“Итгэлийн тунхгийн талаар Алантай ярилцсан нь,” Найз, 2024 оны 7-р сар, 40–41.
Итгэлийн тунхгийн талаар Алантай ярилцсан нь
Алан Испани улсын Малага хотод амьдардаг. Бид түүнээс Итгэлийн тунхгийг хэрхэн цээжилсэн талаар хэдэн зүйл асуусан юм.
Өөрийнхөө талаар бидэнд яриач.
Би найман настай. Би том болоод алдартай эрдэмтэн болохыг хүсдэг. Би улбар шар өнгөнд дуртай. Миний дуртай хоол бол эмээгийн маань хийдэг тортияас дэ пататас (Испани маягийн шарсан өндөг).
Чи Итгэлийн тунхгийг яаж цээжилсэн бэ?
Би Итгэлийн тунхгийг Хүүхдийн хэсэгт цээжилж эхэлсэн. Бид цээжлэхийн тулд дуунууд дуулдаг байсан. Заримдаа багш нар маань үгнүүдийг нь самбарт бичээд, давтан хэлэх үедээ зарим үгийг арилгадаг байлаа. Бас бид Итгэлийн тунхгийн хэсэг бүр ямар утгатай болохыг тайлбарласан зураг зурсан.
Мөн би сургууль руугаа явах замдаа машин дотор гэрийнхэнтэйгээ хамт давтаж хэлдэг байв. Би Маиа дүүдээ ч бас цээжлэхэд нь тусалж байгаа. Тэр аль хэдийн эхний зургаан хэсгийг мэддэг болсон шүү!
Итгэлийн тунхгийн аль хэсэгт чи хамгийн их дуртай вэ?
Би 9-р хэсэгт дуртай. “Бурханы илчилсэн бүгдэд, эдүгээ түүний илчилж буй бүгдэд бид итгэдэг мөн Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг Тэрээр цаашид илчлэх болно гэдэгт бид итгэдэг.” Энэ нь бидэнд зориулсан бага багаар суралцах илүү олон зүйл Тэнгэрлэг Эцэгт байгаа гэдгийг заадаг.
Итгэлийн тунхгийг мэдэж авах нь чамд хэрхэн тусалсан бэ?
Нэг өдөр сургууль дээр найз Софиа маань надаас юунд итгэдгийг мөн намайг ямар нэг шашны итгэгч эсэхийг асуусан юм. Би Итгэлийн тунхгийн “Бурхан, Мөнхийн Эцэг, мөн Түүний Хүү Есүс Христ, мөн Ариун Сүнсэнд бид итгэдэг” гэсэн эхний хэсгийг санаад, түүнтэй хуваалцсан.
Би өөрийгөө Христийн шашинтан гэдгийг мөн Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэдгээ түүнд бас хэлсэн. Тэр намайг сонсож, миний хуваалцсан зүйлийн талаар мэдэж авсан.
Ингэж хэлсэн нь чамд ямар санагдсан бэ?
Найздаа өөрийн итгэл үнэмшлийг хуваалцах зориг гаргасан маань надад үнэхээр сайхан санагдсан. Итгэлийн тунхгийг цээжлэхийн тулд их хичээсэн болохоор би сайн мэдээг хуваалцаж, юу хэлэхээ мэдэх боломжтой болсон.