Найз
Шатар тоглож нөхөрлөсөн нь
.2024 оны 5-р сар


“Шатар тоглож нөхөрлөсөн нь,” Найз, 2024 оны 5-р сар, 14–15.

Шатар тоглож нөхөрлөсөн нь

Тэд бие биеэ ойлгохгүй бол яаж хамтдаа тоглож чадах билээ?

Энэ түүх Германд болсон.

“Өнөөдөр сэтгэлд минь нар гийж байна!” хэмээн Матвий дуулав. Түүнтэй цуг ээж, дүү Тимофий нар нь дууллаа. Машины цонхоор харахад харанхуй болсон байв. Гэвч тэд дуу дуулснаар бага зэрэг ч болов гэрэл гэгээг мэдэрчээ.

Матвийд болон түүний гэр бүлийн хувьд их айдастай үе байлаа. Гэр оронд нь аюул учирсан тул тэд Герман руу нүүхээр явав. Тэд хоёр хоногийн турш аялсны эцэст хүрэх газартаа бараг л ирлээ. Герман дахь нэгэн бишоп тэднийг хоноглох газар луу нь хүргэж өгөхөөр явж байв.

Матвий Германд аюулгүй хүрч ирсэндээ Тэнгэрлэг Эцэгтээ талархлаа. Гэвч тэр аавыгаа санаж байв. Аав нь дайны улмаас улс орондоо үлдэх хэрэгтэй байжээ. Матвий түүнд маш их санаа зовж байлаа.

Бишоп машинаа нэгэн байшингийн гадаа зогсоогоод, “Манайд тавтай морил” гэв.

Матвий цүнхээ аваад гэрийнхнийгээ даган байшин руу оров. Нам гүм байлаа. Бишопын гэрийнхэн эрт унтчихсан бололтой.

“Та нар энд байх хугацаандаа Матс, Лоор хоёрын өрөөнд байж болно” гэж бишоп хэлэв.

“Байзаарай. Тэд бидэнд өөрсдийнхөө өрөөг өгөх шаардлагагүй шүү дээ” гэж ээж нь хэллээ.

Бишоп инээмсэглээд “Тэд ингэхдээ дуртай байгаа. Бид та нарыг тав тухтай байгаасай гэж хүсэж байна” гэв.

Ээж нь толгой дохиод, “Баярлалаа” гэж хэлэв.

Өглөө болоход Матвий, Тимофий хоёр өглөөний цай уухаар гал тогооны өрөөнд орж ирлээ. Өнөөх бишоп хүү, охин хоёртой цуг ширээнд сууж байв. Тэд Матвийтай чацуу харагдав.

“Эд нар манай хүүхдүүд” гэж бишоп хэллээ.

“Уулзсандаа баяртай байна” гэж Тимофий хариулав.

Матс, Лоор хоёр бага зэрэг тээнэгэлзсэн царай гаргав.

“Тэд өөр хэлээр ярьдаг юм. Тэгсэн ч гэсэн та нар сайн найзууд болно гэдэгт итгэж байна” гэж бишоп хэллээ.

Матвий урвайв. Тэд бие биеэ ойлгохгүй бол яаж найзууд байж чадах билээ? Түүнд урд шөнө дуулж байсан нарны гэрэл нь алга болсон мэт санагдав.

Ундны дараа Матс, Лоор нар тэдэнд тоглоомын өрөөгөө харууллаа. Тэнд хоёр жаахан хүүхэд тоглоомуудаар тоглож байв. Матвий тэднийг Матс, Лоор хоёрын дүү нар юм болов уу гэж таамаглав.

Матс нэг зүйл хэллээ. Асуулт бололтой. Гэвч Матвий юу хэлснийг нь ойлгосонгүй. Матс доош суун хайрцагтай хөзөр гаргаж ирэв. Түүнийг хөзрөө ялган тараасны дараа Лоор, тэр хоёр өөрсдийн хөзрүүдийг гартаа барив. Матвий тоглохыг хүссэн ч яаж гэдгээ мэдэхгүй байв!

Тэр нэг хөзөр тавиад Матвий руу харав. Дахиад л нэг зүйл хэллээ.

Матвийд уйлмаар санагдав. Тэр хүмүүсийн юу ярьж байгааг ойлгохгүй болохоор Германд амьдрахыг хүсэхгүй байв.

Лоор Матсд нэг зүйл хэлээд шүүгээ рүү гүйчхэв. Буцаж ирэхдээ нэг шинэ тоглоом авчраад газар тавив.

Матвий энэ тоглоомыг танилаа. Модоор хийсэн хэсгүүд нь түүний гэрт байдагтай адилхан байв. Энэ чинь шатар байна! Тэр аавтайгаа хэдэн цагаар шатар тоглодог байжээ. Матвий баярлан толгой дохилоо. Тэр үүнийг яаж тоглохоо мэдэж байв.

Лоор нүүр дүүрэн инээмсэглээд, шатраа өрж эхлэв.

Матвий шатрын хүүгээ хоёр нүд нүүлгээд, Лоорийг морио хөдөлгөхийг ажиглав. Дараа нь Матвий тэмээгээ Лоорийн морь луу нүүлгэлээ. Тимофий тэр хоёр баярлав. Лоор харамссан дуу гаргасан ч инээмсэглэж байлаа.

Шатар тоглож буй хүүхдүүд

Тэд их удаан тоглолоо. Удалгүй тэд инээлдэв. Тэд бие биеийнхээ хэлийг ойлгохгүй байсан ч гэсэн цагийг хөгжилтэй өнгөрөөж байв.

Хэдэн долоо хоногийн дараа тэд бүгд өөрсдийн мэддэг өөр тоглоомуудыг олжээ. Тэд гадаа бусад герман хүүхэдтэй хамт хөл бөмбөг тоглов. Матвий хэдэн герман үг ч сурав. Тэр заримдаа алдаж хэлдэг ч хичээсээр байв.

Матвий гэрээ мөн аавыгаа санасан хэвээр л байлаа. Гэвч тэр шинэ найзуудтай болоход тусалсан Тэнгэрлэг Эцэгтээ талархаж байв.

PDF түүх

Зураг чимэглэлийг Ханна Ли

  • Дуулал, д. 123.