2010
Тэр ном миний сонирхлыг их татсан
2010 оны нэгдүгээр сар


Би яаж мэдсэн бэ?

Тэр ном миний сонирхлыг их татсан

Би Мормоны Номыг ширтэн харж, номлогчдын заасан захиасыг тунгаан бодож байлаа.

Нэг өдөр би найз нарынхаа хамт үдэшлэг зохиохоор цуглаад байлаа. Бид нэг найзындаа цуглаж, архи ууж, тамхи татаж байлаа. Гэтэл найзын маань нэг найз Патрик бидэнтэй нэгдсэнгүй. Патрик бидний ууж байсан согтууруулах ундаанаас уухгүй, тамхи татахгүй байгааг хараад, тэр бол Мормоны Сүмийн гишүүн гэдгийг саналаа.

Цаг орой болох үед Патрик бид хоёроос бусад нь тарцгаалаа. Бид бүгдээрээ микро автобусанд сууж явлаа. Патрик яагаад бидэндтэй нэгдээгүйг бодсоор бид хоёр 16-тай байсан дөрвөн жилийн өмнөх үеийн тухай эргэн бодлоо. Би сургуулийнхаа ойролцоох гудамжаар явж байх үедээ прист болохыг хүсдэгээ түүнд хэлснээ саналаа.

“Манай сүмд чи прист болж чадна шүү дээ” гэж Патрик хариулав. “Чи санваарт томилогдох хэрэгтэй. Тэгээд 19 хүрээд номлогч болж, сайн мэдээг номлож болно шүү дээ.”

“Инээдтэй хэрэг байна даа” гэж хэлэхдээ, би сайн мэдээний тухай төдийлөн мэдэхгүй шүү дээ гэсэн хэрэг л дээ. “19 настай залуу хүн яаж хүмүүст номлож чадах юм бэ? Пристүүд суралцаж, зааж чаддаг болохын тулд өдий төдий цаг зарцуулдаг шүү дээ.”

Патрик сүмийнхээ 19-тэй залуучууд зааж чаддаг хэмээн зүтгэсээр байлаа. Түүний сүм бас судрын өөр нэг номтой гэж тэр надад яриад, тэр судраа надад өгөв. Би уг номыг гэртээ авчирч гүйлгэж уншаад, дотроос нь ямар нэг нууцлаг зүйлийг мэдрэв. Гэвч би түүнийг нэг их анхаарсангүй, нөгөөх номыг хайрцагт хийж орхисноос хойш дөрвөн жил өнгөрчээ.

Харин одоо, бид үдэшлэгийн дараа микро автобусаар явж байхдаа Патрикаас хаана очихыг нь асуулаа. “Би хэсэг найз нартайгаа уулзана. Тэд бол номлогч-ахлагч нар юм.” Тэднийг харж байснаа би саналаа. Намайг ахлагчид дээр дагуулж очвол сүмийнх нь тухай хэдэн асуулт асуух юмсан гэж би Патрикд хэлэв.

Бид номлогчидтой тэдний салбарын ойролцоох дэлгүүрийн дэргэд уулзахад тэд гар барин мэндэлцгээв. Маш албан ёсны шинжтэй байв. Гэвч өөрсдийгөө танилцуулсны дараа би тэднийг жирийн л нэг залуус болохыг ажиглалаа. Тэд миний асуултуудад хариулахын тулд хэзээ уулзах вэ? гэв.

“За, би та нарын утасны дугаарыг аваад зав гарсан үедээ асуултуудаа мессежээр бичиж өгье” гэж хэллээ. Үнэндээ бол би тэдэнд асуултаа бичиж өгнө гэж бодоогүй байлаа.

Гэртээ ирээд, дөрвөн жилийн өмнө Патрикийн надад өгсөн, миний сонирхлыг ямар нэг байдлаар татсан нөгөөх номыг гаргаж ирэв. Маргааш өглөө нь номлогчдыг ирж надад заахыг хүсэн мессеж бичлээ. Тэд сайн мэдээний сэргээлтээр эхлэв. Энэ нь их өөр байдалтай сонсогдсон болохоор, “Дээр үеийн хүмүүс манай үеийнхнээс өөр байсныг мэдсээр байж хүмүүс яах гэж юмсыг сэргээхийг хүсдэг юм бол?” гэж би дотроо бодож билээ.

Би хоёр ярилцлагын дараа номлогчидтой дахиад уулзахгүй гэж шийдлээ. Яасан бэ? гэж надаас асуухад нь, “Надад огт сонирхолгүй байна” гэж хариулав. Нэг долоо хоног өнгөрлөө. Би Мормоны Номыг ширтэн, надад заасан захиасыг тунгаан бодож суулаа. 3 Нифай 11-ээс номлогчдын ярьсан зүйлийг уншиж эхэллээ. Есүс Өөрийгөө Аврагч болон Мессиа болохоо харуулахын тулд өөр үндэстэн дээр хүрч очсон тухай уншлаа. 3 Нифай 15-аас, өмнө нь Библи, Иoхан 10:16-гаас уншсан нэг хэсгийг олов. Энэ бол номлогчид надад заагаагүй зүйл байлаа.

Нүүрийг минь даган нулимс урсаж, уйлж байгаагаа мэдлээ. Биднийг хайрладаг Есүс Христийн хайрыг би тийнхүү ойлгосон юм. Биднийг нүглээс аврахын тулд Тэрээр амиа золиосолсон тийм агуу хайраар биднийг хайрладаг ажээ. Гартаа барьж байсан Мормоны Ном үнэн эсэхийг мэдэхийн тулд залбирахдаа би огт эргэлзсэнгүй. Өрөөндөө ганцаархнаа залбиртал хэн нэгэн хүн намайг сонсож байгааг би гэнэт мэдрэв.

Надад төрсөн тэрхүү сэтгэгдэл зүрх сэтгэлийг минь зөөлрүүллээ. Би босч, “Энэ бол үнэн Сүм байна. Энэ бол Есүс Христийн сэргээсэн Сүм гэдгийг би мэдлээ” хэмээн хэлж билээ.

Баптисмынхаа өмнөх өдөр би дахин залбирлаа. Миний сонсож, мэдэрсэн зүйл зүрх сэтгэлд минь дахин шингэхэд, Ариун Сүнс надад үнэнийг илчилснийг мэдлээ. Есүс бол Христ мөн гэдэг үнэнийг би мэдсэн. Есүс Христийн Цагаатгалаар дамжин цэвэршиж чадна гэдэгт итгэн, баптисм хүртэх хүслээ би зүрх сэтгэл, оюун ухаанаараа мэдэрч байлаа.

Есүс Христ бидний нүглийг цагаатгасан бөгөөд чухамдаа энэ бол миний хөрвөсөн үнэнхүү шалтгаан мөн. Тэр бол манай эрин үед Түүний Сүмийг дахин байгуулах хүч, эрх мэдэл бүхий цорын ганц хүн байсныг би мэднэ. Эдүгээ би Филиппиний Кагаян де Оро номлолд номлогчоор үйлчилж, өөртөө ирсэн агуу аз жаргалыг мэдрэхэд хүмүүст туслахын тулд чадах бүхнээ хийж байна.

Зураг чимэглэлийг Пол Манн

Биднийг номлогчидтой уулзахад тэд миний асуултуудад хариулах цаг товлохыг хүслээ.