“Баптисмын амлалт,” Найз, 2024 оны 5-р сар, 8–9.
Баптисмын амлалт
“Чи яагаад баптисм хүртэхийг хүсэж байна вэ?” гэж аав нь асуув.
Энэ түүх АНУ-д болсон.
“Аав аа, би найман нас хүрээд баптисм хүртэж болох уу?” гэж Кийтон асуулаа.
Аав нь хамт тоглож байсан тоглоомоосоо дээш өндийн, “Энэ бол маш том сонголт. 18 хүртлээ хүлээсэн нь дээргүй юү?” гэв.
Кийтон энэ талаар бодож үзээд, “Гэхдээ би бараг л найман настай. 18 нас хүрэх их хол байна шүү дээ!” гэлээ.
Аав нь хэсэг зуур чимээгүй байснаа тоглоомынхоо хэсгийг хөдөлгөв. “Чи яагаад баптисм хүртэхийг хүсэж байна вэ?”
“Би Есүст хайртай. Бас би Түүнийг дагахыг хүсэж байна” гэж Кийтон хэлэв.
“Энэ чинь баптисм хүртэх гайхалтай шалтгаан байна” гэж аав нь хэлээд инээмсэглэв. “Наймтай ч бай, 18 настай ч бай, хэрвээ чи сонгож байвал би дэмжинэ ээ.”
Кийтон аавыгаа тэврэн аваад “Баярлалаа!” гэв.
Аав нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн биш байв. Гэсэн ч тэр Кийтоныг ээжтэйгээ сүм рүү явахад нь заримдаа хамт явдаг байв. Мөн аав нь Кийтоныг ариун ёслолын цуглаан дээр үг хэлэх эсвэл Хүүхдийн хэсгийн бусад хүүхэдтэй хамт дуу дуулах үед үргэлж очдог байв.
Тоглоомоо тоглож дуусаад Кийтон гал тогооны өрөө рүү ээж дээрээ очив.
“Аав намайг найман нас хүрэхээрээ баптисм хүртэж болно гэсэн” гэж тэр хэллээ.
Ээж нь инээмсэглэн, “Ямар гоё юм бэ! Хэнээр баптисм хүртээлгэхийг хүсэж байна вэ?” гэж асуув.
Кийтон ширээгээ засангаа, “Өвөө чадах болов уу?” гэв. Өвөө эмээ хоёр нь өөр хотод номлолд үйлчилж байлаа.
“Тэднээс асууя” гэж ээж нь хариуллаа.
Оройн хоолны дараа Кийтон ээжийнхээ утсаар өвөө эмээ рүүгээ видео дуудлага хийв. Хэд дуугарсны дараа тэдний инээмсэглэсэн царай дэлгэцийг дүүргэлээ.
“Сайн уу, эмээ! Сайн уу, өвөө!” “Юу гээч? Би энэ жил төрсөн өдрөөрөө баптисм хүртэх гэж байгаа” гэж Кийтон хэлэв.
“Гайхалтай!” гэж өвөө нь хэллээ.
“Өвөө, та надад баптисм хүртээх үү?” гэж Кийтон асуулаа.
Өвөөгийн инээмсэглэл улам бүр тодрон, “Дуртайяа” гэж хэлэв.
Баптисмын өдөр нь ирэхэд Кийтон бэлэн байлаа. Ээж аав хоёр нь түүнийг өвөө эмээгийнх нь үйлчилж буй газрын ойролцоох жижиг цуглааны байрт авчирлаа.
Кийтон өвөөгийнхөө хамт цагаан хувцас өмссөн байв. Хүмүүс дуулж байх хооронд тэд хамтдаа суулаа. Тэгээд ээж нь залбирав.
Дараа нь аав нь үг хэлэв. “Та бүхэн баптисм хүртэхдээ Есүс Христийг дагаж, Түүний зарлигуудыг сахина гэдгээ амладаг. Тэр бидэнд бие биеэ хайрлахыг заасан. Хайр бол амьдрах хамгийн шилдэг арга зам юм” гэж тэр хэлэв.
Кийтон аавынхаа барьж буй Есүсийн зургийг харав.
“Бид бусдыг хайрлах үед тэд хайр халамжийг мэдэрдэг. Энэ нь бидэнд ч бас аз жаргалтай, амар тайван байхад тусалдаг.” Аав нь Кийтон руу хараад, “Би чамайг өнөөдөр Есүс Христийг дагах амлалт өгч байгаад бахархаж байна. Чиний баптисм чамд Бурханыг болон хүмүүсийг хайрлахыг үргэлж сануулна гэдэгт найдаж байна” гэв.
Кийтон аавыгаа чанга тэвэрлээ. Тэгээд тэр өвөөгөө даган жижиг усан сан руу оров. Кийтон нэг гараараа өвөөгийнхөө шуунаас барьж, нөгөө гараа өвөөгийнхөө гар дээр тавив. Өвөө нь баптисмын залбирал хэллээ. Дараа нь тэр Кийтоныг доош ус руу ороход нь туслав.
Кийтон уснаас гарч ирээд инээмсэглэлээ. Тэр чадлаа! Тэр Есүс Христийг дагалаа. Тун удахгүй тэр мөн гишүүнээр батлуулж Ариун Сүнсний бэлэг хүлээн авна. Тэгээд тэр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болно.
Кийтон Есүсийг дурсан санаж, Түүний зарлигуудыг сахих амлалтаа биелүүлэхээр ихэд догдолж байлаа.