26-р хичээл
Есүс Христ хаадын Хааны хувьд удирдаж, дэлхийг шүүх болно
Оршил
Есүс Христ Мянган жилийн турш “хаадын Хааны хувьд удирдаж, эздийн Эзэний хувьд хаанчлах бөгөөд өвдөг бүхэн сөгдөж, хэл бүхэн ярьж, Түүнийг шүтэн бишрэх болно. Хүн бүр Түүний өмнө хийсэн ажил хэрэг, зүрх сэтгэл дэх хүслийнхээ дагуу шүүгдэх болно” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” Ensign эсвэл Ерөнхий чуулган, 2000 оны 4-р сар, 3). Энэ хичээл нь суралцагчдад зарим адислалыг хүлээн авахаар Мянган жил хүртэл хүлээх хэрэггүй гэдгийг ойлгоход туслах болно.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
45-р бүлэг, “Мянган жил,” Сайн мэдээний зарчмууд [2009], 263–267.
-
46-р бүлэг, “Эцсийн шүүлт,” Сайн мэдээний зарчмууд [2009], 268–274.
-
Боломжтой бол: 37-р бүлэг, “Мянган жил ба дэлхийн алдар суу” Doctrines of the Gospel Student Manual, 2nd ed. (Church Educational System manual, 2010), 104–106.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 65:1-6
Христ өөрийн биеэр дэлхий дээр хаанчилна
Суралцагчдаас ямар зүйлийн төлөө эсвэл юуны тухай байнга залбирдаг талаар цаасан дээр жагсаан бичихийг хүс. Хүсвэл, бичсэн зүйлээ хуваалцахад хэдэн суралцагчийг урь.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 65 дугаар хэсгийн оршлыг чанга уншихад урь. (Хэрэв суралцагчдад судрын 2013 оны хэвлэл байхгүй бол энэ бүлэг нь бошиглогч Иосеф Смитээр дамжуулсан залбирлын хариуд өгөгдсөн илчлэлт гэдгийг тэдэнд тайлбарлаж өг. Их Эзэн энэ илчлэлтэд, ялангуяа бид хожмын үед болсон болон бошиглосон үйл явдлуудын биелэлтийг гэрчлэх үед залбирах ёстой зүйлсийн талаар хэлсэн гэдгийг тайлбарла.
Хоёр суралцагчаас ээлжилж, Сургаал ба Гэрээ 65:1-2-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгийг дагуулан харж, сайн мэдээг түгээх талаарх Их Эзэний тодорхойлолтыг олохыг хүс. Дараа нь асуу:
-
Есүс Христийн сайн мэдээ дэлхийгээр хэр хол тархах вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тодорхойлсон байх ёстой: Есүс Христийн сайн мэдээ дэлхийн төгсгөл хүртэл тарах болно. Энэ сургаалыг самбар дээр бич).
-
2-р шүлэг дээр өгүүлснээр гараар урагш өнхрүүлэлгүй уулнаас таслагдсан чулуу нь юу вэ?
Суралцагчдыг хариулсны дараа ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын дараах мэдэгдлийг унш.
“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм … бол хэзээ ч устгагдаж, бас үгүй болохгүй, Тэнгэрийн Бурханы байгуулсан хаант улс юм. … 19-р зууны эхэнд Сүмийг зохион байгуулах цаг нь болсон юм. Бусад үндэстэн рүү тасран орж, мөн урагшлан, бүхэл дэлхийг дүүргэх, гараар урагш өнхрүүлэлгүй уулнаас таслагдсан чулуутай харьцуулахад Сүм нь зургаахан гишүүнтэй, жижиг байж билээ. … Өнөөдөр энэ чулуу дэлхийг дүүргэхээр урагш өнхөрч байна” (“The Stone Cut without Hands,” Ensign, May 1976, 8, 9).
-
Дэлхий дээрх Бурханы хаант улсын нэг хэсэг байх нь та нарын хувьд ямар утга учиртай вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 65:3-4-ийг чанга уншихад урь. Өөр нэг суралцагчийг 5-6-р шүлэг-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг даган уншиж, Их Эзэн биднийг юуны төлөө залбирах ёстой хэмээн зөвлөснийг олохыг хүс. Дараа нь дараах асуултуудыг ярилц:
-
Эдгээр шүлэгт өгүүлснээр бид Хоёр дахь ирэлтэд бэлтгэхдээ юуны төлөө залбирах ёстой вэ? (Суралцагчид энэ асуултад хариулж байх үед, та тэднийг 6-р шүлгийг Матай 6:10 дээрх Их Эзэний залбирлын үгстэй харьцуулахад урьж болно.)
-
6-р шүлэг дээр ямар хоёр хаант улс дурдагдсан байна вэ? (Дэлхий дээрх “Бурханы хаант улс” [эсвэл Сүм] болон “тэнгэрийн хаант улс.”)
-
Их Эзэн дэлхий дээрх “Бурханы хаант улсад” юу хийхийг зарлигласан бэ? (Суралцагчдыг хариулж байх үед дараах сургаалыг онцолж хэл: Дэлхий дээрх Бурханы хаант улс буюу Есүс Христийн Сүм нь дэлхий даяар түгэж, дэлхийн оршин суугчдыг Христийн мянган жилийн засаглалд бэлтгэх болно.)
(Тайлбар: Та мянган жилийн турш Есүс Христ бүх дэлхий дээрх улс төрийн болон шашны эрх мэдлийг эзэмших болно гэдгийг онцолж тэмдэглэх нь зүйтэй. [Боломжтой бол, Сургаал ба Гэрээ суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл (Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2001), 139–140-ийг үзнэ үү.])
Самбар дээр дараах хүснэгтийг хуулж зур, эсвэл суралцагч болгонд тарааж өгөх материал болгон тарааж өг (хаалтанд байгаа материалыг оруулах хэрэггүй):
Есүс Христ ба мянган жил | ||
---|---|---|
Мянган жилийн үед Христ юу хийх вэ? |
(Тэр дэлхий дээрх Бурханы хаант улсыг удирдах болно. Тэрээр шүүгч болон хууль тогтоогчоор үйлчилж мөн биднийг аврах болно.) | |
Мянган жилийн турш Христ хаана байх вэ? |
(Тэр Өөрийн хүмүүсийн дунд дэлхий дээр орших болно.) | |
Христ мянган жилийн турш хэрхэн засаглах вэ? |
(Христ хаан ба хууль тогтоогч байх болно.) | |
Христийн засаглал ямар үр нөлөөтэй байх вэ? |
(Амар амгалан, эв нэгдэл ба зөв шударга байдал дэлхий дээр оршин тогтнох болно. Сатан хүмүүсийн зүрх сэтгэлд хүчгүй байх болно.) |
(Тайлбар: Та энэ үйл ажиллагаа нь зарим үед судруудыг сэдэвчилж судлах нь ямар үр ашигтай болохыг харуулна гэдгийг тайлбарлаж болно. Бид судруудыг сэдэвчилж судалснаараа загвар, үндсэн санаа зэргийг илүү тодорхой харж чаддаг.)
Ангийнхныг дөрөв дөрвөөр хувааж, бүлгүүдэд хуваарил. Бүлэг бүрээс нэг суралцагчийг эшлэлүүдийг судлан, хүснэгтийн эхний мөрөнд байгаа асуултад хариулахыг хүс. Бүлгийн өөр нэг суралцагчийг хоёр дахь мөр гэх мэт эхний суралцагчтай адил зүйл хийхийг хүс. Оногдсон асуултууддаа хариулахад туслах үг, хэллэгүүдэд онцгой анхаарал хандуулахыг суралцагчдадаа сануул. Та суралцагчдад олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг санал болгож болно. Хангалттай хугацааны өнгөрсний дараа суралцагчдаас бүлгийнхээ бусад гишүүнтэй өөрсдийн хариултуудыг хуваалцахыг хүс.
(Тайлбар: Хэрэв боломжтой бол хичээлдээ бэлдэхдээ дараах гарын авлага дээрх 1 Нифай 22:26-гийн тайлбарыг харна уу: Мормоны Номын суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын системийн гарын авлага, 2009], 48.)
Тэгээд дараах асуултуудыг асуу:
-
Та нарын ярилцсанаар, мянган жилийн юуг та нар хамгийн их тэсэн ядан хүлээж байна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээр дараах сургаалыг бич: Аврагч мянган жилийн турш дэлхий дээр өөрийн биеэр засаглах болно.)
-
Бид ямар арга замаар Аврагчид өөрсдийн одоогийн амьдралд засаглах боломж олгох вэ?
-
Хэрэв бид Аврагчид өөрсдийн амьдралыг засаглахыг зөвшөөрвөл бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын дараах мэдэгдлийг унш:
“Сатан аль нэг гэр бүлд хүлэгдсэн үед, Сатан хэн нэгний амьдралд хүлэгдсэн бол, мянган жил нь тэр гэр бүлд, тэр амьдралд аль хэдийн эхэлсэн гэсэн үг юм (The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 172).
Суралцагчдад Аврагчийг өөрсдийн амьдралд болон гэр бүлд засаглах боломж олгохын тулд юу хийж болох талаар тунгаан бодох хугацаа өг.
Иохан 5:22; Матай 12:36–37; Илчлэлт 20:12–13; Мозая 4:30; Сургаал ба Гэрээ 137:9
Есүс Христ бидний шүүгч байх болно
Дараах судрын эшлэлүүдийг үзүүлж эсвэл тэдгээрийг самбарт бич.
Суралцагчдыг хэрэв нэг найз нь дараах асуултуудыг асуувал тэд юу гэж хариулах талаар төсөөлөн бодоход урь: “Шүүлтийн өдөр хэн бидний шүүгч байх вэ?” мөн “Бид ямар үндэслэлээр шүүгдэх вэ?” Суралцагчдад самбар дээр жагсаасан шүлгүүдийг судалж, энэ асуултын хариултыг гаргаж ирэх хугацаа өг. Хэдэн минутын дараа суралцагчдыг хажууд байгаа хүнтэйгээ хариултуудаа ярилцахад урь. Дараа нь суралцагчдаас асуу:
-
Та нар шүүлтийн өдрийн талаар юу сурсан бэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тодорхойлсон байх ёстой: Есүс Христ бидний шүүгч байх болно.)
-
Аврагч биднийг юуг үндэслэн шүүх вэ? (Хариултуудад дараах сургаалууд орсон байх ёстой: Аврагч бидний үг яриа, бодол, үйлдэл, зүрх сэтгэлийн хүслүүдийн дагуу шүүх болно.)
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгийг чанга унш:
“Бидний Их Эзэн төгс, нүгэлгүй амьдралаар амьдарсан учраас шударга ёсны шаардлагаас чөлөөлөгдсөн юм. Тэр хайр, энэрэл, тэвчээр, дуулгавартай байдал, өршөөл, даруу байдал гэх мэт бүх зан чанараараа төгс байсан юм. …
“Тоолж баршгүй үнэ цэнээр, төсөөлшгүй зовлон ба тарчлалаар Аврагч бидний Гэтэлгэгч, Зуучлагч, Эцсийн Шүүгч байх эрхийг олж авсан гэдгийг би гэрчилж байна” (“The Atonement Can Secure Your Peace and Happiness,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 42).
-
Есүс Христ бидний “Эцсийн Шүүгч байх болно” гэдгийг мэдэх нь эцсийн шүүлтийн талаарх та нарын мэдрэмжид хэрхэн нөлөөлдөг вэ?
Суралцагчдыг дараах асуултыг карт юм уу цаасан дээр бичиж, үүнийгээ ил газар байрлуулахад урамшуулан дэмж: Би Есүс Христэд өнөөдөр, өөрийн амьдралд засаглахыг хэрхэн зөвшөөрөх вэ?
Суралцагчийн унших материал
-
45-р бүлэг, “Мянган жил,” Сайн мэдээний зарчмууд [2009], 263–267.
-
46-р бүлэг, “Эцсийн шүүлт,” Сайн мэдээний зарчмууд [2009], 268–274.