2008
Есүс Христийн Цагаатгал
2008 оны гуравдугаар сарын сар


Есүс Христийн Цагаатгал

Зураг
Elder Jeffrey R. Holland

Гетсеманий Цэцэрлэгт

Cүүлд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулганд үйлчлэхээр дуудагдсан Ахлагч Орсон Ф.Витней (1855–1931) залуу номлогч байхдаа амьдралыг нь мөнхөд өөрчилсөн нэгэн хүчирхэг зүүдийг зүүдэлсэн юм. Хожим нь тэрээр бичихдээ:

“Нэгэн шөнө би зүүдлэв… Би Аврагчийн тарчлалыг гэрчлэхээр Гетсеманий Цэцэрлэгт байсан бөгөөд … . тэр хавьд би нэгэн модны ард зогсож байв… . Есүс Петр, Иаков болон Иоханы хамтаар миний баруун талд байх модон хаалгаар орж ирээд өвдөг сөгдөн залбирахыг гурван төлөөлөгчдөө хэлээд тэднийг тэнд үлдээв. Тэрээр нөгөө талд нь хүрч ирээд мөн өвдөг сөгдөн ийнхүү залбирав… ‘Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч миний хүслээр биш, харин таны хүслээр болог.’

“Ийнхүү залбирахад нүүрийг нь даган нулимс урсаж байснаа тэрээр над руу эргэж харав. Түүний энэ их уй гашууг чин сэтгэлийн угаас өрөвдөн, харсан зүйлдээ сэтгэл минь ихэд хөдөлж, би ч мөн нулимс урсгалаа. Зүрх сэтгэл минь бүхлээрээ Түүн рүү тэмүүлж байв. Би түүнд бүхий л зүрх сэтгэлээрээ хайртай бөгөөд өөр хэнтэй ч бус зөвхөн Түүнтэй байхыг хүсэж билээ.

“Үүний дараа Тэрээр босч өвдөг сөгдөн байсан Төлөөлөгч нарынхаа зүг алхав—тэд гүн унтаж байлаа! Тэрээр тэднийг зөөлхөн сэрээн босгож, аядуу хийгээд зөөлөн хэрнээ зэмлэнгүй дуугаар нойрсож дуугаар та нар чинь надтай хамт ганцхан цаг ч сэргэг байж чадахгүй улс уу хэмээн тэднээс асуув.

“Тэрээр нөгөө газартаа эргэн очиж дахин залбираад буцаж, Төлөөлөгч нар дээрээ очиход тэд мөн унтаж байв. Тэрээр дахин тэднийг сэрээгээд урьдын адил тэдэнд сануулж, мөн эргэн очиж залбирав. Тэрээр үүнийг гурван удаа давтсан бөгөөд энэ үеийг хүртэл би Түүний гадаад байдал болох нүүр, хэлбэр хийгээд хөдөлгөөнийг нь хүртэл төгс ажигласан юм. Тэрээр дээд язгууртны байдалтай байсан бөгөөд түүний биеэ авч явах нь ер бусын байв. Тэрээр үнэхээр Бурхан байсан, мөн байгаа бөгөөд хүүхэд лугаа адил даруу номхон хүлцэнгүй байлаа.

“Нэг л мэдэхэд байдал өөрчлөгдсөн мэт байв… . Тэрхүү байдал нь Цовдлолтын өмнө бус харин дараа нь байв. Тэр мөчид Аврагч тэдгээр Төлөөлөгч нарын хамтаар нэгэн бүлэг болон хамтдаа миний зүүн талд зогсож байв. Тэд хариугүй тэнгэр өөд явах гэж байсан бөгөөд би үүнийг хараад байж тэвчилгүй модны цаанаас гүйж ирэн Түүний хөлд унан, Түүнийг өвдгөөр нь тэврэн авч намайг Өөртэйгөө хамт авч яваач хэмээн гуйж байлаа.

“Тэрээр тэгэхэд алгуурхнаар бөхийн намайг дээш өргөж, тэврэн угтсаныг нь би хэзээ ч мартахгүй. Энэ нь маш тод , бодитой байлаа. Тэрээр намайг тэврэхэд Түүний цээжнээс би дулааныг мэдэрч байв. Тийнхүү Тэрээр хэлэхдээ: ‘Үгүй ээ, хүү минь; эд нар бол ажлаа дуусгасан, тиймээс тэд надтай явж болно; харин чи үлдэж, ажлаа гүйцэлдүүлэх ёстой’ хэмээв. Гэсэн ч би Түүнийг тэвэрсээр л байв. Түүний нүүр лүү өнгийн харахуйд Тэрээр надаас өндөр байсан бөгөөд—Би ихэд хичээнгүйлэн Түүнээс гуйж хэлрүүн: ‘Тэгвэл, эцсийн өдөр Би чам дээр ирэх болно гэдгийг та надад амлаач’ гэхэд Тэрээр инээмсэглэн зөөлхөнөөр, ‘Энэ бүхэн чамаас л шалтгаалах болно’ хэмээн надад хариулав. Тийнхүү би нүүр дүүрэн нулимстай сэрэхэд өглөө хэдийн болсон байлаа.”1

Яагаад Цагаатгал гэж?

Аврагчийн хайрын золиослолын талаарх хувь хүний энэхүү сэтгэл уярам, уян зөөлөн, өнгөц зэрвэсхэн ажиглалт бол Есүс Христийн Цагаатгалын ач холбогдолд яг дүйх оршил юм. Махан бодод төрсөн Бурханы Төрсөн Ганц Хүүгийн Цагаатгал нь чухамдаа Христийн шашны бүх сургаалын хамгийн чухал үндэс болдог бөгөөд энэ дэлхийд өмнө нь хэзээ ч өгөгдөж байгаагүй тэнгэрлэг хайрын агуу илэрхийлэл болдог ажээ. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үүний ач холбогдлыг хэтэрхий олон удаа эсвэл хэтэрхий хүчтэйгээр давтаад байдаггүй. Сэргээгдсэн сайн мэдээний бусад бүх зарчмууд, зарлигууд хийгээд ариун журмууд нь үүнээс үүдэн бий болдог билээ.2

Цагаатгал нь хэдийгээр урьдчилан төлөвлөгдсөн ч, бүх хүн төрөлхтөн дээр ирсэн Адамын Уналтын үр дагавар болон наманчилдаг бүх хүмүүсийн хувийн нүглүүдийн төлөө Бурханы Цорын Ганц Төрсөн Хүү амь насаа зориулсан, сүнсний шаналлыг амссан сайн дурын үйлдэл юм.

Atonement (Цагаатгал) хэмээх Англи үгний жинхэнэ утга нь ойлгоход хялбар: at-one-ment, салсан эсвэл хуваагдсан зүйлсийг цуглуулах гэсэн утгатай. Тусгаарлах зөрчил буюу сайн муугийн мэдлэгийн модны жимснээс Адам Ева хоёр хүртсэнээр дэлхийд хоёр төрлийн үхлийг авчирсан Адамын Уналтын улмаас Есүс Христийн Цагаатгал зайлшгүй чухал болсон юм.3 Биеийн үхэл нь биенээс сүнсийг салгадаг бөгөөд, сүнсний үхэл нь Бурханаас сүнс хийгээд биеийн аль алиныг нь салгадаг аж. Уналтын үр дүнд мөнх бус байдалд төрдөг хүн бүр энэ хоёр үхлийг биеэр амсах хэрэгтэй болдог. Гэвч бид Тэнгэрлэг Эцэгийн бурханлиг төлөвлөгөөнд энэхүү Уналт шаардлагатай байсан гэдгийг санах ёстой. Үүнгүйгээр ямар ч мөнх бус хүүхдүүдийг Адам Ева хоёр төрүүлэхгүй байсан бөгөөд эсрэг тэсрэг байдал, ёс суртахууны сонгох эрх хийгээд Амилалт, гэтэлгэл, мөн мөнх амьдралын баяр баясгаланг мэдрэх хүмүүний гэр бүл гэж байхгүй байх байв.4

Нөхөн төлөх хэрэгцээг мөнх бус байдлын өмнөх амьдралд Тэнгэр дэх Зөвлөгөөн дээр тайлбарлажээ. Уг зөвлөгөөнд хүмүүний бүх гэр бүлийн сүнснүүд оролцсон бөгөөд үүнийг Бурхан Эцэг тэргүүлсэн юм. Мөнх бус байдлын өмнөх энэхүү үйл хэрэгт Тэрээр бүр хүн төрөлхтний ёс суртахууны сонгох эрхийг сайн дураараа хүндэтгэж, бүр тэдний нүглүүдийг цагаатгасан юм. Үйл явцын өрнөлд, энэхүү гэтэлгэгч хайрын төлөө бүх алдар сууг Тэрээр Эцэгт өгсөн билээ.5

Дараах гурван шалтгаанаар Христийн хязгааргүй Цагаатгал боломжтой болсон юм. (1) Тэрээр энэ дэлхий дээр амьдарсан цорын ганц нүгэлгүй хүн байсан бөгөөд нүглээс шалтгаалах тэрхүү сүнсний үхлийн эрхшээлд ороогүй нэгэн байв. (2) Тэрээр Эцэгийн Цорын ганц Төрсөн нь байсан бөгөөд Түүнд бие мах бодын үхлийг даван туулах хүчийг өгсөн бурханлаг байдлын шинжүүд байсан юм.6 (3) Тэр бол цагаатгалыг хийхүйц хангалттай даруу бөгөөд мөнх бус байдлын өмнөх зөвлөгөөнөөр урьдчилан томилогдох хүсэлтэй байсан цорын ганц хүн байв.7

Христийн Цагаатгалын Бэлгүүд

Цагаатгалаас ирдэг зарим бэлгүүд нь бүх нийтийн, хязгааргүй бөгөөд болзол шаарддаггүй. Хүмүүний гэр бүлийн аль ч гишүүн уг нүглийн төлөө хариуцлага хүлээхгүйн тулд Адамын анхны зөрчлийн төлөө хийсэн Түүний төлөөс дээрх бэлгүүдэд багтдаг.8 Бас нэгэн бүх нийтийн бэлэг бол энэ дэлхий дээр амьдарч байсан болон амьдарч байгаа эсвэл ирээдүйд амьдрах эрэгтэй, эмэгтэй хүмүүс хийгээд хүүхэд бүр үхлээс Дахин Амилуулагдах явдал юм.

Христийн Цагаатгагч бэлгийн зарим хэсэг нь болзол шаарддаг. Тэдгээр нь Бурханы зарлигуудыг сахих тухайн хүний хичээл зүтгэлээс хамаардаг. Жишээлбэл, хүмүүний гэр бүлийн бүх гишүүд өөрсдөөсөө ямар ч чармайлт гаргалгүйгээр Адамын гзөрчлөөс төлөөсгүйгээр өршөөгддөг. Харин тэд Христэд итгэх итгэлтэй байж, нүглээ наманчлан, Түүний нэрээр баптисм хүртэж, мөн Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, Христийн Сүмийн гишүүнээр батлуулж, амьдралынхаа үлдсэн хугацаанд итгэлийг өвлөн тэвчээртэйгээр урагш тэмүүлэхээс бусдаар бол тэд нүглээсээ өршөөгддөггүй билээ. Христ өөрийн хүнд сорилтоос үүдэн ийнхүү хэлжээ,

“Учир нь болгоогтун, хэрэв тэд наманчлах аваас тарчлалыг амсахгүй хэмээнэ Бибээр, Бурхан бүхний төлөө эдгээр зүйлсийг тэвчсэн билээ;

“Хэрэв тэд үл наманчилбал, бүр миний адил тэд тарчлах ёстой.”9

Цаашлаад, биеийн Амилуулалт нь Христээс ирэх чөлөөт мөн бүх нийтийн бэлэг хэдий ч үхлийг ялан дийлсэн Христийн ялалтын үр дүнд дахин амилагдах биеийн хэлбэр (үүнд өгөгдөх алдар суугийн зэрэглэл) хийгээд Амилуулагдах цаг хугацаа нь хүртэл хүмүүний энэ амьдралдаа хэрхэн итгэлтэй байснаас шууд хамаардаг. Жишээлбэл, Христэд өөрсдийгөө бүрэн зориулсан хүмүүс Амилуулалтад “эхлээд босч ирэх”10 болно гэдгийг Төлөөлөгч Паул ойлгуулсан. Өнөө үеийн илчлэлт нь Амилуулагдсан хүмүүсийн өөр өөр зэрэглэлийг тодруулахдаа11 Есүс Христийн сайн мэдээний зарчмууд болон ёслолуудын дуулгавартай дагадаг хүмүүст л зөвхөн алдар суугийн хамгийн дээд зэрэглэлийг амласан байдаг.12

Мэдээж хэрэг Христийн ач ивээлгүйгээр Цагаатгалын болзолт хийгээд болзол үл шаардах үл шаардах адислалуудын аль аль нь боломжгүй билээ. Цагаатгалын болзлыг үл шаардах адислалууд нь хэн хүнд шууд өгөгддөг нь ойлгомжтой ч болзолт адислалууд нь заавал бүрэн дүүрэн дуулгавартай байхыг шаарддаггүй. Итгэлээр амьдарч Бурханы зарлигуудыг сахьснаар хүн онцгой боломжуудыг хүлээн авч чадна; харин эдгээрийг ёслолуудаар дамжуулалгүйгээр чөлөөтэй өгдөг юм. “Ариун Мессиагийн сайн үйл мөн нигүүсэл, мөн ач ивээлээр биш болбоос нэг ч бие Бурханы дэргэд оршиж чадахгүй”13 хэмээн Мормоны Номонд онцолсон байдаг.

Үүний адил ач ивээлээр Бурхан бяцхан хүүхдүүд, оюуны хомсдолтой хүмүүс хийгээд Есүс Христийн сайн мэдээг сонсох боломжгүйгээр амьдарч байсан хүмүүст авралыг хайрладаг билээ. Эдгээр нь Христийн Цагаатгалын бүх нийтийн төлөөх хүчээр чадлаар гэтэлгэгдэх ба Амилалтыг хүртэл хүлээх сүнснүүд орших сүнсний ертөнцөд үхлийн дараа сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авах боломжтой байх болно.14

Зовлон шаналал ба Ялалт

Ахлагч Витнейн зүүдэлснээр Цагаатгалын шаардлагуудыг хангахын тулд нүгэлгүй Христ Гетсеманий Цэцэрлэгт очин, өөр хэний ч тэвчиж үл чадах бие сэтгэлийн тарчлалыг Тэрээр амссан юм. Тэрээр “ихэд зовж, шаналж эхлэн” Петр, Иаков, Иохан нарт “Сэтгэл минь үхтэлээ шаналж байна.”15 хэмээн хэлэв. Яагаад? гэж үү, яагаад гэвэл Тэрээр “бүх хүмүүний шаналлыг, тийм ээ, амьдрагч бүхний шаналлыг, Адамын гэр бүлд багтах эр, эм, мөн хүүхэд аль алиныхын нь”16 тэвчсэн юм. Тэрээр “уруу талалтыг, мөн биеийн өвчин, өлсгөлөн, цангаа, мөн зүдрэлийг энэ нь үхэлд хүргэхээс бусдаар бол, бүр хүмүүний тэвчиж чадахаас илүүг тэвчих болно, учир нь болгоогтун, арьсных нь сүв бүрээс цус шүүрэх, өөрийнхөө хүмүүсийн ёсон бус мөн жигшүүрт хэргүүдийн төлөөх агуу тарчлал”17 -ыг биеэрээ амссан юм.

Энэхүү тарчлалаараа дамжуулан Есүс бүхий л эрэгтэй, эмэгтэй хүмүүс хүүхдүүдийн бие мах бодыг гэтэлгэсэн бөгөөд “түүний зүрх нь бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тул, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тул”18 болой. Үүнийг хийснээрээ Есүс бүх төрлийн өвчин, сул дорой байдал, болон мөнх бус хүн бүрийн туулах бүүдгэр цөхрөл зэрэг “бүхий л зүйлсийн дор буусан” ба энэ нь Тэрээр “бүгдэд байж болохын тул, үнэний гэрэл болох бүх зүйлсээр дамжуулан бүхнийг ойлгох”19 –ын учир болой.

Туйлын ганцаардал хийгээд Гетсеманид болсон Цагаатгалын шаналалт тарчлал нь дээд цэгтээ хүрэх үед, Ромын цэргүүд болон бусдын гарт үгээр хэлэхийн аргагүйгээр тамлуулсаныхаа дараагаар загалмай дээрээс Христ чанга дуугаар “Ели, Ели, лама сабахтани? буюу Бурхан минь, Бурхан минь, юунд та намайг орхив?”20 гэж хашгирдаг. Түүний шаналлынх нь учир газар дэлхий хүртэл чичирхийлсэн бөгөөд “бүх дэлхийг харанхуй нөмөрч, … нар хүртэл халхлагдсан байв.”21 “Үзэгтүн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуу урагдаж, газар хөдлөн, хад чулуу бут хагаран,”22 олон түмнийг “хорвоогийн Бурхан зовж байна”23 хэмээн уулга алдахад хүргэв. Эцэст нь, тэвчишгүй тэр зовлон төгсөж, Есүс “Энэ нь төгслөө”24, “Аав аа, таны гарт би сүнсээ даатгая”25 гэж хэлдэг. Хэзээ нэг өдөр, хаа нэгтээ энэ бүхнийг гэрчилсэн Ромын зуутын дарга шиг “Үнэхээр энэ бол Бурханы Хүү байжээ”26 хэмээн хэлэхээр хүн бүр наманчлалд дуудагдах болно.

Үүнийг эргэцүүлж бодох хүмүүсийн хувьд, энэ бол “дэндүү гайхалтай нэгэн явдал”27 бөгөөд ганц хүний энэ сайн дурын хийгээд нигүүлсэнгүй золиослол нь шударга байдлын хязгааргүй мөнхийн шаардлагыг хангаж, хүн бүрийн зөрчил болон буруу үйлсийг цагаатгаснаар бүх хүн төрөлхтнийг Тэрээр энгэртээ тэврэхээр авчрах болно. Тийм ээ, энэ бол үнэн.

Ерөнхийлөгч Жон Тэйлор (1808–87): “Бидний хувьд энэ явдал нь тайлагдашгүй хийгээд тайлбарлашгүй юм, Тэрээр зөвхөн Адамын төдийгүй, мөн түүний үр удмын болон бүх дэлхийн нүглүүдийн хүндийг үүрсэн бөгөөд үүнийг хийснээрээ Тэрээр зөвхөн итгэгчид хийгээд Бурханы хуулиудыг дагасан хүмүүсийн төлөө төдийгүй, мөн хүмүүний гэр бүлийн тэн хагасаас илүү нь болох хариуцлагын насанд хүрэхээсээ өмнө болон хуулийг сонсолгүйгээр нас барсан хүн төрөлхтний төлөө тэнгэрийн хаант улсыг нээсэн юм”28 хэмээн өгүүлжээ.

Ахлагч Витнейн энэхүү гайхалтай бэлэг болон үүнийг өгөгчийн талаар мэдэрсэн шиг бид мөн ийнхүү мэдрэх болтугай. “Энэхүү [бэлэг]-т сэтгэл минь ихэд хөдөлж, цэвэр сэтгэлийн угаас нулимс минь урслаа. Миний бүхий л зүрх сэтгэл Түүн рүү тэмүүлж байв. Би түүнд бүхий л зүрх сэтгэлээрээ хайртай бөгөөд өөр хэнтэй ч бус зөвхөн Түүнтэй байхыг хүснэм.” Бидний өмнөөс аль хэдийн Цагаатгалыг хийснээрээ Христ тэрхүү хүслийг бодит болгохын тулд Өөрөөсөө шалтгаалах зүйлээ хийсэн. Үлдсэн нь биднээс бүрэн хамаарах болно.

Тэмдэглэлүүд

  1. “The Divinity of Jesus Christ” Improvement Era, Jan. 1926, 224–25; see also Лиахона, Dec. 2003, 16; цэг таслал, том үсэг, зөв бичгийн дүрмийг стандартын дагуу болгов.

  2. See Teachings of Presidents of the Сhurch: Иосеф Smith (2007), 49.

  3. Эхлэл 2:9; 3.-ыг үз.

  4. 2 Нифай 2:22–27; Мосе 5:11-ийг үз.

  5. Илчлэлт 13:8; Мосе 4:1–2; Абрахам 3:22–27-г үз.

  6. Иохан 5:26–29; 2 Нифай 9:5–12; Алма 34:9–14-ийг үз.

  7. Жеймс И.Талмейж, Есүс бол Христ, 3rd ed. (1916), 21–22-ыг үз.

  8. Итгэлийн Тунхаг 1:2–ыг үз.

  9. С ба Г 19:16–17.

  10. 1 Тесалоник 4:16.

  11. С ба Г 76:50–113-ыг үз; 1 Коринт 15:40–42.-той харьцуул.

  12. С ба Г 76:50–70; 88:4, 27–29; 132:21–24-ийг үз.

  13. 2 Нифай 2:8.

  14. Алма 40:11; С ба Г 138-ыг үз; Лук 23:43; Иохан 5:25-тай харьцуул.

  15. Maрк 14:33–34.

  16. 2 Нифай 9:21.

  17. Мозая 3:7.

  18. Алма 7:12.

  19. С ба Г 88:6.

  20. Матай 27:46.

  21. Лук 23:44–45.

  22. Матай 27:51.

  23. 1 Нифай 19:12.

  24. Иохан 19:30.

  25. Лук 23:46.

  26. Матай 27:54.

  27. Жеймс И.Талмейж,, The Articles of Faith, 12th ed. (1924), 77.

  28. The Mediation and Atonement (1882), 148–49; Том үсгийн дүрмийг стандартын дагуу шинэчлэв.