Институт ба семинар
1-р хичээл: Есүс бол амьд Христ


1-р хичээл

Есүс бол амьд Христ

Оршил

Орчин цагийн гэрчүүд: “Бид, Түүний зүй ёсоор томилогдсон төлөөлөгчийн хувьд Есүс бол амьд Христ мөн гэдгийг гэрчилж байна” гэж тунхагласан байдаг (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 3). Дэлхий Есүс Христ, Бурхан Эцэг хоёрын хоорондын харилцааны үнэн мөн чанарын талаар мэдэхгүй мэт байгаа учраас Бурханы Хайрт Хүүгийн итгэлт гэрчүүд байх нь нэн чухал юм. Энэ хичээл нь суралцагчдад уг хэрэгцээг олж тодорхойлон, гэр бүл, найз нөхөд, хөршүүддээ Есүс Христийг илүү сайн гэрчилж сурахад тусална.

Нөхцөл байдлын тухай унших материал

Заах удирдамж

Амьд Христ

Дараах асуултыг самбар дээр бич:

Есүс Христ гэж хэн бэ? Та яагаад Түүнд итгэдэг вэ?

Олон хүн энэ асуултанд гэрчлэлээ хуваалцан хариулдаг болохыг суралцагчдад хэл. Ийм нэгэн гэрчлэл нь “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” гэдэг Сүмийн дуулалд илэрхийлэгдсэн байдаг (Сүмийн дуулал, х. 38). Ангийнханд энэ дууллын үгийг өгч, суралцагчдыг дөрвөн бүлэгт хуваа. Бүлэг бүрд дууны өөр өөр бадгийг оноож, дууны үгсийг уншихыг тэднээс хүс. Хангалттай хугацаа өгсний дараа, дараах асуултуудыг асуу:

  • Энэ дуулалд Есүс Христ хэн болохыг, мөн Тэр бидний төлөө юу хийсэн гэдгийг илэрхийлсэн ямар үгс, эсвэл хэллэгүүд байна вэ? (Хариултуудад “миний Эзэн,” “миний дотны Анд,” “Бошиглогч, зэрэгтэн, Хаан,” “Гэтэлгэгч маань” зэрэг үгс орсон байх ёстой. Тэр биднийг хайраараа адисалдаг ба биднийг өмгөөлж, удирдаж, бидэнд тусалдаг, мөн бидэнд амьдрал олгодог).

  • Энэ дуулалд Есүс Христийн гэрчлэл бидэнд хэрхэн нөлөөлдөг болохыг дүрслэхдээ ямар үгс хэрэглэсэн байна вэ? (Хариултанд туслах болон баярлуулах зэрэг үгс орох ёстой.)

Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынхан Есүс Христийн талаарх нэгтгэсэн гэрчлэлээ “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ээр олон нийтэд тунхагласан гэдгийг ангийнханд хэлж өг (Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2-3-ыг үзнэ үү). Энэ гэрчлэлийн хуулбарыг суралцагч бүрд өгч, энэ ангид заах хичээлийн олон сэдвийг уг сүнслэгээр өдөөгдсөн бичигт танилцуулсан сургаал, зарчмуудаас авсан болохыг тайлбарла. Нэг суралцагчийг эхний догол мөрийг чанга уншихад урь:

“Бид хоёр мянган жилийн өмнө болж өнгөрсөн Есүс Христийн төрөлтийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ Түүний зүйрлэшгүй амьдрал, агуу их цагаатгагч золиослолын хэмжээлшгүй ач тус нь бодит үнэн болохыг гэрчилж байна. Дэлхий дээр амьдарч байсан ба амьдрах бүх хүний дундаас ийм хүчтэй нөлөө үзүүлсэн өөр хүн үгүй” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2).

  • Энэ хичээлийн жилд Есүс Христийг болон Түүний үүрдийн сайн мэдээг судлах нь танд ямар нөлөө үзүүлээсэй гэж та хүсэж байна вэ? (Та суралцагчдыг хариулж байхад, Есүс Христийн амьдралыг чин сэтгэлээсээ судлах нь Түүний бидний амьдралд үзүүлсэн болон үзүүлэх гүн гүнзгий нөлөөний ач холбогдлыг ойлгоход бидэнд тусална гэдгийг онцлон хэлж болно.)

  • Дэлхий дээр амьдарч байсан, эсвэл ирээдүйд амьдрах хүмүүст Аврагч ямар байдлаар нөлөөлсөн бэ? (Суралцагчдыг хариулж байхад, Аврагчийн бүхний төлөө хийсэн Цагаатгалыг онцлох хэрэгтэй.)

Энэ хичээл нь мөнх бус байдлын өмнөх оршихуй, мөнх бус болон мөнх бус байдлын дараах амьдралынхаа туршид Аврагчийн хийж гүйцэтгэсэн мөнхийн тохинуулал дээр төвлөрөх болно гэдгийг суралцагчдад хэл. Суралцагчид Аврагчийн олон бурханлаг үүргийн талаар суралцах үед Түүнийг хайрлах тэдний хайр, гэрчлэл гүнзгийрэх болно.

Иохан 20:30-31; 1 Нифай 6:4; 2 Нифай 25:23, 26.

Судрууд нь хүмүүсийг Есүс Христэд итгүүлэх зорилгоор бичигдсэн юм.

Есүс Христийн тухай хэдэн ном бичигдсэн гэж бодож байгааг нь суралцагчдаас асуу. Есүс Христийн амьдралын талаарх аливаа зүй ёсны судалгаа нь судруудад төвлөрсөн байх ёстойг тайлбарла. Гурван суралцагчийг дараах судрын хэсгүүдийг ээлжлэн чанга уншихад урь: Иохан 20:30-31; 1 Нифай 6:4; 2 Нифай 25:23, 26. Ангийнхнаас хамтдаа даган уншиж, Аврагчийн мөнхийн тохинууллын талаар судлахад судрууд яагаад үнэ цэнэтэй эх сурвалж болдог шалтгаануудыг олохыг хүс.

  • Эдгээр шүлэг нь судрын зорилгын тухай ямар зарчим зааж байна вэ? (Суралцагчид өөр өөр үг хэрэглэж болох ч, тэд дараах зарчмыг олж тогтоосон байх ёстой: Бид Аврагчийн тухай судрын шүлгүүдээс суралцах үед Түүний талаарх бидний гэрчлэл хүчирхэгжиж, Түүнд илүү ойртох болно).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчийг чанга уншихад урь:

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Бүх судрын үндсэн зорилго бол бидний бодгалийг Бурхан Мөнхийн Эцэгт болон Түүний Хүү Есүс Христэд итгэх итгэлээр дүүргэх явдал мөн. …

“… Итгэл нь бид Бурханы үгийг сонсох юм уу уншсанаар Ариун Сүнс бидний оюун санаанд, мөн Сүнснээс сүнсэнд гэрчилснээр ирдэг билээ. Түүнчлэн бид үгнээс зооглох үед итгэл маань өсдөг юм (Судрын адислал,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 5-р сар, 34, 35).

  • Судрууд Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлж эсвэл Түүнд илүү ойртоход бидэнд ямар арга замаар туслах вэ?

  • Судруудаас суралцсанаар таны Есүс Христэд итгэх итгэл, гэрчлэл хэрхэн хүчирхэгжсэн бэ?

Энэ хичээлийн Суралцагчийн унших материал хэсэгт өгөгдсөн эх сурвалжуудын хуулбарыг суралцагч бүрд өг. (Энэ нь цаасан дээр буулгасан хуулбар байж болно, эсвэл та суралцагчдад цахим хуулбарыг хаанаас олж болохыг тайлбарлаж өгч болно). Суралцагчийн энэ хичээлийн жилийн туршид унших материалыг өдөр тутмын судар судлалынхаа нэг хэсэг болгоход суралцагчдыг уриал. Тэд энэхүү уриалгыг хүлээн авснаар Ариун Сүнсээр заалгаж, Аврагчид илүү ойртох болно гэдгийг суралцагчдад хэл.

Есүс Христийн гэрч болох нь

Суралцагчдадаа Аврагчийн тухай зөвхөн судруудаас суралцах нь хангалттай биш гэдгийг тайлбарла. Бид бас Есүс бол Христ, Тослогдсон нэгэн, бидний Аврагч, Гэтэлгэгч гэдэг хувийн сүнслэг гэрч эсвэл гэрчлэлийг Ариун Сүнсний хүчээр олж авах ёстой. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах мэдэгдлийг ангийнхантай хуваалц:

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Бид бусад хүний гэрчлэлд тулгуурлаж болохгүй. Бид өөрсдөө мэдэж авах хэрэгтэй. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли ‘Хожмын үеийн гэгээнтэн бүр Есүс бол амилсан, амьд Бурханы амьд Хүү гэдгийг ямар ч эргэлзээгүй, баттай мэдэж авах үүрэг хариуцлагатай’ гэж хэлсэн байдаг (“Fear Not to Do Good,” Ensign, 1983 оны 5-р сар, 80).

“Энэ баттай мэдлэг ба итгэл үнэмшлийн эх сурвалж нь тэнгэрлэг илчлэлт бөгөөд учир нь ‘Есүсийн гэрчлэл бол эш үзүүлэгчийн сүнс юм’ (Илчлэлт 19:10).

“Бид энэхүү гэрчлэлийг Ариун Сүнс бидний доторх сүнстэй ярих үед хүлээж авдаг. …

“Энэхүү гэрчлэлийн гол цөм нь үеийн үед Есүс Христэд болон Түүний тэнгэрлэг үйл хэрэгт итгэх итгэл, мэдлэг байх болно” гэжээ (“Хувийн гэрчлэлийн хүч,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 38).

  • Та яагаад бидний гэрчлэлийн гол цөм нь Есүс Христ байх ёстой гэж бодож байна вэ?

  • Есүс Христ таныг Түүний тухай гэрчлэлээрээ юу хийгээсэй хэмээн хүсэж байгаа гэж та бодож байна вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчийг чанга уншихад урь.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Хүмүүс биднээс Есүс Христийн ямар нэгэн чанарыг харж байх ёстой. Бидний үйлддэг, ярьдаг, хардаг болон тэр ч байтугай боддог арга зам нь Түүнийг болон Түүний арга замуудыг тусган харуулдаг. … Хэдийгээр бид Түүний тохинууллын үед Түүнтэй хамт байгаагүй ч гэсэн, судраас эрж хайх үедээ Есүсийг болон Түүний юу хэлсэн, хийснийг хардаг. Түүнчлэн бид тэрхүү загварыг дуурайн дагаснаараа Түүнийг гэрчилдэг” (“Becoming a Witness of Christ,” Ensign, 2008 оны 3-р сар, 60).

Суралцагчдад асуулт тавьж, шалга:

  • Та бусад хүн Есүс Христийг хэрхэн үйлдлээрээ гэрчилж байхыг харж байсан бэ?

  • Амьдарч буй дэлхийгээ авч үзвэл, бид Аврагчийн талаарх өөрсдийн гэрч ба гэрчлэлийг бусдад нөлөөлж чадахуйц байлгахын тулд юу хийж болох вэ?

Бид Есүс Христийн талаарх гэрчлэлийг Ариун Сүнсний хүчээр олж авснаараа түүнийг бусадтай хуваалцах үүрэг хариуцлагыг хүлээн авдаг болохыг гэрчил.

Суралцагчдыг өдөр бүр үгс, үйлдлээрээ Есүс Христийг гэрчлэхэд бэлэн амьдрахад уриал. Тэднийг ангид ирэхдээ оногдсон унших материалаа уншиж, санал бодлоо хуваалцан, асуулт асуухад, мөн ангийн ярилцлагад оролцоход бэлэн байхад урамшуулан дэмж.

Суралцагчийн унших материал