“Суралцахын баяр баясгалан,” Найз, 2024 оны 7-р сар, 32–33.
Найзаас найзад
Суралцахын баяр баясгалан
Оливиа Киттэрмэн, Ноэлл Ламбэрт Баррус хоёртой ярилцсан ярилцлагаас авав.
Би бага байхдаа өөрийгөө сайн сурагч гэж боддоггүй байв. Миний ах, эгч нар бүгд үнэхээр ухаантай байсан. Тэд сайн дүн авч, хамгийн хэцүү хичээлүүдийг сонгон суралцдаг байлаа. Би хамгийн хэцүү хичээлүүдийг сонгохыг хичээдэг байсан ч чадаагүй. Тооны хичээл маш хэцүү байв. Тиймээс би өөрийгөө “Би угаасаа ухаантай биш юм байна” гэж бодсон. Энэ байдал өөрчлөгдөх боломжтой гэж би боддоггүй байлаа.
Тэгтэл нэг жил би надад хэрэгтэй байсан өөртэй итгэх итгэлийг өгсөн багштай болов. Багш маань надаас миний олж хараагүй өөр олон авьяас чадварыг олж харсан. Тэр: “Кларк аа, чи сайн сурагч болж чадна. Чи зүгээр л өөртөө итгэх хэрэгтэй” гэж билээ.
Тиймээс би үргэлжлүүлэн хичээж, илүү шаргуу суралцсан. Бас би илүү зохион байгуулалттай байх тал дээр ажиллаж, гэрийн даалгавраа хэрхэн тогтмол хийх талаар сурсан. Зурагтаа унтрааж байх нь надад гэрийн даалгавар дээрээ төвлөрөхөд тусалж байв. Удалгүй би илүү сайн сурагч болж, өөртөө итгэх итгэл маань ч өссөн билээ.
Би номлолдоо гарах үедээ өөрийн хүчинд тулгуурлан сурах шаардлагагүй юм байна гэдгийг ойлгосон. Би Тэнгэрлэг Эцэгээс тусламж хүсэн, Ариун Сүнсийг сонссон юм. Шаргуу хөдөлмөрлөх тусам би хүмүүст зааж, туслах боломжтой байсан. Би номлолоосоо бууж, гэртээ ирээд коллежид орлоо. Би хичээл бүр дээрээ Бурханы тусламжийг хүсэн залбирдаг байсан. Би илүү сайн оюутан болж, бүр тооны хичээлдээ хүртэл дуртай болж эхэлсэн юм!
Би ухаантай байх гэдгийг олон юм мэддэг, сургууль амархан санагдахыг хэлнэ гэж боддог байж. Тийм биш байсан. Суралцах үйл явцдаа Их Эзэнийг оролцуулж, сайжрахын тулд шаргуу хөдөлмөрлөж байгаа бол чи ухаантай байна гэсэн үг!
Хэрэв яг одоо юмс чамд хэцүү санагдаж байвал чи Бурханы хүүхэд гэдгээ санаарай. Чамд гайхалтай нөөц чадамж бий шүү. Чи хүнд хэцүү зүйлсийг ч хийж чадна. Дадлага хийсээр бай. Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуй. Тэр чамайг амжилтад хүрээсэй гэж хүсдэг. Чи чадна!
Сурч мэдэх нь хөгжилтэй
Доорх дөрвөлжин хэсэг дэх хичээлийн хэрэгслүүдийн загвар бүрийг олоорой. Чи сургууль дээрээ юу сурах дуртай вэ?