14-р хичээл
Есүс Христ бол Мессиа мөн
Оршил
Хуучин Гэрээний бошиглогчид Өөрийн хүмүүсийг аврах Давид хааны үр удам—Мессиагийн ирэлтийг гэрчилсэн. [Есүс Христ] бол “Хуучин Гэрээний Агуу Иехова, Шинэ Гэрээний Мессиа билээ” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2). Энэ хичээлээр суралцагчид Есүс Христийн талаарх Хуучин Гэрээний зарим бошиглолыг судлах бөгөөд Есүс Христийг Мессиа хэмээн хүлээн зөвшөөрөх эсвэл үл зөвшөөрөх сонголттой тулгарах үед зарим хүн хэрхэн хариулсныг олж мэдэх болно.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Г.Хомэр Дурхам, “Jesus the Christ: The Words and Their Meaning,” Ensign, 1984 оны 5-р сар, 14-16
-
“The Divine Mission of Jesus Christ: Messiah,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 8-р сар, 7
Заах зөвлөмж
Исаиа 61:1–2; Лук 4:16–24
Есүс Би бол Мессиа хэмээн зарладаг
Суралцагчдаас удаан хүсэн хүлээсэн мэдэгдлийг сонсож, эсвэл удаан хүлээсэн найз юм уу гэр бүлийн гишүүн нь ирэхийг харж байсан эсэхийг асуу. Өнөөдрийн хичээлээр эртний иудейчүүдийн дунд болсон нэгэн адил үйл явдлын талаар судална гэдгийг суралцагчдад хэлж өг. Нэг суралцагчийг Исаиа 61:1-2-ыг чанга уншихад урь. Дараа нь асуу:
-
Энэ бошиглол хэний тухай байсан бэ?
“Есүс Тэр бол Мессиа гэж зарладаг” (3:24) видео бичлэгийг Есүс Христийн амьдрал Библийн видео бичлэг-ээс үзүүл. (Хичээлээс өмнө видео бичлэгийг татаж авч, урьдчилан үзнэ үү). Суралцагчдыг үзэж байхдаа Лук 4:16–21-ийг дагаж уншихад урь.
Видео бичлэгийн дараа доорх асуултуудыг тавь:
-
Та тэр өдөр Назарт өгсөн Аврагчийн мэдээг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчдыг хариулж байхад ярилцлагыг 18 ба 21-р шүлэгт төвлөрүүлэхэд анхаар.)
-
“Тэр Намайг тосолсон юм”, “Энэхүү судар өнөөдөр сонсголд тань биеллээ” гэдэг хэллэгүүд ямар ач холбогдолтой гэж та бодож байна вэ? Мессиа болон Христ хоёул “Тослогдсон нэгэн” гэсэн утгатай гэдгийг суралцагчид ойлгоход туслахын тулд тэднийг Судруудын удирдамж дахь “Мессиа”-г уншихад урь (scriptures.lds.org-оор орж үзнэ үү).
-
Есүс Өөрийн эш татсан Исаиагийн бошиглолыг хэрхэн биелүүлсэн бэ (18-19-р шүлгийг үзнэ үү)?
Матай 21:1-11
Есүс Христ Мессиа болж ирсэн
Дараах судрын хэсгийн цуглуулгыг самбар дээр бичиж, суралцагчдыг нэг эсвэл хоёрыг сонгон суралцахад урь: Суралцагчид сонгосон хэсгүүдээ харьцуулж байх үед тэднээс энэ судруудыг яагаад нэг багц болгосныг, мөн эдгээр нь Есүс Христийн тухай юу зааж байна гэж бодож байгааг асуу.
Суралцагчдыг сурсан зүйлээ хуваалцахад урь. (Тэд өөр өөр үг хэрэглэж болох ч, суралцагчид Есүс Христ нь Мессиагийн талаарх бошиглолуудыг гүйцэлдүүлэхээр ирж, амьдарч мөн нас барсан гэдгийг ойлгосон байх ёстой.) Назар хотод Аврагчийн зарласан зүйл нь энэ үнэн байсан гэдгийг онцолж хэл. Лук 4:28-29-ийг чанга унш. Дараа нь асуу:
-
Назарын синагогт байсан хүмүүс Есүсийн зарлалыг хэрхэн хүлээж авсан бэ?
Хэдэн жилийн дараа Есүс Иерусалимын зарим хүнээс тэс өөр хариу хүлээж авсан гэдгийг суралцагчдад хэл. Хэдэн суралцагчийг ээлжлэн Матай 21:1-11-ийг чанга уншихад урь. Суралцагчдыг уншихаас өмнө ангийнхныг энэ судрын хэсэгт дүрсэлж буй үйл явдалд оролцож байна гэж төсөөлөхөд урамшуулан дэмж. Суралцагчдад сударт гарч байгаа үйл явдлыг төсөөлөн бодож, сурснаараа тэд Ариун Сүнс тэдэнд заах нэмэлт боломжийг олгож байгаа гэдгийг тайлбарла.
-
Иерусалим дахь хүмүүс яагаад ийнхүү хүлээн авсан бэ? (Тэд Есүсийг удаан хүлээсэн Мессиа мөн гэж таньсан.)
-
Та нар хэрхэн хүлээж авах байсан гэж бодож байна вэ?
9-р шүлгэн дэх Хосанна гэдэг үгийг онцолж хэлээд, дараа нь дараах тодорхойлолтыг хуваалц:
[Хосанна гэдэг] нь “биднийг аварна уу” гэсэн утгатай еврей үг бөгөөд магтаал, залбиралд хэрэглэгддэг.
“… Их Эзэн Иерусалим руу ялгуусан байдалтай орох үеэр цугларсан олон Хосанна хэмээн хашгирч, Есүсийг дээр нь явахад зориулж дал модны мөчир дэвсэн, ийнхүү Есүс бол Израилийг эрт дээр үед чөлөөлсөн тэрхүү Их Эзэн мөн гэдгийг харуулж байв (Дуулал 118:25–26; Мат. 21:9, 15; Марк 11:9–10; Иохан 12:13). Энэ хүмүүс Христийг удаан хүлээсэн Мессиа мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байв. Хосанна хэмээх үг нь бүх үеийн туршид Мессиагийн алдар сууны магтан дуулал болсон байна (1 Нифай 11:6; 3 Нифай 11:14-17). Көртландын ариун сүмийг (С ба Г 109:79) онцгойлон адислахад хосанна дуулал орж байсан бөгөөд мөн энэ нь эдүгээ орчин үеийн ариун сүмүүдийн онцгойлон адислах ёслолын нэгэн хэсэг болжээ” (Судруудын удирдамж, “Хосанна”; scriptures.lds.org).
Мессиагийн талаарх бошиглолуудын дараах зорилгуудыг үзүүлж болно (Брүс Р.Макконки, The Promised Messiah: The First Coming of Christ [1978], 28–32):
Мессиагийн талаарх бошиглолууд нь Есүс Христийн төрөлтөөс өмнө амьдарч байсан хүмүүст Түүнд итгэснээр аврал олж авах боломжтой болгосон ( 1 Нифай 10:4–6; 2 Нифай 25:18–20, 26; Мозая 3:13-ыг үзнэ үү).
Мессиагийн талаарх бошиглолууд нь Христийн цаг үед амьдарч байсан хүмүүст Түүнийг тэдгээр бошиглолын биелэл гэдгийг хүлээн зөвшөөрч, улмаар аврагдах боломжийг олгосон ( Иохан 4:25, 29-ийг үзнэ үү).
Мессиагийн талаарх бошиглолууд нь Есүс Христийн мөнх бус тохинууллын дараа амьдарч буй хүмүүст Тэр бол бошиглолуудын биелэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, улмаар аврагдах боломж олгодог ( Үйлс 3:12–18; 26:22–23-ыг үзнэ үү).
-
Таны бодлоор энэ гурван зорилгын талаар бодож үзсэнээр, сударт гардаг мессиагийн талаарх бошиглолуудыг олж, мөн Христийг эдгээр бошиглолын биелэл гэдгийг олж харж сурах нь танд ямар ач холбогдолтой байж болох вэ?
Иохан 6:5-69
Есүс Христийг Мессиа хэмээн дагах нь
Иудейчууд Шинэ Гэрээний цаг үед Мессиа нэг л өдөр Давидын удмаас, Өөрийн хүмүүсийг аврахаар ирнэ гэдэгт итгэдэг байсан гэдгийг дахин хэл. Олон хүн Иехова израильчуудыг Египетээс чөлөөлсний адил Тэрээр тэднийг Ромын дарлалаас чөлөөлөх болно гэж итгэж байсан.
Суралцагчдаас Иохан 6:5–15-ыг хурдан гүйлгэж харахыг хүс. Асуу:
-
Энэ түүхэнд Есүс ямар гайхамшиг үйлдсэн бэ?
-
Та 14-15-р шүлэг дээрх хүмүүсийн хариу үйлдлийг хэрхэн дүрслэх вэ?
-
Тэд яагаад ийм байдлаар хүлээж авсан гэж та бодож байна вэ?
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн дараах тайлбарыг хуваалц:
“Мессиа ирэхдээ тэднийг тэнгэрийн талхаар хооллох болно гэсэн багш нарын болон гэр бүлийнхний нь заасан уламжлал олны ойлголтод гүн сууж өгсөн байв (The Mortal Messiah, 4-р боть [1979–1981], 2:367).
Иехова Израилийн хүүхдүүдийг маннагаар хооллож байсантай адил (Египетээс гарсан нь 16-г үзнэ үү) Есүс цугларсан олныг арвайн таван талх, хоёр загасаар хооллохыг харсан олон хүн Түүний гайхамшгуудыг тэмдэг хэмээн, харин Түүнийг Мессиа хэмээн хүлээн авсан гэдгийг тайлбарла.
Хэдэн суралцагчийг ээлжлэн Иохан 6:31-32, 49-53, 60, 66-г чанга уншихад урь. Ангийнхныг хамтдаа дагаж уншиж, дараагийн өдөр нь хүмүүс Есүст хэрхэн хандаж байсан, мөн Тэр тэдний хандлагыг хэрхэн хүлээж авсан талаар олж мэдэхийг хүс.
-
Тэр өдөр яагаад олон хүн Есүсийг хүлээн зөвшөөрөөгүй гэж та нар бодож байна вэ?
-
Тэд юуг ойлголгүй өнгөрсөн бэ? (Есүс бол сүнслэг амьдралын эх үүсвэр байсан; Тэр бол Амьдралын Талх байсан).
Нэг суралцагчийг Иохан 6:67-69-ийг чанга уншихад урь. Дараа нь ангийнхнаас асуу:
-
69-р шүлэг дэх Петрийн гэрчлэл юуг баталсан бэ?
-
Аврагчийн талаарх Петрийн гэрчлэл түүний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
Дараах дутуу мэдэгдлүүдийг самбар дээр бичиж, суралцагчдаас эдгээрийг хэрхэн гүйцээж бичихийг асуу: Хэрэв бид Есүс Христийг Мессиа гэж хүлээж авах юм бол дараа нь _________________________ .
Хэдэн хариултын дараа нэг суралцагчийг ерөнхийлөгч Дэвид О.Маккэйн (1873-1970) дараах мэдэгдлийг чанга уншихад урь:
“Та зүрх сэтгэлдээ Христийн талаар юу гэж бодож явдаг тань таныг хэн болохыг, мөн ихэнхдээ таны үйлдэл ямар байхыг тодорхойлох болно. Энэ бурханлаг хүний талаар судалсан ямар ч хүн Түүний урам зориг өгөгч, цэвэршүүлэгч нөлөөг мэдрэхгүйгээр Түүний сургаалыг хүлээн авч чадах нь үгүй” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалууд: Дэвид О.Маккэй [2003], 7).
Суралцагчдад Христийн тухай юу гэж боддог тухайгаа бичих хугацаа гаргаж өг. Цөөн суралцагчийг бичсэн зүйлээ хуваалцахад урь.
Суралцагчдыг энэ долоо хоногт Есүс Христэд итгэх итгэлээ харуулахын тулд тэд юу хийж чадах тухай бодоход урамшуулан дэмж.
Суралцагчийн унших материал
-
Матай 21:1-11; Лук 4:16-24; Иохан 6:5-15, 31-32, 49-53, 66-69
-
Г.Хомэр Дурхам, “Jesus the Christ: The Words and Their Meaning,” Ensign, 1984 оны 5-р сар, 14-16