19-р хичээл
Тэр амилсан
Оршил
“[Есүс Христ] ‘нойрсогсдоос эхний үр жимс болохын тулд’ үхэгсдээс амилсан юм (1 Коринт 15:20). Тэрээр амилсан Их Эзэний хувьд амьдралдаа хайрлаж байсан хүмүүс дээрээ ирсэн” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 3). Энэ хичээлээр Есүс Христийн амилалттай холбоотой сургаал ба үйл явдлуудыг заах болно. Суралцагчид амилалтын талаарх ойлголт, гэрчлэлээ өсгөснөөр тэд мөнх бус амьдралын сорилт бэрхшээлүүдтэй нүүр тулгарах үед ирээдүйн төлөв ба найдварыг олж авах болно.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Д.Тодд Кристоффэрсон, “Есүс Христийн амилалт,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган
-
Даллин Х.Өүкс, “Resurrection,” Ensign, 2000 оны 4-р сар, 14-16
Заах зөвлөмж
1 Коринт 15:12-29
Есүс Христийн амилалт
Бошиглогч Иосеф Смитийн (1805–1844) хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчийг чанга уншихад урь.
“Манай шашны тулгуур зарчим бол Есүс Христ егүүтгэлээр наснаас хальж оршуулагдаад, гурав дахь өдрөө амилж, тэнгэрт дээш одсон тухай бошиглогч, төлөөлөгчдийн гэрчлэл юм. Ийнхүү манай шашинд холбогдолтой бусад бүх зүйл нь ердөө л энэ гэрчлэлийн хавсралтууд юм” гэж тайлбарласан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаал: Иосеф Смит [2007], 49).
Суралцагчидтай дараах асуултыг ярилц:
-
Та нар яагаад сайн мэдээний бусад бүх сургаал нь Есүс Христийн үхэл, оршуулга, амилалтын “хавсралт” болдог гэж бодож байна вэ?
Суралцагчдыг Исаиа 25:8; Мозая 16:7–8 болон Алма 33:22-ыг чимээгүй уншиж, Есүс Христийн амилалтын талаар эртний бошиглогчид юу гэж бошиглосныг олж мэдэхэд урь. Олж мэдсэн зүйлээ тайлагнахыг тэднээс хүс.
Самбар дээр дараах хүснэгтийг буулган зур:
Есүс үхэгсдээс боссон учраас … |
Хэрэв Есүс үхэгсдээс босоогүй байсан бол … |
Ангийн нэг хагасыг хүснэгтийн зүүн талын баганад байгаа судрын хэсгүүдийг судалж, Есүс Христийн амилалтаар дамжуулан бидний хүлээн авдаг адислалуудыг олж мэдэхэд урь. Ангийн нөгөө хагасыг хүснэгтийн баруун талын баганад байгаа судрын хэсгүүдийг судалж, Есүс үхэгсдээс босоогүй байсан бол юу тохиолдох байсныг олж мэдэхэд урь. Хангалттай хугацаа өнгөрсний дараа сурсан зүйлээ тайлбарлах хүсэлтэй хүн байгаа эсэхийг асуу. Дараах асуултыг тавьж, эдгээр шүлгийн зааж буй сургаалыг тодорхойлоход суралцагчдад тусал:
-
1 Коринт 15:20-д тэмдэглэгдсэнээр, төлөөлөгч Паул Есүсийг “нойрсогсдоос эхний үр жимс” байсан хэмээн хэлсэн байна. Энэ хэллэг нь юу гэсэн үг вэ? (Есүс бол амилсан анхны хүн юм.)
Суралцагчдаас 1 Коринт 15:22-ыг дахин уншихыг хүс. Дараа нь асуу:
-
Есүс Христ амилсан учраас бидний хүлээн авдаг нийтлэг адислалыг та нар хэрхэн дүгнэн хэлэх вэ? (Суралцагчид дараах зарчмыг илэрхийлсэн байх ёстой: Есүс Христийн Цагаатгал ба амилалтын ачаар мөнх бус байдалд төрсөн бүх хүн амилах болно.)
Нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Ховард В.Хантэр (1907–1995) болон ерөнхийлөгч Марион Ж.Ромнигийн дараах мэдэгдлүүдийг чанга уншихад урь:
“Амилалтгүйгээр Есүс Христийн сайн мэдээ нь мэргэн цэцэн өгүүлэл, тайлбарлах боломжгүй гайхамшгуудын хоосон цуглуулга боловч ямар ч эцсийн ялалтгүй өгүүлэл, гайхамшгууд байх байсан. Тэгвэл, хүн төрөлхтний түүхэнд анх удаа үхсэн хүн үхэшгүй байдалд өөрийгөө босгосон тул эцсийн ялалт нь эцсийн гайхамшиг юм. Тэр бол Бурханы Хүү, бидний Тэнгэр дэх үхэшгүй Эцэгийн Хүү байсан бөгөөд Түүний бие махбодын болон сүнслэг үхлийн ялалт нь Христийн шашинтан хүн бүр ярих ёстой сайн мэдээ билээ” (Ховард В.Хантэр, “An Apostle’s Witness of the Resurrection,” Ensign, 1986 оны 5-р сар, 16).
“‘Тэр амилсан; тэр одоо энд байхгүй.’ (Maрк 16:6.) Энгийн, уран цэцэн хэлсэн эдгээр үг нь тэмдэглэгдэн үлдсэн түүхийн хамгийн чухал үйл явдлыг тунхагласан билээ” (Марион Ж.Ромни, “The Resurrection of Jesus,” Ensign, 1982 оны 5-р сар, 6).
-
Яагаад Есүс Христийн амилалт “тэмдэглэгдэн үлдсэн түүхийн хамгийн чухал үйл явдал” гэж та нар бодож байна вэ?
-
Есүс Христийн амилалтын ачаар Тэнгэрлэг Эцэгийн дэлхий дээр төрсөн бүх хүүхэд амилах болно гэдгийг мэдсэнээр та нарт ямар бодол, мэдрэмжүүд төрж байна вэ?
Амилалт нь биднийг зөвхөн бие махбодын үхлээс төдийгүй, бас сүнслэг үхлээс гэтэлгэдэг гэдгийг тайлбарла. Амилуулалт байгаагүй бол бүх хүн эцэст нь чөтгөртэй адил болох байсан (2 Нифай 9:6–9-ийг үзнэ үү).
Есүс Христийн амилалт нь Цагаатгалыг гүйцэлдүүлсэн бөгөөд Бурханы хүүхдүүдийг Түүн рүү эргэн очих боломжтой болгосон гэдгийг гэрчил.
Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20
Амилсан Есүс Христийн гэрчүүд
Суралцагчдад дараах хүснэгтийг тараах материал болгон өг:
Амилсан Есүс Христийн талаарх Шинэ Гэрээний үзэгдлүүд
Тайлбар |
Зочилсон хүмүүс |
Өдөр эсвэл цаг |
Байршил |
Юу тохиолдсон |
---|---|---|---|---|
Суралцагч бүрд хүснэгтийн нэг юм уу хоёр мөр оноож өг. Тэднээс оноогдсон мөрнүүд дээрх судрын хэсгүүдийг судалж, амилсан Аврагч хэн дээр айлчилж очсоныг олж тогтоохыг хүс. Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Цаг бага учраас тайлангаа товч байлгахыг суралцагчдаас хүс. Дараа нь дараах асуултуудыг ярилц:
-
Та нар энэ үйл ажиллагаагаар амилсан Аврагчийн олон үзэгдлийн талаар юу сурсан бэ, мөн хүн бүрд ямар зүйл тохиолдсон бэ?
-
Эдгээр шүлгээс гадна амилсан Есүс Христийн талаар өөр бусад ямар гэрчийг судар дээрээс олж болох вэ? (Суралцагчид нифайчууд эсвэл бошиглогч Иосеф Смит гэсэн гэрчүүдийг дурдаж болох юм.)
-
Амилсан Аврагчийг харсан олон гэрч байсан гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ? (Суралцагчдад дараах үнэнийг ойлгуул: Олон хүн амилсан Есүс Христийг гэрчилсэн учраас Тэр амьд бөгөөд бид ч гэсэн нас барсныхаа дараа дахин амьдрах болно гэдэгт бид итгэлтэй байж чадна).
Аврагчийн амилалтын талаарх сургаалын далд утгуудыг болон яагаад Иосеф Смитийн зааснаар бусад бүх зарчим нь Есүс Христийн үхэл ба амилалтын дагалдах зүйлс болдгийг илүү сайн ойлгоход суралцагчдад туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны дараах мэдэгдлийн нэг хувийг суралцагч бүрд өг. Нэг суралцагчаас мэдэгдлийг чанга уншихыг хүс.
“Хэрэв Есүс үнэхээр амилсан юм бол Тэр бурханлаг биетэй гэдгийг энэ нь зайлшгүй нотолно. Ямар ч мөнх бус бие үхсэний дараа өөрийгөө амилуулах хүчгүй. Есүс амилсан учраас Тэрээр ердийн нэг мужаан, багш, эсвэл бошиглогч биш болж таарлаа. Тэр амилсан учраас Бурхан, бүр Эцэгийн Төрсөн Ганц Хүү байх учиртай.
“Тиймээс, Түүний заасан зүйлс нь үнэн; Тэр худал хэлж эс чадна [Инос 1:6-г үзнэ үү].
“Тиймээс, Түүний хэлснээр Тэр дэлхийн Бүтээгч юм [жишээг 3 Нифай 9:15-аас үзнэ үү].
“Тиймээс, Түүний зааснаар тэнгэр болон там нь бодит билээ [жишээг С ба Г 76-гаас үзнэ үү].
“Тиймээс сүнсний дэлхий байдаг ба Тэрээр нас барсныхаа дараа тэнд зочлон очсон юм [С ба Г 138-ыг үзнэ үү].
“Тиймээс, тэнгэр элчүүдийн хэлснээр Тэрээр дахин ирж [Үйлс 1:10–11], мөн ‘дэлхий дээр өөрийн биеэр хаанчлах болно’ [Итгэлийн тунхаг 1:10; Мөн Сэдвийн удирдамж, “Есүс Христ, мянган жилийн засаглал”].
“Тиймээс, бүх хүмүүн амилж, мөн эцсийн шүүлтийн өмнө очих болно [жишээг 2 Нифай 9:15-аас үзнэ үү].
“Христийн амилалт үнэн бодитой учраас дэлхийн гэтэлгэлийн төлөө Өөрийн Төрсөн Ганц Хүүг өгсөн Бурхан Эцэгийн хүч, мэдлэг, хайр энэрлийн талаарх аливаа эргэлзээ үндэслэлгүй юм. Амьдралын утга учир, зорилгын талаарх эргэлзээ нь ч утга учиргүй юм. Есүс Христ бол бүх хүн төрөлхтөнд аврал ирж болох цорын ганц нэр бөгөөд зам мөн. Нүглээ наманчлагч нүгэлтэнг өршөөж, цэвэршүүлдэг Христийн ач ивээл үнэн бодитой билээ. Үнэн итгэл бол ямар нэгэн төсөөллөөс, эсвэл санаанаасаа зохиосон ямар нэг зүйлээс илүү чухал. Туйлын үнэн гэж байдаг. Түүний заасан бодит, хэзээ ч өөрчлөгдөшгүй ёс суртахууны жишиг гэж бас байдаг.
Христийн амилалт үнэн бодитой учраас Түүний хууль, зарлигийг зөрчсөн л бол заавал наманчлах ёстой бөгөөд наманчлал боломжтой юм. Аврагчийн гайхамшгууд үнэн бодитой бөгөөд шавь нартаа та нар Миний адил зүйлийг хийх болно, мөн бүр илүү агууг хийх болно гэсэн Түүний амлалт бодитой билээ [Иохан 14:12-ыг үзнэ үү]. … Христийн амилалт бодитой учраас үхэл бидний төгсгөл биш бөгөөд ялзрал нь [бидний бие махбодыг] устгаж болох ч [бид] махан биеэрээ Бурханыг харах болно [Иов 19:26]” (“Есүс Христийн амилалт,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 113, 114).
-
Ахлагч Кристоффэрсоны мэдэгдэл сэргээгдсэн сайн мэдээний сургаал дахь Аврагчийн амилалтын гол хэсгийг хэрхэн харуулж байна вэ?
Амилалтын бодит байдал хэрхэн тэдэнд нөлөөлж болохыг суралцагчдадаа илүү сайн ойлгоход туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчийг үүнийг чанга уншихад урь:
“Амилалтаар дамжуулан бидэнд өгөгдсөн ‘амьд найдвар’ бол үхэл нь бидний амьдралын төгсгөл биш бөгөөд харин мөнх бусаас үхэшгүй байдал руу шилжихэд зайлшгүй хийх шаардлагатай алхам гэсэн бидний итгэл үнэмшил юм. Энэ найдвар нь мөнх бус амьдралын талаарх ойлголтыг бүхэлд нь өөрчилдөг. …
“Амилна гэсэн баталгаа нь бид төрөхдөө эсвэл мөнх бус амьдралынхаа явцад олж авдаг бие махбод, сэтгэц, эсвэл сэтгэл санааны дутмаг байдал зэрэг бидэнд болон бидний хайртай хүн болгонд тохиолддог мөнх бус байдлын сорилт бэрхшээлүүдийг даван туулах хүч чадал, ойлголтыг өгдөг юм. Амилалтын ачаар эдгээр мөнх бус дутмаг байдал нь зөвхөн түр зуурынх гэдгийг бид мэднэ!
“Мөн амилалтын баталгаа нь бидэнд мөнх бус амьдралынхаа турш Бурханы зарлигуудыг дагахад хүчирхэг түлхэц болж өгдөг. (“Resurrection,” Ensign, 2000 оны 5-р сар, 15).
-
Бидний хүн нэг бүр амилалт үнэн бодитой гэсэн гэрчлэлээ хөгжүүлэх нь яагаад чухал байдаг вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тодорхойлсон байх ёстой: Есүс Христийн амилалтын ачаар бид амьдралын сорилт бэрхшээл, зовлон зүдгүүрүүдтэй тулгарах үед найдвар болон мөнхийн ойлголтыг олж авч чадна.)
-
Амилалтын талаарх ойлголт нь танд эсвэл таны мэддэг хэн нэгэнд хэрхэн найдвар эсвэл баяр баясгалан авчирч байсан вэ?
Ерөнхийлөгч Дэвид О.Маккэйн (1873–1970) дараах мэдэгдлийг хуваалц:
“[Төлөөлөгчид] хоёр жил хагасын хугацаанд Христийн дэргэд байж дэмжлэг, сүнслэг удирдамж авч байв. Гэвч Тэр явсан байлаа. Тэд ганцаар үлдсэн бөгөөд төөрөлдсөн, арга мухардсан мэт болсон байв. …
“Чухам ямар зүйл эдгээр дагалдагчийг Есүс Христийн сайн мэдээний өөртөө итгэлтэй, эрэлхэг, баатарлаг номлогчид болгон гэнэт өөрчилсөн бэ? “Тэр бол Христ булшнаас боссон хэмээх илчлэлт байсан юм” (Teachings of Prsidents of the Church: David O. McKay [2003], 62).
Суралцагчдыг амилалтын талаарх захиасыг сонссоноор хүчирхэгжиж болох өөрсдийн таних хэн нэгний талаар бодож үзэхэд урь. Суралцагчдыг тэр хүнтэйгээ ойрын хугацаанд мэдрэмж, гэрчлэлүүдээ ярилцах цаг гаргахад уриал.
Суралцагчийн унших материал
-
Даллин Х.Өүкс, “Resurrection,” Ensign, 2000 оны 4-р сар, 14-16