10-р хичээл
Ирээд, Намайг дага
Оршил
Есүс Христ “Би бол зам, үнэн, амь мөн” (Иохан 14:6) гэж тунхагласан байдаг. “[Есүсийн] зам бол энэ амьдралд аз жаргал уруу хөтлөх зам бөгөөд ирэх ертөнцөд мөнхийн амьдрал руу хөтлөх жим юм” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 3). Энэ хичээлээр бүгдэд хандсан Түүнийг дагаж, Түүний шавь бол гэсэн Есүс Христийн урилгыг онцлон авч үзнэ. Мөн энэ хичээлээр шавийн замаар алхах гэдэг нь ямар утгатай болохыг авч үзнэ.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Дийтр Ф.Угдорф, “Шавийн зам,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 5-р сар, 75-78
-
Жозэф Б.Вөртлин, “Follow Me,” Ensign, 2002 оны 5-р сар, 15-17
Заах зөвлөмж
Иохан 1:35-47; 2 Нифай 26:33; Алма 5:33-34
Есүс Христ бүгдийг Түүний шавь байхад урьдаг
Нэг суралцагчийг зорьсон газар руугаа аялж байхдаа буруу зүг рүү санамсаргүй эргэсэн, эсвэл буруу замаар явсан тохиолдлынхоо талаар товчхон хуваалцахад урь. Дараа нь суралцагчдыг Иохан 14:6-г уншиж, энэ шүлэгт заасан Есүсийн сургаалыг өөрийн үгээр илэрхийлэхэд урь. (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч, тэд Тэнгэрлэг Эцэгтэй амьдрахаар буцаж очих цорын ганц зам бол Есүс Христийг дагах явдал гэдгийг ойлгосон байх ёстой.)
Есүс Христ баптисм хүртэж, цөлд уруу татагдсаныхаа дараа бусдыг Өөрийг нь дагахад урьсан гэдгийг суралцагчдад хэл. Аврагчийг тэр үед болон өнөө үед дагасан хүмүүсийг шавь нар гэж нэрлэдэг. Суралцагчдыг Иохан 1:35-47-оос Аврагчийн анхны шавь нарын зарим нэрийг, мөн тэднийг чухам юу Түүнийг дагахад хүргэсэн болохыг олж тогтооход урь.
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фаустын (1920-2007) дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:
“Шавь болон сахилга бат гэдэг хоёр үг нь хоёул дисипулус гэдэг латин язгуур үгнээс үүсэлтэй бөгөөд энэ нь сурагч гэсэн утгатай юм. Энэ нь дадлага буюу дасгал хийхийг онцолж тодотгосон байдаг. Хувийн сахилга бат, өөрийгөө хянах чадвар нь Есүсийг дагагчдад нийцсэн, өөрчлөгдөшгүй шинж чанарууд юм. …
“Шавь байх гэж юу вэ? Энэ нь юуны түрүүнд Аврагчид дуулгавартай байхыг хэлнэ” (“Шавь байх,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 20).
-
Шавь байхын энэхүү тодорхойлолт нь Есүс Христийн анхны шавь нарын амьдралын талаар ямар зүйл өгүүлж байна вэ?
Суралцагчдыг 2 Нифай 26:33, Алма 5:33–34-ийг уншиж харьцуулаад, Есүс өөр хэнийг Түүн рүү ирэхэд урьсан талаар олж мэдэхэд урь. Дараа нь дараах асуултуудыг ярилц:
-
Эдгээр хэсэг нь Түүн рүү ирэхэд урьсан Аврагчийн урилгын талаар юу зааж байна вэ? (Суралцагчид хариулсны дараа самбар дээр дараах үнэнийг бич: Есүс Христ бүх хүнийг Түүнд ирж, Түүний шавь болоход урьдаг.)
-
Алмагийн хэлснээр бол, Түүнд ирэх урилгыг хүлээн авсан хүмүүст Аврагч юу амласан бэ?
-
Эдгээр амлалт нь таны хувьд ямар утга учиртай вэ?
Матай 4:18-22; Лук 5:11–35; 9:57-62; 14:25–33
Есүс Христийн шавь байх нь
Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваа. Тэднийг Матай 4:18-22, Лук 5:11-ийг судалж, Түүнийг дагах дуудлагыг хүлээн авахын тулд Есүс Христийн анхны шавь нарын заримынх нь хийсэн золиослолуудыг олж тодорхойлоход урь. Дараах асуултуудыг ярилц:
-
Та Аврагчийг дагах Түүний зарлигт хариулсан тэдгээр анхны шавь нарын хариултыг хэрхэн тодорхойлох вэ? (“Тэр даруй тороо орхиж,” “тэр даруй,” “орхих” зэрэг үг хэллэгүүдийн утгыг ярилц.)
-
Эдгээр хэсэг нь Есүс Христийн шавь байх гэдэг юу гэсэн үг болох талаар ямар чухал үнэнүүдийг хэлж өгч байна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээр дараах үнэнийг бич: Есүс Христийн шавь байх нь дуулгавартай байдал ба золиослолыг шаарддаг.)
Суралцагчдад Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозэф Б.Вөртлиний (1917-2008) дараах мэдэгдлийн хуулбарыг өгч, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:
“Торыг ерөнхийдөө ямар нэг зүйлийг барих зориулалттай хэрэгсэл гэж тодорхойлдог. Илүү чухал утгаараа бол, бид амьд Бурханы Хүү Есүс Христийн дуудлагыг дагахаас биднийг уруу татах эсвэл саатуулж буй аливаа зүйлийг тор гэж тодорхойлж болно.
“Энэ утгаараа тор нь бидний ажил, хобби, таашаал авдаг зүйлс болон юуны өмнө бидний уруу таталт, гэм нүглүүд байж болно. Товчоор хэлбэл, тор нь Тэнгэрлэг Эцэгтэй харьцах харьцаа, эсвэл Түүний сэргээгдсэн Сүмээс биднийг холдуулах ямар ч зүйл байж болно. …
“Биднийг урхидаж, Аврагчийг дагахаас холдуулах бүх торыг жагсаах боломжгүй юм. Гэхдээ бид Түүнийг чин сэтгэлээсээ дагахыг хүсвэл, бид дэлхийн орооцолдсон торнуудыг шууд орхин, Түүнийг дагах ёстой.
“… Бид амьдралаа уулзалт, цугларалт, ажил үүргээр дүүргэхэд хялбар. Олон тооны торонд баригдах нь маш амархан бөгөөд заримдаа тэднээс суллагдахыг хүсэх нь хүртэл бидний хувьд заналхийлсэн, тэр ч бүү хэл аймшигтай санагдах үеүд бий.
“Зарим үед бидний завгүй байдал нь бидний үнэ цэнийг тодорхойлж байгаа мэтээр, завгүй байх тусам илүү чухал хүмүүс гэж өөрийгөө боддог. Ах, эгч нар аа, бид галзуу мэт хурдаар эргэлдэн дэвхцэж, эцсийн эцэст төдийлөн чухал биш зүйлсийг нэг нэгээр амжуулж хийхэд өөрийн амьдралыг зориулж болно.
“Бидний хийдэг олон ч зүйл чухал биш зүйл байж болно. Бид мөнхийн ач холбогдолтой зүйлсэд, оюун ухаан, зүрх сэтгэл, бодгалийнхаа эрч хүчийг төвлөрүүлэх нь нэн чухал юм” (“Follow Me,” Ensign, 2002 оны 5-р сар, 15–16).
-
Хэрэв загасчдын орхиж явсан загас, тор, завь зэрэг нь тэдний материаллаг ашиг сонирхлуудыг төлөөлдөг бол Түүнийг дагахын тулд ямар зүйлсийг орхиж явахыг Аврагч та нараас шаардах вэ?
-
Яагаад материаллаг сонирхлуудаа орхих нь зарим үед хэцүү байдаг вэ?
-
Хувь хүн өөрийгөө ахлагч Вөртлиний ярьсантай адил орооцолдсон торонд баригдсан гэдгээ хэрхэн таньж мэдэх вэ?
Суралцагчдыг амьдралдаа Аврагчийг дагах (магадгүй хуучин арга замаа орхисноор, эсвэл Сүмд дуудлага хүлээн авснаар) Түүний дуудлагад хариулсан цаг үеийнхээ талаар хуваалцахад урь. Дараа нь асуу:
-
Энэ дуудлагад хариулснаар таны амьдрал хэрхэн адислагдсан бэ?
Дараах судрын эшлэлүүдийг болон асуултуудыг үзүүлэх юм уу, самбар дээр бич:
Ангийг гурван бүлэгт хувааж, бүлэг бүрд судрын хэсгийг холбогдох асуултын хамт оноож өг. Хангалттай цаг өнгөрсний дараа суралцагчдыг уншсан хэсэг нь тэдний асуултанд хэрхэн хариулж байгаа талаар хуваалцахад урь. Гурван хэсгийг гурвууланг ярилцаж дууссаны дараа асуу:
-
Аврагчийн зүйрлэлүүдээр шавь байх ямар шаардлагыг харуулсан байна вэ? (Суралцагчид энэ асуултыг ярилцаж байхад, тэдэнд дараах үнэнийг ойлгоход нь тусал: Шавь байх нь бүхнийг орхин, Есүс Христийг дагах бидний гуйвшгүй хүслийг шаарддаг.)
Хэдийгээр шавь байх нь биднээс Аврагчийг дагах амлалтдаа үнэнч байхыг, мөн өөрийн сүсэг бишрэлийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхийг шаарддаг ч Тэрээр биднийг өөрт буй хүчнээс илүү хурдан гүйхийг шаарддаггүй болохыг тайлбарла (Мозая 4:27-г үзнэ үү).
Суралцагч бүрд Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийн хуулбарыг өгч, нэг суралцагчийг чанга уншихад урь.
“Шавь болох зам дахь анхны алхам нь бидний яг одоо зогсож байгаа газраас эхэлдэг нь юутай азтай хувь тохиол билээ! Энэхүү эхний алхмыг хийхийн тулд ямар нэгэн шаардлагыг урьдчилан хангасан байх хэрэггүй. Бид баян, ядуу байх нь хамаагүй. Боловсролтой, уран цэцэн үгтэй, эсвэл сэхээтэн байх шаардлагагүй. Бид төгс төгөлдөр, эелдэг, уриалгахан, тэр ч байтугай боловсон байх шаардлагагүй.
“Өнөөдөр та бид бүгдээрээ шавь болох замаар алхаж чадна. Даруу байж, Тэнгэр дэх Эцэгтээ бүхий л зүрх сэтгэлээрээ хандан залбирцгаая. Түүнтэй ойр байж, Түүнээс суралцах хүслээ илэрхийлцгээе.
“Итгэлтэй бай. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт хаалга нээгдэнэ [Матай 7:7-г үзнэ үү]. Бусдад үйлчилснээр Их Эзэнд үйлчил. Тойрог эсвэл салбартаа идэвхтэй оролцогч бай. Сайн мэдээний зарчмуудаар амьдрах шийдвэр төгс байж, гэр бүлээ бэхжүүл. Өөрсдийн гэрлэлт, гэр бүлд нэг зүрх сэтгэл, нэг оюун ухаанаар ханд.
“Өнөөдөр бол ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байж, хэрэглэхийн тулд өөрийн амьдралд өөрчлөлт хийх цаг мөн. Өнөөдөр бол утга учиртай гэр бүлийн үдэш хийж, Бурханы үгийг уншиж, Тэнгэрлэг Эцэгтээ хүчирхэг залбирлаар дуу хоолойгоо өргөх цаг мөн. Өнөөдөр бол Түүний Сүмийн сэргээлтэнд, мөн амьд бошиглогчдод болон Мормоны Номонд, түүнчлэн бидний амьдралыг адисалдаг санваарын хүчинд талархах талархлаар зүрх сэтгэлээ дүүргэх цаг мөн. Өнөөдөр бол Есүс Христийн сайн мэдээг баяртай хүлээн авч, Түүний шавь нар болж, Түүний замаар алхах цаг мөн” (“Шавийн зам,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 5-р сар, 77).
-
Шавь болох зам хаанаас эхэлдэг гэж ерөнхийлөгч Угдорф хэлсэн бэ?
-
Ерөнхийлөгч Угдорфын хэлснээр шавийн замаар алхаж эхлэх цаг нь хэзээ вэ?
Дараах өгүүлбэрийг самбарт бич:
Суралцагчдыг энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээж болохыг тунгаан бодоход урь. Есүс Христийн шавь байж үйлдэх нь нэг арга зам байж болно. Тэднийг бодол санаанд нь орж ирсэн ямар ч зүйлийг нэн даруй үйлдэхэд урамшуулан дэмж. Учир нь тэр бодол Ариун Сүнсний өдөөлт байх магадлалтай. Тэд энэ анхны алхмаа хийхэд Их Эзэн тэднийг Түүний шавь байхад туслах болно гэдгийг гэрчил.
Суралцагчийн унших материал
-
Иохан 1:35-47; 2 Нифай 26:33; Алма 5:33-34; Матай 4:18–22; Лук 5:11; 9:57–62; 14:25–33
-
Дийтр Ф.Угдорф, “Шавийн зам,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 5-р сар, 75-78