Институт ба семинар
21-р хичээл: Есүс Христ Өөрийн сүмийг зохион байгуулсан


21-р хичээл

Есүс Христ Өөрийн сүмийг зохион байгуулсан

Оршил

Есүс Христ мөнх бус дэлхий дээрх 3 жилийн тохинууллынхаа үеэр арванхоёр төлөөлөгчдөө санваарын түлхүүрүүдийг өгсөн юм. Эдгээр түлхүүрээр дамжуулан Есүс Христийн Сүм “бошиглогч болон төлөөлөгчдийн суурин дээр баригдсан юм” (Ефес 2:20). Энэ хичээлээр, Аврагч амилсныхаа дараа, тараагдсан Израилийг цуглуулах Абрахамын гэрээг гүйцэлдүүлэхэд тэдний тусламжийг авахын тулд Ариун Сүнсний тохинууллаар дамжуулан Өөрийн төлөөлөгчдийг болон Сүмийг хэрхэн үргэлжлүүлэн удирдаж, чиглүүлж байсан талаар ярилцана.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Жэффри Р.Холланд, “Prophets, Seers, and Revelators,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 11-р сар, 6-9

Заах зөвлөмж

Матай 10:1–4; 16:19; 17:3–7; 18:18; Ефес 2:19–20; 4:11–14

Есүс Христ төлөөлөгч, бошиглогчдын суурин дээр Өөрийн Сүмийг зохион байгуулсан

Суралцагчдад нэг эсвэл багц түлхүүр үзүүлж, сайн мэдээний хүрээнд бид түлхүүр гэдэг үгийг ямар утгаар ашигладгийг асуу. Хэдэн суралцагчийг дараах судрын уялдаа холбоо бүхий шүлгийг ээлжлэн уншихад урь. Ангийнхнаас даган уншиж, шүлэг бүрд дүрслэгдсэн эсвэл далд утгаар илэрхийлсэн гол үйл явдлыг олж тогтоохыг хүс.

  • Матай 10:1–4 (Төлөөлөгчдийг дуудаж, эрх мэдэл олгов)

  • Матай 16:19 (Санваарын түлхүүрүүдийг Петрт амлав [Судруудын удирдамж, “Санваарын түлхүүрүүд”; scriptures.lds.org вэбсайтыг үзнэ үү].)

  • Матай 17:3–7 (“Аврагч, Мосе, Елиа нар түлхүүрүүдийг Петр, Иаков, Иохан нарт уулан дээр түүний өмнө хувирахад өгсөн юм” [Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалууд: Иосеф Смит (2007), 105]).

  • Матай 18:18 (Газар, тэнгэрт холбох ба тайлах талаарх энэхүү эшлэл нь цаад утгаараа санваарын түлхүүрүүд бусад төлөөлөгчид мөн адил амлагдсан болохыг хэлж байгаа болно).

Та эдгээр шүлэгт дурдсан буюу далд утгаар илэрхийлсэн “түлхүүрүүд” нь холбох хүч гэдэгтэй адил утгатай гэдгийг тайлбарлаж болно (Боид К.Пакэр, The Holy Temple [1980], 81–87).

Суралцагчдаас дараах зүйлийг асуу:

  • Санваарын түлхүүрүүд гэдэг нь ямар утгатай вэ?

  • Төлөөлөгчид санваарын түлхүүрүүдийг атгах нь яагаад чухал вэ?

Нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг уншихыг хүс.

Ахлагч Даллин Х.Өүкс

“‘Санваарын түлхүүрүүд бол санваарын удирдагчдад Түүний санваарыг дэлхий дээр хэрэглэх, удирдах, хянах, засаглах Бурханаас олгосон эрх мэдэл юм’ [Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 2.1.1]. Сүмд хийгдэж байгаа бүх үйлдэл, ёслол нь тэрхүү үйл ажиллагаа ёслолуудын түлхүүрийг атгадаг нэгний шууд эсвэл шууд бус зөвшөөрлийн дагуу гүйцэтгэгддэг. Ахлагч М.Рассэллийн тайлбарласнаар: ‘Санваарын түлхүүрүүдийг атгагч тэдгээр нь … өөрсдийн удирдлага дор итгэлтэй үйлчилж байгаа бүгдэд санваарын эрх мэдлийг ашиглаж мөн санваарын хүчийг хэрэглэх боломжийг олгодог’ байна [М.Рассэлл Баллард, “Men and Women in the Work of the Lord,” New Era, 2014 оны 4-р сар, 4; Лиахона, 2014 оны 4-р сар, 48]” (“Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 49).

  • Санваарын түлхүүрүүд нь ямар арга замаар Сүмийн гишүүн бүрийг адисалдаг вэ?

Нэг суралцагчийг Ефес 2:19-20-ийг чанга уншихад урь. Дараа нь ангийнхнаас асуу:

  • Бид энэ шүлгээс Аврагчийн Сүмийн суурийн талаар юу олж мэдсэн бэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тодорхойлсон байх ёстой: Булангийн чулуу болох Есүс Христ нь төлөөлөгч, бошиглогчдын суурин дээр Өөрийн Сүмийг зохион байгуулсан.)

  • Суурь болон булангийн чулуу нь барилгад ямар үүрэгтэй вэ? (Суурь нь барилгыг бөх бат болгож, тулгуур болж өгдөг. Суурин дээр тавигддаг хамгийн эхний чулууны хувьд булангийн чулуу нь суурийн бусад бүх чулууны байрлал тогтоогч эх цэг нь болж өгдөг бөгөөд барилгын байрлалыг бүхэлд нь тодорхойлдог байна. Энэ нь бас ханыг байранд нь тогтооход тусалдаг.)

Суралцагчдыг хажуудаа сууж байгаа хэн нэгэнтэй дараах асуултуудыг ярилцахад урь:

  • Есүс Христ ямар учраас Сүмийн “гол булангийн чулуу” болдог вэ?

  • Энэ судар бидэнд Аврагч (булангийн чулуу) болон төлөөлөгч, бошиглогчдын (суурь) хоорондын харилцааны талаар юу зааж байна вэ?

Нэг суралцагчийг Ефес 4:11-14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас даган уншиж, яагаад бидэнд гэгээнтнүүдийг удирдах төлөөлөгч, бошиглогчид болон Сүмийн бусад удирдагч хэрэгтэй болохыг тайлбарласан Паулын өгсөн шалтгаануудыг олж тогтоохыг хүс.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Ахлагч Жэффри Р.Холланд

“Түүнийг дэлхийгээс авагдсаны дараа ч гэсэн Түүний удирдлага дор үргэлжлэх Сүмийг зохион байгуулахын тулд Есүс ‘… залбирахаар ууланд гарч, бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв.

“‘Өглөө болоход Тэр шавь нараа Өөр уруугаа дуудаад, тэднээс арван хоёрыг сонгон, элч нар гэж нэрлэжээ’ [Лук 6:12–13].

“Сүүлд Паул Аврагч Өөрийн үхэл гарцаагүйг мэдэж, Сүмд ‘… элч нар болон эш үзүүлэгчдийн суурийг’ өгөхийн тулд үүнийг хийсэн гэж заасан байдаг [Ефес 2:19–20-ийг үзнэ үү]. Эдгээр Ах болон Сүмийн бусад албан тушаалтан амилсан Христийн удирдлага дор үйлчлэх юм.

“Яагаад? Олон шалтгааны нэг нь ‘бид цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир арганд туугдахгүй’-н тулд байв [Ефес 4:14]” (“Prophets, Seers, and Revelators,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 11-р сар, 6–7).

  • Та нар орчин үеийн бошиглогч, төлөөлөгчид ямар арга замаар Сүмийн үндэс суурийн бат бөх, тогтвортой байдлыг хангаж байгааг харсан бэ?

Үйлс 2:1–6, 14–26; 4:1–13, 18–21; Үйлс 10:9–20, 25–28, 34–35, 44–48; Үйлс 15:1–20

Есүс Христ Ариун Сүнсээр дамжуулан төлөөлөгчдийг удирддаг

Нэг суралцагчаас Үйлс 1:1-2-ыг чанга уншихыг хүс. Дараа нь ангийнхнаас асуу:

  • Лук нь амилсан Есүс Христ тэнгэрт дээш өргөгдсөнийхөө дараа Өөрийн төлөөлөгчдийг хэрхэн үргэлжлүүлэн удирдсан гэж хэлсэн бэ? (Тэр Ариун Сүнсээр дамжуулан зарлигууд болон заавар өгсөн).

Есүс Христ амилж, тэнгэрт дээш өргөгдсөнийхөө дараа Ариун Сүнсний тохинууллаар дамжуулан төлөөлөгчдийг удирддаг байсан гэдгийг гэрчил. Энэхүү удирдамжийн талаарх жишээнүүдийг суралцагчдад олж харахад нь туслахын тулд ангийг дөрвөн бүлэгт хувааж, тэдэнд дараах даалгавруудыг өг:

  • Үйлс 2:1–6, 14–26-г судалж, Пентекостын өдөр Ариун Сүнс Петрт болон төлөөлөгчдөд хэрхэн тусалж байсан талаар олж мэдэх

  • Үйлс 4:1–13, 18–21-ийг судалж, иудейчуудын удирдагчдад хариулахад Ариун Сүнс Петрт хэрхэн тусалсан талаар олж мэдэх

  • Үйлс 10:9–20, 25–28, 34–35, 44–48-ыг судалж, Петрт Сүмийн чухал өөрчлөлт хэрхэн илчлэгдсэн талаар олж мэдэх

  • Үйлс 15:1–20-ийг судалж, Есүс Христийн Ариун Сүнсээр дамжуулж өгсөн илчлэлт нь Петрийн шийдвэрт болон Иерусалимийн чуулган дээр Сүмийн бусад удирдагчаар уг шийдвэр дэмжигдэхэд хэрхэн нөлөөлсөн талаар олж мэдэх

Хангалттай хугацаа өнгөрсний дараа, бүлэг бүрийн гишүүдээс уншсан зүйлээ дүгнэж, Есүс Христ хэрхэн Ариун Сүнсний тохинууллаар дамжуулан Сүмийн удирдагчдыг удирдсан талаар тайлбарлахыг хүс. Ариун Сүнс Өөрийн үүргийг Аврагчийн удирдлага дор гүйцэтгэдэг гэдгийг тайлбарла (Иохан 16:13–14-ийг үзнэ үү).

Бидний Мормоны Номон дээрээс уншиж байсан Сүмийн удирдагчид ч мөн адил үйлчилж байхдаа Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авдаг байсныг үзүүлэхийн тулд 3 Нифай 19:7–9, 19–20-ийг ашиглаж болно.

Дараах асуултыг суралцагчидтай ярилц:

  • Есүс Христ үхсэнийхээ дараа ч гэсэн Өөрийн төлөөлөгчдийг үргэлжлүүлэн удирдаж байсныг мэдэх нь яагаад чухал болохыг та нар хэн нэгэнд хэрхэн тайлбарлах вэ?

Есүс Христ одоогийн Сүмийн удирдагчдыг Ариун Сүнсээр дамжуулан удирддаг

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Томас С.Монсоны болон Хэнри Б.Айрингийн дараах мэдэгдлүүдийг үзүүлж (эсвэл ангийнханд тарааж өгөх), нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Бидний Аврагч Есүс Христ Өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн энэ Сүмийн тэргүүнд байдаг гэдгийг би гэрчилж байна. Энэ амьдралын хамгийн сайхан туршлага бол Өөрийн ажлыг урагшлуулахад биднийг удирдахын тулд Түүний өдөөлтүүдийг мэдрэх явдал гэдгийг би мэднэ (Томас С.Монсон, “Looking Back and Moving Forward,” Ensign эсвэл 2008 оны 5-р сарын Ерөнхий чуулган, 88).

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Илчлэлт ба сүнслэг удирдамж [ерөнхийлөгч Томас С.Монсонд] миний дэргэд ирсээр байгаа нь Бурхан [бошиглогчийн атгадаг санваарын түлхүүрүүдийг] хүндэтгэдгийг надад баталж өгч байгаа юм. Би энэ бүхнийг өөрийн нүдээр харсан гэрч юм” (Хэнри Б.Айринг, “The True and Living Church,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 24).

  • Эдгээр мэдэгдэл нь Шинэ Гэрээний үед байсан сүм, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хоёр хэрхэн ижил төстэй болохыг харуулж байна вэ? (Суралцагчдад дараах үнэнийг ойлгоход тусал: Есүс Христ Шинэ Гэрээний цаг үед Өөрийн төлөөлөгчдийг удирдан чиглүүлж байсантай адил өнөөдөр ч гэсэн Сүмийн удирдагчдыг ариун сүмийн тохинуулал гэх мэт олон арга замаар удирдан чиглүүлдэг.)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Ангийнхнаас уг мэдэгдлийг сонсоод, Сүмийн удирдагчид яагаад Аврагчаар удирдуулах хэрэгтэй болох талаар бодож үзэхийг хүс.

Ахлагч Жэффри Р.Холланд

“Сүмийн төлөөлөгч, бошиглогчийн суурь бүхий л цаг үед, ялангуяа хүнд хэцүү эсвэл аюул заналхийллийн үед, болон бид хүүхэд адил эргэлзэж эсвэл төөрч будилсан, магадгүй бага зэрэг айдаст автсан үед, мөн хүмүүсийн хорон муу гар эсвэл чөтгөрийн хорон санаа үймээн самуун дэгдээж эсвэл мэхлэхийг оролдох үед адислах зориулалттай билээ. Өнөөгийн бидний үед ийм цаг үе ирэхэд хамгаалах зорилгоор Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынхан бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн, мөн ахмад төлөөлөгч болох Сүмийн ерөнхийлөгч нь дээд бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн Бурханаар томилогдож, та нараар дэмжигдсэн бөгөөд Сүмийн илчлэх, удирдах бүх түлхүүрийг зөвхөн эдгээр хүнд ашиглахыг зөвшөөрсөн байдаг юм. Шинэ Гэрээний болон Мормоны Номын үед, мөн орчин үед эдгээр албан хаагч нь үнэн Сүмийн суурь чулуунуудыг бурдүүлдэг бөгөөд гол булангийн чулуу болох Бурханы Хүү, [Есүс] Христ болох Гэтэлгэгчийн хад”-ыг тойрон байрлаж, өөрсдийн хүч чадлыг авч байгаа билээ [Хиламан 5:12]” (“Prophets, Seers, and Revelators,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 11-р сар, 7).

Суралцагчдаас дараах асуултуудын заримыг, эсвэл бүгдийг асууж шалга:

  • Та Сүмийн тэргүүлэх албан тушаалтнууд гол булангийн чулуу болох Есүс Христийг тойрч, өөрсдийн хүч чадлыг авдаг гэдэг нь юу гэсэн үг гэж бодож байна вэ?

  • Та өнөөдөр Сүмийг тэргүүлж буй хүмүүсийг Аврагч удирддаг гэсэн ямар нотолгоог харж эсвэл мэдэрч байсан бэ?

  • Ерөнхий чуулганд ямар арга замаар оролцох нь Христэд ирж, төлөөлөгч, бошиглогчдын суурин дээр өсөж хөгжихөд танд тусалж байсан бэ?

Самбар дээр дараах асуултуудыг үзүүлж эсвэл бич: Суралцагчдыг эдгээр асуултын талаар тунгаан бодож, дараа нь хувийн эсвэл судрын тэмдэглэл дээрээ тэдгээр зүйл дээрээ сайжрах төлөвлөгөө гарган бичихэд урь.

Би Аврагчийн орчин үеийн төлөөлөгчдийн тухай гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж чадах вэ?

Би Есүс Христэд суурилсан байж болохын тулд орчин үеийн бошиглогчдыг ямар арга замаар илүү сайн түшиглэж чадах вэ?

Суралцагчийн унших материал