9-р хичээл
Аврагчийн гүн гүнзгий нөлөө
Оршил
“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-д Сүмийн удирдагчид “Бид Түүний [Аврагчийн] зүйрлэшгүй амьдрал болон агуу их цагаатгах золиослолын хэмжээлшгүй ач тусын бодит үнэнийг гэрчилдэг. Дэлхий дээр амьдарч байсан ба амьдрах бүх хүнд ийм хүчтэй нөлөө хэн ч үзүүлж байгаагүй” гэж тунхагласан ( Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2). Энэ хичээл нь бусад шалтгаанаас гадна, Аврагч гэмгүй бөгөөд Тэнгэрлэг Эцэгт төгс дуулгавартай байсан учраас Тэрээр юутай ч зүйрлэшгүй цорын ганц болохыг харуулна. Мөн суралцагчид худган дээрх самари эмэгтэй, Тэр хоёрын хоорондын харьцааг судалснаараа Түүнд зүрх сэтгэлээ нээсэн хэнд ч Тэрээр гүн нөлөөлдөг болохыг харах болно.
Заах зөвлөмж
Матай 4:1–11; 2 Коринт 5:21; Еврей 2:17–18; 4:15–16; Сургаал ба Гэрээ 20:22
Есүс Христ гэм нүгэлгүй амьдралаар амьдарсан
Самбар дээр миний хүсэл мөн Бурханы хүсэл гэж бичээд, хичээлээ эхлүүл. Нэг суралцагчийг Иохан 6:38-ыг чанга уншихад урьж, ангийнхныг даган уншиж, Есүс “миний хүсэл” гэсэн хичнээн шийдвэр гаргасныг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг сүүлийн үед тэдний гаргасан шийдвэрүүд дотроос хэд нь “миний хүсэл,” харин хэд нь “Бурханы хүсэл” гэсэн ангилалд орохыг дотроо бодож үзэхэд урь.
Есүсийг баптисм хүртсэний дараа Сатан “миний хүсэл” гэсэн ангилалд орох зүйлсийг хийлгүүлэхээр Түүнийг уруу татсан гэдгийг суралцагчдад хэлж өг. Хэдэн суралцагчаас Mатай 4:1-11-ийг ээлжлэн чанга уншихыг хүс. Ангийнхныг хамтдаа уншиж, Есүс Христ уруу таталтыг хэрхэн давсан талаар олж мэдэхийг хүснэ үү. (Суралцагчдад Иосеф Смитийн орчуулсан Матай 4:1–11-д Сатан биш, харин Сүнс Есүсийг сүмийн орой дээр [5-р шүлгийг үзнэ үү], дараа нь өндөр ууланд [8-р шүлгийг үзнэ үү] аваачсан болохыг тодруулж өгсөн байдгийг онцлон хэлж болно. Сүнс Есүсийг эдгээр газарт аваачсаны дараа чөтгөр Түүнийг уруу татахаар ирсэн.)
-
Та Аврагч Сатаны уруу таталтуудад хэрхэн хариулсан талаар юу олж харсан бэ?
-
Та эдгээр шүлэг дээрх Аврагчийн үлгэр жишээнээс юу сурсан бэ?
-
Аврагчид тулгарсан уруу таталтууд нь бидний амьдралд тулгардаг уруу таталтуудтай юугаараа ижил төстэй вэ?
Есүсийн цөл дэх уруу таталтын талаар тайлбарласан ерөнхийлөгч Дэвид О.Маккэйн (1873-1970) дараах мэдэгдлийг үзүүлж, унш:
“Та нарт болон надад тохиолддог бараг бүх уруу таталт нь дээрх хэлбэрүүдийн аль нэгээр ирж байдаг. Уруу таталтуудыг ангилж үз, тэгвэл та тэрхүү гурван ангиллын аль нэгнийх нь доор орох бараг бүх уруу таталт нь, хэдийгээр бага ч гэсэн, та нарыг болон намайг толботуулдаг болохыг мэдэх болно. Тэдгээр нь (1) дур хүслийн уруу таталт; (2) Бурханы зүйлсээс хол хөндий хүмүүсийн бардамнал, маяг, хоосон санаархалд бууж өгөх; (3) дэлхийн эд баялаг эсвэл хүмүүний дундах эрх мэдэлтэй болох хүслээ хангах зэрэг юм” (“Unspotted from the World,” Ensign, 2009 оны 8-р сар, 27).
Нэг суралцагчийг Еврей 2:17–18; 4:15–16-г чанга уншихад урь. Өөр нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 20:22-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас хамтдаа уншиж, энэ хоёр хэсгийн хоорондын ижил төстэй зүйлсийг тэмдэглэхийг хүс. Дараа нь дараах асуултуудыг тавь:
-
Есүст уруу таталтыг мэдрэх нь яагаад чухал байсан бэ?
-
Есүс Христ өнөөдөр бидэнтэй тулгардагтай адил уруу таталтуудыг мэдэрсэн гэдгийг ойлгох нь бидэнд яагаад чухал вэ?
Өнөөдрийн хичээлийн нэг зорилго нь Аврагчийн зүйрлэшгүй амьдралыг харуулах явдал болохыг суралцагчдад хэл. Энэ хичээл дээр судалсан судрын хэсгүүд нь Аврагчийн зүйрлэшгүй амьдралын нэг хэсгийг хэрхэн харуулж байгааг ангийнхнаас асуу. (Суралцагчид дараах зарчмыг олж тодорхойлсон байх ёстой: Есүс Христ хэзээ ч уруу таталтанд бууж өгч, мөн нүгэл үйлдээгүй учраас Тэрээр зүйрлэшгүй амьдралаар амьдарсан.)
Ерөнхийлөгч Ховард В.Хантэрийн (1907–1995) дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүс:
“Есүс нүгэл үйлдэх чадвартай байсан, тэр бууж өгч болох байсан, хэдийгээр амьдрал болон авралын төлөвлөгөө нурж болох байсан ч Тэрээр үнэнч хэвээр үлдсэн гэдгийг санах нь чухал юм. Түүнд Сатаны хууран мэхлэлтэнд автах ямар ч боломж байхгүй байсан бол эцсийн дүнд ямар ч бодит сорилт, ямар ч жинхэнэ ялалт байхгүй байх байсан. … Тэрээр төгс, гэм нүгэлгүй байх ёстой болохоор тийм байсангүй, харин тийм байх тодорхой, шийдэмгий хүсэлтэй байсан учраас л тийм байж чадсан юм” (“The Temptations of Christ,” Ensign, 1976 оны 11-р сар, 19).
Суралцагчдыг Лук 22:42, 44 мөн 3 Нифай 11:11-ийг чимээгүй уншиж, Есүс Христийн зүйрлэшгүй амьдралын бас нэгэн жишээ болох зан чанарыг олж мэдэхэд урь. (Суралцагчид Аврагчийн Эцэгийн хүсэлд дуулгавартай байдлыг олж тодорхойлсон байх ёстой.)
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчийг үүнийг чанга уншихад урь:
“Хэрэв тэд наманчлах аваас тэд зовох шаардлагагүй болгохын тулд Тэрээр Гетсеманид бүх хүмүүний зовлон шаналлыг амссан юм.
“Тэрээр дайснуудынхаа басамжлал, доромжлолыг гомдолж, өс хонзон саналгүй хүлээн авсан.
“Мөн эцэст нь Тэрээр загалмай дээрх бие махбодын шийтгэл, балмад доромжлолыг тэвчсэн. Зөвхөн тэр бүхний дараа л Тэр өөрийн хүслээр үхэлд бууж өгсөн юм. …
“Тэрээр бидний Тэнгэрлэг Эцэгт төгс дуулгавартай байсан” (“Jesus Christ: Our Savior and Redeemer,” Ensign, 1983 оны 11-р сар, 7, 8).
Дараах асуултуудыг тавьж, шалга:
-
Есүс яагаад Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд төгс гэм нүгэлгүй бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд төгс дуулгавартай байх шаардлагатай байсан бэ? (Суралцагчид янз бүрээр хариулж болох ч, тэд дараах үнэнийг тодорхойлсон байх ёстой: Авралын төлөвлөгөө нь Есүсээс Цагаатгалыг гүйцэтгэхийн тулд төгс дуулгавартай байхыг шаардсан.)
-
Есүс Христ гэм нүгэлгүй төгс бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байсныг мэдэх нь та нарын Түүнд итгэх итгэлд хэрхэн нөлөөлөх вэ? (Суралцагчдыг хариулж байхад, бид өөрийн хүслийн оронд Бурханы хүслийн дагуу үйлдэхийг эрэлхийлсэн Есүс Христийн үлгэр жишээг дагахдаа уруу таталтыг даван гарч, дуулгавартай байх хүч чадлыг олж авна гэдгийг онцлон хэл.)
Иохан 4:1-29
Аврагчийн гүн гүнзгий нөлөө
“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ийн дараах өгүүлбэрийг үзүүлэх юм уу, самбар дээр бич (Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2–3):
Дараах асуултуудыг тавьж, суралцагчдыг энэ мэдэгдлийн талаар тунгаан бодоход урь.
-
Есүс Христийн ямар зан чанар нь Түүнийг амьдарч байсан болон ирээдүйд амьдрах бүх хүнд тийнхүү нөлөөлөх боломжийг олгосон бэ?
Есүсийн мөнх бус тохинууллынхаа үед гүн гүнзгий нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг бол самари эмэгтэй байсныг суралцагчдад хэл. Суралцагчдад самаричуудын талаар мэдээлэл олж авахын тулд судар дахь суралцах тусламжуудыг ашиглахад нь тусал (Bible Dictionary, “Samaritans”; Судрын удирдамж, “Самаричууд”; scriptures.lds.org-ийг үзнэ үү). Иохан 4:1–8-ыг нэгтгэн дүгнэж, дараа нь нэг суралцагчаас Иохан 4:9-ийг чанга уншихыг хүс. Есүст өгсөн эмэгтэйн хариулт нь тухайн үеийн иудейчүүд ба самаричуудын хоорондын зарим нэгэн дайсагналыг харуулдаг болохыг онцолж хэл. Дараа нь нэг суралцагчаас Иохан 4:10-15-ыг чимээгүй уншихыг хүс. Хангалттай хугацаа өнгөрсний дараа, дараах зүйлийг асуу:
-
Та нар Есүс, эмэгтэй хоёрын хоорондын харилцаа ямар шинж чанартай байсан гэж тодорхойлох вэ?
-
Есүс түүнд юу санал болгосон бэ?
Нэг суралцагчаас Иохан 4:16–19-ийг чанга уншиж, ангийнхныг хамт уншиж байхдаа энэ харилцан ярианд гарч буй эмэгтэйн оронд байсан бол ямар байх байсан талаар төсөөлөн бодохыг хүс. (Тэмдэглэл: Төсөөлөн бодох нь судрын түүхийг илүү тод томруун бөгөөд бодитой болгоход тусалдаг.) Дараа нь дараах асуултуудыг тавь:
-
Хэрэв та самари эмэгтэй байсан бол танд ямар бодол төрөх байсан бэ? Яагаад?
-
Есүс түүнд нөлөөлсөн гэсэн ямар нотолгоо байдаг вэ? (Тэр эмэгтэйн Түүнд хандан дуудах нэрс хэрхэн өөрчлөгдсөнийг онцолж хэл: “Иудей хүн” [9-р шүлэг]; “Эзэн” [11, 15-р шүлгүүд]; дараа нь “эш үзүүлэгч” [19-р шүлэг]).
Хэд хэдэн суралцагчийг Иохан 4:20-29-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас 25, 29-р шүлгүүд дээрх Аврагчийн нэрийг олж тодорхойлохыг хүс. Дараа нь суралцагчдаас дараах асуултанд хариулахын өмнө бага зэрэг тунгаан бодохыг хүс.
-
Аврагч энэхүү богино хугацаанд Түүний талаарх уг эмэгтэйн ойлголтыг “Иудей хүн” (9-р шүлэг) байснаас “Христ” (29-р шүлэг) болгон өөрчлөх юу хийсэн бэ? (Суралцагчдыг эдгээр хэсгээс ажигласан зүйлээ хуваалцахад урь. Хариултуудад дараах зүйл орсон байж болно: Тэрээр түүнд хүндэтгэл үзүүлсэн, Тэр түүнд сургаал заасан, Тэрээр уг эмэгтэйд Ариун Сүнс гэрчилж болох байдлаар заасан, Тэрээр түүний талаарх хувийн зүйлсийг илчилсэн, Тэрээр тэр эмэгтэйд анхаарлаа хандуулсан.)
-
Аврагч болон Самари эмэгтэйн түүх нь та нарын талаар Аврагч ямар бодолтой байдаг, мөн Тэр та нарт хэрхэн нөлөөлж болох талаар юу зааж байна вэ?
-
Таны эсвэл таны таних хэн нэгний амьдралд Аврагч нөлөөлж байхыг та харж байсан уу? Аврагч хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Та нар өөрийн амьдрал дахь Аврагчийн нөлөөг илүү сайн таньж мэдэхийн тулд, мөн Түүний нөлөө таныг өөрчлөхийг хүлээн зөвшөөрөхийн тулд юу хийх вэ?
Бид өөрийн амьдралыг Аврагч руу хандуулах үед Тэр бидэнд гүнзгий нөлөөлөх болно гэдгийг гэрчил. Бид Түүний цагаатгагч золиослолын хүчийг ариусгагдан, өргөгдөж, өөрчлөгдөхийн тулд урих үед Аврагчийн хамгийн агуу нөлөөлөл бидэнд ирдэг. Амьдралд маань нөлөөлсөнд Аврагчид талархахын тулд тэд юу хийж болох талаар тунгаан бодоход суралцагчдыг урамшуулан дэмж. Тэднийг мэдэрсэн зүйлийнхээ дагуу үйлдэхэд урь.