Найз
Дахиад цэвэрхэн
.2024 оны 5-р сар


“Дахиад цэвэрхэн,” Найз, 2024 оны 5-р сар, 18–19.

Дахиад цэвэрхэн

Би нэг өдөр ч болтугай зөвийг сонгож чадсангүй! хэмээн Эмили бодов

Энэ түүх АНУ-д болсон.

Эмили аавтайгаа хамт ус руу орж зогсоод инээмсэглэлээ. Тэр энэ өдрийг хэдэн долоо хоногийн турш хүлээсэн билээ! Тэр өмнө нь хэзээ ч усанд умбаж үзээгүй учраас зүрх нь булгилж байлаа. Гэвч тэр Есүс Христийн адилаар баптисм хүртэх гэж байгаадаа их баяртай байв.

Эмили нүдээ аниад аавыгаа баптисмын залбирал хэлэхийг сонслоо. Дараа нь тэр хамраа чимхээд, нүдээ аниад, өвдгөө нугалахад аав нь түүнийг усанд дүрэв.

Аав нь түүнийг хурдхан буцаагаад өндийлгөхөд тэр бүхэлдээ норсон байлаа. Эмили нүдээ арчих хэрэгтэй байсан ч инээмсэглэж байв. Тэр өөр болсон мэт мэдэрчээ. Шинэхэн, аз жаргалтай мэдрэмж түүнийг бялхав. Тэр энэ мэдрэмжийг үргэлж мэдрэхийг хүсэж байлаа!

Баптисм хүртэж буй охин

Аав нь түүнийг чанга тэвэрлээ. Би энэ гоё мэдрэмжийг хэрхэн хадгалж үлдэхийг мэднэ хэмээн Эмили бодлоо. Зөвийг сонгон Есүс Христ шиг байхад л болно! Тэр үүнийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байв.

Гэртээ хариад Эмили машинаас буугаад гэрийнхээ урд хаалга руу гүйлээ. 4 настай дүү Жона нь ч мөн адил гүйв. Эмили хаалган дээр очоод яг онгойлгох гэж байхад Жона түүний хормойноос зуурч чанга гэгч нь татчихав.

“Болиоч” гэж Эмили орилоод хормойгоо гараас нь угз татлаа. Тэгээд тэр дүүгээ түрүүлж оруулахгүйн тулд замыг нь хааж зогсов. Тэр их уурлаж байлаа.

Дүү рүүгээ орилж буй охин

Гэнэт тэр зог тусав. Түүнд үнэхээр таагүй мэдрэмж төрлөө. Тэр Жонад зам тавьж өгөн дотогш оруулав.

Мөн араас нь “Уучлаарай” гэж хэллээ. Эмили буруу сонголт хийчхэв. Аврагч байсан бол Жона руу орилохгүй байх байсан. Тэр яаж ийм хурдан мартаж чадав аа? Түүний шинэхэн аз жаргалтай мэдрэмж алга болчихов.

Би баллачихлаа гэж тэр бодлоо. Би нэг өдөр ч болтугай зөвийг сонгож чадсангүй!

Маргааш өдөр нь ням гараг байлаа. Эмили сүмдээ явахаар бэлдэж байхдаа Жона руу яаж орилсноо бодлоо. Түүнд муухай санагдсан хэвээр байв.

Ариун ёслолын цуглааны үеэр бишоп Эмилиг урагш гараад ир хэмээн дуудав. Тэр гишүүнээр батлуулах гэж байлаа. Энэ нь тэр Ариун Сүнсний бэлэг хүлээн авна гэсэн үг юм. Тэр сандал дээр суулаа. Аав нь түүний толгой дээр гараа зөөлөн тавилаа.

Гишүүний баталгаа хүлээн авч буй охин

Аав нь эхлэх үед Эмили нүдээ анив. Тэр аавыгаа “Ариун Сүнсийг хүлээн авна уу” гэхийг сонслоо.

Эмили үргэлжлүүлэн сонсов.

“Эмили, чи буруу сонголт хийх бүрдээ Есүс Христийн ачаар наманчилж чадна гэдгээ үргэлж санаарай.” “Чи ариун ёслолоос хүртэх бүрдээ баптисм хүртэж байхдаа хийсэн гэрээнүүдээ санах боломжтой. Чи Түүнийг дагах болно гэдгээ дахин амлаж чадна” гэж аав нь хэлэв.

Аав нь адислалыг хэлж дуусахад Эмили аз жаргалтай, амар тайван болов. Ариун Сүнс өөрт нь бүх зүйл сайхан болно хэмээн хэлж буйг тэр мэдэж байлаа. Тэр төгс байгаагүй нь ЗҮГЭЭР. Учир нь Есүс Христ, Түүний Цагаатгалаар дамжуулан тэр наманчилж мөн уучлагдаж чадна шүү дээ! Тэр Жона руу орилсондоо харамсаж байсан ба Тэнгэрлэг Эцэг түүнийг цаашид хичээсээр байх болно гэдгийг мэдэж байсан.

Аавтайгаа хамт буцаад суудал руугаа алхаж явахдаа Эмили нүүр дүүрэн инээмсэглэв. Харин одоо ариун ёслол болох ба Эмили үүнийг тэсэн ядан хүлээв.

Ариун ёслолыг түгээх тавиур
PDF түүх

Зураг чимэглэлийг Одри Дэй