Ариун журамт нэгэн эмэгтэй дэлхийг өөрчлөх нь
2008 оны дөрөвдүгээр сард шинээр дуудагдсан Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн—Элайн С.Далтон, Мэри Н.Күк, Анн М.Дибб—нар Солт Лейк хотын хойд зах дахь Тугийн оргил дээрээс хөндий уруу харан зогсож байлаа.
Тэдний зогсож байсан газраас Солт Лейкийн Ариун сүмийн орой дээрх тэнгэр элч Моронайн дүрс наранд гялалзан шаргалтахад, Их Эзэн оюун ухаандаа Сүмийн залуу эмэгтэйчүүдийн талаар юу бодож байгааг тэд мэдэж авсан юм.
Тэр гурван эмэгтэй үндэстнүүдэд хандан, ариун журамдаа эргэн ирцгээх уриалга болгон тугаа буюу—таягны үзүүрт бэхэлсэн Перугийн алтан саатай алчуураа салхинд хийсгэн даллажээ.
“Эрхэмлэх үнэт зүйлийн шалтгаан нь ариун сүм юм гэдгийг хэлэхгүйгээр ариун журмын энэхүү шинэ үнэ цэнийн талаар бид ярих аргагүй юм” хэмээн Далтон эгч хэлжээ. “Иймээс ариун сүм бол Залуу эмэгтэйчүүдийн дунд бидний хийдэг юм бүхний учир шалтгаан юм. Яагаад гэвэл ариун сүм эдгээр залуу эмэгтэйчүүдэд Христэд ирэхэд нь туслах болно”.
2008 оны арваннэгдүгээр сард Ариун журмыг Залуу эмэгтэйчүүдийн эрхэмлэх зорилгод албан ёсоор нэмсэн билээ. Ариун журмыг Хувийн хөгжил дэвшлийн номонд, “ёс суртахууны өндөр жишгүүд дээр суурилсан бодол санаа, зан төлөвийн загвар юм. Үүнд ариун явдал болон цэвэр ариун байдал багтдаг” хэмээн тодорхойлжээ (Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил [товхимол, 2009], 70).
Энэхүү эрхэмлэх зорилго нь бүх туршлагын хувьд хосгүй өвөрмөц бөгөөд эрхэмлэх зорилгын төсөлд шаардлагатай юм. Уг төслөөр залуу эмэгтэйчүүд нэлээд хэдэн хувилбараас сонголт хийх боломжтой юм. Дээр нь эхний удаад Хувийн хөгжил дэвшлийн хөтөлбөрийг дүүргэж, медалиа авахад нь охидыг ээж нартай нь урьж байна.
Өнгөрсөн жил дэлхий дахины залуу эмэгтэйчүүд болон бусад хүмүүс ариун журмыг сэргээх уриалгад сэтгэл догдлон бахадмаар хариулж, Залуу эмэгтэйчүүдийн оффис захидал, гэрэл зургаар дарагдсан билээ. Олон хүн ууланд авирч, тугаа намируулсан юм.
АНУ-ыг Миссурийн Ханнибал дахь залуу эмэгтэйчүүдийн нэг бүлэг өндөр газар дээрээс ариун журамтай байх андгай тангараг өргөхийг хүссэн хэдий ч тэнд ойрхон уул байгаагүй учраас 36 давхар цементэн цамхаг дээр тугаа намируулж, ариун журамтайгаар амьдрах шийдвэр төгс байгаагаа илэрхийлсэн ажээ.
Мексикт Залуу эмэгтэйчүүдийн шагналыг “Ариун журамт залуу эмэгтэйчүүдийн шагнал” хэмээн орчуулдаг байна. Мексикийн залуу эмэгтэйчүүд, эрхэмлэх зорилгод ариун журам нэмэгдэж байгааг сэтгэл ихэд догдлон хүлээн авсан бөгөөд энэ бол тэдний аль хэдийнээс мэдэх, эрхэмлэсээр ирсэн зүйл байлаа гэж Далтон эгч ярилаа.
“Ариун журмыг сэргээх уриалгыг Сүмийн хэмжээнд болон Сүмээс гадна бүх талаар дэмжиж, сэтгэл догдлон хүлээж авсан юм” гэж Күк эгч хэлжээ. “Удирдагч нар ариун журамд дуртай, Санваартны удирдагч нар үүнийг онцгой чухалд тооцдог. Мөн ээж, эмээ нар ариун журамд талархсаар ирсэн билээ”.
Ариун журмыг эрхэмлэх төсөл нь Мормоны Номыг бүхэлд нь уншиж, сэтгэгдлээ тэмдэглэлийн дэвтэрт тогтмол хөтөлж байх замаар Түүнээс суралцахыг зөвлөсөн Аврагчийн зөвлөгөөг дагах зорилготой юм (С ба Г 19:23-ыг үз).
Английн нэг эгчээс Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлд ирүүлсэн и-мейлд: “Бид уучлал гуйх ёстой болсондоо харамсаж байна. Бид хүсэн хүлээж байсан шигээ үүнийг тэр дор нь бөглөхийг яарсангүй. Учир нь охин бид хоёр өмнө нь огт үзээгүй арга замаар Мормоны Номыг судалж байна. Энэ нь бид үнэхээр цаг гаргахыг хүсдэг тун аятайхан туршлага юм” гэж бичсэн байжээ.
Дибб эгч, Ариун журамтай бөгөөд цэвэр ариун байсан үедээ цэцэглэн хөгжиж аз жаргалтай байснаа, ариун журам тэдэнд байхгүй болоход сүйрч унасан нийгмийн тухай Мормоны Ном заадаг билээ гэж хэлсэн байна.
Эрхэмлэх шинэ зүйлийн талаар эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд адилхан урамтай байгаа гэж Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл дурьдаад, энэхүү эрхэмлэх зорилго дээр хамтран ажилласан залуу эрэгтэйчүүдийн бүлгүүд болон ганц бие хүмүүсийн тойргуудыг үлгэр жишээ болгон нэрлэв.
Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд аль аль нь хамгийн агуу адислалуудыг олж авахын тулд ариун журамд онцгой анхаарах ёстой гэж Дибб эгч онцлон тэмдэглэлээ. “Эрэгтэйчүүд ёс суртахууны хувьд цэвэр ариун биш бол хүлээж авсан санваараа ашиглах хүч чадал байдаггүй” гэж тэр хэллээ. “Мөн эмэгтэйчүүд ариун журамтай байвал, эхнэр, эх хүн байх бурханлиг дуудлагаа биелүүлэх хүч чадлыг хүлээн авдаг.”
Ариун журмыг эрхэмлэх нь, дэлхий ариун журмыг хөхүүлэн дэмжихээс бусад юм бүхнийг хийж байгаа өнөө үеийн төлөө нөөцлөн хадгалагдсан гэдэгт итгэдэгээ Далтон эгч хэлэв.
“Энэ дэлхийд олон залуу эмэгтэйчүүд Бурханы охид гэдгээ мартсан нь бидэнд хачирхалтай санагддаг” гэж Күк эгч хэллээ. “Хэрэв та нар алдаа гаргасан бол, наманчилж болно шүү гэдгийг бид тэдэнд сануулж байна”.
Аврагчийн Цагаатгалын боломж олгогч, гэтэлгэгч хүчний улмаас ариун журамтай, цэвэр ариун байх итгэл төгс байдал боломжтой юм гэж Дибб эгч хэллээ. Дөрөв дэх эрхэмлэх зорилго наманчлал дээр төвлөрдөг.
Өнгөрсөн жил настай болон залуу эмэгтэйчүүд ариун журамт эмэгтэйчүүд байх хүслээ илэрхийлсэн. “[Эрхэмлэх зорилго дээр ариун журмыг нэмсэн нь] буруу сонголт хийсэн эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл хөдөлгөм үйл явдал болсон юм. Тэднээс олон нь, ‘Би дахин ариун журамт эмэгтэй болж чадна … Энэ бол миний хувьд боломжтой зүйл’” гэж хэлсэн юм хэмээн Күк эгч ярилаа.
Дахин ариун журамт эмэгтэй болохыг хүссэн олон хүн яг хаанаас эхэлж болохыг гайхаж байлаа. Харин Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс: Орой өглөө залбирч бай. Мормоны номоо өдөр бүр таван минут буюу түүнээс дээш хугацаагаар уншиж бай. Тэгээд инээмсэглэж бай гэсэн зөвлөгөөнүүдийг тэдэнтэй хуваалцсан юм.
“Хэрэв Сүмийн болон дэлхийн бүх эмэгтэйчүүд дээр дурьдсан зүйлсийг хийх юм бол таван жилийн дараа гэхэд дэлхий ямар болохыг төсөөлөөд үз л дээ” гэж Далтон эгч хэллээ. “Бид үнэхээр, Сүнсээр удирдуулсан залуу эмэгтэйчүүд дэлхийг өөрчилж чадна гэдэгт итгэдэг юм шүү”.