“Өвөө, эмээ хоёрынд зочилсон нь,” Найз, 2024 оны 7-р сар, 30–31.
Өвөө, эмээ хоёрынд зочилсон нь
Эрнэсто Хүүхдийн хэсэгт сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүсэв.
Энэ түүх Индонезэд болсон.
Эрнэсто цүнхэндээ өөр нэг цамц хийгээд, өрөөг тойруулан харав. Тэр өөр юу авах ёстой байсан бэ? Тэр ширээн дээрх Мормоны Номоо харлаа. Тэр Мормоны Номоо авахаа мартсангүй!
Зуны амралт болж байсан бөгөөд Эрнэстогийн гэр бүлийнхэн өвөө, эмээ хоёрынд зочлох гэж байв. Тэр өвөө эмээтэйгээ уулзахаар догдолж байлаа.
Эрнэсто болон түүний гэр бүлийнхнийг ирэхэд өвөө нь түүнийг чангаар тэвэрлээ. “Чамайг ирсэнд би их баяртай байна!”
“Бид чамайг санасан шүү!” гээд, эмээ нь инээмсэглэн Эрнэстог бас тэврэв.
“Би өнөөдрийг их хүлээлээ. Бид энд ирэх үнэхээр дуртай” гэж Эрнэсто хэлэв.
Өвөө нь “Дотогшоо орцгооё. Эмээ нь чиний дуртай бүх хоолыг хийж өгнө” гэв.
Эрнэсто өвөө, эмээ хоёртойгоо хамт байшин руу алхаж орлоо. Тэр тэдэнтэй хамт цагийг өнгөрүүлэхээр үнэхээр их догдолж байв.
Маргааш өглөө нь Эрнэсто агшаасан будааны үнэрээр сэрлээ. Тэр ээж, эмээ хоёроо гал тогоонд завгүй байхыг харав. Тэр тэднийг хацар дээр нь үнсээд, хашаа руу гүйн гарав.
Аав, өвөө хоёр нь юм уугаад, гадаа суунгаа ярилцаж байлаа.
“Өглөөний мэнд. Чи цай уумаар байна уу?” гээд Өвөө нь Эрнэсто руу аягаа сунгав.
Эрнэсто аягатай цайг хараад, дараа нь өвөө рүүгээ харлаа. Тэр Хүүхдийн хэсэгт сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүсэв. Тэр “Үгүй ээ, баярлалаа. Би сүм дээрээ цай, кофе, тамхи бидний биед сайн биш гэж сурсан. Би Есүсийн надаас хийхийг хүсдэг зүйлсийг хийхийг хүсэж байна” гэв.
Аав нь инээмсэглэн, “Манай гэр бүл Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагадаг ч өвөө нь өөр зүйлд итгэдэг, ийм байх нь зүгээр” гэлээ.
Өвөө нь “Итгэдэг зүйлээ хуваалцсанд баярлалаа” гэж Эрнэстод талархав. “Чи бол сайн хүү. Чи аавтайгаа адил халуун ус ууж болно шүү дээ” гээд, өвөө нь Эрнэстод данхнаас ус аягалж өгөв.
Эрнэсто нэг балгаад, зөвийг сонгосондоо баярлав.
Өдрийн хоолны цагаар Эрнэсто дуртай хоолнуудаа идэж гарав. Эмээ нь наси горэнг хэмээх будаа, өндөг, мах, ногоотой хоол хийсэн нь гойд амттай байлаа. Мөн хооллох үеэрээ өвөө эмээтэйгээ ярилцах Эрнэстод сайхан байв.
Үдээс хойш тэд гэр бүлээрээ хамтдаа нуугдаж тоглов. Өвөө, эмээ хоёр нь ч бас тоглолоо!
“Эрнэсто, би чамайг тэр модны ард байгааг харж байна шүү!” гээд аав нь түүн рүү гүйлээ. Эрнэсто зугтаж байхдаа инээд алдаж байлаа. Гэр бүлийнхэнтэйгээ хамт тоглох нь хөгжилтэй байв.
Тэр орой өвөөг түүх ярьж өгөх үед бүгд түүнийг тойрон суулаа. Өвөөгөө ярьж дуусахад Эрнэсто судраа уншаагүй гэдгээ санав.
Эрнэсто үсрэн босоод, “Би удахгүй эргээд ирнэ ээ” гэж хэллээ.
Тэр гүйж очин, Мормоны Номоо авав. Тэгээд буцаж ирээд, “Бүгдээрээ унших уу?” гэж асуулаа.
“Чамайг номоо уншихаа санасанд баяртай байна” гээд ээж нь Эрнэстогоос номыг авч, дуртай шүлгээ гаргав. Тэр чанга уншлаа. Тэгээд тэд бүгд өвдөг сөгдөв.
“Та бидэнтэй хамт залбирмаар байна уу?” гэж Эрнэсто өвөө эмээгээсээ асуув.
“Тийм ээ, тэгвэл сайхан л байна“ гэж эмээ нь хариулаад, өвөөгийнх нь хажууд сөгдлөө.
Аав нь залбирч, гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрөөсөндөө Тэнгэрлэг Эцэгт талархав.
Залбирсны дараа өвөө нь Эрнэстог тэврээд, “Гэр бүлээрээ залбирч байгаа нь сайн хэрэг. Бурхантай ойр байхыг хүсэж байгаад чинь би баяртай байна. Ингэснээр гэр бүл чинь хүчирхэг хэвээр байх болно” гэв.
Эрнэстогийн дотор дулаан, амар амгалан мэдрэмж төрөв. Түүнд өөрийн хайрладаг итгэл үнэмшлийг хайртай хүмүүс болох өвөө, эмээ хоёртойгоо хуваалцах нь ихэд таалагдсан юм.