Институт ба семинар
6-р хичээл: Есүс Христийн бэлгэдэл, дүрслэл, бэлгэ тэмдгүүд


6-р хичээл

Есүс Христийн бэлгэдэл, дүрслэл, бэлгэ тэмдгүүд

Оршил

Орчин үеийн бошиглогчид Есүс Христ нь “Түүний агуу их цагаатгагч золиослолыг сануулахаар ариун ёслолыг өгсөн” гэж тунхагласан байдаг (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2). Ариун ёслолоос гадна Есүс Христийн үйл хэрэг, тохинууллыг бидэнд сануулж, тэдгээрийн талаар зааварлах зорилгоор судрууд нь олон үйл явдал, нөхцөл байдал, эд зүйлс болон хүмүүсийн талаар хэлж өгдөг. Энэхүү хичээл нь суралцагчдад биднийг Аврагч руу чиглүүлдэг судрын бэлгэдэл, дүрслэл, бэлгэ тэмдгүүдийн зарим нэгийг анхаарч үзэхэд туслах болно.

Нөхцөл байдлын тухай унших зүйлс

  • Рассэлл М.Нэлсон, “In This Holy Land,” Tambuli, 1991 оны 2-р сар, 10-19

  • “Баяжуулалтын хэсэг В: Хуучин Гэрээн дэх бэлгэ тэмдэг болон бэлгэдлийн судалгаа,”Хуучин Гэрээ суралцагчийн гарын авлага: Эхлэл–2 Самуел, 3-р хэвлэл (Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2003 он), 111-115

Заах зөвлөмж

2 Нифай 11:4; Мосе 6:63

Христийн талаарх судрын бэлгэ тэмдгүүд

Дараахтай адил, олны танил таних тэмдэг эсвэл бэлгэ тэмдгийн хэд хэдэн зургийг үзүүл:

тэргэнцэр, онгоц, тамхи татахыг хориглоно, бие засах газрын таних тэмдгүүд

Суралцагчид таних тэмдэг бүрийн утгыг тодорхойлсны дараа тэднээс өөр бусад амархан танигдах таних тэмдэг эсвэл бэлгэ тэмдгийн жишээнүүдээс хуваалцахыг хүс.

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Суралцагчдаас хос хосоороо 2 Нифай 11:4; Мосе 6:63-ыг судалж, харьцуулахыг хүс. Тэднээс эдгээр шүлэг юугаараа ижил төстэй болохыг, мөн Есүс Христ болон Бурханы бүтээлүүдийн зорилгын талаар юу зааж байгааг ярилцахыг хүс. Хосууд олж мэдсэн зүйлээ ярилцсаны дараа ангиас дараах асуултуудыг асуу:

  • Та нар эдгээр шүлэгт бичигдсэн гол үнэнийг хэрхэн илэрхийлэх вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тодорхойлсон байх ёстой: Бүх зүйл нь Есүс Христийг гэрчлэхээр бүтээгдсэн.)

  • Есүс Христийг “бэлгэдэх” (2 Нифай 11:4) эсвэл бэлгэ тэмдэг болсон “Бурханы өгсөн” гэх зарим зүйлийн жишээ юу байж болох вэ?

handout iconСуралцагчдад бүх сударт Есүс Христийн бэлгэдэл, дүрслэл, бэлгэ тэмдэг, дүр төрхүүд агуулагдсан байдаг гэдгийг хэлж өг. Бэлгэдэл, дүрслэл, бэлгэ тэмдэг, дүр төрхүүд нь агуу бодит зүйлсийн төлөөлөл гэдгийг тайлбарла. Жишээ нь, Мормоны Номонд гардаг Лиахона нь Христийн үгсийн төлөөлөл юм. Хичээлийн энэ хэсэгт бид Хуучин Гэрээнд гардаг бэлгэдэл, дүрслэлүүд дээр анхаарлаа хандуулна. Энэ дүрслэлийн ихэнх нь хүн, биет зүйл, үйл явдал, нөхцөл байдлуудын хэлбэрээр байдаг (эдгээр ангиллыг самбарт бичих нь тустай байж мэднэ). Дараах судрын эшлэлүүдийн жагсаалтыг самбарт хуулж бичих юм уу, тараах материал болгон суралцагчдад тарааж өг.

тараах материал ба Христийн бэлгэдлүүд

Есүс Христийн бэлгэдэл, дүрслэл, бэлгэ тэмдгүүд

Христийн Хуучин Гэрээн дэх бэлгэдэл, дүрслэл, бэлгэ тэмдгүүд

Христийн амьдрал дахь биелэлт

Эхлэл 22:1-14

Иохан 3:16; 19:16-18; Иаков 4:4-5

Египетээс гарсан нь 3:7–8, 10-12.

Матай 1:21; 2 Нифай 6:17

Египетээс гарсан нь 12:3, 5-7, 13-14, 46

Иохан 1:29; 19:14, 31-36; 1 Петр 1:18-19

Eгипетээс гарсан нь 16:14-15, 18

Иохан 6:5-10, 48-51

Левит 8:15, 30; 17:11

Еврей 9:22; 13:12

Левит 16:2-6, 17

Еврей 9:6–12; 10:11–12

Левит 22:19-22

Еврей 9:14; Сургаал ба Гэрээ 20:22-16

Тооллого 21:4–9

Иохан 3:14–15; Хиламан 8:13–15

Иона 1:17; 2:10

Maтай 12:38-40

Судрын эшлэлүүдийн хэсэг бүрийг нэг юм уу түүнээс олон суралцагчид судлуулахаар хуваарилж өгч, Хуучин Гэрээний бэлгэ тэмдгийг болон уг тэмдэг хэрхэн Есүс Христ рүү чиглүүлдэг талаар тайлбарлахад бэлтгэхийг хүс. Хангалттай хугацаа өнгөрсний дараа олж мэдсэн зүйлээ хуваалцахыг суралцагчдаас хүс.

Хэрэв цаг гарвал Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон “In This Holy Land” (Tambuli, 1991 оны 2-р сар, 10–19) нийтлэлдээ тодорхойлсон Христийн зарим бэлгэ тэмдгийн тухай ярилцаж болно.

Ангиараа дараах асуултуудыг ярилц:

  • Яагаад бүх зүйл Аврагчийг төлөөлөх юм уу, бэлгэ тэмдэг нь болохоор бүтээгдсэн гэж та нар бодож байна вэ?

  • Бүх зүйл хэрхэн Есүс Христийг гэрчилдэг болохыг олж илрүүлэхээр үргэлжлүүлэн эрэлхийлэх нь ямар ач холбогдолтой вэ? (Суралцагчид дараах зарчмыг сайн ойлгосон байх ёстой: Бид Есүс Христийг гэрчилдэг дүрслэл, бэлгэдэл, бэлгэ тэмдгүүдийг таньдаг болсноор Түүний талаар илүү ихийг мэдэж чадна.)

  • Аврагчийг бэлгэддэг ямар нэгэн зүйл Түүнд итгэх таны итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?

  • Бидэнд өгөгдсөн бэлгэ тэмдгүүдээс Аврагчийг таньж мэдэхийн тулд та юу хийж болох вэ?

2 Нифай 11:2-6

Сайн мэдээний гэрээ, ёслолууд дахь Христийн бэлгэ тэмдэг, дүрслэлүүд

Хичээлийн энэ хэсэг нь Есүс Христийн сайн мэдээний өөр нэгэн хэсэг болох Христийн бэлгэ тэмдэг, дүрслэлүүд дээр төвлөрөх болно гэдгийг тайлбарла. Суралцагчдыг 2 Нифай 11:2–6-г судалж, Нифайг баясгасан зүйлсийг олоход урь. Та тэднийг олсон зүйлээ тэмдэглэхийг сануулж болно.

  • Нифайг юу баясгасан бэ?

5-р шүлэг дээрх “Их Эзэний хийсэн … гэрээнд” гэсэн хэллэгийг онцолж хэл. Гэрээ ба ёслолууд нь Есүс Христийн үүрдийн сайн мэдээний чухал хэсэг болохыг тайлбарла. Гэрээ, ёслолуудын олон бүрэлдэхүүн хэсэг нь бэлгэ тэмдгийн чанартай бөгөөд Есүс Христийн тухай зааж, биднийг Түүн рүү чиглүүлдэг юм. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн (1915–1985 он) дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас үүнийг чанга уншихад урь:

Ахлагч Брүс Р.Макконки

“Бурханаас томилогдсон бүх тэнгэрлэг ёслол эсвэл үйл ажиллагаа, бүх золиослол, бэлгэ тэмдэг болон дүр төрх нь; Бурхан өөрийн хүмүүст өгсөн бүх зүйл—бүгд түүний Хүүгийн тухай гэрчлэх мөн итгэгч хүмүүсийн итгэлийг Түүн дээр болон Түүний хийхээр урьдчилан томилогдсон гэтэлгэл дээр төвлөрүүлэхээр томилогдож мөн зохион байгуулагдсан юм (The Promised Messiah: The First Coming of Christ [1978 он], 28).

  • Энэ мэдэгдэл ямар сургаал эсвэл зарчмыг зааж байна вэ? (Нэг хариулт нь: Хэрэв бид эрж хайвал сайн мэдээний ёслолуудад Христийн бэлгэ тэмдгийг олж харж болно.)

  • Бид сайн мэдээний ёслолуудад оролцоход энэ мэдлэг хэрхэн туслах вэ?

Суралцагчдыг Ром 6:3–6 мөн 3 Нифай 18:7, 11-ийг чимээгүй судалж, Аврагч руу хандуулах бэлгэ тэмдгүүдийг олоход урь. Дараа нь асуу:

  • Сайн мэдээний гэрээ, ёслолууд нь ямар арга замаар танд Аврагчийн тухай зааж, Түүнийг дурсан санахад тусалдаг вэ?

Cуралцагчдад үнэнийг мэдэрч, мөн Христийн бэлгэдэл, бэлгэ тэмдгүүдийг таньж сурахын ач холбогдлыг мэдрэхэд туслахын тулд дараахтай ижил төстэй асуултуудыг асуу:

  • Аврагчийн ямар бэлгэ тэмдэг таны хувьд гүн утга учир агуулдаг вэ?

  • Та нар энэ бэлгэ тэмдгийг санаж байхын тулд юу хийдэг вэ?

  • Үүнийг Христийн бэлгэ тэмдэг гэж харах нь та нарын амьдралыг хэрхэн адисалсан бэ?

Суралцагчдыг энэ хичээлийн зарчмуудыг хэрэгжүүлэхэд урихын тулд судар, сайн мэдээний ёслолуудад мөн өдөр тутмын амьдралд дахь Аврагчийн бэлгэдэл, дүрслэл, бэлгэ тэмдгүүдийг хэрхэн илүү сайн таньж мэдэх талаар бичихийг тэднээс хүс. Тэднийг ойрын үед нэг өдрийг Аврагчийг сануулах зураг, эд зүйлс, эсвэл үйл ажиллагаануудыг санаачилга гарган хайхаар зориулахад урамшуулан дэмж. Тэднийг олсон зүйлсээ жагсаан бичээд, уг жагсаалтаа гэр бүлийнхээ гишүүнтэй юмуу найзтайгаа, магадгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцахад урамшуулан дэмж.

Суралцагчийн унших материал