12-р хичээл
Палестиний зам дээрх гайхамшгууд
Оршил
“[Есүс Христ] Палестиний замаар явж, өвчтэй нэгнийг анагааж, сохор нэгнийг хараатай болгож, үхсэн нэгнийг амилуулж байв” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2). Хэдийгээр гайхамшгууд нь Аврагчийн нигүүлсэнгүй мөнх бус тохинууллын чухал хэсэг байсан ч, тэдгээр нь мөн Түүний хүч чадал, эрх мэдлийн баталгаа болж, Тэр бол Мессиа гэх Түүний мэдэгдлийг нотолж байсан юм. Бид Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлснээр, мөн гайхамшиг хэлбэрээр Аврагчийн хайр, нигүүлсэл, хүч чадлыг гэрчилж эсвэл мэдэрч болох юм.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Даллин Х.Өүкс, “Miracles,” Ensign, 2001 оны 6-р сар, 6-17
-
Сиднэй С.Рэйнолдс, “A God of Miracles,” Ensign, 2001 он 5-р сар, 12–13
Заах зөвлөмж
Марк 1:39–42; 2:1–12; 5:1–8, 19, 22–43; 8:1–9; Лук 7:11–15; 3 Нифай 17:5–9
Аврагч мөнх бус тохинууллынхаа үеэр гайхамшгууд үйлдсэн
Дараах хэллэгүүдийг самбарт бич: далайг нам гүм болгож, үхсэнийг амилуулж, бузар сүнсийг зайлуулсан. Суралцагчдаас Аврагчийн үйлдсэн энэ гурван гайхамшгийн аль нь хамгийн агуу гэж боддог талаар асуу. Суралцагчдыг хариулсны дараа дэлхийг бүтээсэн гэдгийг самбар дээрх жагсаалтанд нэмж, аль нь агуу болохыг дахин асуу. Энэ үйл ажиллагааг хөрвөгдсөн маханбодиуд гэдгээр давтан хийж, төгсгөлд нь бидний гэм нүглийн төлөө зовж, үхсэн гэдгээр дуусга.
Суралцагчдаас гайхамшиг гэдэг үгийг тэд хэрхэн тодорхойлохыг асуу. Суралцагчдыг хариулсны дараа дараах тодорхойлолтыг үзүүлж, нэг суралцагчийг чанга уншихад урь.
“[Гайхамшиг гэдэг] нь Бурханы хүчээр бий болдог ер бусын үйл явдал юм. Гайхамшгууд нь Есүс Христийн үйл хэргийн нэг чухал хэсэг мөн. Үүнд: эдгээх, нас барагсдыг үхлээс босгох, амилалт зэрэг нь ордог. Гайхамшгууд Есүс Христийн сайн мэдээний нэг хэсэг мөн. Гайхамшгууд болоход итгэл зайлшгүй шаардлагатай” (Судруудын удирдамж, “Гайхамшиг”; scriptures.lds.org).
-
Есүс мөнх бус тохинууллынхаа үеэр өөр ямар гайхамшгуудыг үйлдсэн бэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр жагсаан бич.)
-
Аврагч ямар агуу их хүчтэйг мэдэх нь яагаад чухал вэ?
Дараах судрын эшлэлүүдийг самбарт жагсааж, нэг эшлэлийг сонгон судлахад суралцагчдыг урь: Марк 1:40–42; Марк 5:1–8, 19; Марк 8:1–9; Лук 7:11–15; 3 Нифай 17:5–9. Тэднээс уншсан хэсгээсээ Аврагчийн үйлдсэн гайхамшгийг олж тодорхойлон, энэ нь Түүний хүч чадлын талаар юу харуулж байгааг асуу. Хангалттай хугацаа өнгөрсний дараа, дараах асуултуудыг тавь:
-
Та нар ямар гайхамшгийн талаар уншсан бэ? Энэ нь Аврагчийн хүч чадлын талаар юу харуулсан бэ?
-
Гайхамшгийг үйлдэх Аврагчийн хүч чадлын талаар ойлгох нь Түүнд итгэх таны итгэлд хэрхэн туслах вэ? (Суралцагчдыг хариулж байхад Аврагчийг төрөхөөс хэдэн зууны өмнө бошиглогчид Түүнийг дэлхий дэх тохинууллынхаа үеэр гайхамшгуудыг үйлдэх болно гэдгийг урьдчилж харсан гэдгийг онцолж хэлж болно [1 Нифай 11:31; Мозая 3:5–6-г үзнэ үү]. Энэ мэдлэг нь Түүнийг төрөхөөс өмнө амьдарч байсан хүмүүст Түүнд агуу их итгэлтэй байхад тусалсан юм.)
Суралцагчдыг судалсан судрын хэсгээ дахин харж, Есүс яагаад гайхамшгуудыг үйлдэх болсон шалтгааныг олж тогтооход урь. Дараах асуултуудыг ярилц:
-
Та нарын уншсанаар Аврагч ямар шалтгаанаар гайхамшиг үйлдэх болсон гэж бичсэн байна вэ? (Хэд хэдэн суралцагчид хариулах боломж олго. Жишээ болгон дээр Аврагчийн өрөвч сэтгэл дурдагдсан байна. Тэд судрууд дахь үүний адил загвар, сэдвүүдийг олж, тогтоож сурснаар судрын мэдлэгээ гүнзгийрүүлэх болно гэдгийг суралцагчдад хэл.)
-
Эдгээр гайхамшиг нь Аврагчийн өрөвч сэтгэлийг ямар арга замаар харуулсан бэ?
-
Аврагч зарим үед Өөрийн агуу өрөвч сэтгэлийн улмаас гайхамшгуудыг үйлддэг байсан гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ? (Суралцагчдыг хариулж байхад, бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр Түүний агуу хүчийг хүлээн авч, биднийг гэх Түүний өрөвч сэтгэлийг мэдэрч болно гэж онцолж хэл.)
Нэг суралцагчийг Үйлс 10:38-ыг уншиж, ангийнхныг дагаж уншихад урьснаар хичээлийн энэ хэсгийг дуусга. Дараа нь суралцагчдаас асуу:
-
Есүс “чөтгөрт дарлагдсан бүгдийг” эдгээсэн гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Энэ хэллэг нь Есүсийн чөтгөрүүдийг зайлуулсан гайхамшгуудаас гадна бүхнээс агуу гайхамшиг болох Есүс нүгэлд дарлагдсан хүмүүст сүнслэг эдгээлт авчирсныг хэлж байж болно. Хэдийгээр бие махбодын эдгээлт нь Аврагчийн тохинууллын чухал хэсэг байсан ч, үр нөлөө нь зуурдынх байсан гэдгийг онцолж хэл. Сүнслэг эдгээлтийн адислал нь үүрдийнх байсан бөгөөд цаашид ч байх болно.)
Марк 2:1–12; 5:22-43
Есүс Христэд итгэх итгэл бидний амьдралд гайхамшгуудыг авчирдаг
Хэдийгээр Есүс “Палестиний замаар явж” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” 2) энэ үедээ гайхамшгуудыг үйлдсэн гэдгийг мэдэх нь чухал ч Тэр өнөөдөр гайхамшгуудыг үргэлжлүүлэн үйлдэж байгаа гэдгийг мэдэх нь илүү чухал болохыг суралцагчдад хэл. Суралцагчдаас Естер 12:12, 18-ыг чимээгүй уншиж, дараа нь эдгээр шүлгээс сурсан сайн мэдээний зарчмыг бичихийг хүс. Бичсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад хэд хэдэн суралцагчийг урь. (Хариултуудад дараах үнэн орсон байх ёстой: Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр Түүний гайхамшигт хүчийг амьдралдаа гэрчлэх боломжтой).
Суралцагчдад энэ үнэнийг судлахад нь туслахын тулд дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Марк 2:1–12; Марк 5:22–24, 35–43; Марк 5:25–34. (Тэмдэглэл: Эдгээр судрын хэсэгт судар дахь загвар болон сэдвийн өөр нэгэн жишээ байгааг онцолж хэлж болно). Ангийг гурван хэсэг болгон хуваа. Бүлэг бүрд судрын нэг эшлэлийг уншихыг даалгаж, Есүс Христэд итгэх итгэлийг харуулсан арга замуудыг олохыг хүс. Хангалттай хугацаа өнгөрсний дараа дараах асуултыг асуу:
-
Есүс Христэд итгэх итгэлийн ямар нотолгоог та олсон бэ?
Суралцагч бүрд “Өвчтөнг эдгээх нь” тараах материалын нэг хувийг өг.
Суралцагчдад гайхамшгуудыг үйлдэхэд итгэл шаардлагатай болохыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг тараах материал дээрх эхний мэдэглэл болох Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн үгийг чанга уншихад урь. Дараа нь асуу:
-
Итгэлийн тухай ямар чухал үнэнүүдийг ахлагч Өүкс заасан бэ?
Нэмэлт мэдээлэл өгөхийн тулд ахлагч Өүксийн тараах материал дээрх хоёр дахь мэдэгдлийг уншихыг, эсвэл өөрийн үгээр хуваалцахыг бод. Ахлагч Өүкс эдгээр үгийг санваартнуудад хандаж хэлсэн гэдгийг та дурдаж болно. Дараах асуултуудыг ярилц:
-
Бид гайхамшиг тохиолгохын тулд итгэлтэйгээр залбирахад биднээс юу шаардагддаг гэж ахлагч Өүкс хэлсэн байна вэ?
-
Бидний эрэлхийлж буй зүйл нь Тэнгэрлэг Эцэгийн хүслийн дагуу байх ёстой гэдгийг санах нь яагаад чухал вэ?
Өнөөдөр гайхамшгууд тохиосоор байгаа гэдгийг гэрчил. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг хуваалц:
“Гайхамшгууд манай Сүмийн ажил үйлсэд болон гишүүдийн маань амьдралд өдөр бүр тохиож байдаг. Бидний олонх нь, магадгүй бодсоноосоо хавьгүй олон гайхамшгийг гэрчилдэг билээ” (“Miracles,” Ensign, 2001 оны 6-р сар, 6).
-
Бид өөрийн амьдралд тохиох гайхамшгуудыг яагаад тэр бүр таньж чаддаггүй вэ? (Суралцагчдыг хариулах хооронд та Их Эзэний хүч чадлын гайхамшигт илрэлд цөөн хэдэн гайхамшиг орсон байдгийг онцолж хэлж болох юм. Ихэнх гайхамшиг нь харьцангуй жижиг бөгөөд нууцлаг болж өнгөрдөг. [Сиднэй С.Рэйнолдс, “A God of Miracles,” Ensign, 2001 оны 5-р сар, 12–13-ыг үзнэ үү.])
-
Эдгээр жижиг болон нууцлаг гайхамшиг нь Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ бидэнд анхаарал тавьдаг талаар юу илчилж байна вэ?
-
“Жижиг” эсвэл “өдөр тутмын” гайхамшгуудын ямар жишээ та нарын бодол санаанд орж ирж байна вэ? Хэрэв ямар ч хариулт байхгүй байвал Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Сиднэй С.Рэйнолдс эгчийн “A God of Miracles” [Ensign, 2001 оны 5-р сар, 12–13]-т дурдсан зарим гайхамшгаас хуваалцаж болно.)
Суралцагчдаас дараах асуултуудад бичгээр хариулахыг хүс:
-
Таны амьдралд тохиолдох том ба жижиг Их Эзэний гайхамшгуудыг таньж, талархлаа хөгжүүлэхийн тулд та юуг илүү сайн хийж болох вэ?
Суралцагчдыг бичсэн зүйлийнхээ дагуу хэрхэн үйлдэх талаар залбиралтайгаар бодож үзэхэд урамшуулан дэмж. Хичээлийг Аврагчийн тухай гэрчлэх, мөн Түүний хайрыг мэдэрсэн болон Түүнийг хайрлах хайрынхаа талаар хуваалцах суралцагч байгаа эсэхийг асууж дуусга.
Суралцагчийн унших материал
-
Марк 1:39–42; 2:1–12; 5:1–8, 19, 22–43; 8:1–9; Лук 7:11–15; 1 Нифай 11:31; Мозая 3:5–6; 3 Нифай 17:5–9
-
Сиднэй С.Рэйнолдс, “A God of Miracles,” Ensign, 2001 он 5-р сар, 12–13