Найз
Ням гаргийн сонголт
2024 оны 7-р сар


“Ням гаргийн сонголт,” Найз, 2024 оны 7-р сар, 4–5.

Ням гаргийн сонголт

“Ариун ёслол гэж юу вэ?” хэмээн Анита асуув.

Энэ түүх Исландад болсон юм.

Ойдог тавцан дээр үсэрч буй охид

“Илүү өндөр!” гэж Эволэтт найз Анитадаа хэлэв. Тэд Эволэттын ойдог тавцан дээр өөрсдийнхөө хэр өндөр үсэрч чадахыг үзэж байлаа.

Яг энэ үед Анита маш өндөр үсрэв. Хөл дээрээ дахин буух үед Эволэтт дээшээ хөөрөх нь тэр! Охид хоёул ойдог тавцан дээр уналаа. Тэд инээлдэж,

“Үнэхээр хөгжилтэй байна шүү. Маргааш бас тоглоцгоох уу?” гэж Анита хэлэв.

Эволэтт нуруугаараа арагшаа унав. “Тэгье л дээ! Дуртай яа!”

“Бид манай эмээгийн гэрт тоглож болох юм.” Анитагийн эмээ Эволэттын гэрээс хэдхэн байшингийн цаана амьдардаг байлаа.

Гэнэт Эволэтт маргааш ням гараг гэдгийг санав. Тэр Хүүхдийн хэсэгтээ суухыг хүсэж байлаа. Анитатай хамт тоглоход хөгжилтэй байдаг ч тэр зөвийг сонгохыг хүссэн юм.

Эволэтт: “Би чадахгүй гэдгээ сая саналаа. Уучлаарай. Би маргааш гэр бүлийнхэнтэйгээ сүм рүү явна” гэв.

Анита босоод дахин үсрэнгээ, “Яагаад?” гэж асуув.

Эволэтт ч бас үсэрч эхлэн, “Би Есүс Христийг дагахыг хүсэж байна. Гэр бүл маань Түүний тухай суралцаж, ариун ёслолоос хүртэхийн тулд ням гараг бүр сүмд очдог” гэв.

“Ариун ёслол гэж юу вэ?” гэж Анита асуулаа.

“Ариун ёслол гэж бид Есүс Христийг дурсан санахын тулд жижиглэн хуваасан талхнаас идэж, жижиг аягатай ус уухыг хэлж байгаа юм. Дараа нь хүмүүс Есүс өөрсдөд нь хэрхэн тусалдаг талаар ярьдаг. Үүний дараа хүүхдүүдэд зориулсан тусгай анги ордог!” гэж Эволэтт хариуллаа.

“Хөгжилтэй сонсогдож байна! Би очиж болох уу?” гэж Анита асуув.

“Тэгэлгүй яах вэ!” хэмээн Эволэтт инээмсэглэлээ.

Анита Эволэттэй хамт сүмд очиж болох эсэхийг эмээгээсээ асуухаар гэр лүүгээ гүйв. Маргааш өглөө нь Эволэтт гэр бүлийнхэнтэйгээ хамт Анитаг замаараа авч явав.

Тэд сүм дээр ирж, Эволэтт Анитад эргэн тойрныг сонирхууллаа. Тэр түүнд Хүүхдийн хэсэг, заал, ариун ёслолын танхимыг үзүүлэв.

Удалгүй ариун ёслолын цуглаан эхлэх боллоо. Эволэтт, Анита хоёр хамт сууж, Эволэтт ариун ёслолын үеэр Есүс Христийн талаар бодохыг хичээн, тэд захиаснуудыг сонсов.

Ариун ёслолын цуглаан дээр үг хэлж буй хүн ба Хүүхдийн хэсгийн багштай уулзаж буй охид

Эцэст нь Хүүхдийн хэсэгт орох цаг боллоо! “Энэ бол миний найз Анита” гэж

Эволэтт Анитаг найзууддаа танилцуулав.

“Өнөөдөр бид чамайг энд ирсэнд баяртай байна. Намайг Магнуссон эгч гэдэг” гэж Хүүхдийн хэсгийн багш хэллээ.

Эволэтт Анитатай хамт Есүс Христийн тухай хичээлд сууж байгаадаа баяртай байлаа. Түүнд Анитатай хамт сүм дээр байх нь таалагдав. Тэр эргэж хараад, Анита руу инээмсэглэлээ. Найз Анита нь ч мөн инээмсэглэв.

Анита харих замдаа “Намайг урьсанд баярлалаа” гэж талархан хэлэв.

Эволэтт Есүс Христийн үлгэр жишээг дагаж чадсандаа баяртай байв. Мөн тэр Анитаг Аврагчийн талаар сурахыг хүссэнд баярлав.

Ойдог тавцан дээр үсэрч, агаарт дүүлэх хөгжилтэй байсан ч сүмийн дараа Эволэттын мэдэрсэн дулаан мэдрэмж илүү сайхан байв.

Ариун ёслолыг түгээх цар тавиур ба өөдөө харж буй амар амгалан охин
PDF түүх

Зураг чимэглэлийг Фиона Пауэрс