2020
Өдөр бүр өмнөхөөсөө арай илүү бай
2020 оны 1-р сар


Өдөр бүр өмнөхөөсөө арай илүү бай

A Little Better Every Day

Би багадаа хийл тоглодог байв. Би хийлээ гоё дуугарган, эцэг эхдээ тоглож үзүүлэн, тэднээр “Жой, гайхалтай байна” гэж хэлүүлэхийг хүсдэг байв. Гэвч хийл маань тийм ч сайхан сонсогддоггүй, чахран дуугардаг байлаа.

Заримдаа намайг давтаагүй үед багш маань “Жой, чи энэ долоо хоногт давтаагүй юм уу?” гэж асуудаг байв. Энэ нь намайг дараагийн долоо хоногт илүү сайн тоглохын тулд давтах хүслийг төрүүлдэг байв.

Эргээд харахад хийл тоглох нь хэцүү байсан тул надад сайн туршлага болсон. Хэдийгээр би давтахыг заримдаа хүсдэггүй байсан ч өдөр бүр бага багаар давтах зорилго тавьснаар маш их зүйлийг сурсан юм.

Та нарыг ч бас үүний адил хийж үзээсэй гэж би хүсэж байна. Өдөр бүр өмнөхөөсөө илүү дээр байхыг хичээ. Тэнгэрлэг Эцэг чамайг бүх зүйлийг нэгмөсөн хийгээсэй гэж хүсдэггүй. Амьдрал бол бага багаар суралцаж, өсөж хөгжих явдал юм. Тэр чамайг бууж өгөлгүй хичээгээсэй гэж хүсдэг. Тэр бас чамайг өсөж хөгжиж байгаадаа баярлаасай гэж хүсдэг.

Заримдаа бид өөртөө хатуу ханддаг. Бид “Би чадсангүй. Би үүнийг хийж чадахгүй нь” гэж бодон, бууж өгдөг. Гэвч Аврагч “Үргэлжлүүл, Би чамд тусална! гэдэг. Есүс Христийн ачаар бид аливаа зүйлийг ганцаараа хийх шаардлагагүй. Бид босоод, Түүний тусламжтайгаар дахин оролдож үзэж болно. Би үүний л төлөө амьдардаг.

Тэнгэрлэг Эцэг чамд хайртай гэдгийг зүрх сэтгэлдээ мэдрээсэй гэж би хүсэж байна. Чамд хүнд хэцүү зүйл тулгарч болох ч чи энэ цаг үед дэлхийд ирэхээр бэлтгэгдсэн гэдгээ санаарай. Зүгээр л үргэлжлүүлэн, гэрлээсээ хуваалцаарай. Тэнгэрлэг Эцэг тань гэрээний замаа дагах үед чамайг адислан, чиглүүлэх болно. ●