Институт ба семинар
18-р хичээл: Аврагч Сүнсний дэлхийд үйлчилсэн


18-р хичээл

Аврагч Сүнсний дэлхийд үйлчилсэн

Оршил

Аврагчийн талаар орчин үеийн төлөөлөгчид: “Тэр бол дэлхий дээр амьдрах бүх хүнд зориулсан агуу бэлэг билээ” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2) хэмээн гэрчилсэн байдаг. Аврагчийн цагаатгагч золиослолын улмаас мөн сүнсний дэлхий дээрх Түүний тохинууллын ачаар дэлхий дээр амьдарч байсан Бурханы хүүхэд бүрд сайн мэдээг хүлээн авах эсвэл татгалзах боломж олгогдоно. Энэ хичээлээр суралцагчид сүнсний дэлхий дээрх Аврагчийн үүрэг ба нас барагсдыг аврахад гүйцэтгэх бидний үүргийн талаар суралцана.

Нөхцөл байдлын тухай унших материал

Заах зөвлөмж

Лук 23:39–43; Сургаал ба Гэрээ 138:11–24

Есүс Христ Сүнсний дэлхийд айлчилсан

Есүс Христийн оршуулгын зургуудыг үзүүлж болно (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], № 58; мөн LDS.org) болон Мариа болон амилсан Есүс Христ (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, № 59-ийг үзнэ үү).

Нэг суралцагчийг Далын ахлагч Спэнсэр Ж.Кондигийн дараах мэдэгдлийг чанга уншихад урь:

Ахлагч Спэнсэр Ж.Конди

“Есүсийн үхэл ба амилалтын талаарх баримтыг Христийн шашны бүлэглэлүүд үндсэн номлолоо болгон тунхагладаг. Гэвч Есүс нас барсны дараа болон амилахын өмнө Түүний үхэшгүй сүнс юу хийсэн нь хожмын үеийн гэгээнтнүүдээс бусдад нууц зүйл байдаг юм. Тэр цагуудад Түүний хийсэн зүйлийн ач холбогдол нь дэлхий дээр ариун сүмүүдийг барих сургаалын үндэс суурийг тавьсан билээ. Цаашилбал, Түүний хийсэн зүйлийн талаарх гэрчлэл нь хайртай нэгнээ алдсандаа гашуудаж буй тэднийг үнэхээр их тайтгаруулах юм (“The Savior’s Visit to the Spirit World,” Ensign, 2003 оны 7-р сар, 32).

Христийн оршуулга

Христийн оршуулга, Карл Хэйнрик Блоч. Данийн Хиллерод дахь Фредериксборг шилтгээний Үндэсний Түүхийн Музейгээс зөвшөөрөл авч ашиглав. Хуулбарлахыг хориглоно

Мариа болон амилсан Есүс Христ

Чи юунд уйлна вэ? © 2015 by Саймон Дүви. Алтус Файн уран зургийн зөвшөөрлөөр ашиглав, www.altusfineart.com

Зургуудыг үзүүлж, ангийнхнаас асуу:

  • Есүс оршуулагдсаныхаа дараа, амилахын өмнө юу хийсэн бэ?

Зарим нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгөхийн тулд суралцагчдыг Лук 23:39–43-ыг уншихад урь.

  • Аврагч загалмай дээрх гэмт хэрэгтэнд юу гэж хэлсэн бэ? (Бошиглогч Иосеф Смит Аврагчийн хэлсэн илүү үнэн зөв үг нь “Энэ өдөр чи сүнсний дэлхийд надтай хамт байх болно” [Сүмийн түүх, 5:424–25] гэж хэлснийг онцолж хэл. Олон Христийн шашинтан Аврагчийн гэмт хэрэгтэнд хандан хэлсэн эдгээр үгийг аливаа хүн амьдралынхаа сүүлийн мөчид ноцтой гэм нүглүүдээ наманчилж болно гэж буруу ташаа ойлгодог. Харин судрууд бидэнд наманчлалын өдрөө хойшлуулж болохгүй гэж заадаг.)

  • Эдгээр үг нь Аврагчийн бие оршуулагдсан байхад Тэрээр ямар үйл хэрэг хийсэн гэж хэлж байна вэ? (Мөн 1 Петр 4:6-г үзнэ үү).

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит нь Есүс Христийн сүнсний дэлхийд хийсэн айлчлалыг дүрсэлсэн нэгэн илчлэлт хүлээн авчээ. Энэ илчлэлтийн түүхэн нөхцөл байдлыг ойлгоход туслахын тулд Сургаал ба Гэрээ 138-ын оршил хэсгийг болон эхний 10 шүлгийг товч танилцуул. Дараа нь хэд хэдэн суралцагчаас Сургаал ба Гэрээ 138:11–12, 15–16, 18–19, 23–24-өөс ээлжлэн чанга уншихыг хүс. Дараах асуултуудыг ярилц:

  • Энэ үзэгдлийн дагуу Аврагч оршуулагдаад, амилахаасаа өмнө юу хийсэн бэ? (Суралцагчид дараах хариултыг илэрхийлсэн байх ёстой: Есүсийн бие булшинд байсан ч Тэр сүнсний дэлхий дээрх зөв шударга сүнснүүд дээр айлчилж очсон.)

  • Эдгээр зөв шударга сүнс яагаад баяр хөөр, аз жаргалаар дүүргэгдсэн бэ? (Суралцагчдыг хариулах үед дараах үнэнийг онцолж хэл: Бурханы төлөвлөгөөний дагуу мөнх бус амьдралдаа итгэлтэй байсан хүмүүс нь Есүс Христийн амилалтын дараа үхлээс гэтэлгэгдэх болно. Та Аврагч үхэж, амилах хүртэл нэг ч номлогч сүнсний дэлхийд буй хүмүүст номлохоор илгээгдээгүй гэдгийг онцлон хэлж болно [Лук 16:19–31; Мосе 7:36–39-ийг үзнэ үү].)

Сургаал ба Гэрээ 138:20-37

Бурханы бүх хүүхдэд сайн мэдээг сонсох боломж олдоно

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 138:20–21, 25–28-ыг чимээгүй уншиж, ерөнхийлөгч Смитийн тунгаан бодсон асуултыг олж тогтооход урь. (Тайлбар: Судруудыг судлах үедээ сайн асуултууд тавьж, хариултуудыг эрэлхийлэхийн ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд судрууд дээр тэмдэглэгдсэн олон илчлэлт нь чин сэтгэлээсээ асуусны үр дүнд өгөгдсөн гэдгийг онцолж хэл.) Суралцагчид хариулсны дараа тэднээс Сургаал ба Гэрээ 138:29–30-ийг уншаад, сүнсний шоронд байгаа сүнснүүд яаж сайн мэдээг олж сонсох талаар хайж олохыг хүс. Асуу:

  • Аврагч сүнсний дэлхийд айлчилж байхдаа зөв шударга хүмүүс дунд юу хийсэн бэ? (Суралцагчдад дараах үнэнийг тодорхойлоход тусал: Есүс сүнсний дэлхийд байхдаа нас барагсдын төлөөх авралын ажлыг зохион байгуулсан.)

Суралцагчдыг хосууд болгон хуваарил. Тэднээс Сургаал ба Гэрээ 138:30–37-г судалж, 30, 31 болон 37-р шүлгүүд дээр хэрэглэсэн бүх гэдэг үгийн ач холбогдлын талаар ярилцахыг хүс. Хангалттай хугацаа өнгөрсний дараа дараах асуултуудыг тавь:

  • Сүнсний дэлхий дээрх Аврагчийн тохинууллын зорилго юу байсан бэ? (Суралцагчид дараах үнэнийг өөрийн үгээр тодорхойлох ёстой: Аврагч Бурханы бүх хүүхдэд сайн мэдээг сонсож, бүрэн дүүрэн баяр баясгаланг хүлээн авах арга замыг өгсөн.)

  • Сайн мэдээ яагаад Бурханы бүх хүүхдэд номлогдох шаардлагатай вэ? (С ба Г 138:33-34; 1 Петр 3:18-20-ийг үзнэ үү.)

  • Энэ нь Есүс Христийн Цагаатгалын үр нөлөөний талаар бидэнд юу зааж байна вэ? (Цагаатгалын үр нөлөө сүнсний дэлхийд хүрдэг.)

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн (1876–1972) дараах мэдэгдлийг хуваалцаж болно:

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Христийн талаар хэзээ ч сонсож байгаагүй, наманчилж мөн нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авах боломж тохиож байгаагүй, эрх мэдэлтэй Сүмийн ахлагчтай хэзээ ч тааралдаж байгаагүй тоо томшгүй олон мянган нас барагсад яах вэ? Бидний зарим Христийн шашинтан сайн хөршүүд тэд үүрд алдагдсан хэмээн та нарт хэлэх болно. …

“Энэ нь шударга гэж үү? Энэ нь зөв шударга зүйл үү? Үгүй ээ! Их Эзэн хүн бүрд сонсох, мөнх амьдралыг хүлээн авах, эсвэл түүний хаант улсад өөрийн орон зайтай болох боломж олгоно ” (Авралын талаарх сургаалууд, Брүс Р.Макконки, 3-р боть [1954–56], 2:132).

  • Сүнсний дэлхийн талаарх эдгээр үнэн нь яагаад чухал вэ? Хувь хүн сүнсний дэлхийн талаарх эдгээр үнэнийг мэддэг эсэх нь яагаад чухал вэ?

  • Сүнсний дэлхий дээрх Аврагчийн тохинууллын талаар мэдэх нь таныг хэрхэн тайтгаруулах вэ?

Бид нас барагсдын төлөө авралын ажлыг хийж чадна

handout icon“Нас барагсдын төлөөх хожмын өдрүүдийн ажил” хэмээх дагалдах тарааж өгөх материалын хуулбарыг суралцагч бүрд өг. Суралцагчдыг жижиг бүлгүүд юм уу, хосууд болгон хуваарил. Тэднийг тарааж өгөх материал дээрх мэдэгдлүүдийг уншиж, нас барагсдыг аврах ажилд оролцдог хүмүүст амлагдсан адислалуудыг олж, тэдгээрийн талаар ярилцахад урь.

тараах материал, нас барагсдын төлөөх хожмын өдрүүдийн ажил

Хангалттай хугацаа өнгөрсний дараа дараах асуултуудыг тавь:

  • Бидний ариун сүмд болон гэр бүлийн түүхийн ажилд оролцох оролцоо Есүс Христийн цагаатгагч золиослолоор дамжин ирдэг адислалуудыг нас барагсад хүлээн авахад хэрхэн тусалдаг вэ?

  • Нас барагсдын өмнөөс төлөөлөн гүйцэтгэдэг ёслолуудад оролцох нь бидэнд Аврагчтай илүү адил болоход хэрхэн тусалдаг вэ? (Суралцагчдыг хариулах үед дараах зарчмыг онцлон тэмдэглэ: Бид нас барсан төрөл төрөгсдийнхөө төлөө ариун сүмийн ёслолуудад оролцсоноороо тэдний авралд гар бие оролцон тусалж, дайсныхаа эсрэг хүчирхэгждэг.)

Нас барагсдын өмнөөс төлөөлөн гүйцэтгэдэг ажил нь хэрхэн Аврагчийн авралын ажилтай энэ тэнцүү болох талаарх ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн өгсөн (1910–2008) дараах тайлбарыг хуваалцаж болно:

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Их Эзэний өргөөнд болж өнгөрдөг тэрхүү зүйл нь миний мэдэх өөр ямар ч үйл ажиллагаанаас илүү Их Эзэний золиослолын сүнсэнд ойр байдаг. Яагаад? Учир нь энэ нь өөрсдийн төлөө үйлдэж чадахгүй тэр хүмүүсийн төлөө үйлдэхдээ ямар нэгэн талархал эсвэл шагнал горьдолгүй, цаг зав, эд хөрөнгөө харамгүй зориулдаг хүмүүсээр хийгддэг юм” (“A Century of Family History Service,” Ensign, 1995 оны 3-р сар, 62–63; мөн Обадиа 1:21-ийг үзнэ үү).

Тарааж өгөх материал дээрх мэдэгдэлд суралцагчдын анхаарлыг дахин хандуулж, дараах зүйлийг асуу:

  • Та нар нас барагсдыг аврах ажилд оролцдог хүмүүст амлагдсан адислалуудын аль нэгийг хэзээ харж эсвэл мэдэрч байсан бэ?

Суралцагчдыг дараах асуултыг тунгаан бодоход урь:

  • Та нар эдгээр амлалтын алийг нь яг одоо, өөрсдийн амьдралд хүлээн авахыг хүсэж байна вэ? Та үүнийг олж авахын тулд юу хийхийг хүсэж байна вэ?

Суралцагчдыг тойргийнхоо гэр бүлийн түүхийн зөвлөхтэй уулзаж, нас барсан өвөг дээдсийнхээ ажлыг хэрхэн хийж болох талаар илүү их зүйлийг олж мэдэхэд уриал. Сургаал ба Гэрээ 128:22-ыг чанга уншиж, Есүс Христийн мөнхийн тохинуулал болон дэлхий бий болохоос өмнө томилогдсон нас барагсдын төлөө хийх ариун нандин ажлын талаар гэрчил.

Суралцагчийн унших материал

Нас барагсдын төлөөх хожмын үеийн ажил

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жон А.Видцоу (1872–1952) нь Бурханы охид, хөвгүүдийг аврахад туслах, бидний урьдчилан томилогдсон номлолын талаар дараах зүйлийг заасан байна.

Ахлагч Жон А.Видцоу

“Бид мөнх бус оршихуйн өмнөх байдалдаа, агуу зөвлөгөөний өдөр, Бүхнийг чадагчтай тодорхой нэгэн гэрээ байгуулсан юм. Их Эзэн өөрийнхөө бий болгосон нэгэн төлөвлөгөөг танилцуулсан билээ. Бид үүнийг хүлээн авсан. Төлөвлөгөө нь хүн бүрд зориулагдсан байсан учраас бид энэ төлөвлөгөөн дэх хүн бүрийн авралын нэгэн хэсэг болсон юм. Бид яг тэр үед, тэнд байхдаа зөвхөн өөрсдийн аврагч байгаад зогсохгүй, бас бүх хүн төрөлхтний аврагч байна гэсэн гэрээ хийсэн. Бид Их Эзэний хамтрагчид болсон юм. Энэ төлөвлөгөө хэрэгжих эсэх нь зөвхөн Эцэгийн ажил, бас Аврагчийн ажил байхаас гадна бидний ажил болсон юм. Бидний өчүүхэн хэсэг, номхон хүлцэнгүй тэр хүмүүс нь авралын мөнхийн төлөвлөгөөний зорилгыг биелүүлэхийн тулд Бүхнийг Чадагчийн хамтрагчид болсон байдаг (“The Worth of Souls,” Utah Genealogical and Historical Magazine, 1934 оны 10-р сар, 189)” (Сургаал ба Гэрээ болон Сүмийн түүх: сайн мэдээний сургаалын багшийн гарын авлага [1999], 173).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт нь Сүмийн өсвөр үеийнхнийг өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмийн ажлыг хийхэд урамшуулан дэмжсэн:

Ахлагч Ричард Г.Скотт

“Ариун сүмд таны хийдэг ямар ч ажил таны цагийг дэмий гарзадна гэж байхгүй, харин өвөг дээдсийнхээ хэн нэгний төлөө төлөөлөн гүйцэтгэх ёслол хийлгэснээр ариун сүмд өнгөрүүлсэн цаг тань улам ариун болж, агуу адислалууд хүлээн авах боломжийг танд олгоно. …

“Залуу хүмүүс та нар дайсны нөлөөг амьдралаасаа шахан зайлуулах найдвартай арга замыг мэдэхийг хүсэж байна уу? Тэгвэл өвөг дээдсээ эрж олон, тэдний нэрсийг ариун сүмийн төлөөлөн гүйцэтгэх ёслолуудад бэлтгэж, улмаар ариун сүмд очиж, тэдний төлөө баптисмын болон Ариун Сүнс хүлээн авах ёслолуудыг хийлгэхэд бие сэтгэлээ дайчлан ажиллагтун. … Амьдралд тань нөлөөлөх дайсны муу нөлөөнөөс хамгаалах үүнээс илүү найдвартай хамгаалалтыг би мэдэхгүй.” (“Нас барагсдын авралаас ирдэг баяр баясгалан,” Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 93–94).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар дараах урилга ба амлалтыг өгсөн:

Ахлагч Дэвид А.Бэднар

“Елиагийн сүнсний талаар сурч, үүнийг мэдрэхийг Сүмийн залуучуудаас би хүсэж байна. Түүнчлэн тэд өвөг дээдсийнхээ тухай сурч мэдэн, тэднийг эрж хайн, нас барагсдынхаа өмнөөс баптисм хүртэхэд өөрсдийгөө бэлтгээсэй хэмээн хүсэж байна (C ба Г 124:28–36-г үзнэ үү). Мөн бусад хүнд гэр бүлийн түүхээ олж мэдэхэд нь туслахыг би тэдэнд уриалж байна.

“Та үүнийг хийх аваас таны зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно. Абрахам, Исаак, Иаков нартай хийсэн амлалтууд та нарын зүрх сэтгэлд суух болно. Таны патриархын адислал, түүн дээр мэдэгдсэн уг гарал таныг эдгээр эцэгтэй тань холбож, танд илүү утга учиртай болж ирнэ. Та өвөг дээдсээ илүү хайрлаж, тэдэнд илүү их талархах болно. Аврагчийн талаарх таны гэрчлэл илүү гүн гүнзгий, бат бөх болно. Та нар өсөн нэмэгдэж буй дайсны нөлөөнөөс хамгаалагдах болно гэдгийг би та нарт амлаж байна. Та энэхүү ариун нандин ажилд оролцож, үүнийг хийх хүсэлтэй болсноор залуу насандаа, мөн амьдралынхаа турш хамгаалагдах болно” (“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно,” Ensign эсвэл 2011 оны 11-р сарын Ерөнхий чуулган, 26–27).