“Нүргээнт чимээ ба тод өнгөнүүд,” Найз, 2024 оны 7-р сар, 10–11.
Нүргээнт чимээ ба тод өнгөнүүд
“Тэнгэрлэг Эцэг яагаад чанга дуу чимээг болиулахгүй байгаа юм бэ?” гэж Шарлотт асуув.
Энэ түүх АНУ-д болсон.
Шарлотт чанга дуу чимээг тэвчдэггүй байлаа! Тэр чихэнд чийртэй, толгой руу янгинах чанга дуу чимээнд дургүй байв. Тэр өөрийгөө аюулгүй байгааг мэддэг ч машинаас гарах хяхтнах чимээ, олон хүн шуугих, бөмбөр цохих зэрэгт мэдрэг ханддаг байлаа.
Бас Шарлотт салют буудахад үнэхээр дургүй байв.
Чанга дуу чимээтэй үед түүнийг тайван байлгахын тулд гэр бүл нь олон зүйлийг туршиж үзсэн. Аав нь түүнд дуу чимээг хаах тусгай чихэвч авч өгчээ. Аянга цахих үед ээж нь түүнийг хөнжлөөр бүтээдэг байв. Мөн Шарлотт айхгүй байхын төлөө тусламж гуйн залбирдаг байлаа.
Энэ бүгд тус болдог байсан ч тэр чанга дуу чимээнээс айсан хэвээр байв.
Ээж нь: “Өнөө орой бид цэцэрлэгт хүрээлэнд болох нэгэн онцгой салют буудах арга хэмжээ рүү явна. Чи явмаар байна уу?” гэж Шарлоттоос асуув.
Шарлотт урвайн, “Гэхдээ салют аймаар чанга дуутай” гэлээ.
Ээж нь: “Одоо чи том болсон болохоор салют буудахыг харах хөгжилтэй байх ч юм бил үү. Чиний бүх найз тэнд очно. Бид бас чиний тусгай чихэвчийг авч явна. Чи очоод үзэх үү?” гэж асуув.
Шарлотт санаа алдан, “За. Би оролдоод үзэж болох л юм” гэв.
Цэцэрлэгт хүрээлэнд салют буудах арга хэмжээ маш сайхан эхэллээ. Шарлотт болон түүний найзууд зүлгэн дээр гүйлдэж, амттанаа хуваалцаж, тоглоцгоов. Удалгүй гэгээ тасарлаа. Шарлотт сандарсан байдалтай тэнгэр өөд хараад, доош суун чихэвчээ зүүв.
ТҮССС! ТҮССС! ТАССС!
Шарлоттын зүрх хурдан хурдан цохилж, цээж нь бачуурав. Тэр үсэрч босоод, эргэн тойрон дахь нүргээнт чимээнээс холдохыг хичээлээ.
Ээж нь Шарлоттын араас гүйн, гараас нь шүүрэн авч атгав. Тэд доош суугаад, ээж нь түүнийг чанга тэвэрлээ. Шарлоттын хацрыг даган нулимс урсав.
“Чамайг айлгасанд уучлаарай. Би энд байна. Дуу чимээнд хэт их анхаарахгүйн тулд өнгөнүүд дээр төвлөрөөд үзье. Чи юу харж байна вэ?” гэж ээж нь асуув.
Шарлотт уртаар амьсгаа аваад, “Би шар, улаан, ногоон өнгө харж байна” гэж хариуллаа.
Ээж нь “Одоо хамраа ашиглаарай. Чамд юу үнэртэж байна вэ?” гэж асуухад,
Шарлотт “Надад утаа болон зүлэг ногоо үнэртэж байна. Бас попкорн!” гэж хариулав.
“Чи өөр ямар ямар мэдрэмжээ одоо ашиглаж болохоор байна?” гэхэд,
Шарлотт нүдээ аниад, “Салют тэсрэх үед би цээжиндээ чичиргээ мэдэрч байна” гэв.
“Чамд ямар нэг зүйл амтагдаж байна уу?” гэж ээж нь асуухад
Шарлотт хэлээ гаргаад “Би салютыг амталж чадахгүй шүү дээ” гээд инээв.
Энэ бүхэн Шарлоттод сонирхолтой санагдлаа. Хүмүүс яаж өөр өөр өнгөнүүдийг гаргадаг вэ? Салют хэрхэн тэсэрдэг юм бол? Тэд яаж өөр өөр дүрс үүсгэдэг юм бол? гэж тэр гайхав. Салют одоо надад тийм ч аймаар санагдахгүй байна.
“Ээж ээ, салют гайхалтай юм аа!” гэж Шарлотт хэлэв.
Тэр орой ээж нь Шарлоттыг оронд нь оруулах үед Шарлотт ээжээсээ “Намайг Тэнгэрлэг Эцэгээс чанга дуу чимээг болиулж өгөхийг гуйх үед Тэр яагаад миний залбиралд хариулаагүй юм бол?” гэж асуув.
Ээж нь хэсэг бодолхийлснээ, “Тэнгэрлэг Эцэг дандаа аймаар зүйлсийг байхгүй болгодоггүй. Харин заримдаа Тэр бидэнд аливааг өөрөөр харахад тусалж, биднийг тайтгарахад туслах хүмүүсийг бидэнд өгдөг” гэж хариулав.
“Өнөөдөр Тэр надад тусалсан шиг!” гэж Шарлотт хэлэхэд,
“Яг зөв!” гээд, ээж нь инээмсэглэв. “Чи айж байсан ч гэсэн салют харахаар явсан шүү дээ. Дараа нь Тэнгэрлэг Эцэг чамд айдсаа дарахад чинь тусалсан. Мөн Тэр чамд бусад мэдрэхүйгээ ашиглан салютын сайхан талыг олж харахад тусалсан.”
Шарлотт тэнгэрт байсан тод өнгөнүүдийн талаар бодоод инээмсэглэв. Тэр чанга дуу чимээнд дургүй, дуу чимээнээс айдаг хэвээрээ байсан ч Тэнгэрлэг Эцэг түүнд зоригтой байхад нь ямагт тусална гэдгийг мэдэж байсан юм.