2-р хичээл
Есүс Христ бол бүх хүн төрөлхтний түүхийн төв мөн
Оршил
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Есүс Христийн гүйцэтгэсэн чухал үүргийн талаар орчин үеийн бошиглогчид “Бүх хүн төрөлхтний түүхийн төв болох Түүний амьдрал Бэтлэхэмд төрөхөөс өмнө эхэлж, Калварид дуусгавар болоогүй гэдгийг бид чин сэтгэлээсээ гэрчилж байна” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2) хэмээн тунхагласан байдаг. Энэ хичээл нь суралцагчдад Тэнгэрлэг Эцэг авралын төлөвлөгөөг мөнх бус байдлын өмнөх дэлхийд бий болгож, мөнх бус байдлын өмнөх Есүс Христ болох Иеховаг уг төлөвлөгөөний төвд байхаар урьдчилан томилсон гэдгийг илүү сайн ойлгоход тусална. Мөн суралцагчдыг Есүс Христийг өөрийн мөнх бус амьдралын төв болгоход урамшуулан дэмжих болно.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Робэрт Д.Хэйлс, “Сонгох эрх: Амьдралын төлөвлөгөөнд чухал,” Ensign эсвэл Лиaхона, 2010 оны 11-р сар, 24-27
-
Даллин Х.Өүкс, “The Great Plan of Happiness,” Ensign, 1993 оны 11-р сар, 72–75
Заах зөвлөмж
Aлмa 12:22-34
Аврагч бол Бурханы төлөвлөгөөний төв юм
Далын ахлагч Александр Б.Моррисоны дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүс. Ангийнхныг хамт уншиж, Тэнгэрлэг Эцэг мөнх бус байдлын өмнөх дэлхийд Өөрийн хүүхдүүдэд юу танилцуулсан болохыг олж тогтооход урь.
“Эрт цагт, бидний одоо оршиж буй дэлхийг бий болохоос өмнө, Бурхан бидний Эцэг … нэгэн төлөвлөгөөг бий болгосон юм. … [Тэр] төлөвлөгөө нь Бурханы бүх хүүхдэд үхэшгүй байдлыг хүлээн авч, мөнх амьдралыг олж авах төгс аргыг бэлтгэж өгсөн” (“Life—the Gift Each Is Given,” Ensign, 1998 оны 12-р сар, 15–16).
-
Бид эцэст нь Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг болгон ямар адислалуудыг хүлээж авах болно гэж ахлагч Моррисон хэлсэн бэ? (Үхэшгүй байдал гэж бие махбодоороо дахин хэзээ ч үхэхгүйгээр амилахыг, харин мөнх амьдрал гэж Бурханы амьдралын хэв маягийг хэлдэг болохыг тайлбарла).
Суралцагчдыг Алма 12:25-ыг чимээгүйхэн уншиж, Алма Бурханы төлөвлөгөөг юу гэж нэрлэснийг, мөн хэзээ бэлдсэн гэснийг олж тогтооход урь. Тэднээс олж мэдсэн зүйлээ тайлагнахыг хүс. (Алма Бурханы “гэтэлгэлийн төлөвлөгөө” нь “дэлхийн үүслээс” зэхэгдсэн гэж заасан. Суралцагчдыг хариулсны дараа та Бурханы төлөвлөгөөний өөр нэрүүд нь “агуу их Бүтээгчийн нигүүлсэнгүй төлөвлөгөө” [2 Нифай 9:6]; “авралын төлөвлөгөө” [Алма 24:14]; “Мөнхийн Бурханы агуу төлөвлөгөө” [Алма 34:9]; “аз жаргалын агуу төлөвлөгөө” [Алма 42:8]; мөн “үүрдийн гэрээ” [С ба Г 22:1; 45:9; 66:2]) болохыг онцолж болно.
Дараа нь суралцагчдыг Алма 12:22-32-ыг хоёр хоёроороо судалж, Бурханы төлөвлөгөөг яагаад гэтэлгэлийн төлөвлөгөө гэж нэрлэсэн болох шалтгаануудыг олж мэдэхэд урь. Хангалттай цаг өнгөрсний дараа хэдэн суралцагчийг олсон зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урь. Суралцагчдад эдгээр шүлгийг илүү сайн ойлгоход туслахын тулд дараах асуултыг тавь:
-
Алмагийн сургаалын дагуу гэтэлгэлийн төлөвлөгөөгүйгээр бидний мөнхийн байдал ямар байх байсан бэ? (Гэтэлгэлийн төлөвлөгөөгүйгээр үхэгсдийн амилалт эсвэл нүглийн ангижрал үгүй болж, хүн төрөлхтөн алдагдсан, унасан байдалд, мөн биеийн болон сүнсний үхлийн байдалд үүрд орхигдох байв [мөн 2 Нифай 9:6-13-ыг үзнэ үү]).
-
Бидэнд эдгээр нөхцөл байдлыг даван гарах арга замыг гаргаж өгөх нь яагаад чухал байсан бэ?
Нэг суралцагчийг Алма 12:33-34-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас Бурхан хүүхдүүдээ гэтэлгэхийн тулд юу өгснийг олж мэдэхийг хүс. Эдгээр шүлэгт заасан сургаал эсвэл зарчмыг тодорхойлоход суралцагчдад туслахын тулд дараах асуултыг тавь:
-
Та Есүсийн бидэнд боломжтой болгож өгсөн Бурханы төлөвлөгөөн дэх зүйлсийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Хариултуудад дараах зүйл орсон байх ёстой: Хэрэв бид наманчилж, зүрх сэтгэлээ хатууруулахгүй бол Бурханы Цорын Ганц Хүүгээр дамжуулан өршөөл, нүглүүддээ ангижрал хүлээн авах болно. Бид зөвхөн Есүс Христээр дамжуулан нүглүүдийнхээ ангижралыг хүлээж авч, Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд очих боломжтой).
Есүс Христ бол Бурханы төлөвлөгөөний төв нь бөгөөд Түүний Цагаатгалаар дамжуулан бидэнд үхэшгүй байдал болон мөнх амьдрал хүлээн авах арга зам өгөгдсөн болохыг гэрчил.
Абрахам 3:24-27; 1 Петр 1:19-20
Есүс Христ бидний Аврагч байхаар урьдчилан томилогдсон
Суралцагчдыг Абрахам 3:24-27, 1 Петр 1:19-20-ийг судалж, эдгээр шүлэг нь Бурханы төлөвлөгөөн дэх Аврагчийн үүргийн талаар юу зааж байгааг олж хайхад урь. Дараа нь дараах асуултуудыг тавь: (Тэмдэглэл: Та эдгээрийг асууснаараа судрын хэсгүүдийг шинжилж, тэнд заасан сургаалуудыг олж тогтоож сурахад нь суралцагчдадаа тусалж чадна.)
-
Абрахам 3:26 дээрх “анхны байдал”, “хоёр дахь байдал” гэсэн хэллэгүүд ямар утгатай вэ? (“Анхны байдал” нь мөнх бус байдлын өмнөх оршихуйг, “хоёр дахь байдал” нь мөнх бус амьдралыг хэлж байгаа юм.)
-
Абрахам 3:27-д дурдагдсан гурван хүн хэн болох, мөн тэд тус бүр юу хийсэн бэ? (Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ болон Сатан. Мөнх бус байдлын өмнөх дэлхийд Тэнгэрлэг Эцэг Өөрийн Ууган Хүү, Есүс Христийг төлөвлөгөөнийхөө гол үүргийг гүйцэтгүүлэхээр урьдчилан томилсон гэдгийг онцолж хэл.)
Суралцагчдад мөнх бус байдлын өмнөх дэлхийд Есүсийг Иехова хэмээн нэрлэдэг байсныг ойлгуул. Дараа нь дараах зүйлийг асуу:
-
Иехова Эцэгт хандан “Би энд байна, намайг илгээгтүн” гэж хэлэхдээ Тэр мөнх бус амьдралд юу хийх үүрэг хүлээн авсан бэ? (Түүний сайн мэдээг зааж, Түүний Сүмийг байгуулах, бидний нүглийн төлөө зовж, үхэх мөн үхлээс амилах)
-
Иеховаг бидний Гэтэлгэгч болгосон Тэнгэрлэг Эцэгийн сонголт нь бидний ирээдүйн боломжийн хувьд чухам юу хийж өгсөн бэ?
Суралцагчдаас Мосе 4:2-ыг чимээгүй судалж, Иеховаг бидний Аврагч мөн Гэтэлгэгч болгосон Тэнгэрлэг Эцэгийн сонголтын талаарх бусад чухал үнэнийг олж мэдэхийг хүс. Суралцагчид олж мэдсэн зүйлсээ тайлбарлах явцад, тэднээр дараах үнэнүүдийг олж тогтоосон байх ёстой: Иехова нь бүр эхнээс сонгогдсон байсан. Иехова сонгогдох болсон нэг шалтгаан нь Тэрээр Эцэгийн хүслийг биелүүлж, Эцэгт бүх алдар сууг өгөхийг эрэлхийлсэн явдал юм. Эдгээр үнэнийг цааш нь тодотгохын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг үзүүлж, чанга унш:
“[Есүс Христ] нь мөнх бус байдлын өмнөх зөвлөлд [хязгааргүй Цагаатгалыг авчрахаар] урьдчилан томилогдоход хангалттай даруу бөгөөд бэлэн байсан цорын ганц хүн байв” (“The Atonement of Jesus Christ,” Ensign, 2008 оны 3-р сар, 35).
Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ хандан Түүний Ууган Хүү, Иехова нь бидний Аврагч байх болно гэдгийг танилцуулахад ямар байсан болохыг төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс. Дараа нь бошиглогч Иосеф Смитийн (1805–1844) дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:
“Тэнгэр дэх эхний зохион байгуулалтаар бид бүгд байсан бөгөөд Аврагч сонгогдож, томилогдохыг мөн авралын төлөвлөгөө бий болохыг харж, түүнийг хүлээн зөвшөөрсөн юм” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 236).
-
Та Иеховагийн талаар чухам юу мэддэг байсан учраас Түүнийг бидний Аврагч мөн Гэтэлгэгч гэсэн дуудлага, томилгоог дэмжин батлах болсон гэж бодож байна вэ?
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэллийн (1926–2004) дараах мэдэгдлийг үзүүл: Дараа нь суралцагчдад ахлагч Максвэллийн заасан бурханлаг үнэнийг тунгаан бодох зуураа Аврагчийн талаар төрсөн аливаа бодол санаа, мэдрэмжээ бичих цаг гаргаж өг.
“Есүсийн адил ‘Би энд байна, намайг илгээгтүн’ хэмээн маш цөөн үгээр, маш олон хүний төлөө, маш ихийг санал болгосон хүн хэзээ ч байгаагүй. (Абрахам 3:27.)” (“Jesus of Nazareth, Savior and King,” Ensign, 1976 оны 5-р сар, 26).
Цөөн хэдэн суралцагчаас бичсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг хүсэж болно.
Аврагчийг мөнх бус амьдралынхаа төвд байрлуулах нь
Суралцагчдын анхаарлыг Тэнгэрлэг Эцэг бид Түүний зарлигуудад дуулгавартай байх эсэхийг харахын тулд мөнх бус амьдралыг сорилтын үе болгосон гэдгийг олж мэдэж авдаг гэсэн Абрахам 3:25 руу дахин хандуул. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийг үзүүл: Ангийнхан мөнх бус байдлын сорилтын нэг хэсгийн хувьд бидний хийх ёстой сонголтыг хайж байх зуур нэг суралцагчаас уг мэдэгдлийг чанга уншихыг хүс.
“Бид өмнөх амьдралдаа Аврагч Есүс Христийг дагахаар сонгосон гэдгийг сана! Бид сонгосон учраас энэ дэлхий дээр ирэх боломж бидэнд өгөгдсөн юм. Одоо бид энэ дэлхий дээр Аврагчийг дагах сонголтыг мөн адил хийснээрээ мөнх оршихуйд түүнээс ч илүү агуу адислалуудыг хүртэх болно гэдгийг би гэрчилж байна. Гэхдээ бид Аврагчийг дагахаар цаашид ч сонгох ёстой гэдгийг санагтун. Бидний мөнх оршихуй дэнсэн дээр байгаа бөгөөд бид чөлөөт сонголт болон үйл хөдлөлөө ухаалаг ашиглах нь мөнх амьдралыг хүлээн авахад маань нэн чухал юм” (“Сонгох эрх: Амьдралын төлөвлөгөөнд чухал байдаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 25).
Ахлагч Хэйлсийн заасан зарчмыг, эсвэл үнэнийг тодорхойлж, ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах зүйлийг асуу:
-
Та ахлагч Хэйлсийн мэдэгдлээс энэ амьдралд бидний хийх сонголтуудын талаар юу мэдэж авсан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа энэ дэлхий дээр байхдаа бид Аврагчийг амьдралынхаа төвд байрлуулахаар сонгосноороо мөнх оршихуйд агуу адислалууд хүлээн авах болно гэдгийг гэрчил).
-
Ахлагч Хэйлс “бидний мөнх оршихуй дэнсэн дээр байгаа” гэсэн хэллэгээрээ юуг илэрхийлсэн гэж та нар бодож байна вэ?
-
Хэн нэгэн нь Есүс Христийг дагахаар сонгосон гэдгийг ямар хандлага, үйлдлүүд илэрхийлдэг вэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр бич).
Ням гарагт анхаарлаа Аврагч дээр төвлөрүүлэх нь бидний ихэнхэд амархан байдаг гэдгийг тайлбарла. Гэхдээ бид Түүнийг долоо хоногийн турш, амьдралынхаа илүү нэгэн хэсэг болгохын тулд юу хийж болох вэ? Суралцагчдад өнөөдөр Аврагчид төвлөрөхийн тулд юу хийсэн талаар тунгаан бодох хугацаа өг. Тэднийг амьдралынхаа төвд Аврагчийг илүү бүрэн дүүрэн байрлуулахын тулд өнөөдөр ямар зүйл хийж болох талаар бичихэд урь. Тэд үүнийгээ хийх болно гэсэн амлалтыг сэтгэл дотроо, Тэнгэрлэг Эцэгт өгөхөд урамшуулан дэмж.
Өнөөдрийн хичээл дээр заасан үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцаж, хичээлээ дуусга.
Суралцагчийн унших материал
-
Алма 12:22-34; 34:9; 42:8, 11; Сургаал ба Гэрээ 22:1; 45:9; 66:2; Абрахам 3:24-27; 1 Петр 1:19-20; Мосе 4:2
-
Робэрт Д.Хэйлс, “Сонгох эрх: Амьдралын төлөвлөгөөнд чухал байдаг,” Ensign эсвэл Лиaхона, 2010 оны 11-р сар, 24-27