23-р хичээл
Аврагч Өөрийн сайн мэдээ, санваар, Сүмийг сэргээсэн
Оршил
Орчин үеийн төлөөлөгчид: “Бид [Есүс Христийн] санваар болон Түүний Сүм дэлхий дээр сэргээгдсэн гэдгийг чин сэтгэлийн угаас тунхаглаж байна” хэмээн гэрчилсэн байдаг (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 3). Та энэ хичээлийг заахдаа, суралцагчдадаа Аврагч мөнхийн тохинууллынхаа хүрээнд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сайн мэдээ болон Өөрийн Сүмийн сэргээлтийг удирдсан гэдгийг ойлгоход тусал. Сургаал ба Гэрээг сайтар судлах нь Есүс Христ дэлхий дээрх Бурханы хаант улсыг удирдан чиглүүлдгийг илчилдэг болно.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Жэймс И.Фауст, “The Restoration of All Things,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 61–62, 67–68.
-
Тэд Р.Каллистэр “Христийн сүмийн зураг төсөл гэж юу вэ?” (Залуучуудад зориулсан Сүмийн Боловсролын Системийн онцгой цугларалт, 2014 оны 1-р сарын 12); LDS.org.
Заах зөвлөмж
Иосеф Смит—Түүх 1:18-20
Есүс Христ Өөрийн Сүмийг хожмын өдрүүдэд сэргээсэн
Хэн нэг хүн Тэнгэрлэг Эцэгээс асууж болох зарим чухал асуултыг жагсаан бичихийг суралцагчдаас хүсэж, хичээлийг эхлүүл. Хэдэн хариултын дараа нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:18–19-ийг чанга уншихад урь. Дараа нь асуу:
-
Иосеф Смит Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христээс юу асуусан бэ?
-
Есүс Христ хэрхэн хариулсан бэ? (20-р шүлэг-т Аврагч “Тэрбээр намайг тэдний алинтай нь ч нэгдэхийг дахин хориглов” хэмээх Өөрийн хариултыг дахин хэлсэн гэдгийг онцлон хэлж болно).
-
Хэрэв бүх сүм “буруу” байсан бол дэлхий дээр Их Эзэний Сүмийг бий болгохын тулд юу хийх ёстой байсан бэ? (Их Эзэний Шинэ Гэрээний сүмийн сэргээлт хийгдэх ёстой байв).
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фаустын (1920–2007) дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:
“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь ‘Есүс Христ Өөрөө булангийн чулуу нь байж, төлөөлөгч, бошиглогчдын суурин дээр баригдсан’ анхны сүмийн сэргээлт гэдэгт бид итгэдэг [Ефес 2:20]. Энэ нь ямар нэгэн сүмийн салаа биш билээ” (“The Restoration of All Things,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 68).
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Шинэ Гэрээний үед зохион байгуулагдсан Аврагчийн сүмийн сэргээлт юм гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Суралцагчдад Их Эзэний эртний (анхны гэсэн утгаар) сүмийн бүх хэсгийг сэргээгдсэн Сүмтэй харьцуулахад хангалттай цаг байхгүй гэдгийг хэл. Гэхдээ та суралцагчдаар Лук 6:13; 10:1; Үйлс 14:23; Ефес 4:11; Филиппой 1:1; болон Тит 1:5-ыг уншуулж, тэднээр өнөөдөр Сүмд оршин тогтнож буй, эртний сүмд байсантай адил зохион байгуулалтын хэсгүүдийг олж тогтоолгож болно. (Өөр жишээг, энэ хичээлийн суралцагчийн унших материалын хэсэгт орсон Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгч Тэд Р.Каллистэр ахын “Христийн сүмийн зураг төсөл гэж юу вэ?” үгээс уншиж олоход суралцагчдыг урамшуулан дэмж.) Каллистэр ахын дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:
“Хэрэв хэн нэгэн нь Христийн анхны сүмийг өнөөдөр дэлхий дээр байгаа бүх сүмтэй харьцуулбал … бүх талаараа, зохион байгуулалт нь зохион байгуулалттай нь, сургаал нь сургаалтай нь, ёслол нь ёслолтой нь, үр жимс нь үр жимстэй нь, илчлэлт нь илчлэлттэй нь яг цав таарах цорын ганц сүм бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм болохыг мэднэ” (“Христийн сүмийн зураг төсөл гэж юу вэ?” [Залуучуудад зориулсан Сүмийн Боловсролын Системийн онцгой цугларалт, 2014 оны 1-р сарын 14]; LDS.org).
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Аврагчийн анхны сүмийн сэргээлт мөн гэсэн гэрчлэлтэй байх нь яагаад чухал вэ? (Ийм гэрчлэл нь бидэнд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол өнөөдөр дэлхий дээр байгаа Их Эзэний сүм гэдгийг хүлээн зөвшөөрөхөд тусалдаг. Их Эзэн нь өнөөдөр, өчигдөр, үүрд адил учраас Түүний сүмийн бүрэлдэхүүн хэсгүүд нь аль ч эрин үед ижил байхыг харах болно).
Сургаал ба Гэрээ 1:17, 38; 18:34–35
Есүс Христ сэргээлтийн ажлыг удирдсан
Суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:17-г гүйлгэн уншиж, Тэнгэрлэг Эцэг Иосеф Смитэд юу хийхийг зарлигласныг олж тодорхойлоход урь (Түүний Хүүг сонсох). Дараа нь ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн (1876–1972) дараах мэдэгдлийг чанга унш:
“Уналтаас хойших бүх илчлэлт Есүс Христээр дамжин ирсэн” (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3-р боть. [1954–56], 1:27).
Энэ үнэнийг харуулахын тулд, суралцагчдыг Сургаал ба Гэрээ 1:17, 38; 18:34–35-ыг чимээгүй уншиж, дотроо дараах асуултыг бодоход урь: Эдгээр шүлэг бидэнд Есүс Христ илчлэлтээр дамжуулан Өөрийн Сүмийг удирддаг гэдэг үнэнийг илүү сайн ойлгоход хэрхэн туслах вэ? Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Далын ахлагч Гари Ж.Көүлмэний дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүс:
“Сургаал ба Гэрээ нь Бурханы бошиглогч, үйлчлэгчдээр дамжуулан Есүс Христийн Бурханы хүүхдүүдийн дунд хийсэн тохинууллын талаарх хожмын үеийн гэрчлэл бөгөөд энэ нь Сүмийн загварыг болон Сүмийн гишүүдийг өнөөдөр удирдаж буй илчлэлтийн тэнгэрлэг загварыг харуулдаг” (“You Shall Have My Word: The Personal Ministry of Jesus Christ in the Restoration,” in You Shall Have My Word: Exploring the Text of the Doctrine and Covenants, ed. Scott C. Esplin, Richard O. Cowan, and Rachel Cope, The 41st Annual Brigham Young University Sidney B. Sperry Symposium [2012], 3).
-
Ахлагч Көүлмэний хэлснээр Сургаал ба Гэрээ нь өнөөдөр Сүмд яагаад чухал байдаг вэ? (Энэ нь Есүсийн тохинууллын талаарх хожмын үеийн гэрчлэл бөгөөд илчлэлт өнөөдөр Сүмийг хэрхэн удирдаж буйг харуулдаг.)
-
Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд ахлагч Көүлмэний заасан үнэнийг ойлгох нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
Аврагчийн үзэгдэл, илчлэлтүүд болон сэргээлтийн үеэр санваарын эрх мэдэл, түлхүүрүүдийг өгсөн явдал нь Түүний мөнхийн тохинууллын чухал хэсэг болохыг гэрчил. Суралцагчдад Аврагч хожмын өдрүүдэд үүрдийн сайн мэдээг болон Өөрийн Сүмийн сэргээлтийг хэрхэн удирдсаныг илүү тодорхой харахад туслахын тулд дараах хүснэгтийг үзүүлэх юм уу, тараах материал хэлбэрээр тарааж өг (хаалтанд байгаа хэллэгүүдийг оруулах шаардлагагүй):
Аврагч сэргээлтийн ажлыг удирдсан
Сүмийн сургаалууд |
Сүмийн ёслолууд |
Сүмийн удирдлага |
---|---|---|
Сургаал ба Гэрээ 76-р хэсгийн гарчиг болон дүгнэлт (алдар суугийн хаант улсууд, үхлийн дараах амьдрал) Сургаал ба Гэрээ 84:33-39 (Санваарын тангараг ба гэрээ) Сургаал ба Гэрээ 128:1, 15, 18 (Нас барагсдын төлөөх баптисм) Сургаал ба Гэрээ 131:1–4 (Өргөмжлөлд ороход селестиел гэрлэлт шаардлагатай) Сургаал ба Гэрээ 137:6–10; 138:29–35 (Үнэний мэдлэггүйгээр нас барсан тэдгээр нь аврагдах боломжтой) |
Сургаал ба Гэрээ 20:37, 72–74 (Баптисм хүртэх шаардлагууд ба зөв маяг) Сургаал ба Гэрээ 20:70 (Хүүхдүүдийн адислал) Сургаал ба Гэрээ 20:75–77, 79 (Ариун ёслол түгээх) Сургаал ба Гэрээ 124:33-39 (Ариун сүмийн ёслолууд) Сургаал ба Гэрээ 132:7, 15–20 (Мөнхийн гэрлэлт) |
Сургаал ба Гэрээ 20:38–59 (Санваарын албаны үүргүүд) Сургаал ба Гэрээ 20:61–62 (Сүмийн тогтмол чуулгануудыг хөтлөн явуулах нь) Сургаал ба Гэрээ 26:2 (Нийтийн дэмжлэг) Сургаал ба Гэрээ 107:22–27, 33–35, 64–67, 85–91 (Сүмийн удирдагчдын үүргүүд) |
Ангийг гурван бүлэгт хувааж, бүлэг бүрд нэг баганыг судлахаар оноож өг. Суралцагч бүрийг оногдсон багана дахь 3 эсвэл 4 эшлэлийг уншиж, тэднийг дараах асуултуудад хариулахад урь:
-
Аврагч бошиглогч Иосеф Смитээр дамжуулан юуг дэлхий дээр сэргээсэн бэ?
-
Та нарын олж мэдсэн зарчмууд эсвэл дэг жаягууд яагаад чухал вэ?
Хэдэн минутын дараа суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Тэднийг хуваалцах үед Есүс Христ сэргээлтийн ажлыг удирдсан болохыг онцолж хэл. Хэрэв шаардлагатай бол дараахтай төстэй асуултуудыг асуу:
-
Есүс Христ Өөрийн Сүмийг болон Сүмийн удирдагчдын ажлыг үргэлжлүүлэн удирдаж байгаа гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ?
-
Ямар туршлага та нарт энэ Сүм бол Есүс Христийн Сүм гэдгийг олж мэдэхэд тусалсан бэ?
Цаг үлдвэл нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 1:30-ийг чанга уншихыг хүс. Дараа нь ангийнхнаас асуу:
-
Өнөөдөр ярилцсан зүйлсээ бодож үзэхэд, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь яагаад “бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” байдаг вэ? (Учир нь энэ бол бүх дэлхийн гадаргуу дээрх Есүс Христийн үнэн сайн мэдээг зааж, авралын шаардлагатай ёслолуудыг гүйцэтгэж, үргэлжлэн ирэх илчлэлтүүдийг Их Эзэний томилогдсон үйлчлэгчдээр дамжуулан хүлээн авах тэнгэрлэг эрх мэдэл бүхий цорын ганц үнэн сүм юм.)
Хичээлийг төгсгөхдөө нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 76:40–42-ыг чанга уншиж, ангийнхныг даган уншихад урь. Эдгээр шүлэг нь Аврагчийн мөнхийн тохинууллын талаарх дүгнэлт гэдгийг гэрчил. Бид ариусгагдаж цэвэршигдэн, Эцэгийн хаант улсад аврагдаж болохын тулд, мөн Цагаатгалыг гүйцэлдүүлсэн Есүс Христийг хүндэтгэн дээдлэхийн тулд юу хийж чадах талаар бодож үзэхэд суралцагчдыг уриал.
Суралцагчийн унших материал
-
Сургаал ба Гэрээ 1:17, 38; 18:33–35; Иосеф Смит—Түүх 1:17–20
-
Тэд Р.Каллистэр “Христийн сүмийн зураг төсөл гэж юу вэ?” (Залуучуудад зориулсан Сүмийн Боловсролын Системийн онцгой цугларалт, 2014 оны 1-р сарын 12); LDS.org.