2010
Сүнс тусалсан нь
2010 оны нэгдүгээр сар


Сайн мэдээ миний амьдралд

Сүнс тусалсан нь

Барилгын ажилчин 23 см өргөн банзан дээр, амь нас нь дээсэн дөрөөн дээр, 30 метр өндөрт агаарт хэвтэж байлаа. Ган цувимал дээрээс нь унаж зүүн гар, хөлийг нь хүндээр бэртээсэн ажээ.

Хойд Английн ихэнх нутгийг хариуцан ажилладаг Йоркширийн Нисэхийн түргэн тусламжийн бага эмчийн хувьд, дараагийн түргэн тусламжийн дуудлага юу байхыг эсвэл газар дээр нь очиход ямар нөхцөл байдал угтахыг мэдэх аргагүй байлаа.

Бэртлийг нь тогтоох хүртэл хохирогчийг хөдөлгөж болохгүй байв. Намайг кранаар өргөж ачааны метал тавцан дээр хүргэв. Намайг хохирогчид хүрч очиход тэрээр “хүн кран” болж, бэртэлтийг тогтоохын тулд хохирогчийг хөдөлгөж үзэх боломжийг олгодог үүргэвч хантаазны ар тал уруу орлоо.

Иймэрхүү нөхцөлд, би олон жил бэлтгэгдсэн болохоор бэртэлтийг тогтоох ажилдаа шамдан орлоо. Барилгын анхан шатны тусламж үзүүлэгч өвдгөнд нь боолт хийж, шархны нөхөөс тавьсан байв. Бэртэлтийг тогтоохын тулд баримтлах журмыг бидэнд зааж сургасан байлаа.

Гэвч намайг хохирогчид гар хүрэх үед “Өвдөгний нөхөөсийг бүү хөдлөг” хэмээн Сүнс намайг өдөөн шавдуулав. Тиймээс би нөхөөсөнд хүрсэнгүй. Уг явдлын үеэр анхан шатны тусламж үзүүлсэн гурван хүн, газар дээр нь үзсэн мэргэжил нэгт нөхөр, өвдөгний шархыг үзсэн эмч нөхөөсийг авахыг гурван удаа зөвлөсөн боловч харин Сүнс үүнийг хөдөлгөж болохгүй хэмээн хариу өдөөж байлаа. Өвчтөнийг хэвийн байдалд оруулсны дараа түүнийг ачааны тавцан дээр тавьж, бид хоёр газарт бууж ирээд түүнийг эмнэлэг уруу авч явлаа.

Түргэн тусламжийн сэхээн амьдруулах тасагт гэмтлийн баг биднийг хүлээж байв. Нэг эмч өвдөг дээрх нөхөөсийг түргэн хуулж авлаа. Тэр даруй артерын судас хагарч, өвчтөн тэр дороо маш их цус алдаж эхлэв. Сайн нөхцөл боломжтой эмнэлэгт тулдаа л амь насанд заналхийлсэн энэхүү нөхцөлийг түргэн шийдвэрлэж чадсан юм. Хэрэв энэ явдал 30 метрийн өндөрт банзан дээр тохиолдсон бол хохирогч лав амьд үлдэхгүй байсан биз ээ.

Би өглөө бүр Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, надад туслахыг мөн өнөөдөр тусламж хэрэгтэй байгаа ах, эгч нартаа хэрхэн дээд зэргээр туслахыг мэдэх сүнсний нөлөөгөөр намайг адислаач хэмээн гуйдаг билээ. Сүнс юу хий гэж намайг өдөөнө, түүнд дуудлгавартай бай гэдгийг миний олон жилийн туршлага надад заан сургасан билээ. Дуулгавартай байдал намайг бас хамгаалдаг.

Жишээ нь, миний нэг үүрэг бол нисдэг тэрэгний нисгэгчийг ослын газар уруу хөтөлдөг хөлгийн залуур лугаа адил ажиллах явдал мөн. Түргэн тусламжийн нисдэг тэрэг хаашаа ч нисч чадна, бас ингэж ниссэнээр ослын газарт түргэн хүрдэг нь үнэлж баршгүй үнэ цэнэтэй ч бас энэ эрсдэл ихтэй байдаг. Цагт 225 км-ээс илүү хурдтай нисч байгаа үед цахилгааны болон телефоны утас бараг харагддаггүй. Нисдэг тэрэг цахилгааны буюу телефоны утасыг нүд эрмэхийн зуур тасалчихаж чадна.

Нэг удаа бид их эвгүй газарт буухаар доошилж байлаа. Сүнс надад гэнэт, “Клипбордоо (самбар) доошлуул!” гэх нь тэр. Бараг тэр дорхноо дахиад л, “Самбараа доошлуул!” гэсэн мэдрэмж надад төрлөө. Тиймээс би өвдөгний маань ойролцоо байсан цүнхэн дээр клипбордоо тавьлаа. Тэгэнгүүд харагдах орчин өөрчлөгдөж, яг бидний доор цахилгааны утас харагдлаа. “Цахилгааны утас! Цахилгааны утас! Доор цахилгааны утас байна!” гэж би байдгаараа хашгирлаа. Бид хэрэг дээрээ цахилгааны утсанд хүрч, бүр доош нь хотойлгосон байсныг яана. Нисгэгч тэр даруйд хариу үйлдэл хийж, бид дээш хөөрөн аврагдаж билээ. Тэгэхэд бараг л гамшиг болох дөхсөн дөө. Сүнсний өдөөлт байгаагүй бол түргэн тусламжийн тэр дуудлага бүр өөр байдлаар дуусч мэдэх байсан шүү.

Тэнгэрлэг Эцэг бидний аливаа хэрэгцээг хайрын үндсэн дээр мэддэгт би туйлын ихээр баярлаж явдаг. Их Эзэн бидний дээрээс үргэлж харж байдаг билээ. Тэрээр биднийг сүнслэг байдлын хувьд аюулгүй байж, Түүн уруу гэртээ эргэж ирэхийг хүсэн хүлээж байдаг. Иймээс Тэрээр Сүнсний зөөлөн, намуухан дуу хоолойгоор бидэнд хандан олонтаа ярьдаг. Бидний хийх ёстой бүх зүйл бол сонсож, дуулгавартай дагах явдал мөн.

Сүнсний өдөөлт байгаагүй бол түргэн тусламжийн тэр дуудлага бүр өөр байдлаар дуусч мэдэх байсан шүү.