4-р хичээл
Иехова дэлхийг бүтээсэн
Оршил
“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” дээр “Тэр [Есүс Христ] Эцэгийнхээ удирдлага дор дэлхийг бүтээсэн Бүтээгч байсан. ‘Бүх юм Түүгээр бий болсон, Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч үгүй’ (Иохан 1:3)” (Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2) хэмээн хэлсэн байдаг. Суралцагчид дэлхийн бүтээлтийн мөнхийн зорилгыг ойлгосноороо өөрсдийн бүтээгдсэн зорилгыг биелүүлэхийн тулд илүү их зоримог шийдэмгий амьдарч чадна.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Рассэлл М.Нэлсон, “The Creation,” Ensign, 2000 оны 5-р сар, 84-86
-
Хэрэв танай хэл дээр орчуулагдсан бол, шашны багш Ричард Нэйтзэл Холзапфэл, Кэнт П.Жаксон нарын Судалгаагаар болон итгэлээр: Шашны шилдэг цуглуулга(By Study and by Faith: Selections) (2009), 37-50-р хуудсан дээрх Нийл А.Максвэллийн “Бидний Бүтээгчийн огторгуй”-г унших талаар бодож үзнэ үү.
Заах зөвлөмж
Эхлэл 1:1; Иохан 1:1–3; Еврей 1:1–2; Иаков 4:9; Сургаал ба Гэрээ 38:1–3; 76:22–24; 104:14–17; Мосе 1:30–33; 2:1
Иехова дэлхийг бүтээсэн
Хэн нэгний танд зориулж хийсэн ямар нэг зүйлийг үзүүл (бэлэг байж болно). Тэр зүйлийг болон түүнийг хийсэн хүний талаарх мэдрэмжээ ангийнхантай хуваалц. Дараа нь асуу:
-
Хэн нэгэн хүн хэзээ танд зориулж ямар нэгэн зүйл хийсэн бэ? Та хийж өгсөн хүнийх нь талаар юу гэж боддог вэ?
Суралцагчдыг Эхлэл 1:1; Иохан 1:1–3; Ефес 3:9; Еврей 1:1–2; Мосе 2:1 судруудыг харьцуулж үзэхэд урь. Суралцагчдаас эдгээр хэсгээс олж тогтоосон ижил төстэй болон ялгаатай зүйлсийг самбар дээр жагсаан бичихийг хүс. (Тэмдэглэл: Суралцагчид судрын хэсэг, сургаал, зарчмуудыг харьцуулж сурснаар анхаарлаа илүү төвлөрүүлж сурдаг.) Дараа нь асуу:
-
Эдгээр сударт өгүүлснээр, хэн дэлхийг бүтээсэн бэ? Тэнгэрлэг Эцэгийн удирдлага дор Иехова дэлхийг бүтээсэн эсвэл Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл М.Максвэллийн зааснаар: “Бүтээлт нь бүхэлдээ [Тэнгэрлэг Эцэг]-ээр төлөвлөгдсөн” гэдгийг онцлон хэл (“The Creation,” Ensign, 2000 оны 6-р сар, 84).
Суралцагчдад Сургаал ба Гэрээ 76:22–24; 104:14–17; болон Мосе 1:30–33-р хэсгүүдээс чимээгүй уншиж, харьцуулаад, Иехова өөр юуг бүтээсэн болохыг олох цаг гаргаж өг. Хэрэв шаардлагатай бол, Тэрээр тоо томшгүй олон дэлхийг бүтээсэн бөгөөд “дэлхий дүүрэн байна, мөн хангалттай бөгөөд нөөцлөхөөр буй” гэдгийг онцолж хэл (С ба Г 104:17). Суралцагчдад энэ хэллэгийг задлан шинжлэхэд нь туслахын тулд дараах зүйлийг асуу:
-
Энэ хэллэг нь Аврагч дэлхийг бүтээхдээ юуг мэдэх хэрэгтэй байсан гэж өгүүлж байна вэ? (Тэрээр түүхийн янз бүрийн үеийн туршид дэлхий дээр хэчнээн хүн амьдрахыг, мөн тэдний хэрэгцээ шаардлага юу болохыг мэдэх хэрэгтэй байсан.)
Суралцагчдад хэн дэлхийг бүтээснийг мэдэх нь нэг хэрэг, харин дэлхийг ямар хүчээр бүтээснийг мэдэх нь өөр зүйл болохыг тайлбарла. Суралцагчдыг Мормон 9:16–17; Сургаал ба Гэрээ 38:1–3; Иаков 4:9 судруудыг харьцуулж, холбогдох эшлэлүүдийг хараад, дэлхий хэрхэн бүтээгдсэнийг олж тодорхойлоход урь. Эдгээр шүлэг ямар утга учиртай болохыг өөрийн үгээр тайлбарлахад суралцагчдыг урь. Дараа нь дараах мэдэгдлийг үзүүл:
“Есүс Христ энэ дэлхийг болон түүн дээрх бүх зүйлийг бүтээсэн. Тэр мөн өөр олон дэлхийг бүтээсэн. Тэр үүнийг Тэнгэрлэг Эцэгийн удирдлага дор, санваарын хүчээр хийсэн юм (Сайн мэдээний зарчмууд [2009 он], 23).
Үнэн хэрэгтээ судруудад дэлхий хэрхэн бүтээгдсэн талаар баримт бага байдаг ч, бидэнд дэлгэрэнгүй мэдээллийг хэзээ нэгэн цагт илчилнэ хэмээн амалсан байдгийг онцлон хэл (С ба Г 101:32-34-ийг үзнэ үү). Судруудад бүтээлтийн зорилгын талаар илүү их зүйл заасан байдаг.
Дараах асуултуудыг ангиараа ярилц:
-
Та нар эргэн тойрныхоо дэлхий ертөнцийг ажиглахад, Бурханы бүтээлүүд нь Аврагч, Түүний санваар болон мөнх бус байдлын өмнөх дэлхий дээрх Түүний нэр сүрийн талаар юу заадаг вэ?
-
Эдгээр үнэнийг ойлгосноор Есүс Христийн талаарх таны мэдрэмжүүдэд болон гэрчлэлд хэрхэн нөлөөлөх вэ?
-
Эдгээр үнэнийг ойлгох нь дэлхийн талаарх таны мэдрэмжинд хэрхэн нөлөөлөх вэ?
Цааш нь үргэлжлүүлэхийн өмнө, хэдийгээр Аврагч дэлхийг бүтээсэн ч Тэнгэрлэг Эцэг бол бидний сүнсний Эцэг бөгөөд Адам, Ева хоёрын махан биеийг бүтээсэн гэдгийг суралцагчдад онцлон хэл.
1 Нифай 17:36; 2 Нифай 2:23–25; Сургаал ба Гэрээ 49:16–17; Мосе 1:27–33, 39
Дэлхийн бүтээлтийн зорилго
Суралцагчдыг хоёр хоёроор нь хувааж, тэднээс Мосе 1:27–33, 39; 1 Нифай 17:36; мөн Сургаал ба Гэрээ 49:16–17-г судлахыг хүс. Та тэдэнд “Та найздаа дэлхий яагаад бүтээгдсэн болохыг хэрхэн тайлбарлах вэ?” гэдэг асуултын хариултыг гаргаж ирэхэд туслах үгс, хэллэгүүдийг тэмдэглэж авахыг зөвлөж болно. Хэдэн хосыг хариултаа ангийнхантайгаа хуваалцахад урь. Суралцагчид Иехова нь Бурханы хүүхдүүдэд амьдарч, мөнх амьдралд хүрэхээр өсөж хөгжих газрыг өгөхийн тулд дэлхийг бүтээсэн гэдгийг олж харсан байх ёстой. Асуу:
-
Сургаал ба Гэрээ 49:17 дахь “хүмүүний тоо хэмжээгээр” гэдэг нь ямар утгатай вэ? (Шаардлагатай бол Сургаал ба Гэрээний суралцагчийн гарын авлага дахь Сургаал ба Гэрээ 49:16–17-гийн тайлбарыг үзнэ үү [(Church Educational System manual, 2001), 106]).
Суралцагчдыг 2 Нифай 2:18-25-ыг чимээгүй уншихад урьж, дараа нь асуу:
-
Едений цэцэрлэг дэх нөхцөл байдал Адам, Ева хоёрыг Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд өсөж хөгжихөд нь хэрхэн саад болж байсан бэ?
-
Адамын уналт нь дэлхийд бүтээлтийн зорилгоо гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалсан бэ? (Энэ нь Адам, Ева хоёрт хүүхэдтэй болох боломж олгосон.)
-
23-р шүлэгт дүрсэлсэн уналтын үр дагавар нь биднийг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд өсөж хөгжихөд хэрхэн тусалдаг вэ?
Суралцагч бүрд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985 он), Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан Жюли Б.Бэк эгч хоёрын дараах мэдэгдлийн хуулбарыг тарааж өг. Суралцагчдад эдгээр мэдэгдлийг уншиж, Бурханы хүүхдүүдийнхээ авралын төлөөх төлөвлөгөөн дэх Бүтээлтийн үүргийн тухай тунгаан бодох хангалттай хугацаа өг.
“Цагаатгалын ачаар аврал ирдгийн адил, Уналтын улмаас бас аврал ирдэг. …
“Мөн хязгааргүй Бүтээгчийн учир Уналт нь боломжтой болж, … дэлхий, хүн, бүх төрлийн амьтдыг унаж болох байдлаар бүтээсэн гэдгийг бас санаж байх нь зүйтэй. … Бүх зүйл унаж, эсвэл өөрчлөгдөж болохын тулд бүтээгдсэн бөгөөд ийнхүү Эцэгийн мөнхийн авралын төлөвлөгөөний бүх нөхцөл болон шаардлага үйлчлэх оршихуйн нэгэн төрөл толилуулагдсан юм.
“Энэхүү бүх зүйлийн анхны зуурдын бүтээлт нь … мөн чанартаа диваажин байсан юм. Балар эртний болон Едений өдрүүдэд бүх төрлийн амьд амьтад өнөө үед ноёлж буй байдлаас илүү дээд, өөр байдалд амьдардаг байв. Ирэх уналт нь тэднийг доош, урагш, дэвшилд хүргэх байлаа. Үхэл ба нөхөн үржихүй нь дэлхийд хүрч ирээгүй байв” (Брүс Р.Макконки, “Christ and the Creation,” Ensign, 1982 оны 6-р сар, 9).
“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бидэнд Бүтээлт, Уналт, Цагаатгалд үндэслэгдсэн гэр бүлийн талаарх шашны номлол байдаг. Дэлхийн Бүтээлт нь гэр бүлүүдэд амьдрах газрыг өгсөн юм. Гэр бүлийн чухал хоёр хэсэг болох эрэгтэй, эмэгтэй хүнийг Бурхан бүтээсэн. Адам, Ева хоёр лацдагдаж, мөнхийн гэр бүлийг үүсгэх нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг байв.
“Уналт нь гэр бүлд өсөж хөгжих замыг бий болгосон. Адам, Ева хоёр нь мөнх бус туршлагатай болохоор сонгосон гэр бүлийн удирдагчид байв. Уналт нь тэдэнд охид, хөвгүүдтэй болох боломжийг олгосон.
“Цагаатгал нь гэр бүлд мөнхөд лацдан холбогдох боломжийг олгодог. Энэ нь гэр бүлүүдэд мөнхөд өсөж хөгжин, төгс төгөлдөр болох боломжийг өгдөг. Авралын төлөвлөгөө гэж мөн нэрлэгддэг аз жаргалын төлөвлөгөө нь гэр бүлүүдэд зориулагдсан төлөвлөгөө байсан юм. Өсөж буй үеийнхэн манай шашны номлолын гол тулгуурууд нь гэр бүлд төвлөрсөн байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй” (Жюли Б.Бэк, “Teaching the Doctrine of the Family,” Ensign, 2001 оны 3-р сар, 12).
-
Эдгээр мэдэгдэл нь Бурханы хүүхдүүдийн авралын ерөнхий төлөвлөгөөнд Бүтээлт ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг ойлгоход танд хэрхэн туслах вэ?
-
Дэлхий нь хувь хүн, гэр бүлүүдийг өргөмжлөгдөхөд туслах үүднээс бүтээгдсэн гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ? (Суралцагчдыг хариулж байхад, дараах зарчмыг самбар дээр бич: Бид дэлхийн бүтээлтийн зорилгыг ойлгосноор өөрсдийн бүтээлтийн зорилгыг биелүүлэх илүү их хүсэлтэй болно.)
Санваарын лацдан холбох хүч нь эхнэр, нөхрүүдийг болон эцэг эх, үр хүүхдүүдийг нас барсны дараа хамтдаа байх боломжийг олгодог гэдгийг суралцагчдад тайлбарла. Елиагаар дамжиж сэргээгдсэн лацдан холбох хүчгүйгээр Бурханы хүүхдүүд өргөмжлөлийн бүрэн адислалуудыг хүлээн авч чадахгүй бөгөөд дэлхийн бүтээлтийн энэхүү зорилго биелэгдэхгүй буюу Сургаал ба Гэрээнд заасны дагуу “дэлхий бүрмөсөн устгагдах” байв (С ба Г 2:3; мөн Малахи 4:6-г үзнэ үү).
Хичээлээ эдгээр чухал үнэнийг гэрчилснээр дуусга: (1) Иехова Эцэгийн удирдлага дор дэлхийг бүтээсэн; (2) Тэр Бурханы хүүхдүүдэд мөнх амьдралд хүрэхийн тулд амьдарч, өсөн дэвжих газар бий болгохоор дэлхийг бүтээсэн; (3) бид дэлхийн бүтээлтийн зорилгыг ойлгосноороо өөрсдийн бүтээлтийн зорилгыг биелүүлэх илүү их хүсэлтэй болно.
Суралцагчдыг Есүс Христийн бүтээлүүдэд талархлаа илэрхийлэхийн тулд юу хийж болох талаар тунгаан бодоход дэмж. Суралцагчдыг хичээлийн үеэр мэдэрсэн сүнсний өдөөлтүүдээр үйлдэхэд урамшуулан дэмж.
Суралцагчдын унших материал
-
Эхлэл 1:1; Иохан 1:1–3; Еврей 1:1–2; Мосе 2:1; Мормон 9:16–17; Сургаал ба Гэрээ 38:1–3; 76:22–24; 104:14–17; Иаков 4:9; Сургаал ба Гэрээ 101:32–34; Мосе 1:27–33, 39; 1 Нифай 17:36; Сургаал ба Гэрээ 49:16–17
-
Рассэлл М.Нэлсон, “The Creation,” Ensign, 2000 оны 5-р сар, 84-86