Найз
Өдрийн хоолны үеэр гаргасан сайхан сэтгэл
.2024 оны 5-р сар


“Өдрийн хоолны үеэр гаргасан сайхан сэтгэл,” Найз, 2024 оны 5-р сар, 36–37.

Өдрийн хоолны үеэр гаргасан сайхан сэтгэл

Тэр хөвгүүд түүнийг ч бас дооглох болов уу?

Энэ түүх Филиппинд болсон.

Дэйв ээжийнхээ унтлагын өрөөнийх нь хаалгыг тогшихыг сонслоо. Босох цаг болсон байлаа. Тэр орноосоо босоод нүүрээ угаав. Тэгээд урд өрөө рүү ээж, аав, ах, дүү дээрээ очлоо.

Ээж нь “Өглөөний мэнд” гэхэд Дэйв нойрмоглон инээмсэглэлээ. Тэд гэр бүлээрээ өвдөг сөгдөн, аав нь тэр өдрийг эхлүүлэн залбирал хэлэв.

“Энэ өглөө би нэгэн гайхалтай судар хуваалцъя” гэж ээж нь хэлээд Мормоны Номоо нээлээ. “Энэ бол Моронай 7:45. ‘Мөн энэрэл бол удаан тэсвэрлэдэг, мөн сайхан сэтгэлтэй.’”

Дэйв хичээлдээ явахаар бэлдэж байхдаа энэ судрын талаар бодов. Гэрээсээ гарахын өмнө тэр залбирлаа. “Намайг өнөөдөр эелдэг байхад туслаач” хэмээн тэр залбирав.

Дэйв ангидаа хичээлээ хийж байхдаа аз жаргалтай байлаа. Багш нь сурах шинэ үгнүүдийг хэлж байх үед Фрида анхааралтай сонсож байв.

Удалгүй өдрийн хоолны цаг боллоо. Дэйв хуурсан чихэрлэг төмс, хүйтэн шүүс авчирсан байв. Тэр найзуудтайгаа хамт суугаад ярилцаж эхэллээ.

Мөдхөн тэр хажуугийн ширээнд сууж буй хүүхдүүдийн яриаг сонссон аж. Хоёр хүү шинээр ирсэн Хосэ гэдэг нэртэй хүүг шоглож байлаа. Хосе биеэр жижиг ч бусадтай найрсаг харьцдаг, хичээлдээ хичээнгүй нэгэн байв. Бусад хөвгүүн өдрийн хоол идсэн ч Хосэд хоол байсангүй.

“Чи яагаад ийм жижигхэн юм бэ? Танай гэрт хоол байдаггүй юм уу?” гэж Антонио асуув.

Дэйв тэдэн рүү харах мөчид Хуакин Хосэгийн цүнхийг аваад Антонио руу шидлээ. Хосэ цүнхээ авах гээд Антонио руу гүйв.

“Цүнхийг маань өгчих л дөө” гэж Хосэ хэллээ.

Хөвгүүд Хосэгийн цүнхийг авах үед Дэйв хойшоо харж байгаа нь

Гэвч Антонио Хуакин хоёр түүнийг сонссонгүй. “Цүнх чинь их хуучин, муухай юм!” гэж Хуакин хэлэв.

Дэйв хэлсэн бүх муухай үгнүүдийг нь сонссон ч Хосэд туслахаасаа эмээж байлаа. Бусад хүүхэд юу гэж бодох бол? Хуакин, Антонио хоёр намайг ч бас дооглох болов уу?

Тэгтэл тэр ээжийнхээ өглөө уншсан судрын тухай бодлоо. Энэрэл сайхан сэтгэлтэй. Есүс Христ түүнийг сайхан сэтгэлтэй байгаасай гэж хүсэх байсан. Үүнийг хийх нь зөв.

Дэйв босоод, өнөөх хөвгүүдтэй нүүр тулав. “Хосэг дооглохоо боль. Цүнхийг нь буцаагаад өгчих.”

“Чамд ямар хамаатай юм бэ?” гэж Хуакин асуулаа.

“Та нар яагаад Хосэтэй муухай харьцаад байгаа юм бэ? Тэр ямар ч буруу юм хийгээгүй шүү дээ” гэж Дэйв хэлэв. Тэгээд тэр гүнзгий амьсгал аваад, “Есүс бид бүгдэд хайртай. Мөн Тэр биднийг сайхан сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг. Хосэг битгий шогло л доо. Бие биеэ дээрэлхэх буруу шүү дээ. Хэрвээ ингээд байх юм бол би Фрида багшид хэлнэ” гэв.

Антонио доош гутал руугаа хараад, Хосэгийн цүнхийг буцааж өгөн, “Уучлаарай” гэж амандаа бувтналаа. Хуакин тэр хоёр суудалдаа эргээд суув.

“Баярлалаа” гэж Хосэ хэллээ.

Дэйв Хосэгийн мөрөн дээр цохиод, “Бид одоо найзууд боллоо” гэхэд

Хосэ инээмсэглэлээ.

Гэртээ хариад Дэйв юу болсныг гэрийнхэндээ хэлжээ.

“Амаргүй зүйл байсан ч чи зөвийг хийжээ” гэж аав нь хэлэв.

Ээж нь “ Чамайг сайхан сэтгэл гаргасанд би бахархаж байна” гэв.

Дараа өдөр нь ээж нь өдрийн хоол бэлдэж байх үеэр Дэйв, “Хоёр хачиртай талх бэлдэж болох уу” гэж асуулаа.

“Яагаад? Чи тэгж их өлсөө юү?” гэж ээж нь асуухад

Дэйв инээн, “Үгүй ээ, гэхдээ би өчигдөр Хосэг хоолгүй байгааг анзаарсан юм. Би түүнтэй хоолноосоо хуваалцмаар байна” гэв.

“Ёстой сайхан санаа байна!” гээд ээж нь нэмж талх гаргаж ирэн Дэйв дахиад нэг хачиртай талх бэлтгэлээ.

Өдрийн хоолны үеэр Дэйв, Хосэ хоёр хамт суугаад хачиртай талхаа идэв. Хосэг хүүхдүүд дээрэлхэхийг болиулахад их зориг шаардсан. Гэвч Дэйв шинэ найзыгаа хайрласан ба Тэнгэрлэг Эцэг түүнийг сайхан сэтгэлтэй байхыг сонгосонд баяртай байсан гэдгийг тэр мэдэж байв.

Дэйв, Хосэ хоёр хамтдаа хооллож буй нь
PDF түүх

Зургийг Марк Робисон