15-р хичээл
Есүс Христ ариун ёслолыг эхлүүлсэн
Оршил
“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” дээр “[Есүс Христ] Өөрийн агуу их цагаатгах золиослолыг сануулахаар ариун ёслолыг эхлүүлсэн” гэсэн байдаг (Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2). Бид ариун ёслолоос хүртэх нь Аврагч сүв бүрээсээ цус урсгаж, бидний төлөө нас барсныг сануулдаг; мөн бид Их Эзэнтэй хийсэн гэрээнүүдээ шинэчилдэг.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Даллин Х.Өүкс “Ариун ёслолын цуглаан ба ариун ёслол,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 11-р сар, 17–20
-
Жэффри Р.Холланд “This Do in Remembrance of Me,” Ensign, 1995 оны 11-р сар, 67-69.
Заах зөвлөмж
Матай 26:26–28; Лук 22:15
Есүс Христ шинэ гэрээ байгуулав
Дагалдах зургийг эсвэл Сүүлчийн зоогийг харуулсан өөр нэг зургийг үзүүлж, нэг суралцагчийг зураг ямар үйл явдлыг өгүүлж байгааг тайлбарлахад урь:
Суралцагчдаас дараах зүйлийг асуу:
-
Аврагч Өөрөө ариун ёслолыг бэлтгэж, адисалж, танд өгсөн бол танд ямар санагдах байсан бэ?
Нэг суралцагчийг Лук 22:15-ыг чанга уншихад урь. Ангийнхныг хичээлийн үеэр Аврагч яагаад төлөөлөгчидтэйгөө хамт Дээгүүр өнгөрөх баярыг өнгөрүүлэхийг хүссэн талаар бодож үзэхэд урамшуулан дэмж.
Ангийнхныг дагаж уншуулангаа, нэг суралцагчийг Матай 26:26-28-ыг чанга уншихад урь. Testament гэдэг үгийг “covenant” гэсэн утгатай грек үгнээс орчуулагдсан гэдгийг тайлбарлан тодорхойл (мөн та энэ тодорхойлолтыг судрынхаа хажуу талд бичихийг суралцагчдадаа санал болгож болно). Дараах асуултыг ярилц:
-
Хэрэв Есүс шинэ гэрээслэл эсвэл гэрээ хийж байсан бол энэ нь аль гэрээг орлох байсан бэ?
Дараах мэдээлэл нь та нарын ярилцлагад тус болж болох нөхцөл байдлын талаар ойлголт өгнө. Эрт үед Иехова Израилийн хүүхдүүдтэй Өөрийн гэрээг хийх үед, Мосе тэдэнд Иеховагийн үгсийг зааж, харин хүмүүс тэдгээр үгийг дуулгавартай дагахаар гэрээнд орсон байна. Дараа нь Мосе амьтнаар тахил өргөж, уг амьтны цусыг авч, “Эдгээр бүх үгсийн дагуу Эзэний та нартай байгуулсан гэрээний цусыг үзэгтэн” гэж хэлэн, ард түмний дээгүүр цацав. (Египетээс гарсан нь 24:3–8-ыг үзнэ үү.) Есүс цусаа урсган, Бурханы хүүхдүүдтэй шинэ гэрээ байгуулах болно гэж заахдаа Мосегийн үгсийг дурдаж байсан байна (Израилийн хүүхдүүдийн хувьд, амьтны цусыг цацах нь Иеховатай хуучны гэрээнд орж байгааг бэлгэддэг байсантай адил юм). Есүс Өөрийн төлөөлөгчдөд аяга дарс өгөх үедээ хуучин гэрээ гүйцэлдэж, шинэ гэрээ байгуулсныг тэмдэглэжээ (Еврей 9:12–15-ыг үзнэ үү). Мосегийн хууль (хуучин гэрээ) нь олон талаараа Мессиагийн талаарх агуу бошиглол байв. Есүс Христ ялангуяа Өөрийн цагаатгагч золиослолоор дамжуулан уг хуулийн эцсийн зорилгод хүрч чадсан гэсэн утгаараа, тэрхүү бошиглолын биелэл байсан юм (2 Нифай 11:4; Иаков 4:5; Алма 34:13–14-ийг үзнэ үү).
-
Хуучин ба шинэ гэрээний аль алинд дээрх цусаар тахил өргөх гэдэг нь бидний анхаарлыг юунд хандуулж байна вэ? (Есүс Христийн Цагаатгал ба бидний нүглүүдийн ангижралын төлөө асгаруулсан Түүний цус).
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг харуулж, нэг суралцагчийг чанга уншихад урь:
“Ариун ёслол бол цусан тахилыг болон Мосегийн хуулийн шатаалт тахилуудыг орлосон ёслол бөгөөд үүгээр дамжуулан Их Эзэний амлалт ирдэг: ‘Мөн харууссан зүрх гэмшсэн сэтгэлтэйгээр надад ирэх хэнд боловч, түүнд би галаар мөн Ариун Сүнсээр баптисм хүртээнэ’ (3 Нифай 9:20)” (“Sacrament Meeting and the Sacrament,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 11-р сар, 19).
-
Одоогийн байдлаар бидний ярилцсан Сүүлчийн зоогийн талаарх үнэнүүдийг та нар хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчдыг хариулах үед Есүс Христ хуучин гэрээг гүйцэлдүүлсэн бөгөөд Тэрээр ариун ёслолоор дамжуулан шинэ гэрээг байгуулсан гэдгийг онцолж хэл).
Лук 22:14-20; 3 Нифай 18:7; 11
Ариун ёслол Аврагчийг дурсан санахад бидэнд тусалдаг
Суралцагчдыг хос болгон хуваарил. Хос бүрийг Лук 22:19–20; 3 Нифай 18:7, 11-ийг уншихад урь. Аврагч (шинэ гэрээ байгуулснаас гадна) ариун ёслолыг эхлүүлсэн болох өөр нэг шалтгааныг олж мэдэхийг тэднээс хүс. Дараах асуултуудыг ярилц:
-
Ариун ёслолыг эхлүүлэх өөр ямар шалтгааныг Аврагч өгсөн бэ? (Суралцагчид дараах үнэнийг тодорхойлсон байх ёстой: Бид ариун ёслолоос хүртэхдээ Аврагчийг дурсан санах ёстой).
-
Ариун ёслолоос хүртэхдээ Аврагчийг дурсан санахыг хичээх нь яагаад чухал вэ?
-
Бид Аврагчийг болон Түүний бидний төлөө хийсэн зүйлсийг дурсан санаж чадахгүй бол ариун ёслол ямар утга учиртай болох вэ?
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн үгээс хэсэгчлэн багтаасан, дагалдах тарааж өгөх материалыг хувилж, суралцагч бүрд өгч болно. Суралцагчдыг тарааж өгөх материалыг чимээгүй уншихад урь. Хангалттай цаг өнгөрсний дараа дараах асуултуудыг ярилц:
-
Та ариун ёслолыг түгээх үед Аврагч болон Түүний золиослолуудад анхаарлаа хандуулж чадахгүй байгаа хэн нэгэнд ямар зөвлөгөө өгөх вэ? (Та суралцагчдыг хариулж байх үед, бид долоо хоногийн турш Аврагчийн амьдрал ба тохинууллын талаар бодох боломжуудыг эрэлхийлбэл, ням гарагт ариун ёслолыг түгээх үеэр Түүн дээр анхаарлаа хандуулах нь илүү хялбар болно гэдгийг онцлон хэлж болно.)
-
Та ариун ёслолоос хүртэхдээ Аврагчийг болон Түүний Цагаатгалыг дурсан санахыг хичээснээрээ ямар адислалууд хүлээн авсан бэ?
1 Коринт 11:27-30; 3 Нифай 18:28-29; 20:8-9
Ариун ёслолоос зохистой хүртэх нь бидний гэрээнүүдийг шинэчилдэг
Суралцагчдыг 1 Коринт 11:27–30 болон 3 Нифай 18:28–29; 20:8–9-ийг чимээгүй уншиж, хооронд нь харьцуулахад урь. Тэднээс ариун ёслолын талаар өгөгдсөн нэгэн сэрэмжлүүлгийг олж тодорхойлохыг хүс. Дараа нь асуу:
-
Ариун ёслолоос зохисгүй хүртэх нь яагаад ухаалаг биш зүйлд ордог вэ?
Ариун ёслолоос зохистой хүртэх гэдэг нь ямар утга учиртай болохыг тайлбарласан Далын ахлагч Жонн Х.Гробэргийн дараах мэдэгдлийг хуваалцах нь тус болж болох юм:
“Хэрэв бид сайжрах (наманчлах гэсэн үг) хүсэлтэй бөгөөд санваарын аливаа хориг хязгаарлалтанд ороогүй бол миний бодлоор бид зохистой гэсэн үг юм. Гэхдээ, хэрэв бид сайжрах хүсэлгүй, мөн Сүнсний удирдамжийг дагах бодолгүй бол, бид ариун ёслолоос хүртэхүйц зохистой юу, эсвэл бид хувийн наманчлалыг болон өсөж хөгжих хүслийг өдөөх үүрэг бүхий ариун ёслолын эрхэм нандин зорилгыг элэглэн тохуурхаж байна уу? гэж асуух ёстой.” (“The Beauty and Importance of the Sacrament,” Ensign, 1989 оны 5-р сар, 38).
-
Зохистой хүртдэг тэдэнд ямар адислалууд өгөгддөг вэ? (3 Нифай 20:8-9-ийг үзнэ үү). (Хэрэв бид ариун ёслолоос залбиралтайгаар, мөн наманчилсан зүрх сэтгэлээр хүртвэл, баптисм хүртэхдээ хүлээн авсантай адил нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч чадна гэдгийг суралцагчдад ойлгуул).
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг харуулж, нэг суралцагчийг чанга уншихад урь:
“Бид баптисм хүртсэнийхээ дараа, цэвэршигдэх үйл явцыг үргэлжлүүлэхгүй бол бид бүгд сүнслэг зүйлсээс холдох юм. Бид Ариун Сүнсийг хамтрагчаа болгож чадахгүй бөгөөд эцсийн шүүлтээр ‘үүрд хаягдах’ (1 Нифай 10:21)-аас өөр аргагүй болно. Их Эзэн Өөрийн Сүмийн баптисм хүртсэн гишүүн бүрд нүглийн хир тортгоос тогтмол цэвэршигдэх боломжийг өгсөнд бид хэчнээн их талархаж байна вэ. Ариун ёслол нь энэхүү үйл явцын нэн чухал хэсэг нь юм (“The Aaronic Priesthood and the Sacrament,” Ensign, 1998 оны 11-р сар, 38).
-
Ахлагч Өүксийн хэлснээр ариун ёслол нь яагаад сайн мэдээний нэн чухал ёслол байдаг вэ?
Ахлагч Өүксийн өөр нэгэн мэдэгдлийг хуваалцана уу:
“Бидэнд нүглүүдээ наманчлан, харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр Их Эзэнд ирж, түүний гэрээнүүдийн дагуу ариун ёслолоос хүртэхийг тушаасан байдаг. Бид энэ арга замаар баптисмын гэрээгээ шинэчилбэл Их Эзэн бидний баптисмын ариусгагч нөлөөг шинэчилдэг. Ийнхүү бид цэвэршигдэж, мөн Түүний Сүнсийг өөрсөдтэйгээ үргэлж хамт байлгаж болох юм. Бид долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх ёстой гэсэн Их Эзэний өгсөн зарлигаас энэ нь ямар чухал болох нь тодорхой харагддаг (С ба Г 59:8–9)” (“The Aaronic Priesthood and the Sacrament,” Ensign, 1998 оны 11-р сар, 38).
Бид ариун ёслолоос зохистой хүртсэнээрээ “Их Эзэнтэй хийсэн бүх гэрээгээ шинэчилдэг” гэдгийг тайлбарлаж болно (Дэлбэрт Л.Стаплий, in Conference Report, 1965 оны 10-р сар, 14; налуу бичлэг нэмэгдсэн; мөн Л.Том Пэрри, “As Now We Take the Sacrament,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 41).
Суралцагчдыг Лук 22:15-ыг уншихад урь. Дараа нь асуу:
-
Есүс Христ яагаад Дээгүүр өнгөрөх баярыг Өөрийн төлөөлөгчидтэй хамт өнгөрүүлэхийг хүссэн гэж та бодож байна гэж хэн нэгэн хүн асуувал та юу гэж хариулах байсан бэ? Та ямар гэрчлэл хуваалцах байсан бэ?
Бид Есүс Христийг болон Түүний цагаатгах золиослолыг дурсан санаж, ариун ёслолоос зохистой хүртэх үедээ Бурхантай хийсэн гэрээнүүдээ шинэчилдэг гэдгийг гэрчил. Суралцагчдыг ариун ёслолоос хүртэх үедээ хэрхэн “харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг” өргөл болгон өгч чадах талаар тунгаан бодоход нь урамшуулан дэмж. Ариун ёслолыг байнгын сүнслэг туршлагаа болгоход тэднийг уриал.
Суралцагчийн унших материал
-
Матай 26:26–28; Лук 22:17–20; 1 Коринт 11:27–30; 3 Нифай 18:1–11, 28–29; 20:8–9; Сургаал ба Гэрээ 20:75–79.
-
Даллин Х.Өүкс “Ариун ёслолын цуглаан ба ариун ёслол,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 11-р сар, 17–20