Бэрхшээлийг зоригоор даван туулах нь
Ажил үүргийнхээ хэмжээг хараад санаа зовж байсан тохиолдол байсан уу? Иошуа агуу бошиглогч Мосегийн залгамжлагч болсон үедээ юу гэж бодож байсан байж болохыг төсөөлөн бод. Израилын хүмүүсийг амлагдсан нутаг уруу удирдах хүнд үүрэг Иошуад оногдсон юм. Амлагдсан нутгийг тэр үед үй олон канаанчууд эзлээд байсныг санагтун. Канаанчууд айж зүрх алдмаар, дайнч хүмүүс байлаа. Иошуа ийм хүнд үүргийг биелүүлэх чадвартаа эргэлзэж, тэр ч байтугай айж байсан байж болохыг та төсөөлж байна уу?
Их Эзэн Иошуагийн 1:4-т тууштай бөгөөд зоригтой байхыг Иошуад гурван удаа зарлиг болгожээ! (шүлэг 6–9-ийг үз). Дараа нь Их Эзэн израилчуудыг өвийнх нь нутагт авчрахад тэрээр амжилт олно гэдгийг, тэрээр бүх хуульд дуулгавартай байсны улмаас хүч чадал, зориг түүнд ирнэ гэдгийг мөн хамгийн гол нь түүнийг хаана ч явсан Их Эзэн түүнтэй хамт байх болно гэдгийг амласан билээ.
2010 оны Мючелийн сэдэв бол “тууштай бөгөөд зоригтой бай” (Иoшуа 1:9) хэмээн Иошуад хандсан Их Эзэний гурав дахь дуудлага юм. Зоригтой байх энэхүү дуудлага бол та нарынх юм. Мөн дээрх амлалт ч бас та нарынх юм. Та нар ч бас Аврагчийн тусламжтайгаар дуудлагууддаа бас амьдралдаа амжилт олж чадна! Зарлигууд болон Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь жишгүүдийг дуулгавартай дагаснаар аливаа уруу таталтыг даван туулах хүч чадалтай болно. Та нар санваарыг хүндэтгэж, баптисмын үед хийсэн гэрээнүүдээ долоо хоног бүр шинэчилж байх юм бол Аврагчийн Сүнс та нартай үргэлж хамт байх болно.
Иошуад мэдэхгүй зүйл олон тулгарсан юм. Тэрээр Израилын хүүхдүүдийг амласан нутагт хэрхэн авчрахаа мэдэхгүй байсан ч, Их Эзэнд итгэсээр байсан юм. Амьдралд та нарт сорилт бэрхшээлүүд тулгарна. Сүмийн гишүүд та нар сургууль дээрээ цөөхөн байж болно, тэр байтугай гэртээ ч ганцаараа Сүмийн гишүүн байж болно. Ганцаардаж, цөхөрсөн эсвэл айдаг ч байж мэднэ. Ороо бусгаа энэ цагт ирээдүйнхээ талаар тодорхой төсөөлж чадахгүй байж мэднэ. Гэвч зоригтой бай. Их Эзэн чамтай хамт байгаа. Чи Түүнд итгэж болно. Амжилт олоход чинь Тэрээр чамд тусална.
Сургаалт Үгс 3:5-д: “Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ” гэсэн сайхан сануулагч байдаг билээ. Бид дуудлагадаа үйлчилснээр Их Эзэнд итгэх итгэлд шийдвэр төгс болдог билээ. Мөн ийм байхыг бид та нарт урамшуулан дэмжиж байна. Бид та нарт хайртай. Бид та нарт итгэдэг. Та нар бол тууштай бөгөөд зоригтой сонгогдсон үеийнхний нэг хэсэг мөн.