Айлчлагч багшийн захиас бичиг
Бие дааж амьдрах чадвартай болох нь
Айлчилдаг эгч нартаа эдгээр судрын эшлэлүүдийг болон тэднийг адислахуйц бусад зарчмыг заа. Сургаалын талаарх гэрчлэлээ хуваалц. Эгч нараас юу ойлгож, юу мэдэрснээ хуваалцахыг хүс.
Бие дааж амьдрах чадвар гэж юу вэ?
‘Бие дааж амьдрах чадвар гэдэг нь бид өөрсдийгөө болон гэр бүлээ халамжлах талаар Тэнгэрлэг Эцэгээс соёрхсон бүх адислалыг ашиглан тулгарсан асуудлуудын шийдлийг олох явдал мөн’. Асуудал бий болохоос өмнө түүнээс зайлсхийх, бэрхшээл бий болоход түүнийг хэрхэн даван туулахыг мэддэг байхыг хичээх нь бидний үүрэг мөн. …
“Бид хэрхэн бие дааж амьдрах чадвартай болох вэ? Бид хангалттай мэдлэг, боловсрол, бичиг үсэгтэй болсноор, мөнгө болон бусад нөөц боломжуудыг ухаалгаар ашиглан зарцуулснаар, бат бөх сүнслэг чанартай, онцгой байдалд бэлтгэлтэй байснаар, түүнчлэн эрүүл бие бялдартай, нийгмийн болон сэтгэл санааны хувьд амар амгалан байснаар бие дааж амьдрах чадвартай болно.”1
Жюли Б.Бек, Нийгмийн халамжийн бүлгийн ерөнхий ерөнхийлөгч.
Сайн мэдээний талаарх үүрэг
“Бид ирээдүйгээ бодож төлөвлөн, авьяас чадвараа өсгөн хөгжүүлснээр бие дааж амьдрах чадвар маань улам өсөн нэмэгдэнэ. Бие дааж амьдрах чадвар гэдэг бол бид өөрсдийнхөө болон Тэнгэрлэг Эцэгийн бидэнд анхааран халамжлах итгэл хүлээлгэн өгсөн хүмүүсийн сүнсний болон материаллаг сайн сайхан байдлын төлөө хариуцлага хүлээх явдал мөн. Бид гагцхүү бие дааж амьдрах чадвартай болсон үед л бусдад үйлчилж, тэднийг адислах талаар Аврагчийг даган дуурайж чадна.
“Бие дааж амьдрах чадвар бол зорилгодоо хүрэх арга хэрэгсэл мөн гэдгийг ойлгох нь чухал юм. Бидний туйлын зорилго бол Аврагчтай адилхан болох явдал бөгөөд бусдад сэтгэл харамгүй үйлчилснээр зорилго маань өргөн цар хүрээтэй болдог. Бидний бие дааж амьдрах чадварын түвшингээс хамаарч үйлчлэх чадвар нэмэгдэх эсвэл буурдаг билээ.2
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Роберт Д.Хейлс
“Бие дааж амьдрах чадвар бол бидний хөдөлмөрийн үр дүн бөгөөд бусад сайн сайхан бүхний үндэс суурь юм. Энэ бол бидний сүнсний болон материаллаг сайн сайхан байдлын үндсэн элемент мөн. Энэхүү зарчмын талаар Ерөнхийлөгч Марион Г.Ромни [1897-1988] хэлсэн нь: ‘Бид хэрэгтэй юмныхаа төлөө хөдөлмөрлөцгөөе. Бие дааж амьдрах чадвартай, бусдаас хамааралгүй байцгаая. Өөр ямар ч зарчмаар авралыг олж чадахгүй. Хувь хүний аврал бол зөвхөн өөрийнх нь л санаа тавих юм уу хариуцлага хүлээх зүйл. Иймээс бид материаллаг болон сүнсний зүйлсийн аль алинаар нь өөрсдийнхөө авралыг өөрсдөө биелүүлэх ёстой.’ …
Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл [1895-1985] бие дааж амьдрах чадварын талаар цааш нь заахдаа: “Нийгэм, сэтгэл санаа, сүнс, бие бялдрын эсвээс эдийн засгийн сайн сайхан байдлын төлөө хүн бүрийн хүлээх хариуцлага хамгийн түрүүнд өөрт нь, хоёрдугаарт гэр бүлд нь, Сүмийн итгэлтэй гишүүн бол Сүмд оногдоно” гэжээ.3
Ерөнхийлөгч Томас С.Монсон