“Рэйна дахин оролдсон нь,” Найз, 2024 оны 7-р сар, 36–37.
Рэйна дахин оролдсон нь
“Би дахиж хэзээ ч шинэ зүйл туршихгүй, энэ бол сүүлийнх” гэж Рэйна хэлэв.
Энэ түүх АНУ-д болсон.
Рэйна сургуулийнхаа зарлалын самбар дээрх зарыг дахин дахин уншлаа. Эсээ бичих уралдаан: Нью-Йорк хот руу үнэгүй аялах эрх хожоорой!
Энэ нь тухайн орон нутгийн сургуулиудын сурагчдад зориулсан тэмцээн байлаа. Рэйна өөрийгөө Нью-Йорк хотын тэнгэр баганадсан өндөр барилгууд дунд болон Эрх чөлөөний хөшөөний хажууд байгаагаар төсөөлөв. Тэр тийшээ явахыг хүсэж байлаа!
Сидни: “Чи оролцох хэрэгтэй. Чи бол манай ангийн хамгийн сайн бичдэг нь шүү дээ!” гэв.
Сиднигийн хэлсэн үг Рэйнад урам өгөв. Тэр эсээ бичих талаар тийм ч сайн мэддэггүй байв. Гэсэн ч тэр оролдож үзэхийг хүслээ.
Рэйна сургуулиасаа гэртээ ирээд, ширээнийхээ ард суув. Тог, тог, тог. Тэр бодох зуураа цаасан дээр харандаагаараа товшин байлаа. Эцэст нь тэр бичиж эхлэв.
Рэйна эсээгээ дуусгах гэж бүхэл бүтэн нэг долоо хоног зарцуулав. Гэсэн ч тэр ээжийнхээ тусламжтайгаар эцэст нь нэг юм эсээгээ илгээхэд бэлэн боллоо.
Хэдэн долоо хоног өнгөрлөө. Рэйна хэн түрүүлснийг мэдэхээр догдолж байв. Мөдхөн тэр Нью-Йорк руу явж ч магад!
“Зуу гаруй сурагч оролцлоо” гэж ноён Врайт ангийн өмнө зогсон хэллээ. “Эсээ бичсэн та бүгдэд баярлалаа.”
Рэйнагийн зүрх түг түг цохилж байв.
“Манай сурагчдаас тэмцээнд түрүүлээгүй ч гэсэн Рэйна бүх оролцогчоос эхний тавд багтсан байна. Рэйнадаа баяр хүргэе” гэж ноён Врайт хэлэв.
Рэйна ангийнхныгаа алга таших үед инээмсэглэж байсан ч дотроо гонсгор байлаа. Эхний тавд орох нь түрүүлэхтэй адил хангалттай биш гэсэн үг. Нью-Йоркийг үзэх түүний мөрөөдөл сарнив.
Рэйна гэртээ ирээд, ээж, аавынхаа хажууд гал тогооны сандал дээр лагхийн суулаа. “Би тэмцээндээ түрүүлээгүй. Би дахиж хэзээ ч шинэ зүйл туршихгүй, энэ бол сүүлийнх. Сайн хийдэг гэдгээ мэддэг зүйлээ л хийнэ” гэж тэр хэлэв. Тэр хоёр гараараа толгойгоо салаавчлан суув.
“Түрүүлээгүйд чинь харамсаж байна. Ээж, аав хоёр нь чамайг хичээсэнд их бахархаж байна” гээд аав нь Рэйнагийн хажууд суулаа. “Би хэдэн жилийн өмнө ажилгүй байсан тэр үеийг санаж байна уу?” гэхэд,
Рэйна толгой дохив.
“Би олон ажилд өргөдөл явуулсан ч хаана ч ажилд орж чадаагүй. Миний урам үнэхээр их хугарсан” гэж аав нь хэлэв.
Рэйна толгойгоо өргөөд, “Тийм үү?” гэхэд,
аав нь толгой дохин, “Гэхдээ би бууж өгөөгүй. Нэлээн урт хугацааны дараа би тун аятайхан ажил олсон. Гэхдээ хэрэв би хичээхээ больсон бол ийм зүйл болохгүй байх байсан.”
Ээж нь Рэйнаг тайвшруулахаар мөрөн дээр нь гараа тавив. “Чи намайг өөр өөр сэтгүүлийн газар луу хэдэн түүх илгээж байгааг мэдэх үү? Бас хэчнээн нь татгалзсан гэдгийг мэдэх үү?” гэж тэр асуув. Гэвч би бүтээлээ хэвлэгдэхийг харахыг хүсдэг учир бууж өгч болохгүй. Бичих нь надад чухал тул би хичээсээр л байгаа.”
Рэйна эцэг эхийгээ хийж байсан бүх зүйлдээ сайн байсан гэж үргэлж боддог байсан. Тэднийг татгалзсан хариу хүртэл авч байсныг тэр огт мэдээгүй байлаа.
Тэр гунигтай хэвээр байсан ч шинэ зүйл дахин хэзээ ч туршиж үзэхгүй байх нь түүнд утгагүй санагдав. Бууж өгөх нь Тэнгэрлэг Эцэгийн түүнээс хүсдэг зүйл биш байв. Рэйна бууж өгөхгүй байхаар шийдсэн юм. Тэр шууд сайн хийгээгүй ч илүү олон зүйлийг туршиж үзсэн.
“Би энэ тэмцээнд дараа жил дахин оролцоно гэж бодож байна” гэж Рэйна хэлэв. Уралдаанд түрүүлээгүй нь түүний мөрөөдлийн төгсгөл байх ёсгүй.
Рэйна ширээ рүүгээ явж, харандаагаа авлаа. Бичих нь тун зугаатай зүйл байсаар ирсэн. Тог, тог, тог. Дараагийн удаа тэр ямар шинэ зүйлийн талаар бичиж болох вэ?