Институт ба семинар
16-р хичээл: Аврагч бүх хүн төрөлхтний нүглийг цагаатгасан


16-р хичээл

Аврагч бүх хүн төрөлхтний нүглийг цагаатгасан

Оршил

“[Есүс Христ] бүх хүн төрөлхтний нүглийг цагаатгахаар Өөрийн амийг өгсөн юм. Тэр бол дэлхий дээр амьдрах бүх хүнд зориулсан агуу бэлэг билээ. (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2) Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт “Цагаатгал бол Тэнгэр дэх Эцэгийн маань аз жаргалын төлөвлөгөөний чухал хэсэг юм. Үүнгүйгээр тэрхүү төлөвлөгөө нь идэвхжиж чадахгүй байх байсан” гэж заасан байдаг (“Тэр амьд! Түүний нэр алдаршиг!” Ensign эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 76). Энэ хичээл нь Гетсеманид эхэлж, загалмай дээр төгсгөл болсон Аврагчийн зовлон шаналалд төвлөрөх бөгөөд Есүс Христ хэрхэн Цагаатгалаараа дамжуулан бидэнд гэм нүглээсээ салж, өдөр тутмын амьдралдаа хүчирхэгжихэд тусалж болохыг харуулна.

Нөхцөл байдлын тухай унших материал

Заах зөвлөмж

Maрк 14:33–36; Лук 22:39–44; 2 Нифай 9:21

Есүс Христ сайн дураараа Цагаатгалын зовлон тарчлалыг амссан юм

Суралцагчдыг “I Stand All Amazed” (Би гайхширан зогсоно) (Hymns, дугаар 193) эсвэл Аврагчийн талаар өгүүлдэг өөр нэг дууллыг дуулахад урьснаар хичээлээ эхэлж болно. Дараа нь хичээл эхлэхэд, асуу:

  • “I Stand All Amazed” (Би гайхширан зогсоно) дууллыг дуулах нь (эсвэл Аврагчийн талаар өгүүлдэг өөр дуулал) Есүс Христийн Цагаатгалын талаар сурч мэдэхэд та нарыг хэрхэн бэлтгэж байна вэ?

Суралцагчдыг Марк 14:33-36-г чимээгүй уншиж, Гетсеманид Аврагчийн мэдэрсэн зовлон шаналлыг дүрсэлсэн хэллэгүүдийг олж мэдэхэд урь. Суралцагчдын олж тогтоосон хэллэгүүдийг самбарт жагсаан бич.

  • Эдгээр хэллэг нь та нарын хувьд ямар утга агуулгыг илэрхийлж байна вэ?

Суралцагчдыг Аврагчийн цагаатгагч золиослолынхоо үеэр мэдэрсэн зовлон шаналлын тухай нэмэлт мэдээлэл олохын тулд Лук 22:39–44; 2 Нифай 9:21 болон Мозая 3:7-г судлахад урь. Түүнчлэн та бас эдгээр шүлгийг судар дээрээ тэмдэглэхийг суралцагчдад зөвлөж болно.

  • Эдгээр шүлэг Есүсийн бидний төлөө тэвчсэн зовлон шаналлын талаар ямар чухал үнэнүүдийг зааж байна вэ? (Хариултуудад дараах үнэн орсон байх ёстой: Гетсемани дахь Есүс Христийн зовлон шаналал нь Түүний нүх сүв бүрээс цус шүүрэхэд хүргэсэн юм.)

Есүс Христийн Цагаатгалд Гетсемани дахь болон загалмай дээрх бидний гэм нүглийн төлөөх Түүний зовлон шаналал, урсгасан цус, загалмай дээрх үхэл болон булшнаас амилсан амилалт багтдаг болохыг суралцагчдад онцолж хэл. Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн дараах мэдэгдлийг уншихад урь.

Ахлагч Брүс Р.Макконки

“Христийн Гетсеманий цэцэрлэгт хийсэн зүйлийн бүрэн дүүрэн утга учрыг бид мэдэхгүй, ярьж чадахгүй бөгөөд мөнх бус хүмүүний ухаан ойлгож чадахгүй юм.

“Түүний сүв бүрээс асар их цус шүүрэн, Эцэгийнхээ Түүнд оноосон гашуун аяганы шаарыг шавхан уусан гэдгийг бид мэднэ..

“Тэр бие, сүнс аль алинаар, ямар ч хүн үхэлгүй тэсэн гарах боломжгүй тийм байдлаар зовж шаналсныг бид мэднэ. …

Өвдөлт, сэтгэл санааны тарчлалын хэмжээлшгүй ачаа дарамт Түүнийг дагжин чичирч, мөн тэрхүү гашуун аяганаас уухгүй байж болохгүй юм болов уу гэж бодоход хүргэх үед Тэр элгээрээ газарт унасныг бид мэднэ. (“The Purifying Power of Gethsemane,” Ensign, 2011 оны 4-р сар, 57).

  • Гетсемани болон загалмай дээрх Есүс Христийн зовлон шаналлын талаар та юу гэж боддог вэ?

Иохан 15:13; 1 Петр 3:18; Сургаал ба Гэрээ 19:15–19

Есүс амссан зовлонгоо бидэнд амсуулахгүйн тулд зовж шаналсан

Дараах асуултыг тавь:

  • Есүс яагаад бидний төлөө ийм их зовлон шаналал үүрэхийг хүссэн гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг Иохан 15:13; 1 Петр 3:18 ба Сургаал ба Гэрээ 19:15–19-ийг чимээгүй уншиж, яагаад Есүс Христ Цагаатгалын зовлон шаналлыг сайн дураараа амссан болох шалтгаануудыг олж мэдэхэд урь. Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдаас олж мэдсэн зүйлсээ хуваалцахыг хүс. Суралцагчдыг хариулах үед тэдний хариултыг самбар дээр дараах байдлаар дүгнэн бич:

Бидэнд агуу хайраа харуулахын тулд

Биднийг гэм нүглүүдийнхээ төлөө зовж шаналахаас хамгаалахын тулд

Бидэнд нүглээ наманчилж, өршөөгдөх боломж олгохын тулд

Эцэгээ алдаршуулахын тулд

Бурханд эргэн очих боломжийг бидэнд олгохын тулд

Биднийг Бурханд аваачихын тулд

Та дараах асуултуудыг тавихдаа, суралцагчдаас хариулахыг хүсэхийнхээ өмнө тэдэнд хариултынхаа талаар тунгаан бодох хугацаа өг. (Суралцагчид судруудаас олж мэдсэн зүйлсээ тунгаан бодож, суралцах үед Сүнс тэдэнд ихэнхдээ нэмэлт үнэнүүдийг илчилдэг болохыг сануул.)

  • Есүс Христийн зовж шаналсан болох эдгээр шалтгаан танд Түүний талаар юу зааж байна вэ?

  • Эдгээр шалтгаан нь танд ямар хамаатай вэ?

Цагаатгалаар дамжуулан Есүс Христ биднийг Орлогч болсон бөгөөд Тэр биднийг орлон, ачаа дарамтыг маань өөр дээрээ авч, бидний гэм нүглийн төлөө зовж шаналсан гэдгийг суралцагчдад онцолж хэл. Төлөөлөгч Паул үүнийг ингэж тайлбарласан байна: “Тэр [Бурхан Эцэг] нүглийг үл мэдэгч Түүнийг [Есүс Христийг] бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм” (2 Коринт 5:21). Энэ нь Их Эзэн болон Аврагч бидний хүн нэг бүрд “Надад ирэгтүн” гэсэн санал тавьсантай адил юм. “Би та нарын нүглийг авч мөн өөрийн зөв шударгыг та нарт өгөх болно.”

Есүс Христ Цагаатгал хийсэн учраас, хэрэв бид наманчилбал өөрсдийн гэм нүглээс өршөөгдөнө гэдгийг гэрчил. Түүний бидний өмнөөс хийсэн золиослолын ачаар бидэнд мөнхийн гэр бүлийн нэгэн хэсэг болж, Тэнгэрлэг Эцэгтэйгээ амьдрахаар эргэн очих зам бэлтгэгдсэн юм. Есүс Христ Тэнгэрлэг Эцэгээ болон биднийг агуу их хайрладаг учраас Цагаатгалыг хүлээн авсан юм. Суралцагчдыг өөрсдийн амьдралд Цагаатгалын адислалуудыг хэрхэн илүү үр дүнтэй эрэлхийлж, ач тусыг нь авч болох талаар тунгаан бодоход урамшуулан дэмж.

Aлмa 7:11–13

Есүс Христийн Цагаатгал нь Түүний ач ивээлийг буюу боломжийг олгогч хүчийг бидэнд өгдөг.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэллийн дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчийг чанга уншихад урь:

Ахлагч Нийл А.Максвэлл

“Тарчлал нь бүрэн дүүрнээрээ ирэх үед, энэ нь ер бусын оюун ухаантай Түүний төсөөлж байснаас ч илүү хүнд хэцүү байсан юм! …

“Өнгөрсөн, одоо, ирээдүйн бүхий л мөнх бус гэм нүглийн нэгдмэл ачаалал нь тэрхүү төгс, нүгэлгүй, эмзэг Бодгаль дээр буусан. Бидний бүх өвчин зовлон ямар нэг байдлаар Цагаатгалын аймшигт тооцооллын нэг хэсэг байсан билээ. (Алма 7:11–12; Исаиа 53:3–5; Матай 8:17-г үзнэ үү.) …

“… Хязгааргүй аймшигт байдал мэт—Түүний зовлон шаналал нь Түүнийг загалмай дээрээ уйлахад хүргэсэн бөгөөд Тэр орхигдсондоо уйлсан байв. (Матай 27:46-г үзнэ үү.)” (“Willing to Submit,” Ensign, 1985 оны 5-р сар, 72–73).

  • Та ахлагч Максвэлл “Цагаатгалын аймшигт тооцоолол” гэсэн үгээрээ юуг хэлсэн гэж бодож байна вэ?

  • Бидний гэм нүглээс гадна Аврагчийн зовлон шаналалд өөр юу нөлөөлсөн болохыг ахлагч Максвэлл тодорхойлсон бэ?

Нэг суралцагчийг Алма 7:11-13-ыг чанга уншихад урь. Ангийн үлдсэн хэсгээс дагуулан уншиж, Аврагчийн мөнх бус амьдралдаа зовж байсан өөр бусад нөхцөл байдлыг олж тогтоохыг хүс. Суралцагчдаас олсон зүйлээ хуваалцахыг хүсэж, тэдний хариултыг самбар дээр бич. (Хариултуудад зовлон, шаналал, уруу таталт, өвчин, сул дорой байдал болон үхэл орсон байж болно.) Эдгээр нөхцөл байдлын утга учрыг, мөн бид эдгээр зүйлийг үзэж туулахад Есүс Христ Ариун Сүнсээр дамжуулан хэрхэн биднийг адислах талаар ярилц.

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын дараах мэдэгдлийг уншихад урь:

Ахлагч Дэвид А.Бэднар

“Аврагч зөвхөн бидний гэм нүглийн төлөө төдийгүй бас бидэнд байнга тохиолддог алдаа дутагдал, шударга бус явдал, өвчин зовлон, сэтгэл санааны дарамтын төлөө зовж шаналсан юм. Аврагч урьтаж биеэр амсаагүй бие махбодын тийм өвдөлт, уй гашуу, сэтгэл санааны зовлон, өвчин эмгэгийг бид амьдралынхаа аяны үеэр үзэхгүй өнгөрнө гэж байхгүй. “Үүнийг хэн ч ойлгодоггүй. Хэн ч мэддэггүй” хэмээн бид цөхөрч гутарсан үедээ дуу алддаг. Үүнийг мэддэг хүн ер нь байдаггүй биз ээ. Гэвч Бурханы Хүү бидний ачаа дарамтыг биднээс өмнө мэдэрч, өөрөө үүрсэн учраас биднийг төгс мэдэж, төгс ойлгодог юм. Тэрбээр энэхүү ачаа дарамтын төлөөсийг бүрэн төлж, өөрөө үүрсэн болохоор биднийг төгс ойлгож, амьдралын маань олон үе шатанд нигүүлслийн мутраа сунгадаг билээ. Тэрээр бидэнд өөрсдийн хүчээр яагаад ч хүрч чадахааргүй түвшинд хүрэхэд, мөн өөрсдийн хүчээр хийж чадахгүй зүйлсийг хийхэд тусалж чадна. (“The Atonement and the Journey of Mortality,” Ensign, 2012 оны 4-р сар, 47).

Ахлагч Бэднарын заасан сургаалыг хэрхэн дүгнэж болохыг суралцагчдаас асуу. Дараа нь асуу:

  • Цагаатгалаар дамжуулан боломжтой болсон адислалууд нь хэрхэн бидэнд Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуйд эргэж очих боломжийг олгодог вэ? (Суралцагчдыг хариулах үед Есүс Христийн Цагаатгалын ачаар бид Ариун Сүнсээр дамжуулан “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих” [Алма 7:11] ) тайтгарал, хүч чадлыг хүлээн авч чадна гэдгийг онцолж хэл.)

Суралцагчдад Аврагчийн боломж олгогч хүч эсвэл ач ивээлийг ойлгоход нь туслахын тулд суралцагч бүрийг дараах судрын шүлгүүдээс нэгийг судалж, сурсан зүйлээ хуваалцахаар бэлдэхэд урь. (Эдгээр эшлэлийг самбар дээр бичиж болно.)

2 Коринт 12:7-10

Moзая 3:19

Мозая 24:10-15

Алма 31:24–25, 31–33, 38

Ифeр 12:27

Хангалттай хугацаа өнгөрсний дараа дараах асуултуудыг тавь:

  • Эдгээр сударт дүрслэгдсэн хүмүүс Цагаатгалаар дамжуулан Есүс Христээр хүчирхэгжсэн арга замуудын талаар бодож үз. Та эсвэл таны мэддэг хэн нэгэн хүн хэзээ үүнтэй адил арга замаар хүчирхэгжиж байсан бэ?

  • Бидэнд Есүс Христийн боломж олгогч хүчийг хүлээн авах боломж бий гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчийг үүнийг чанга уншихад урь:

Ахлагч Ричард Г.Скотт

“Бид бүгдээрээ Есүс Христийн Цагаатгалын ач холбогдлын талаарх ойлголтоо батжуулах зайлшгүй шаардлагатай. Ингэснээр энэхүү ойлголт нь бидний амьдралын үндэс суурь байх болно. …

“Бидний Аврагч мөн Гэтэлгэгч Есүс Христийн тэнгэрлэг дуудлагын төгс биелэлтийн юутай ч харьцуулшгүй, мөнхийн бөгөөд хэмжээлшгүй үр дагаврын талаар бие даан судалж, илүү сайн ойлгож, талархахыг би та нарт чин сэтгэлээсээ уриалж байна” (“Тэр амьд! Түүний нэр алдаршиг!” Ensign эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77).

Та хичээлийн төгсгөлд Есүс Христ ба Түүний Цагаатгалын талаар судлах хувийн төлөвлөгөө гаргахад суралцагчдыг урамшуулан дэмж.

Суралцагчийн унших материал