“15-р хичээлд бэлтгэх материал: Өсөж үржин, газар дэлхийг дүүргэх зарлиг,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)
“15-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал
15-р хичээлд бэлтгэх материал
Өсөж үржин, газар дэлхийг дүүргэх зарлиг
Хүүхэдтэй болох талаар танд ямар найдлага эсвэл санаа зовнил байдаг вэ? Та дараах материалыг судалж байхдаа, эхнэр нөхөр хоёрыг хүүхэдтэй болохоор шийдэх үед Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд биелдэг ариун нандин зорилгуудын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхийн төлөө залбир. Газар дэлхийд өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болох бурханлаг зарлигийг биелүүлэхийн тулд эхнэр, нөхөр хоёр хэрхэн итгэлтэйгээр үйлдэж болох тухай тунгаан бод.
1-р хэсэг
Хүүхэдтэй болох нь Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Хүүхэдтэй болох талаар хүмүүсийн илэрхийлдэг олон төрлийн санаа бодол сонсож байснаа бод. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн нэгэн ээжийн үзэл бодлыг хуваалцжээ.
“Өнөөгийн дэлхий дээрх олон дуу хоолой хүүхэдтэй болохын ач холбогдлыг үл тоомсорлож, гэр бүлд хүүхэдтэй болохыг хойшлуулах юм уу тоог хязгаарлахад уриалж байна. Манай охин саяхан блог дээр тавигдсан таван хүүхэдтэй нэгэн Христийн шашинтай (манай шашны бус) ээжийн бичсэн зүйлийг над руу явуулсан юм. Тэр эмэгтэй “Өнөөгийн нийгэмд өсөж том болохдоо эх хүн байх талаар библид заадагтай ижил ойлголтыг олж авахад хэцүү болжээ. … Хүүхэдтэй болохоосоо коллежид сурахыг илүү хүсдэг болж. Хүүхэдтэй байхын оронд дэлхийгээр тойрон аялж, чөлөөт цагаараа орой үдэш зугаалахыг илүүд үздэг болжээ. Хүүхэдтэй болох нь дасгалын танхимд биеэ чийрэгжүүлж, хүссэн ажил мэргэжлээрээ ажиллахаас ч дор зүйл болон хувирчээ” гээд, ‘Эх байх нь сонирхол биш, харин дуудлага юм. Та нар тамганаас илүү эгдүүтэй гэж хүүхэд цуглуулдаггүй шүү дээ. Энэ нь завгүй хуваарийнхаа хооронд тэднийг зохицуулан оруулж болох ямар нэгэн зүйл биш. Хүүхэдтэй байх нь Бурханы чамд цаг хугацааг өгсөн шалтгаан нь юм” гэсэн байсан [Rachel Jankovic, “Motherhood Is a Calling (and Where Your Children Rank),” July 14, 2011, desiringgod.org]. (“Children,” Liahona, Nov. 2011, 28)
Бурхан Адам, Ева хоёрыг бүтээснийхээ дараа тэднийг гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд нэгтгэж мөн тэдэнд зарлиг өгсөн.
Хожмын үеийн бошиглогчид “Бурханы Адам, Ева хоёрт өгсөн анхны зарлиг нь эхнэр нөхрийн хувьд эцэг эх болох талаар байлаа. Өдгөө бид Бурханы хүүхдүүддээ “өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ” хэмээх зарлиг хүчин төгөлдөр байгааг тунхаглаж байна” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org) хэмээн онцолсон.
Яагаад энэхүү зарлигийг бидний үед дахин бататгах хэрэгтэй байсан тухай бод. Сатаны хамгийн хүчтэй эсэргүүцэл Бурханы төлөвлөгөөний хамгийн чухал зүйл рүү чиглэсэн байдаг хэмээн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс заасан. Энэхүү эсэргүүцэл нь “хүүхэд төрүүлэхэд, ялангуяа хүүхдүүдээ үнэнд өсгөх эцэг эхийг хүүхэд төрүүлэхэд саад хийх явдлыг багтаадаг” (“Truth and the Plan,” Liahona, Nov. 2018, 27).
Есүс Христийн сайн мэдээ биднийг хүүхэдтэй байхын ач холбогдлыг мөнхийн талаас нь харах хараагаар адисалдаг (жишээ болгон Дуулал 127:3 ба Матай 19:13–15-ыг үзнэ үү). Ахлагч Андэрсэн ийн заасан.
“Бурханы эдгээр сүнсэн хүүхдэд зуурдын бие махбодыг өвлүүлэн үлдээх онцгой эрх, боломж эхнэр, нөхрүүдэд байдаг. …
Гэр бүлд хүүхэд төрөхөд эхнэр, нөхөр хоёр нь хүүхдүүдийг дэлхийд авчрах Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг биелүүлдэг. Их Эзэн “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” [Мосе 1:39] хэмээн хэлсэн байдаг. Үхэшгүй байдлын өмнө зуурдын байдал гэж байх ёстой. (“Хүүхдүүд,” 28)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард хүүхэдтэй байх нь мөнх бус амьдралын зорилгын нэг хэсэг хэмээн заасан.
Мөнх бус байдлын зорилго бол бие махбодтой болж, сонгох эрхийг ашиглан, өмнө нь зөвхөн тэнгэрлэг эцэг эхийн гүйцэтгэдэг байсан нөхөр, эхнэр, эцэг эх байх гэсэн үүрэг хариуцлагыг өөрсөд дээрээ хүлээн авснаар Бурхантай илүү адилхан болох явдал юм. …
… Мөнх бус амьдралын нэн чухал зорилгын нэг бол гэр бүл гэж юу болохыг энэ удаа зөвхөн хүүхдийн хувьд биш, харин эцэг эхийн хувьд өөрийн биеэр үзэх явдал.
Тэнгэрлэг Эцэг биднээс … “өсөн нэмэгдэж, өнөр өтгөн бол” хэмээх анхны зарлигийг зөвхөн Түүний төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн тулд биш, харин охид хөвгүүдийг уг төлөвлөгөөнөөс тэдэнд зориулсан баяр баясгаланг олж авахын тулд дагаасай хэмээн хүсдэг билээ. (“The Opportunities and Responsibilities of CES Teachers in the 21st Century” [evening with a General Authority, Feb. 26, 2016], broadcasts.ChurchofJesusChrist.org)
2-р хэсэг
Хань бид хоёр хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо хэрхэн мэдэх вэ?
Гэрлэсэн хосуудад хэзээ, хэдэн хүүхэдтэй болох зэрэг чухал асуултууд тулгардаг.
Ахлагч Андэрсэн шийдвэр гаргахдаа Их Эзэнтэй зөвлөлдөхийн ач холбогдлыг онцолжээ.
Хэзээ мөн хэдэн хүүхэдтэй байх шийдвэр нь эхнэр, нөхөр, Их Эзэн гурвын хоорондох хувийн асуудал юм. Энэ нь чин сэтгэлээсээ залбирч, агуу итгэлийнхээ дагуу үйлдэх ариун нандин шийдвэр байдаг. …
Ах, эгч нар аа, бид энэ ариун нандин хувийн асуудлаар бие биенээ шинжин шүүхгүй байх ёстой. (“Хүүхдүүд,” 28, 30)
Зарим хүн хүүхэдтэй болох зөвт хүсэлтэй ч тэдэнд энэ амьдралд тийм боломж тохиохгүй байж болно. Үүний талаар ахлагч Андэрсэн ийн заасан.
Хүүхэд төрүүлэх нь … гэрлэсэн боловч хүсэн хүлээсэн хүүхдээ төрүүлэх боломжгүй болохоо мэдсэн зөв шударга гэр бүлийн хосуудын хувьд, мөн өнөр гэр бүлтэй байхыг хүсдэг ч цөөхөн ам бүлтэй гэр бүлээр адислагдсан эхнэр, нөхрийн хувьд зүрх шимшрүүлэм сэдэв байж болох юм.
Бид мөнх бус оршихуйн саад бэрхшээл болгоныг үргэлж тайлбарлах боломжгүй. Заримдаа амьдрал, ялангуяа бидний хамгийн агуу хүсэл болох Их Эзэний зарлигласныг хиймээр байгаа үед ч шударга бус байгаа мэт санагддаг. Их Эзэний үйлчлэгчийн хувьд би “Энэ амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан мөнхийн гэрлэлт ба эцэг эх болох адислалыг хүлээн авах боломжгүй байгаа итгэлтэй гишүүд Бурхантай байгуулсан гэрээнүүдээ сахих юм бол амлагдсан бүх адислалыг мөнх амьдралдаа хүлээн авах болно” гэсэн амлалт гарцаагүй үнэн гэдгийг баталж байна [Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 38.1.4, ChurchofJesusChrist.org]. (“Хүүхдүүд,” 30)
3-р хэсэг
Бурханы төлөвлөгөөн дэх амьдралын ариун нандин байдлыг ойлгох нь бидний сонголтод хэрхэн нөлөөлдөг вэ?
Амьд бошиглогчдоор дамжуулан Их Эзэн хүний амьдралын ариун нандин байдлыг мөн төрөөгүй хүүхдүүд зэрэг Түүний бүх хүүхэд ямар утга учиртай болохыг онцолсон.
Бурханы мөнхийн төлөвлөгөөн дэх амьдралын цэвэр ариун байдал, түүний ач холбогдлын чухлыг бид батлан хэлж байна. …
… Хүүхдүүд гэр бүлд төрж, гэрлэлтийн тангаргаа үнэнчээр сахидаг эцэг эхээр өсгүүлэх эрхтэй. (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”)
Амьдралын ариун нандин байдлын талаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Амьдралыг, Бүтээгчийг гэх гүн гүнзгий хүндэтгэл бишрэлгүйгээр хэн ч гэм зэмгүй нялх хүүхдийг тэвэрч, хөөрхөн нүд рүү нь харж, хуруунуудыг нь мэдэрч мөн хацрыг нь үнсэж чадахгүй. Амьдрал амьдралаас урган гардаг. Энэ нь санамсаргүй тохиодог зүйл биш. Энэ бол Бурханаас өгсөн бэлэг билээ. (“Abortion: An Assault on the Defenseless,” Ensign, Oct. 2008, 37)
Гэр бүлийн тунхаг дахь тунхаглалууд үр хөндөлт, гэрлэлтээс гадуур хүүхэдтэй болох зэрэг өнөө цагт түгээмэл хүлээн зөвшөөрдөг олон төрлийн зан үйлийн эсрэг байдаг. Үр хөндөлтийн тухайд, дэлхийн олон газарт үр хөндөлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд жил болгон хэдэн сая үр хөндөлт хийгддэг.
Сүмийн удирдагчид үр хөндөлтийн тухай дараах заавраар хангасан.
“Чи … хүн алах ёсгүй, тэрчлэн энэ мэт ямар ч зүйлийг үйлдэх ёсгүй” (Сургаал ба Гэрээ 59:6) гэж Их Эзэн зарлиг болгожээ. Сүм хувийн болон нийгмийн тав тухтай байдлыг хангахын төлөө өөрийн хүслээр үр хөндүүлэхийг эсэргүүцдэг. Гишүүд үр хөндөлтөд оролцож, гүйцэтгэж, зохион байгуулж, зардлыг төлөх юм уу зөвшөөрөл өгч, дэмжиж болохгүй. Зөвхөн дараах тохиолдлуудад үр хөндүүлж болно. Үүнд:
Хүчин эсвэл цус ойртолтоос үүдэлтэй жирэмслэлт
Эхийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулна гэж мэргэжлийн эмч тодорхойлсон
Төрснийхөө дараа хүүхэд амьд мэнд үлдэх боломжгүй, үр хөврөл нь ноцтой гажигтайг мэргэжлийн эмч тодорхойлсон зэрэг юм.
Гэхдээ эдгээр нөхцөлд ч үр хөндөлтийг шууд зөвтгөдөггүй. Үр хөндөлт бол хамгийн ноцтой асуудал бөгөөд зөвхөн тухайн хүн бишоптойгоо зөвлөлдөж, залбирлаар дамжуулан тэнгэрлэг баталгаа хүлээн авсны дараа л шийдэх ёстой. (Ерөнхий гарын авлага, 38.6.1)
Зарим гэрлээгүй эцэг эх хүүхдэдээ шаардлагатай “аюулгүй, сурган хүмүүжүүлэх мөн тогтвортой харилцаагаар” хангах боломжгүй гэж үздэг учраас үр хөндөлтийг сонгодог. Энэ нөхцөл байдалд хүүхдээ үрчлүүлэх нь уг хүүхдийг төдийгүй төрсөн эцэг эх ба үрчилж байгаа эцэг эхийг бүгдийг нь энэ амьдралд болоод мөнхөд адисалдаг хайр шингэсэн, амин хувиа хичээгээгүй шийдвэр байдаг” (First Presidency statement, 2006 оны 10-р сарын 4, Ensign, 2008 оны 10-р сар, 37-д эш татсан).