Найз
Судраас сэдэвлэсэн театр
2024 оны 7-р сар


“Судраас сэдэвлэсэн театр,” Найз, 2024 оны 7-р сар, 14–15.

Судраас сэдэвлэсэн театр

“Ням гаргийн хайрцгийг гаргаж ирвэл ямар вэ?” гэж Жонни асуув.

Энэ түүх АНУ-д болсон.

“Уйдаж байх чинь ээ.” Жонни зочны өрөөний шалан дээр хэвтэнэ.

Түүний эгч Жэнна цонхоор гадагш ширтэнгээ, “Хийх юм юу ч алга” гэв.,

Жонни тааз руу ширтлээ. Ням гараг яагаад уйтгартай байдаг юм бэ?

Дараа нь түүнд нэг бодол орж ирэв. “Ням гаргийн хайрцгийг гаргаж ирвэл ямар вэ?” гэж Жонни асуув. Ням гаргийн хайрцаг нь ням гарагт тоглох тоглоомуудаар дүүрэн онцгой хайрцаг юм.

Жэннагийн царайнд мишээл тодорч, “Зугаатай сонсогдож байна” гэв.

Хайрцгаас тоглоом гаргаж буй хүү, охин хоёр

Жонни, Жэнна хоёр ээжийнхээ өрөө рүү яаран гүйж, зочны өрөөнд том хайрцаг чирч оруулав.

“Хэдүүлээ эхлээд юу хийх вэ?” гэж Жонни асуув. Тэр хайрцгийг нээгээд, зурагтай номууд бас хөзөрт тоглоом гаргаж ирэв.

“Судрын баатрыг тааруулдаг тоглоом тоглоцгооё” гэж Жэнна хэллээ.

Энэ бол Мормоны Номын бошиглогчдын зурагтай хөзөрт тоглоом. Жэнна газарт хөзрүүдийг доош харуулан тавив. Тэд хөзрүүдийг ээлжлэн авч, ижилхэн хөзрийг олохыг хичээнэ.

Жонни ахмад Моронайн зурагтай хоёр өөр хөзөр сугалав. “Би тааруулчихлаа!” гэж тэр орилов.

“Би ч гэсэн!” гээд, Жэнна Сариагийн зурагтай хоёр хөзөр харуулан барилаа.

Жонни, Жэнна хоёр дахин хэдэн удаа тоглолоо. Мормоны Номын дуртай түүхүүдийнхээ талаар бодоход хөгжилтэй байв.

Хэсэг хугацааны дараа Жэнна: “Өөр юм хийцгээе” гэлээ.

“За. Хамгийн дуртай судрын түүхүүдээ жүжигчлэн тоглоцгооё. Судраас сэдэвлэсэн театр байгуулъя!” гээд Жонни хөзрүүдээ түүж эхлэв.

“Тэгье” гээд, Жэнна тоглоомоо цуглуулж хураахад тусаллаа.

Жонни хэдэн хувцас хайхаар хайрцгийг ухаж гарав. Тэр хөвсгөр бор нөмрөг гаргаж ирэн өмслөө. “Би бол лемен үндэстэн Самуел!” гээд, сандал дээр үсрэн гарч, хотын ханан дээрээс зааж буй Самуел мэт жүжиглэв.

Жэнна Мормоны Номын зурагт номыг нээж, лемен үндэстэн Самуелын зургийг олтлоо хуудаснуудыг эргүүлэв. Тэр Жонниг уг түүхийг жүжигчлэн үзүүлж байхад түүхийг нь чангаар уншлаа.

Хүүхдүүд энэ түүхийг хэд хэдэн удаа давтав. Жоннид сайхан мэдрэмж төрж, дотроо баяртай байлаа. Есүс Христийн талаар зааж байсан бошиглогчдыг дурсан санах үед сайхан мэдрэмж төрөв.

Тэднийг бэлэн болмогц Жонни гүйн очиж ээж, аав, эмэгтэй дүү Макэннаг авчирлаа. “Ирээд бидний жүжгийг үз дээ!”

Жэнна гараа дэлгэн өрөөний голд зогссон байв. “Манай судраас сэдэвлэсэн театрт тавтай морил. Өнөөдөр бид . . . лемен үндэстэн Самуелын тухай түүхийг толилуулах болно!” гээд,

түүхээ эхлүүлэв. “Олон жилийн өмнө Самуел гэдэг нэгэн бошиглогч нифайчуудад заахаар ирсэн юм . . .”

Жоннигийн ээлж болоход тэр сандал дээр гарч зогсоод, чанга дуугаар, “Би бол Самуел. Тэнгэрлэг Эцэг та нарыг зөв сонголт хийгээсэй гэж хүсдэг. Буруу зүйлс хийхээ боль. Учир нь Есүс Христ таван жилийн дараа мэндлэх болно” гэв.

Сандал дээр зогссон хүү том алчуур нөмөрсөн хүү, охин хоёртой хамт

“Бурханы хүч Самуелтай хамт байлаа” гэж Жэнна хэлээд, түүхийн үлдсэн хэсгийг ярьж дуусгалаа. Дуусах үед ээж, аав, Макэнна гурав алга ташив.

“Янзтай байлаа!” гэж ээж нь магтжээ.

Жонни, Жэнна хоёр ёслоод, нүүр дүүрэн инээмсэглэв.

Жонниг “дахиад өөр жүжиг үзүүлцгээе” гэхэд,

ээж нь “Бид өөр жүжиг үзмээр байна” гэв. Макэнна алга ташин инээмсэглэлээ.

Жэнна, Жонни хоёр өөр хувцаснууд авахаар ням гаргийн хайрцаг руу уралдан гүйв.

“Ням гараг хөгжилтэй юм аа! Би судруудын талаар суралцах дуртай” гэж Жэнна хэлэв.

“Бас Есүсийн талаар” гээд, Жонни өөр нэг хувцас олчхоод инээмсэглэв. Ням гараг үнэхээр онцгой өдөр байлаа!

PDF түүх

Зураг чимэглэлийг Шона Ж.К.Тэнни