Бидний гэр орон, бидний гэр бүл
Бид аз жаргалын тухай яаж мэдсэн бэ?
Өөрчлөн байгуулалтын үед амьдрал хүндрэлтэй хэцүү байснаас манай гэр бүл уналтад орсон юм. Бид тэр үед номлогчидтой уулзаж, алгуураар өөрчлөгдөж эхэлсэн юм.
Би гэр бүлээ их л бат бөх гэж боддог байлаа. Манайх гурван хүү, хоёр охинтой хүүхдүүд маань ч хүүхдэд байдаг ердийн л асуудлуудтай тулгардаг байв. Заримдаа тэднийг дүрсгүйтэхэд миний уур хүрдэг байсан. Хожим нь би: “Яах гэж тэдэнд тэгтлээ их уурлав аа?” гэж дотроо боддог байж билээ.
Өөрчлөн байгуулалт бол Орос оронд эхэлсэн улс төр, эдийн засгийн өөрчлөлт байсныг би тэр үед мэддэггүй байлаа. Бүх дэлгүүрийн лангуу бараагүй болно гэдгийг, бид хэдэн сараар, бүр хэдэн жилээр цалингүй байх болно гэдгийг би тэр үед мэдээгүй. Амьдрал тэсэхүйеэ бэрх болж нөхөр бид хоёр салдгийн даваан дээр ирэв. Мансууруулах бодисын хар тахал ирж, хөвгүүдийн маань нэг нь мансууруулах бодист донтох нь тэр. Амьдрал сайжрах найдваргүй юм шиг санагдах болов. Би хэнд хандан залбирахаа мэддэггүй байсан ч, Бурханаас тусламж гуйсаар л байв. Бид бүх чадлаараа тэмцсээр, доройтлоосоо бага багаар ангижирч эхэллээ.
1998 оны зун номлогчидтой уулзсан юм. Бид шинэ замаар замнах болж амьдрал маань үндсээрээ өөрчлөгдөж эхлэв. Таван жилийн дотор бид ариун сүмд орж, мөнхийн гэр бүл болж, лацдан холбуулав.
Манай дунд хүү Бүгд Найрамдах Чех Улсад бүрэн цагийн номлолд үйлчилж байхдаа бидэнд бичсэн захидал болгондоо, “Бат бөх, итгэлтэй бай. Бид хамтдаа байвал хамгийн аз жаргалтай гэр бүл болно” гэж бичдэг байлаа. Найз нар маань намайг ийм олон хүүхэд, ач зээ нартай, ганцаардахын зовлонг хэзээ ч мэдэхгүй, дэлхийн хамгийн аз жаргалтай эмэгтэй гэдэг байлаа.
Би тэр хэцүү үеийг эргэж хараад Хаан Бенжамины үгийг сонссон хүмүүсийн адил манай гэр бүлд зүрх сэтгэлийн өөрчлөлт ирж, Христийн хүүхдүүд болсноо мэдэж билээ (Moзая 5:7-г үз). Энэ бол миний хувьд асар том өөрчлөлт байлаа. Хожмын Үеийн Гэгээнтэн болохоосоо өмнө үхлийн тухай бодоход дааж давагдашгүй уй гашуу бие сэтгэлийг минь эзэмддэг байж билээ. Ийм бодол санааг дотроосоо хөөн зайлуулахын тулд бүх хүч чадлаа шавхдаг байв. Одоо би амар амгаланг бие сэтгэлээрээ мэдэрдэг болсон.
Аз жаргал янз бүрийн хэлбэрээр ирдгийг би мэдсэн. Аз жаргалыг аянгын бараан үүлс дунд ч, газар дэлхий халуунаас болж гандан үхжиж байгаа үед ч олж болно. Аз жаргал бас нарны дулаахан илчинд ч, шаагин цутгах аадар бороон дунд ч байж л байдаг. Хавар дэлбээлэх улиасны анхны ногоон навчийг харах нь ч аз жаргал мөн. Алимны модны мөчир дээр бяцхан цагаан дэлбээ нахиалахыг харах нь ч аз жаргал мөн. Шөнийн түнэр харанхуйд мянга мянган одод анивчих тэнгэрийг харах нь ч аз жаргал мөн. Хайртай хэн нэгнээ ялдамхан харах нь ч аз жаргал. Гэр бүлийн зураг дээрээс ялдамхан ширтэх харц ч аз жаргал.
Хэн нэгний төлөө сайн юм хийсэн үед надад аз жаргал ирдэг билээ. Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирах үед аз жаргал бие сэтгэлийг минь бүлээхэн илчээр дулаацуулдаг билээ. Би өөрийгөө ямар нэг өөр зүйл хүсч байна гэж бодсон үедээ надад байгаа юм бүхнийг Их Эзэн Өөрөө надад өгсөн юм шүү дээ гэж бодоод энэ бүгдийг үнэлж цэгнэж сурах хэрэгтэйг санадаг.