Сайн мэдээний зарчмууд шинэ гарын авлага
Энэхүү сайхан ном гэрийн номын сан, Сүмийн хичээл аль алиныг баялаг агуулгатай болгоно.
1998 оноос хойш Teachings of Presidents of the Church (үүнээс хойш Сургаалууд гэнэ) Мелкизедек Санваартнууд болон Нийгмийн халамжийн бүлгийн хичээлийн гарын авлага болгон хэрэглэж байгаа билээ. Гарын авлага бүр нь бидний хайрт бошиглогчдын нэгнийх нь амьдрал болон сургаалууд дээр анхаарал төвлөрүүлдэг. Эдгээр агуу эрчүүд болон тэдний заасан гайхамшигт сургаалуудыг мэдэж, хайрлахад энэ ном дэлхий даяарх гишүүдэд үнэлж баршгүй эх сурвалж болж байна. Тэдний зөвлөгөө анх ямар сүнслэг нөлөөтэй байсан, өнөөдөр ч гэсэн хэвээр байгаа билээ. Их Эзэний итгэлтэй үйлчлэгчдийн тухай сүнслэг нөлөө бүхий энэ номыг та бүгд үргэлжлүүлэн хэрэглэнэ гэдэгт бид найдаж байна. Тэдний сургаал цаг хугацаагаар хязгаарлагдахгүй.
Энэ цуврал дахь гарын авлагуудыг хоёр жил завсарласны дараа 2010 оноос бид судлах юм. Эдгээр цувралын оронд Мелкизедек санваартнуудын болон Нийгмийн халамжийн бүлгийн сар бүрийн хоёр дахь, гурав дахь ням гарагийн хичээлээр шинээр хянан засварласан Сайн мэдээний зарчмууд гарын авлагыг судлах болно. Яагаад ийм өөрчлөлт хийсэн болон энэ нь тэдэнд хэрхэн нөлөөлөхийг гишүүд сонирхож байгаа нь зүй ёсны юм. Энэ талаар гарч болох зарим асуулт, хариултыг доор өгөв.
Сургалтын хөтөлбөрийг яагаад өөрчилсөн юм бэ?
Сургаалуудыг анх ашиглаж эхэлснээс хойш олон сая хүн Сүмд нэгдсэн байна. Тэднээс олон хүний гэрчлэл эмзэгхэн байгаа бөгөөд Сүмийн талаарх туршлага нь харьцангуй хязгаарлагдмал байгаа учраас сайн мэдээний суурь зарчмууд дээр анхаарал төвлөрүүлснээр их ашиг тусыг олох болно. Түүнээс гадна, тулгуур сургаалуудыг дахин судлах нь Сүмийн бүх гишүүдэд тустай байх болно. Шинээр хянан засварлаж сайжруулсан Сайн мэдээний зарчмууд гарын авлагад орсон гол сургаалуудыг энэ хооронд анхааралтай судлах нь сайн мэдээний тулгуур сургаалуудын тухай ойлголтоо бататгахад гишүүдэд туслах болно.
Сургаалууд гарын авлага нь бидний хичээл болон хувийн номын санд үнэ цэнэтэй нэмэлт эх сурвалж болсоор ирсэн билээ. Бид 2012 онд агуу Ерөнхийлөгчдийн сургаалыг судлахаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
Энэ нь надад хэрхэн нөлөөлөх вэ?
Сайн мэдээний зарчмууд гарын авлагыг Мелкизедек санваартнуудын болон Нийгмийн халамжийн бүлгийн хоёр дахь, гурав дахь ням гарагийн хичээлээр судлахад ашиглана. Үүнийг бас шинэ гишүүд, сонирхогчид, дахин идэвхтэй болсон гишүүдэд зориулсан ням гарагийн Сайн мэдээний хичээлийн гарын авлага болгон ашиглах ёстой. Үүний улмаас, энд илүү давтагдалт гарах юм биш үү хэмээн та нарын зарим нь асууж болох юм. Мэдээж хэрэг давтагдалт гарна! Давтагдалтаас бид бүр илүү ашиг тусыг олдог нь гайхалтай биш гэж үү. Бүр Аврагч хүртэл үзэл бодлыг бататгахын тулд мөн эдгээр сургаалыг олон давтан зааж байсан билээ. Тэрээр судруудаар дамжуулан итгэх болон баптисм хүртэхийг бидэнд хэчнээн олон удаа заасанд анхаарал хандуул (жишээ нь, 3 Нифай 11:23–38-ыг үз)!
Бид зарчмуудыг шат шатаар, дүрэм дүрмээр эзэмших хэрэгтэйг Их Эзэн мэддэг учраас бид мартчихгүйн тулд олон үзэл санааг Тэрээр давтан өгүүлсэн байдаг (Исаиа 28:10, 13; 2 Нифай 28:30; С ба Г 98:12; 128:21-ийг үз). Ангийн гишүүдийнхээ сайн сайхан байдалд санаа тавьдаг багш нарын заадаг ийм хичээлүүд Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл өсөн нэмэгдэхэд туслах болно.
Гэвч амьдралд, хүний бодож болохоос бага давхцал гардаг. Мелкизедек санваартнуудын болон Нийгмийн халамжийн бүлгийн хичээлээр сард хоёр долоо хоног, хоёр дахь, гурав дахь ням гарагт Сургаалууд гарын авлагыг ашиглаж байсантай адилаар ашиглагдах болно. Хичээлүүдийг дэс дарааллаар нь зааснаар Сайн мэдээний зарчмууд гарын авлагыг бид хоёр жилд багтаан дуусгана. Ням гарагийн хичээлээр Сайн мэдээний зарчмуудыг заахаар бэлтгэж байгаа багш нар хичээлд оролцогчдын хэрэгцээнд тохируулан долоо хоног бүрийн хичээлээ өөрчилж болно. Ерөнхийдөө бол, шинэ гишүүд, сонирхогчид, дахин идэвхтэй болж байгаа гишүүд өөрсдийнхөө хүссэнээр болон бишоп буюу салбарынхаа ерөнхийлөгчийн тогтоож өгсөн хугацаанд Сайн мэдээний зарчмуудын хичээлд суух бөгөөд үүний дараа тэд ням гарагийн Сайн мэдээний сургаалын хичээлд оролцох болно.
Сургаалуудын гарын авлагын нэгэн адил шинэ гарын авлагуудыг хүмүүс үнэгүйгээр хүргэх болно. Тойрог болон салбар бүр шаардлагатай гарын авлагуудаар гишүүдээ хангах ёстой.
Дэлхийн зарим хэсэгт Мелкизедек санваартнууд болон Нийгмийн халамжийн бүлгийн хичээлд Пристийн зэргийн үүргүүд ба адислалууд, Хожмын Үеийн Гэгээнтэн эмэгтэй номуудыг Сургаалуудын оронд хэрэглэсээр байгаа билээ. 45 хэлээр хэвлэгдэж байгаа Сайн мэдээний зарчмууд шинэ гарын авлагыг 2010, 2011 онд дээрх нэгжүүдийн заримд нь хүргэх болно. Шинэ гарын авлага байхгүй газарт Сайн мэдээний зарчмууд хуучин гарын авлагыг (Евангелийн үндсүүд) ашиглах болно.
Сайн мэдээний зарчмууд гарын авлага хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Сайн мэдээний зарчмууд хэмээх бидний онцгой сайхан гарын авлага 30 гаруй жилийн өмнө анх хэвлэгджээ. Эл гарын авлагыг ням гарагийн хичээлийн гарын авлага, сайн мэдээний үндсэн зарчмуудыг шинэ гишүүдэд болон гэрт заахад чухал эх сурвалж болгон Сүм даяар өргөн хэрэглэж ирсэн юм. Гэвч Ах нар энэ гарын авлагыг шинэчилж, улам сайжруулах хэрэгтэй гэж үзсэн юм. Үүний үр дүнд гэрийн номын сан болон Сүм дээрх хичээлийн аль алинд нь баялаг агуулгатай нэмэлт болох сайн ном бий боллоо.
Шинэ гарын авлага нь дизайн болон бичлэгийн хувьд хэд хэдэн ялгарах онцлогтой:
1. Дизайн
Шинэ гарын авлага хэмжээгээрээ том болсон бөгөөд Сургаалууд номынхтой адил шинэ хавтастай болсон. Бид бас бичлэгийг уншихад хялбар болгож дизайныг нь шинэчилсэн. Гэрэл зураг, бусад чимэглэл зураг нь өнгөтэй. Энэ бүхэн нь гарын авлагыг үзэмж хийц сайтай, судлах сонирхлыг татахуйц аятайхан болгожээ.
2. Бичлэг
Хувиараа судлах, заахаар бэлтгэх болон хичээл дээр хийх ярилцлагыг илүү үр ашигтай болгохын тулд гарын авлагын бичлэгийг хянан засварласан болно. Хувийн судалгаанд дөхөм үзүүлэхийн тулд олон эшлэл болон эш татсан эх сурвалжуудыг өмнө нь хэвлэгдсэн Сургаалууд цуврал нoмтой уялдуулан шинэчилсэн болно. Энэ нь хүмүүст Сайн мэдээний зарчмууд гарын aвлагад эш татагдсан бошиглогчдоос илүү ихийг сурах боломжийг олгох болно. Эдгээр гарын авлагуудыг ангид болон гэрт хослуулан ашиглах нь сурах үйл ажиллагааг баялаг агуулгатай болгоно.
Заах болон судлах зөвлөмжүүд
Бүлэг бүрд багш нарт зориулсан заах аргаа сайжруулахад туслах санаанууд байгаа. Эдгээр санаанууд багшийг хөгжүүлэх Сүмийн эх сурвалж Teaching, No Greater Call-ын заах зарчмууд дээр суурилсан юм. Энэ нь заадаг хүмүүсээ хайрлах, шаргуу суралцахад тэднийг урих, сургаалыг Сүнсээр заахад багш нарт туслах зорилготой юм.
Түүнээс гадна, бүлгийн хэсэг бүрийн эхэн дэх асуултууд нь ярилцлагыг хөхүүлэн дэмжиж, уг хэсгийн агуулгад анхаарал төвлөрүүлэхэд туслах болно. Хэсэг бүрийн дараах асуултууд нь ангийн гишүүдийг уншсан зүйлээ тунгаан бодох, ярилцах болон амьдралдаа хэрэгжүүлэхэд туслах болно.
Цаг хугацаагаар хязгаарлагдахгүй ном
Сайн мэдээний зарчмууд шинэ гарын авлага нь Хожмын Үеийн бүх Гэгээнтнүүдийн гэр орон, амьдрал ахуйд чухал байр суурь эзэлнэ гэдэгт бид найдаж байна. Шинэ гарын авлага нь багшийн заах арга болон гишүүдийн хувиараа суралцах идэвхийг өргөжүүлэхэд сүнслэгээр нөлөөлөх болно. Ах эгч нар аа, Есүс Христийн сайн мэдээний үндсэн сургаалуудыг судлахаа эрчимжүүлснээр гэрчлэл болон аз жаргал тань өсөн нэмэгдэж, Их Эзэний амьдралыг тань элбэг дэлбэгээр адислах болно.