Гэрээ санахаа больсон минь
Сью Хайриз, Юта, АНУ
Би 18-тайдаа коллежид орсон. Гэвч би өөр их сургуульд шилжиж, мэргэжлээ солив. Миний шинэ их сургууль манай гэрээс ердөө хоёрхон цаг яваад хүрэх газар байсан ч би гэрээ маш их санаж, санаагаар унан, сургуулиа орхиж, гэртээ харьдаг ч юм бил үү гэж бодох болов. Ингэвэл би эрдмийн зэрэг хамгаалах боломжоо алдах байв.
Хичээл эхэлснээс хойш удалгүй нэг долоо хоногийн амралтын үеэр манай өрөөнийхөн бүгдээрээ гэртээ харихаар яваад өглөө. Би гэр уруугаа явах юм бол эргэж ирэхгүй гэдгээ мэдэж байлаа. Тэр байтугай гэрийнхэнтэйгээ утсаар ярьж ч чадахгүй байсан гээч. Учир нь би биеэ барьж чадахгүй тэвчээр алдаж, хичээл сурлагадаа анхаарал төвлөрүүлж чадахгүй болчихвий гэж айж байв. Гэрээ санахыг даван туулах хүч чадлын төлөө залбирсаар байлаа. Харин одоо бол эндээ үлдэж, сургуулиа төгсөх үү, яах вэ гэдгийг мэдэхийн төлөө залбирч байна.
Тэр ням гарагийн өглөө би нам гүмхэн оюутны хотхон дундуур сүм уруу явах замдаа гэр орон, гэрийнхнээ ингэж их санан, ганцаардлаа даван туулж чадахгүй байтлаа яагаад сургуульдаа үлдсэнийг гайхан бодлоо. Сургуулиа хаялаа гэхэд би юу хийх болж байна аа?
Сүм дээр иртэл өмнө орсон тойргийн гишүүд цуглааны байрнаас гарч байв. Удирдамж хүсч залбирья гэж бодоод дотогшоо орлоо. Модон вандан сандал уруу алгуурхан очиж суугаад өмнөх ариун ёслолын цуглааны хөтөлбөрийг ажиглав. Эвхсэн цаасан дээр дараах үгсийг бичсэн байлаа: “Аливаа боловсролын хамгийн үнэ цэнэтэй үр нөлөө бол хийх ёстой зүйлээ цагт нь хийх таны чадвар, уг зүйлийг хийх дур хүсэл танд байгаа эсэхээс үл хамаарна.”1
Тэр агшинд би юу хийх ёстойгоо мэдсэн. Их Эзэн миний залбиралд ийм энгийн байдлаар хариулсан бөгөөд энэ бол мөн л залбирлын хариу байсныг би үгүйсгэж чадсангүй.
Тэрхүү ням гарагаас хойш удалгүй миний ганцаардал, санаа сэтгэлээр унасан байдал арилсан юм. Үүний ачаар сургуульдаа үлдсэн жилүүд аятай сайхан байлаа. Сүнсний өдөөлтийг дагаснаар би сургуулиа дүүргэж, насан туршийн найз нөхөд, бат бөх гэрчлэлтэй болсон билээ.
Би эдүгээ 25 жил гаруйн дараа тэрхүү залбирлынхаа хариуг санасаар байдаг. Хэцүү ажил үүргийг биелүүлэх болоход нөгөөх ариун ёслолын цуглааны хөтөлбөр дэх үгсийн санааг ашигладаг. Дотны найз нар, гэрийнхэнтэйгээ туршлагаа хуваалцах үед тэд ч бас хүнд үед хүч чадлыг олно гэдэгт найддаг билээ.
Их Эзэн бидний бодол, өдөр тутмын сонголтуудад санаа тавьдгийг, бидний чин сэтгэлийн залбиралд хариулдгийг би мэднэ.