиж байхдаа миний хамгийн их мэдэрсэн зүйл бол Аврагчийн эдгээгч хүч юм. Шүлэг бүр ар араасаа Түүний ач ивээл, нигүүлсэл, энэрэл, хязгааргүй хайрыг гэрчилдэг. Би Есүс Христийн тухай уншаад, зүрх сэтгэл минь Түүний золиост талархах талархлаар дүүрсэн билээ. Уншиж байхдаа миний мэдэрсэн хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь олон жилийн өмнө хийсэн буруу сонголтууд маань бүрэн өршөөгдсөнийг мэдэрсэн явдал байлаа. Уншиж байхад надад яг л Аврагчтай нүүр тулан ярьж байгаа мэт санагдаж билээ. Би одоо урагшлах цаг болсон гэсэн үгсийг зүрх сэтгэлдээ мэдрэх шиг болсон. Христ үнэндээ надад хэрэгтэй байсан эдгээлтийг өгсөн юм.
Хэдийгээр би нифайчуудтай адил (3 Нифай 11) амилсан Христийг хараагүй ч Мормоны Номоос Түүний талаар уншиж байхдаа өөрийн амьдрал дахь Түүний оршихуйг мэдэрсэн. Тэр бид бүхнийг төдийгүй хүн бүрийн сорилт бэрхшээлийг маш сайн ойлгодог бөгөөд биднийг аварч, тайвшруулан, эдгээх хүч чадалтай.
Би хэн болж байгаа вэ
Би өдөр бүр Мормоны Номд шимтэн орж, үүнд татагдсанаар илүү тэвчээртэй, энэрэнгүй, талархалтай, өөдрөг болсон. Амиа хичээх минь багасаж, дэлхийн зүйлүүдэд бага санаа тавьдаг болсон.
Мормоны Ном ба үүний миний амьдралд авчирсан Сүнсний нөлөөгөөр би илүү сайн эх, эхнэр, охин бөгөөд найз болсон. Би Есүс Христийн үнэнч шавь болсон.
Нэг номд яаж бүх хариулт багтаж чаддаг байна аа? Нэг ном яаж ийм их зүйлийг гүйцэлдүүлж чаддаг юм бэ?
Зөвхөн Бурханы бүтээсэн ном л ийм хүчийг агуулж чадна. Би энэ ном үнэхээр Бурханаас ирснийг мэднэ.
Ерөнхийлөгч Нэлсоны амласнаар тэнгэр үнэхээр миний дээр миний төсөөлж ч байгаагүй олон арга замаар нээгдсэн юм. Тиймээс би Мормоны Номоо уншиж, судалсаар байх болно. Энэ ном үнэхээр Христийн тухай бүх зүйлийг агуулсан байдаг тул би хуудаснуудыг нь үргэлжлүүлэн судалж мөн тэндээс Христийг олох болно.