“Бурханы хайрыг хуваалцсан нь,” Найз, 2024 оны 5-р сар, 32–33.
Бурханы хайрыг хуваалцсан нь
Таис юу хэлэхээ мөн юу хийхээ мэдэхгүй байлаа. Гэвч тэр туслахыг хүсэв.
Энэ түүх Боливид болсон юм.
Их халуун өглөө байлаа. Таис найз Клаудиатайгаа хөл бөмбөгийн талбай дундуур алхан, хоорондоо ярилцан, инээлдлээ. Тэд биеийн тамирын хичээлээ дуусгаад математикийн хичээл рүүгээ явж байв.
Бага ангийнхны хичээл завсарлаж байлаа. Таис тэдний тоглохыг харав.
Тэгтэл тэр шатан дээр ганцаархнаа суух жаахан охиныг анзаарлаа. Тэднийг ойртож очих үед Таис түүний уйлж байгааг мэдэв.
Таис Клаудиа руу даллан тэр бяцхан охин дээр очъё гэв.
Клаудиа урвайгаад, үгүй гээд толгойгоо сэгсрэв. “Бид хоцорлоо шүү дээ.”
Таисыг юм хэлж амжаагүй байтал Клаудиа яваад өгөв.
Таис өнөөх охин руу харав. Тэр тав орчим настай байлаа. Тэр өвдгөндөө нүүрээ наан, гараараа толгойгоо дарсан байв.
Таисыг түүний дэргэд суухад тэр бага зэрэг хөдөллөө.
“Чи зүгээр үү?” гэж Таис зөөлнөөр асуув.
Охин хариу хэлсэнгүй. Таис юу хэлэхээ мөн юу хийхээ мэдэхгүй байлаа.
Тэгээд тэр “Чамд туслах уу?” гэлээ.
Өнөөх охин мөрөө хавчив.
“Намайг Таис гэдэг. Чамайг хэн гэдэг вэ?”
Охин энэ удаад Таис руу хараад “Никол гэдэг” гэлээ.
“Никол, чи яагаад уйлаа вэ?”
“Хүн болгон намайг бондгор гэж шоолдог” хэмээн цурхирав.
Таис Николын нүүрийг арчаад, “Тэд чамд тэгж хэлсэнд харамсаж байна. Хүмүүс юу гэх нь хамаагүй шүү дээ” гэв.
“Тэд намайг хөөрхөн биш гэдэг.”
“Үгүй дээ, тэд буруу хэлж байна гэж би бодож байна!” гээд Таис инээмсэглэлээ. “Чи үнэхээр хөөрхөн, мөн үнэхээр онцгой. Чи үүнийг мэдэх үү?”
гээд Таис Хүүхдийн хэсгийн дуртай дуунуудынхаа нэгийг бодов. Харин одоо тэр юу гэж хэлэхээ мэдэв.
“Чи бол Бурханы хүүхэд” гээд Таис охины гараас атгав.
Таис Николтой хэсэг зуур ярилцлаа. Николыг маш ихээр хайрладаг Тэнгэрлэг Эцэг, Николын гэр бүл, өөр бусад хүний хувьд тэр ямар чухал гэдгийг тэр түүнд тайлбарлав. Бага багаар Никол инээмсэглэж эхэллээ.
Хэдэн минутын дараа Никол босоод Таисыг чанга тэврээд “Баярлалаа!” гэв.
Таис шинэ найзыгаа инээмсэглэл дүүрэн гүйж одохыг харлаа. Никол тайвширч, Бурхан өөрт нь ямар их хайртайг мэдэхэд нь түүнд туслах их сайхан санагдав.
Тэгээд Таис ч мөн бослоо. Никол шиг гүйхгүй бол математикийн хичээлээсээ хоцорлоо! гэж бодоод, инээмсэглэн анги руугаа яарав.